sonin.mn
Хүний сэрэл, мэдрэхүй нь өчүүхэн жижиг өдөл сэдэл буюу мэдээллээр өдөөгдөн буй болж, улмаар шинэ оюун дүгнэлтийн суурийг бүрдүүлж хадгалагддагийг хүмүүс андахгүй. Тэр нь дохионы 2-р систем гэгдэх хэлээр илэрхийлэгдэхээс нааш бусдад үл мэдрэгдэнэ.
Авиа, үг, өгүүлбэр нь уул системийн нэгж бөгөөд утга, ухагдахууныг илэрхийлэх үүрэгтэй. Тэгэхээр хэл бол мэдээллийг илэрхийлэн хүртэх систем гэж тоймлож болно.
Мэдээлэл бүхэн хүний оюун ухаанд хэдий удаан хадгалагдах эсэх нь ой санамжаас гадна хэрэгцээ шаардлагаас шалтгаална. Дээр нь мэдээлэл нь хүний оюун сэтгэхүйд хөөрөл эсвэл саатал авчирдаг. Нэг мэдээллийг хоёр хүн зэрэг хүлээн аваад нэг нь хөөрч, нөгөө нь сааталд орж болно.
 
Энэ үүднээс “Үг үнэртэй байдаг” гэхэд хүмүүс янз бүрээр тусгаж авах нь тодорхой. Зарим нь “юу яриад байна аа” гэж эргэцүүлж байхад нөгөөх нь шууд “Үг үнэртэй байхдаа яадаг байна аа. Бүр солиорч гүйцжээ” гэж эгдүүцнэ биз. Намайг бага байхад элдвийг ярьж, шүүмжилж явдаг Намжил гэдэг залуу эрийг “Өмхий үгтэй дамшиг байгаа юм. Бодлоо цээжиндээ гашилгаж гүйцдэг хүн дээ” гэж ахмад хүмүүс хэлэлцэнэ. Харин ухуулагч Гэндэн гуайг “Ил үнэн үгтэй. Гэхдээ ярьсан болгоноос нь улаан хувьсгал үнэртдэг хүн” гэцгээнэ. Тэр Намжилын үгийн “өмхий”, Гэндэн гуайн үгийн “улаан хувьсгал”-ын “үнэр”-ийг хүүхдүүд бид яахин ойлгож мэдрэх билээ.
 
Харин “хараалын муу үг хэлж болоогүй нүгэл" гэсэн аав ээжийн үгийг ёсчлон дагаж, элдэв муу үгийг цээрлэж өсөв. Аав ээж, ах эгч нар минь үг хэл, үйл хөдлөлөөрөө үлгэрлэж “Амны билгээс ашдын билиг", “Монгол хүн амны билгээр, хятад хүн мөнгөний хүүгээр”, “Ам алдвал барьж болохгүй” гэх зэрэг үгийг яриандаа оруулж ярина. Мөн сургамжилна. Тэр үед үг, хэлц бүхний утгыг ойлгож байгаагүй ч тэр болгоныг сонсож, чихний жанлав хөгжөөж, ёс суртахууны “цагаан толгой” нүдлэгдэж байсан болов уу гэж боддог. Айл өрхийн амьдралын “алтан дүрэм”, аав ээжийн минь үг сургаал байсан болохоор өөрөөр байх замгүй л дээ. Энэ мэтээр аав ээж, ах эгч нарынхаа аядуу зөөлөн бэлгэ дэмбэрэлтэй үг сургаалыг дагаж, найр наадмын газар ерөөл магтаал, уртын дуу зэргийг сонсож явсаар нэг л мэдэхэд Монгол хэлнийхээ энергит үгийн урсгалд орж, өөдрөг үзэл бодолтон болж эхэлсэн.
 
 
Өнөө бодоход надад ягуухан ууссан энергит үгийн урсгал нь ээжийнхээ бүүвэйг сонссон цагаас эхлэн улмаар хэлд ороод цаг мөч бүрт, хэр хэмжээгээрээ эх хэлээ хэрэглэх болсноор бие сэтгэлд минь гүнээ нэвчин шингэсэн хэрэг. Бага насанд үлгэр домог сонсож, шүлэг уншиж, сайхан үг хэллэг хэлэпцэх, цэц булаалдах болгонд ер бусын хөхүүн бодол ухаарал бүх биеийг эзэмдэн авч, өрнүүн хүсэл тэмүүлэлд умбуулдаг сан. Энэ нь Монгол хэл төрөлх чанараараа бие сэтгэлд уусаж, билиг чанар руу хөтөлж байсны илрэл байжээ дээ.
 
 
Монгол хэлээрээ бага наснаасаа ингэж хөтлүүлсэндээ бүтэн байгаа мэт санагддаг. Хэлгүйгээр үзэгдэх бодь биеэс бусад “хий” биеүүд минь яахан бусдад мэдрэгдэх билээ. Хүний биеийн 80% нь ус гэж биохимичид ярьдаг бол миний хувьд биеийн 80%-ийг Монгол хэл минь эзэлж байгаа юм гэж бодно. Ийнхүү үгийн энерги эрч хүчийг илүүтэй мэдэрсэн насандаа яруу найраг гэгчид татагдаж билээ. Яагаад ч юм бэ хамгийн илүү энергитэй, бусдад сайн сайхан хийгээд гэгээрлийн эрч хүчийг түгээгч нь яруу найраг гэж ойлгосон хэрэг. Ингэж л ойлгож мэдэрсэндээ үгийн цагаан мөр, “үнэр” эрч хүчний хуваарилалт, ариусгах ч чанар зэргийг ойлгох болсон юм. Тэр дундаа үгийн энерги болон ариусгах чанар нь “үнэр”-тэйгээ нягт нөхцөлдсөн байдгийг илүү ухаарсан сан. Угийн “үнэр” нь өгүүлэгч хүний сэтгэлээс гүн хамааралтай байдаг бөгөөд тэндээс энергиждэг. Сайныг санаж гэгээрлийг олсон хүний сэтгэлийн үг нь эрчим хүчээр дүүрэн “анхилуун сайхан үнэртэй” байдаг гэж итгэж болно.
Гэхдээ үгийн “үнэр” нь бодь ертөнцийнх шиг үнэрлэх эрхтнээр хүртэгдэхгүй. Дан ганц сэтгэл болон оюун сэтгэхүйд хүртэгдэн тэдэндээ тархаж баяр баясгалангийн “цэцэг” ургуулна. Ингэж “цэцэг” ургах тоолонд хүний дотоод гэрэл гэгээ нэмэгдэж, тэнгэрийн илч гэрэл хийгээд сэрэхүйг ойлгон мэдэрч, хүний ертөнцийн оршихуйн мөн чанарыг тайлж уншина. Гэхдээ энэ нь үгийн зөвхөн ариун “үнэр” бөгөөд хишиг юм. Харин муу санаалж бохир бодолтой хүний үгэнд ийм ариун чанар байдаггүй. Нэлээд хожуухан яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар" номыг уншиж ‘Тийм халуун үнэр” эсээнээс “...үг эзнийхээ амнаас унахдаа сэтгэлийнх нь гүнээс хувь үнэрийг нь аваад гарч ирдэг юм. Хүн хүний “бие”-ийн үнэрээр гарч үг өөрчлөгддөг. Сайн сайхан үг хэлж байвч, сайхан сэтгэл өвөрлөөгүй хүнийг үнэрлэн мэдэрч болно. Инээмсэглэн дуу гарч байвч инээмсэглээгүй сэтгэлийг үгийн нь үнэрээр мэдэрч болно” гэснийг уншаад санаа нийлсэнд баярлаж суулаа.
 
 
Сайхан санаа өвөрлөөгүй, тархи нь “бузартсан” хүний үгийн “үнэр” тийм зохистой сайхан байх нөхцөлгүй бөгөөд хараалын үг биш ч гэсэн бусдын сэтгэлд сайн сайхан эрч хүчийг дагуулж очдоггүй. Харин муу муухай хорсол зэвүүцэл, шунал дагуулан очиж мэднэ.Ийм хүнтэй ярилцах бэрхтэй бөгөөд бие сэтгэл хямралд ордог. Тэр нь тухайн өгүүлэгчийн дотоод “үнэр”буюу муу санаанд нь үг нь “гашилсан” байдаг.
 
 
Харин амархан сэрж мэдэрдэг, ухаалаг хүн буруу санаа өвөрлөсөн харилцагчийнхаа үгийн муу “үнэр”-ийг энергит ариун үгийн “үнэр"-ээр ариусган дарангуйлж өөрийгөө “бузар”-аас чөлөөлж чадна. Хэрвээ ингэж ариусган авч тусгахгүй бол “гашилж үнэр орсон” буюу “өмхийрсөн” үг хүний дотоод ертөнцөд “бузар” авчирдаг. Тиймээс Монголчууд муу, өмхий үг сонсохоос цээрлэдэг буюу. Иймдээ “амны билгээс ашдын билиг” хэмээн үзэж хэлэлцэхдээ билиг дэмбэрэлийг үг, ерөөл магтаал оруулан үгээ энергижүүлэн ярьж бусдыг гэгээлдэг гэж болно. Ялангуяа хүүхдэд сонсгох үг хэллэг нь ямар нэг эвгүй “үнэр”-гүй, бүрэн эрч хүч, энерги авсан, яруу зохиомжит шинжтэй бол мөнхийн гэрэл гэгээ болж шингэнэ.Энэ чанараараа чихний нь жанлавыг хөгжөөж, тархинд нь сайн сайхны үр хөврөл болох нь нигууртай.
 
 
Сайхан үгийн “үнэр” нь эхийн сүү мэт нялх балчир бие сэтгэл, оюун ухааныг байнга тэжээн тэнхрүүлж өгнө. Хүүхэд гэлтгүй бүх хүн ямагт хэлний харьцаанд орж байдаг учир үгийн “үнэр”-ээр амьсгалдаг. Даанч хүмүүсийн ихэнх нь үгийн “үнэр”-ээр амьсгалж байгаагаа ойлгож мэдрэхгүй, “мөнгө" гэгчээр л амиа авч яваа мэт эндүүрэн алхдаг нь гачлантай. 
 
 
Үг буруу хэрэглэвэл Улаанбаатарыг бүхэлд нь бүрхсэн утаанаас ч илүү “өмхий үнэр”-ийг ялгаруулж нийгмийн оюун санааг хордуулж чадна. Энэ “үнэр”-т тийм хортой чанар бий бөгөөд нэвтрэхгүй орон зай гэж байдаггүй юм. Монголчууд үгийн энэ шидэт чанарыг эртнээс мэдэрсэндээ “Үгээр алсныг өвчиж болдоггүй, амаар алсныг ачиж болдоггүй” хэмээн хэлэлцэж ирсэн буюу. Үнэхээр үг гэдэг зэвсэг мөн. Бас ариун сайхныг түгээгч хүрд мөн. Ганцхан хүрд болгон ашиглаж үгийн ариун “үнэр”-ээр бусдад баяр жаргал, эрч хүч хайрлах уу, эсвэл бузрыг түгээж бусдад лай ланчиг тарих зэвсэг болгох уу гэдэг нь үгийг ашиглагч хүний дотор ертөнцөөс хамаарна гэдгийг дахин давтан хэлэлтэй. Чухамдаа хүн үгтэй харьцахад зөв сэтгэлийг барьж, ариун “үнэр”-ийг шингээж байвал маанийн зургаан үсэг мэт төгс чанартай болно.
Хамгийн ариун “үнэр”-тэй үг л бурхны хутгийг олдог. Энэ үүднээс тунгаан үзэхэд бурхны ном, маань, мэгзэм, тарни шившлэг хийгээд яруу найраг, дуу, ерөөл магтаал зэрэг нь буйгаараа ариун “үнэр”-тэй үгээр бүтэж, төгс энергижсэн байдаг буюу. Тэдгээрт орсон үгс нь ариун “үнэр”- тэйгээс гадна нарийн эрэмбэлэгдэж, гоо сайхан хийгээд ариусал, гэгээрлийн хуулиар бүтээгдсэн байх учир ямар ч орон цагт төгс чанараа хадгална. Дээр нь ая эгшгийн гайхамшигтай хослохоороо орчлонг бүхэлд нь гэгээлж чадна гэж хэлж болно. Хамгийн ариун “үнэр"-тэй үг л аялгуу илүү авдаг гэж бодном. Аялгуу нь үгийн “үнэр”-ийг хамгийн эмзэг мэдэрдэг. Хөгжим бол хүний дотоод үг хэллэг, сэрэхүйн “үнэр”-ийг аялгуугаар давхар илэрхийлэн түгээгч гэдгийг давтан тэмдэглэе. Хөгжмийн яруу эгшиглэн, үгийн ариун “үнэр”-тэйгээ хослохоороо дээд гоо сайхныг бүтээдэг. Тэдгээр нь эрч хүч, энергийг агуулсан хоосон чанарт оршихуй” юм. Энэ хоосон чанарт байдлаараа бод оршихуйд, тэр дундаа хүний оюун сэтгэхүйд чөлөөтэй нэвтрэн шинэ энергийн үүсгүүр болно. Гэхдээ үгийг энергижүүлэгч болсон хүний ариун санаа бохиртож “өмхийрсэн” буюу “бузартсан” бол үгэнд нь дахин ариун “үнэр” шингэдэггүй юм. Харин ч хар энерги шингэж бусдад зовлон болно.
Иймд хэн хүнгүй насан туршдаа ариун сайхан “үнэр”-тэй үгийн эзэн байж, бусдыг гэгээлж явахыг үл марталтай. Дандаа маани мэгзэм уншдаг лам хуварга хийгээд жирийн хүмүүс, шүлэг зохиолоо уншигч яруу найрагч хөгжмийг эгшиглүүлэгч, хөгжмийн зохиолч, хөгжимчид бүгд үгийн ариун “үнэр”-ийг түгээгч шүү хэмээн гүнээ ойлгож, ариунаар шүтэн барилдаж орших нь гэгээрэхийн үндэс буюу. Мууг үзэхгүй, муухайг сонсохгүй байна гэдэг том буян бөгөөд сэтгэлийн баяр жаргал эдлэхийн үүд юм. Сэтгэлийн баяр жаргал эдлэх учир дахиад сайхныг хүсэмжлэн сайн энергитэй, ариун “үнэр”-тэй үгийг бусдад түгээнэ. Сайхан үг сайхан үйлсийг хөгжөөдөг. Ингэж сайн үйлс, сайхан үгс нэгээс нөгөөд дамжин их хязгааргүйн гэгээн цагиргийг үүсгэнэ гэж бодном.
 
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
 
 
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Н.Даваадаш