sonin.mn
Зэвсэгт хүчин хэмээх их айлын чиглүүлэгч, цэргийн мэргэжлийн дээд удирдлага ЗХЖШ-ын 2020 онд дэвшүүлсэн зорилго, зорилт, үйл ажиллагааных нь төлөвлөгөөний талаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбаттай ярилцлаа.
 
Зэвсэгт хүчний Жанжин штаб 2020 онд ямар зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна вэ?
 
-Зэвсэгт хүчний Жанжин штаб нь 2020 онд Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулан, цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг тасралтгүй хэрэгжүүлж, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Энэхүү зорилго, зорилт нь мэдээж Монгол Улсын өнцөг булан бүрт эх орноо батлан хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа офицер, ахлагч, ажилтан алба хаагчид болон хилийн чанад дахь энхийг сахиулагчдын маань уйгагүй зүтгэл, оролцоо, хүчин чармайлтын үр дүнд хэрэгжинэ.
 
Дээрх зорилгын хүрээнд дэвшүүлсэн зорилтуудын талаар ...
 
-Хэд хэдэн үйл ажиллагааны зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Нэгдүгээрт, Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг стратегийн төлөвлөлтийн шинэчлэлтэй уялдуулан боловсруулж, цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг хэрэгжүүлэх, хүний нөөцийн төлөвлөлтийг төгөлдөржүүлэх, цэргийн гэрээт албыг төлөвшүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийн агуулга, стандарт, хөтөлбөрийг боловсронгуй болгох, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зэрэг олон ажил бидний өмнө бий. Мөн Төрлийн цэрэгтэй холбоотой ерөнхий төлөвлөлт, дүрэм, журам, заавар, стандартыг боловсронгуй болгох, бие даан үүрэг гүйцэтгэх чадавхтай анги, салбарын тоог нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчний ар тал, техникийн хангалтын бодлого, төлөвлөлтийг эдийн засгийн бодит нөхцөлтэй уялдуулан шинэчилж, зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслийн хангалт, ашиглалт, засвар, үйлчилгээг сайжруулж, материал хэрэгслийн нөөцийг сольж шинэчлэн, нөхөн бүрдүүлж оновчтой байршуулах ёстой. Түүнчлэн төсөв, санхүүг үр дүнтэй зарцуулах, улс орны бүтээн байгуулалтад оролцож байгаа анги, салбарыг төлөвлөлт, зохион байгуулалтын удирдамжаар хангаж, ажлын бүтээмжийг нь дээшлүүлэх зэрэг олон зорилт бий. Эхнээсээ ажил хэрэг болоод хэрэгжээд явж байна.
 
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хууль, эрх зүйн бодлогын баримт бичгүүдэд хийгдэх өөрчлөлт бий болов уу?
 
-2016 онд Батлан хамгаалах салбарын эрх зүйн орчин үндсэндээ төгөлдөржсөн гэж хэлж болно. Эрх зүйн шинэчлэлийн буухиа болгож 2018 онд УИХ-аас Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг шинээр батлан гаргасан. Үүнтэй уялдуулж Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх дунд хугацааны зорилгыг хэрэгжүүлэх үүднээс “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” бодлогын баримт бичгийг тодорхойлууллаа. Үүний эхний шат буюу "Зэвсэгт хүчний байгуулалтыг 2016-2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг Засгийн газраар батлуулсан бөгөөд уг хөтөлбөр энэ онд дуусна. Бид үндсэндээ 2019 онд урьдчилсан үнэлгээгээ хийж, Батлан хамгаалахын сайд болон холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан байгаа. Тиймээс бид одоо дараагийн шат буюу дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулна. Энэ нь 2020-2024 онд хэрэгжих хөтөлбөр юм. Дээр хэлсэнчлэн бидний өмнө хүлээж байгаа цөөнгүй ажилд дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах тухай багтсан байгаа. Тухайлбал, эрх зүйн шинэчлэлтэй холбогдож гарсан дүрэм, журам, заавруудыг зайлшгүй батална. Үндсэндээ 70 гаруй дүрэм, журам, зааврыг батлуулах ёстойгоос 50 гаруйг нь боловсруулан тэдгээрийг үйл ажиллагаандаа мөрдүүлсэн. Нөгөө талаас Зэвсэгт хүчний өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотойгоор явагддаг цэргийн сургалт бэлтгэлийг чанаржуулах, аюулгүй байлгах тал дээр онцгой анхаарч ажиллана. Мэдээж, Зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр улс орны бүтээн байгуулалт дахь оролцоогоо үргэлжлүүлнэ. Бидний тооцоолж байгаагаар 1, 2 дугаар сард бүтээн байгуулалтад оролцох төлөвлөлтөө хийж, 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүтээн байгуулагчид маань үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Эдгээр дурдаж байгаа төлөвлөгөөт ажлаас гадна олон улсын болон хоёр талын хамтарсан сургуулиуд уламжлал ёсоор явагдана. Өмнөх жилтэй харьцуулахад хээрийн сургуулиудын тоо нэмэгдсэнээс гадна оролцох орон, бие бүрэлдэхүүний тоо, цар хүрээ нэмэгдсэн байгаа. Мөн гаднын улсад явагдах сургуулиудад уламжлал ёсоор цэргийн алба хаагчдаа илгээнэ. Энхийг дэмжихийн чиглэлээр явагддаг сургалт, дадлага, цэргийн багуудын ажиллагааны өмнөх бэлтгэл зэргийг чанаржуулахад онцгой анхаарна. Мөн энэ жил “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд “Авто ралли” олон улсын тэмцээнийг Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна гээд бидний өмнө хүлээсэн олон ажил бий.
 
Нэмж тодруулах зүйлийн тухайд ...
 
-Төлөвлөсөн ажлууд бидэнд их байна. Зэвсэглэл, техникийн шинэчлэл, цэргийн албаны сахилга, зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талд нэлээд ахицтай жил байх болов уу гэж харж байна. Ялангуяа, цэргийн сургалт бэлтгэлийн үеэр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, осол, зөрчлөөс өөрийгөө болон нөхдөө хамгаалахад хүн бүр онцгой анхаарах ёстой гэдгийг онцлон хэлье.
 
 
хошууч Д.Оюунгэрэл
Эх сурвалж: "Соёмбо" сонин