sonin.mn
“Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн зочноор МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, засаглалын зөвлөх, судлаач С.Санасэртэй ярилцав.
 
-Сүүлийн үед та компанийн нийгмийн хариуцлагын талаар дагнан судалж байгаа гэсэн. Судалгааныхаа талаар сонирхуулаач?
 
-2008 оноос хойш компанийн засаглалын чиглэлээр судалж байна. Тухайн үед хувийн өмчийн компанийн гүйцэтгэх удирдлагын багт ажиллаж байхдаа өмчийн эзэд, компанийн гүйцэтгэх удирдлагуудын хооронд зөрчилдөөнтэй асуудлууд байгааг анзаарсан.
 
Мэргэжлийн гүйцэтгэх удирдлагыг гаднаас авч ажиллуулахад өмчийн эзэд болон удирдлагын хооронд олон асуудал үүсэж байдаг. Эсвэл хоёр юм уу түүнээс олон тоотой хүн, компаниуд хөрөнгө, капиталаа нийлүүлж үйл ажиллагаа явуулахад мөн адил асуудлууд үүсдэг. Нөгөө талаас мэргэжлийн гүйцэтгэх удирдлагатай эсвэл нээлттэй буюу олон талын өмчлөлтэй компаниудын гүйцэтгэл, үйл ажиллагаа амжилттай явагдаж байгааг бид гадна, дотны судалгаа, жишээнүүдээс харж болно. Амжилттай гэдэг нь шилдэг технологи, мэдлэгийг эзэмшиж, бүхий л оролцогч талуудад үр ашигтай үйл ажиллагаа явуулж, нийгэм хүрээлэн буй орчиндоо хариуцлагатай ажиллаж, санхүүгийн болон санхүүгийн бус гүйцэтгэлүүд нь маш сайн байна гэсэн үг. Өнөөдөр Монголын ихэнх компани нэг хүний эсвэл нэг гэр бүлийн өмчлөлтэй, дотоодын сул өрсөлдөөнтэй зах зээл дээр ажилладаг, тааруу гүйцэтгэлтэй байна.
 
 
Өмчийн эзэд ихэвчлэн өөрсдөө гүйцэтгэх удирдлагаа хийж байна. Тэгвэл гадагшаа чиглэсэн, өндөр технологи эзэмшсэн, сайн гүйцэтгэлтэй болон хариуцлагатай компаниуд илүү сайн засаглалтай байгааг олон улсын болон дотоодын нөхцөл байдлууд дээр илүү нарийвчлан судалж учир шалтгааныг нь хайж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл компаниудын хөгжлөөр дамжуулан хөгжлийг хэрхэн бий болгох ч гэж ойлгож болно.
 
 
-Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж гаргах гэж байна. Зайлшгүй тусгах ёстой зүйлүүдийн талаар зөвлөнө үү?
 
-Үйл ажиллагаа нь тогтвортой үргэлжилж, ашигтай ажиллаж байгаа компаниуд хүний сайн сайхан аж байдлыг тэтгэж нийгэмд чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Зарим компани санхүүгийн хувьд ашигтай ажиллаж байгаа боловч түүнд ажиллаж байгаа ажилчид, хэрэглэгчид эсвэл оршин суугчид хүрээлэн буй орчны өмнө сөрөг нөлөө үзүүлдэг. Ялангуяа өнөөдөр компаниуд хэзээ ч байгаагүй эерэг болон сөрөг томоохон нөлөөлөлийг үзүүлэх боломжтой болж ирсэн байна. Хэдэн саяар тоологдох хэрэглэгч, дэлхийг хамарсан томоохон сүлжээ,технологуудыг компаниуд бий болгож байна. Зарим судалгаагаар ямар ч засгийн газар, олон улсын байгууллагуудын хийж чадахааргүй боломжуудыг компаниуд чадахаар болжээ. Ийм үед төр ба хувийн хэвшлийн түншлэлийн асуудал ихээхэн яригдах нь тодорхой. Компанийн нийгмийн хариуцлага гэдэг бол их олон талтай өргөн цар хүрээтэй ойлголт. Төрөөс баримтлах бодлого гэхээр төр нь хувийн хэвшилд илүү оролцоотой байх юм шиг бас сонсогдоод байгаа юм. Үүн дээр бид маш болгоомжтой хандах хэрэгтэй. Миний хувьд төрөөс аль болох бага оролцоотойгоор хувийн хэвшлийн хариуцлагатай байдлыг дэмжих бодлого гаргаасай гэж боддог. Энэ бол их чухал зарчим. Компанийн нийгмийн хариуцлага гэдэг олон тохиолдолд сайн дурын үйл ажиллагаанууд агуулагддаг. Ёс зүй, эрх зүйт төртэй холбоотой олон нарийн асуудал байдаг учраас компанийн нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэхэд бидэнд тодорхой хугацаа хэрэгтэй болов уу. Юуны өмнө соён гэгээрүүлэх, институт хоорондын харилцааг зохицуулж, бодлого хэрэгжих боломжтойгоор тодорхойлох нь чухал юм. Үүний тулд эхлээд бизнесийг дэмжих шаардлагатай. Сайн гүйцэтгэлтэй, үр ашигтай ажилладаг олон компанитай болох нь нэн тэргүүний стратеги гэж харж байна. Нэгдүгээрт, компанийн нийгмийн хариуцлага гэдэг нэгдсэн ойлголтыг бий болгож мэдлэг мэдээлэл сургалт хэлэлцүүлэг тасралтгүй зохион байгуулдаг системийг бий болгох. Судалгаанаас харахад төр болон хувийн хэвшлийнхэн компанийн нийгмийн хариуцлагыг чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа боловч компанийн нийгмийн хариуцлагын тухай нэгдсэн ойлголт одоо ч хараахан жигдрээгүй байгаа нь ажиглагддаг. Ойлголтын зөрүүнээс нэгдсэн бодлого гарахад хүндрэлтэй. Хоёрдугаарт, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах нь бидний том сорилт. Түүнчлэн дотоодын болон олон улсын гэрээ стандарт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах тогтолцоог дэмжих. Гуравдугаарт, хариуцлагатай компанийг бодлогоор дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүтэц тогтолцоог бий болгох гээд илүү урт хугацааг харсан байдлаар тусаасай гэж бодож байна.
 
– Таныхаар ойрын хугацаанд нийгмийн хариуцлагатай компаниудыг нэмэгдүүлэх боломж тааруу гэсэн үг үү?
 
 
-Нийгмийн хариуцлага гэдэг бол хуулийн хариуцлага, ёс зүйн хариуцлагын дараах түвшний ойлголт. Шаардлагатай хууль тотоомж байдаг хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа нь судалгаанаас харагддаг. Гэтэл ёс зүйн хариуцлага гэдэг дараагийн түвшний асуудал. Өдөр бүр бид амьдралд олон төвөгтэй сорилттой  нүүр тулж байна.
 
 
Тэгвэл компаниудын нийгмийн хариуцлагыг  хөгжлийн дараагийн том сорилт гэдгээр харвал  хугацаа шаардлагатай. Гэхдээ бид төрөөс дэмжих бодлогод шат дараалсан олон талт үйл ажиллагааг богино дунд урт хугацаагаар нь зөв тусгавал дунд хугацаанд томоохон өөрчлөлтийг хийж чадна. Үүнд зөвхөн төр биш иргэд, компаниудын оролцоо, хүний ухамсар, соёл, хөгжил, харилцаа чухал юм.
 
-Компанийн нийгмийн хариуцлага гэж яг юу юм бэ?
 
– Бусад орнууд хүмүүсийнхээ үнэт зүйл, соёл үзэл баримтлалын түгээмэл онцлогоос хамаарч нийгмийн хариуцлагыг тодорхойлохыг оролдож эхэлсэн байдаг. Тухайлбал Америкчүүд charity буюу хандив, буяны чиглэл дээр тулгуурлаад, Япон жендер, Англичууд тогтвортой хөгжлийн зарчмууд гэдэг ч юм уу. Нийтлэг компанийн хариуцлагыг шууд хуулахаас илүүтэй бид яаж ийм түвшинд хүрэх вэ гэдгээ  бодлогодоо  баримталж түүнийгээ хэрэгжүүлэх явцдаа нийтээр хүлээн зөвшөөрч ажиллавал үр дүнд хүрнэ. Нөгөөтэйгүүр компани өдөр тутамд гаргадаг шийдвэртээ гурван асуудалд байнга ач холбогдол өгөх ёстой гэсэн хандлага байдаг. Нэгдүгээрт, эдийн засгийн хариуцлага. Өөрөөр хэлбэл, ашигтай ажиллана гэдэг хариуцлагатай байх шинж. Хоёрдугаарт, хүрээлэн буй орчны хариуцлага. Тухайлбал, байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлж байна гэдгээр хариуцлагатай байгааг хэмждэг. Гуравдугаарт, нийгэмд хандаж байгаа хариуцлага. Гэхдээ нийгмийн хариуцлага нь хүрээлэн буй орчноос тусдаа хариуцлага мэт. Гэтэл зарим судлаач институтууд нь нийгмийн хариуцлагад хүрээлэн буй орчныг оруулдаг гээд олон янзын хандлагатай. Нөгөө талаас компаниудын тайлагналын хувьд олон стандарт хандлага бий. Тухайлбал, ISO26000:2010. Үүнд компанийн хариуцлагын долоон асуудлыг тодорхойлсон байдаг. Энэ бүхнээс харахад компанийн нийгмийн хариуцлага гурван ойлголт дээр илүү давхцдаг. Нэгдүгээрт хүн,  хоёрдугаарт хүрээлэн буй орчин, гуравдугаарт нийгмийн гэж. Өөрөөр хэлбэл компанийн хариуцлагагүй байдлаас болж хүмүүс хохирч байгаль орчинд муугаар нөлөөлж  нийгэмд  асуудал үүсдэг. Тэгэхээр компани шийдвэр гаргах болгондоо дээрх зүйлүүдийг нягталж чаддаг болвол хариуцлага төлөвших суурь бүрдэнэ.
 
– ISO олон улсын стандартын  долоон зарчмыг дэлгэрүүлвэл?
 
– Компаниуд хугацаандаа тайлагнах, нээлттэй, хариуцлгатай шударга байх нь компанийн сайн засаглал, эрсдлийн сайн удирдлагын үндсэн тулгуур зарчмууд юм. ISO 26000:2010 олон улсын стандарт нь компаниудын тайлагналын нэг стандарт юм. Үүнд удирдлагын бүтэц зохион байгуулалт, ТУЗ, гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчдийн хурлын бүтэц, мэдээлэл, санхүүгийн үзүүлэлтүүдийг хамааруулдаг. Мөн ажиллагсад, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үзүүлэлтүүд чухал. Үүнд ажилд авах, ажлаас халах журам, сургалт, ажлын байрны нөхцөл, хөдөлмөр хамгаалал, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хуулийг дагаж мөрдөж буй байдал гэх мэт. Мөн байгаль орчин болон хүний эрхтэй холбоотой стандартууд бий. Тухайн компанийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлдэг түүнчлэн хүний эрхтэй холбоотой бусад асуудал, үйл ажиллагааны ил тод, шударга байдал, хэрэглэгч, түншүүд, хамтрагчид болон нийгмийн хувь нэмэр, бодлогыг тусгасан байдаг.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин