sonin.mn
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд цэргийн алба хаагчдаас дутахааргүй үүрэг хариуцлага хүлээн ажлын голыг нь нугалж, ачааны хүндийг үүрдэг олон ажилтан алба хаагч бий. Тэдний төлөөлөл болгон зарим ажилтан алба хаагчийг онцолж байна.
 
ТҮҮНИЙ МӨРӨӨДӨЛ БИЕЛЭЭСЭЙ ...
 
Дарга, цэрэг ялгаагүй бүгдтэй нь мэнд устай, инээмсэглэл дүүрэн явдаг БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн үйлчлэгч Д.Нармандах ЗХЖШ-ын хашаанд 23 жилийн өмнө орж иржээ. Хэнтий аймгаас нийслэлд сэлгээд удаагүй байхдаа буюу дөнгөж 24-хэн настайдаа шүү. Харин тэр цагаас хойш хоёр охины ээж, хөөрхөн зээгийн эмээ болтлоо амьдралынхаа багагүй хугацааг ажил албандаа зориулсан байна. Түүний ярилцлагын хамгийн эхэнд онцлон хэлсэн үг нь “Үйлчлэгч гэдгээсээ би хэзээ ч ичиж байгаагүй. Цэл залуудаа ч тэр, одоо ч тэр. Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голдоггүй юм. Миний ажил миний бахархал” гэсэн юм. Тэрээр ажлын гараагаа БХЯ-ны нэг давхрыг цэвэрлэхээс эхлүүлж, дараа нь ЗХЖШ-ын коридор болон зарим хэлтсийн өрөөний цэвэр цэмцгэр байдлыг хариуцаж байгаад 10 жилийн өмнөөс БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтэс, Гадаад хэлний сургалтын төв, хурлын танхим зэрэг нэгээс гурван давхар буюу гал тогооноос бусад бүх өрөө, тасалгааны цэвэрлэгээг хариуцдаг болж. Нараа эгч залуудаа Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаагийн өрөөг цэвэрлэдэг байснаа дурсаж, хуучны цэргийнхэн хүнлэг сайхан сэтгэлтэй, үйлчлэгч гэж ялгаж харьцдаггүй, өнгө дээгүүр дуугардаггүй мундаг хүмүүс байсан талаар дурдана лээ. Гэхдээ энэхүү залгамж халаа тасраагүй, хэлтсийнхэн нь болон ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, орлогч дарга нар болох хошууч генерал Р.Сүхбат, Ж.Бадамбазар, Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга, Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Н.Гантөмөр тэргүүтэй цөөнгүй цэргийнхэн өөрийнх нь ажлыг хүндэлдэгт баярлаж явдаг, хүн бүр ийм л байвал сайхан шүү гэлээ. Биднийг ийн хөөрөлдөж байх үед Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт явагдаж таарсан бөгөөд үүнийг дагаад тун завгүй болдог нь тодорхой байв. Хурал завсарлахаас өмнө ус буцалсан эсэхийг шалгаж, кофе, цай, жигнэмгийг өрж байрлуулан, ойр орчмыг нь цэвэрлэж, өлгүүрийн уяа нь тасарсан зарим дүрэмт хувцсыг сайн дураараа хүртэл оёж байх юм. “Сэтгэл гэдэг жаахан зүйлээс ч харагдах ёстой” хэмээн үйл урлаж байхдаа хэлсэн үг нь одоо ч тод сонсогдох шиг ...
 
 
 
Түүний хэлснээр хамгийн завгүй үеүд нь 2, 7, 9, 11 дүгээр сар. Эдгээр сард цугларалт, сургалт их зохион байгуулагддаг учраас цэвэрлэгээнээс гадна туслах ажил нэмэгддэг байна. Харин ажлын цаг нь 06.10-аас эхэлдэг бөгөөд 07.30 гэхэд хэлтсийнхээ 2-3 давхрын коридор, өрөөнүүдэд чийгтэй цэвэрлэгээ хийгээд дуусгачихдаг гэнэ. Үдээс хойш үргэлжлүүлээд л цэвэрлэгээндээ гарна. Энэхүү голдирол мэдээж өдөр бүр давтагдана.
Ажилсаг, хөдөлмөрч эгч маань Г.Шинэцэцэг, Г.Шинэзул хэмээх хоёр охин, П.Даваадорж гэдэг хөөрхөн зээ хүүтэй. Харамсалтай нь бага охин нь тавдугаар ангидаа нурууны гэмтлийн улмаас суугаа болсон тухай нулимстайгаа хамт өгүүлнэ лээ. “Миний охид ээж минь яавал баярлах бол, ээж минь яавал жаргалтай байх бол гээд их хичээдэг юм. Заримдаа бүр уйлтал минь сайхан үг хэлдэг. Охидынхоо их хайранд би жаргалтай яваа хүн. Хэдийгээр миний бага охин тэргэнцэрт суудаг болсон ч амьдралд итгэх итгэл нь маш их, ажилсаг хөдөлмөрч гэж жигтэйхэн шүү дээ. Ямар сайндаа ээждээ тусалж, өрхийн орлогоо нэмэгдүүлэхээр гар урлал хийдэг болсон. Охиддоо, зээдээ маш их хайртай. Элэг бүтэн, эрүүл байхад энэ амьдрал аяндаа сайхан болно оо” гэсэн нь түүний чин сэтгэлийн яриа байсан юм.
Түүнээс мөрөөдлийг нь асуухад хэсэг чимээгүй сууснаа “Энэ тухай олон жил бодож иржээ. Манайх Улиастайн 23 дугаар хороонд амьдардаг. Өндөр хүчдэлийн дор байдаг учраас газрын гэрчилгээ гардаггүй юм. Би боддог л доо. Олон жил БХЯ, ЗХЖШ-ын цэвэр цэмцгэр байдалд өөрийн хөдөлмөр, бүтээлээ зориулан ажиллалаа. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагууддаа учир байдлаа хэлээд, албан тушаалын орон сууцанд ч болов оруулж өгөөч гэвэл хэр хүлээж авах бол гэж боддог. Гэхдээ хэлж зүрхлээгүй л явна. Тэргэнцэрт суугаа охин бас бяцхан зээгийнхээ төлөө дэлхийг ч үүрээд явахад бэлэн байгаа ч заримдаа амьдрал санаснаар болохгүй юм. Хааяа энхийг сахиулагчид сайн үйлсийн аян өрнүүлж байгаа тухай дуулддаг. Энэ аян биднийг зориод ирээсэй гэж боддог л юм. Саяхан ЗХЖШ-ын АУГ-ын мэргэжилтэн, хошууч Ц.Энхцогт Афганистанаас ирээд цэргийн багаараа нэгэн эмэгтэйд таван ханатай өргөө цагаан гэрийг тавилгатай нь хамт бэлэглэж байгааг хараад бахархаж л суулаа. Мэдээж манай хэлтсийнхэн түлээ нүүрсээс эхлээд бишгүй л их тусалж, дэмждэг. Энэ завшааныг ашиглаад баярлаж явдгаа илэрхийлье. Атгасан гар шиг цул байж чаддаг, нэгнээ гэсэн сайхан сэтгэлтэй хамт олон доо” гээд сайхан үгсээр магтав. Залуу нас, хөдөлмөр зүтгэлээ Зэвсэгт хүчний үйлчилгээний албанд тасралтгүй зориулж яваа энэ дайчин эмэгтэйн мөрөөдөл биелээсэй гэдэг ерөөлөөр энэхүү нийтлэлээ төгсгөе.
 
 
 
ЦААС “АТГАЖ” ТӨРСӨН ЭМЭГТЭЙ
 
Бидний дараагийн онцлох эрхэм бол ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн хэвлэгч, оператор П.Батжаргал. Түүний тухай хоёр тодорхойлолт олны дунд бий. Нэгдүгээрт, ЦНДС-ийн анхны эмэгтэй сонсогчдын нэг. Хоёрдугаарт, түүнээс ажил нь нэвт “үнэртдэг”. Эрхэлсэн ажлаа өөрөөсөө “үнэрттэл” нь хийж гүйцэтгэнэ гэдэг бол тэрээр энэ ажилдаа гаршсан гэдгийг нь илтгэнэ. Ийм л тодорхойлолтын эзэн П.Батжаргал гэдэг бүсгүй 1994 онд ЦНДС-д анхны эмэгтэй сонсогч болсноор түүний Зэвсэгт хүчинтэй холбогдсон түүх эхэлнэ. Дөнгөж 10 дугаар ангиа төгсөөд удаагүй байтал ээж Л.Хишигсайхан нь ажлаа тараад нэгэн мэдээтэй харьсан нь ЦНДС-д анх удаа эмэгтэй сонсогч бүртгэж авна гэсэн зар байв. Ээж нь БХЯ, ЗХЖШ-т үйлчлэгч хийдэг байсан бөгөөд охиноо цэргийн хүн болгох нь түүний мөрөөдөл байж. Ээжийнхээ ятгалгаар шалгалтуудыг нь давж, эмэгтэй офицер бэлтгэх сургуульд ороход түүнтэй хамт таван эмэгтэй сонсогч байсан нь Г.Болор, Г.Буянтогтох, Ц.Эрдэнэтуяа, Ц.Төгсжаргал, Ц.Содгэрэл нар. Тэд 100 гаруй эмэгтэйгээс шалгарсан бүсгүйчүүд. Ингээд суралцаад байж байтал аав Д.Пүрэвсүрэн нь хавдар туссан таагүй мэдээ дуулдаж, аавыгаа асарч тэтгэх ажил түүнд ногдон арга буюу сургуулиас чөлөө авч, дараа нь эргээд хичээлдээ орж чадаагүй гэнэ. Мэдээж үүгээр Зэвсэгт хүчинтэй холбогдсон түүх тасрахгүй. 1996-1998 онд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид арван хурууны бичээчээр, түүний дараа Батлан хамгаалахын Төв архив зэрэг хэд хэдэн байгууллагад сэлгэн ажилласан байна. Тэр үед компьютер гэж байгаагүй, зөвхөн бичгийн машинаар бичдэг байж л дээ. Харин ЗХЖШ-тай 2001 оноос холбогдож, алба хаагчдаас ирүүлсэн албан бланк, төсөл, заавар, журам, танилцуулга гээд хэвлүүлэх шаардлагатай бүх зүйлийг нь албан хэрэг хөтлөлтийн баримт бичгийн стандартад оруулан, үг үсэг, утга найруулгын алдааг нь хянаж хэвлэдэг болжээ. “ЗХЖШ-ынхан таныг нэг минут ч амраахгүй хайгаад байдаг юм билээ” гэхэд “Харин тэгдэг юм. Миний ажил цаг минутаар хэмжигддэг онцлогтой. Өглөөнөөс орой хүртэл ямар ч завгүй. Ямар сайндаа манай залуучууд намайг “Өвдөх эрхгүй, үхэх ч эрхгүй хүн” гээд нэрлэчихсэн байх вэ дээ. Зарим нь бүр “Чингис хаан төрөхдөө нөж атгаж төрсөн гэсэн. Та төрөхдөө цаас атгаж төрсөн байх” гэж цаашлуулдаг юм. Нээрээ л цаас атгаж төрсөн хүн шиг бичиг цаастай холбоотой ажил минь барагдана гэж үгүй. Өдөрт дунджаар 300-500 орчим хуудсыг албан хэрэг хөтлөлтийн баримт бичгийн стандартад оруулж, үг, үсэг, утга найруулгын алдааг нь хянаад хэвлэнэ. Нэг ч үсэг алдах эрхгүй. Олон хүний ажил амьдралтай холбоотой тушаал, шийдвэр миний гараас гарч байгаа гэж бодохоор сайхан санагддаг” гэлээ. Тэрээр ажлаасаа эрч хүч, урам зориг авдаг тухайгаа ч хуучилсан. Амьдралынхаа үнэтэй цаг хормыг энэ хамт олны дунд, энэхүү ягаан байшиндаа өнгөрөөж байгаа гэж бодохоор хайрлахгүй байхын аргагүй. Ээж минь “Миний охин офицер болж чадаагүй ч эрхэлсэн албандаа тод мөртэй ажиллаж байгаа нь аштай юу даа” гэдэг юм. Ижий минь БХЯ болон ЗХЖШ-ын энэ л ягаан байшинд насаараа үйлчлэгчээр ажилласан болохоор бүх зүйл нь дотно сайхан санагддаг шүү. Одоо ээж 70 гарсан сайхан буурал байна даа. Цаг завтай үедээ аль болох ээжтэйгээ хөөрөлдөж өнжихийг хичээдэг юм. Харин аав минь төмөр замд насаараа ажилласан, олондоо нэр хүндтэй мундаг хүн байсан даа” гэв. Түүний ханийг Б.Батдаваа гэдэг цагдаагийн хошууч. Б.Батдаваа нь ЦНДС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийг төгссөн бөгөөд түүнийг Зэвсэгт хүчний 013 дугаар ангид ажиллаж байхад нь танилцсан гэнэ. Хожим цагдаад орсон бөгөөд өдгөө ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанд ажилладаг юм байна. Тэд Б.Лхагва, Б.Хүслэн, Б.Билгүүтэй гэдэг нэг охин, хоёр хүүтэй. Хамгийн том нь 21 настай бол бага нь хоёрдугаар анги ажээ. Хөөрөлдөх зуур гаднаас ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Болорсайхан “Батжа, эгч ээ” гэсээр гүйн орж ирэв. Албан бланк хэвлүүлэх гэнэ. Түүнийг ЗХЖШ-ынхан дарга, цэрэггүй “Батжа” гэж авгайлдаг юм байна. Түүнээс баримталдаг зарчмыг нь асуухад “Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийх ёстой. Сэтгэл шингэсэн ажил бүхний үйлс өөдөө байдаг юм. Хоёрт, ямар ч ажлыг хойшлуулж, овооруулах дургүй. Цаг цагт нь биелүүлээд явахыг урьтал болгодог доо. Гуравт, аль болох шударга байхыг хичээдэг. Магадгүй энэ зан офицер болоогүйтэй маань холбоотой байх. Цэргийн мэргэжлийн дээд байгууллагад ажиллаж байгаагийн хувьд цэргийн цолтой болох боломж байсан л байх. Гэхдээ миний хувьд нэгэнт цэргийн сургуулийг нь төгсөж чадаагүй учраас цэргийн цол зүүх нь зохимжгүй гэж боддог юм. Залууст хандаж хэлэхэд бүх зүйл цаг хугацаатай бөгөөд ажилдаа чин сэтгэлээ зориулбал амжилт ойрхон шүү” гэснээр бид ярилцлагаа ч "хүчээр" өндөрлүүлэв. Учир нь түүний өрөөний үүдэнд аль хэдийн хүмүүс дугаарлаад эхэлчихэж. Тэр яг хэлсэн шигээ тун завгүй гэдэг нь үүнээс тун тодорхой харагдлаа.
 
 
"БУУНЫ ГУРАВ"-ЫН НЭГ
 
Зэвсэгт хүчиндээ “Бууны гурав” гэдгээрээ танигдсан гурван эр байдаг нь Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн цэргийн засварын цехийн Ж.Энхбат, Ч.Болд-Эрдэнэ, Х.Атар нар. Бууны засвар, үйлчилгээг хийхэд амьдралынхаа 40 гаруй жилийг зарцуулж яваа гурван найзын нэг нь болох Дорнод аймгийн харьяат Ч.Болд-Эрдэнийг ярилцлагынхаа хойморт урьлаа. Тэрээр 1977 онд Зэвсэгт хүчний 015 дугаар ангид гурван жилийн хугацаат цэргийн албыг хаасан байна. Ингэхдээ зэвсгийн мастерын дамжаанд давхар суралцаж төгссөн гэнэ. Халагдаж ирээд Ардын Армийн 165 дугаар ангиас ажлын гараагаа эхлүүлжээ. Тэр үед тухайн анги нь томоохон үйлдвэртэй байсан бөгөөд Зөвлөлтийн мэргэжилтнүүд олноороо ажилладаг, ЗХУ-д суралцаад ирсэн залуухан офицер, ахлагч олонтой армийн тэргүүний анги байсан гэнэ. Хожмоо 2003 онд татан буугдахад нь суурин дээр нь үлдсэн ганц анги нь Зэвсэгт хүчний 011 дүгээр анги гэдгийг Ч.Болд-Эрдэнэ ярианыхаа эхэнд онцоллоо. Түүний төдийгөөс өдий хүртэл гүйцэтгэж ирсэн үүрэг нь буудлагын зэвсгийн засварт ирж байгаа буунуудад хар ислийн бүрхүүл суулгах аж. Хар ислийн бүрхүүл нь засварын сүүлийн дамжлага бөгөөд энэ нь бууг гоёмсог өнгөтэй болгохын зэрэгцээ зэврэлтээс хамгаалдаг байна. Цэргийн ёслолын жагсаалд буутай алхах болоход “Бууны гурав”-ын эрэлт их нэмэгддэг гэнэ. Бууны засварын явцын тухай тодруулахад тэрээр “Буудлагын зэвсгийн засварчин эхлээд буугаа хүлээж авна. Дараа нь гэмтлийг нь тодорхойлж, засна. Зассаныхаа дараа модон эдлэлийг нь өнгөлж, лакдан буцаагаад угсарна. Эцэст нь буудлагад бэлэн болгоно гээд олон дамжлагатай. Дамжлага бүр мэргэшсэн алба хаагчидтай. Тухайлбал, манай Ж.Энхбат Зэвсэгт хүчинд 40 дэх жилдээ алба хааж байгаа мундаг чадалтай нөхөр. Гар бууг засварлахдаа үнэхээр гаргууд. Ямар ч эвдрэл гэмтэл байсан засчихдаг элдэвтэй эр. Харин Х.Атарын хувьд дуран гэрэллэгийн засварчин, туршин буудагч. Үүндээ хэнийг ч урдаа гишгүүлэхгүй гарамгай. Х.Атар бид хоёр 38 жилийн өмнө нэг даргын тушаалаар нэг өдөр томилогдож байсан түүхтэй. Бид гуравт нөхөрлөлийн өндөр ёс зүй бий. Үүнийгээ цэл залуугаас өвгөн буурал болтлоо хэн ч зөрчиж байгаагүй” гэв. Тэд залуудаа хэд бол хэдэн зуун бууг засварлаж, өнгөлөн лакдаж, харлуулгыг нь хийдэг байсан гэнэ. “Танд ямар төрлийн буу байгаа вэ” гэхэд “Хамгийн хөгжилтэй нь бид гуравт буу байхгүй. Хүмүүс асуудаг л юм. Буу засаж, өнгөлдөг та нарын хувийн буунуудыг үзье гээд л. "Загасчны морь усгүй" гэдэг шиг юм болж байна” гэлээ. Тэрээр 38 жилийн өмнөх Зэвсэгт хүчнийг өнөөгийн Зэвсэгт хүчинтэй харьцуулшгүй өөр болсон хэмээв. Картын бараанд шилжсэн тэр үед олон шилдэг офицер, ахлагч нар армиас гарч ганзагын наймаанд орсон. Харин цөөхөн хэдэн нөхөд цалинтай, цалингүй хэдэн жил л армийнхаа төлөө зүтгэсэн шүү дээ. Тэдний нэг нь бид гурав. Цалингүй хоёр жил орчим болж байснаа лав санаж байна гээд өнөөдрийн Зэвсэгт хүчний хөгжил, өнгө төрхөд сэтгэл хангалуун явдгаа хэлж байлаа. Ч.Болд-Эрдэнэ ахын хань Ч.Шүрэнцэцэг мөн л энэ ангид оёдолчноор залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан эмэгтэй байдаг гэнэ. Тэрээр саяхан тэтгэвэрт гарсан бөгөөд Дундговь аймгийн Гурван хайрхан сумын харьяат ажээ. Тэд Б.Алтан-Очир, Б.Алтансүх, Б.Алтангадас, Б.Алтангэрэл гэдэг дөрвөн хүүтэй. Хөвгүүдийнхээ хоёрыг нь Зэвсэгт хүчний 013, 015 дугаар ангид хугацаат цэргийн албыг нь хаалгасан байна. Үүнийг тэрээр “Цэргийн салбарт ажиллаж байгаа хүн өөрөө ядаж эх оронч байх ёстой. Ялангуяа, үр хүүхдүүдээ цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшихөд нь, эцэг, эхийнхээ ажлыг ойлгож, хүндэлдэг болгоход нь анхаарах хэрэгтэй. Энэхүү үзэл санаа манай салбарт маш их ажиглагддаг нь хамгийн сайхан" гэв. Хамт олныхоо тухай “Бүтээхийн төлөө заяагдсан хүмүүс. Намайг 23 настай ирэхэд хүлээж авсан дулаан уур амьсгал 63 хүрэхэд ч хэвээрээ. Хамт олны минь цаашдын үйлс өөдөө байг ээ” гэж ерөөлийн үгтэй магтсан юм. Тэрээр ирэх 5 дугаар сард гавьяаныхаа амралтад гарахаар төлөвлөсөн бөгөөд хамаг амьдралаа зориулсан гэж бодохоор орхиод гарахад тун хэцүү байна, миний залуу нас энэ л хашаанд өнгөрсөн дөө хэмээсэн нь хамт олон, хамтран зүтгэгчдээ хэр хайртайг илэрхийлэх биз ээ.
 
 
 
дэслэгч Д.БОЛОРМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин