sonin.mn
МОСКВА. /TASS/. Монголоос олдсон Зауроподын сүүлний нугаламд хийсэн судалгаа Оросын эрдэмтдэд энэ төрлийн үлэг гүрвэлүүд сүүлэндээ тулгуурлан арын хөл дээрээ зогсдог байсан гэдэг таамгийг дэвшүүлэх боломж олгожээ. Эрдэмтдийн судалгааны талаарх нийтлэлийг шинжлэх ухааны “Journal of Systematic Palaeontology” сэтгүүлд нийтэлсэн байна.
 
 
 
“Abdarainurus barsboldi” гэж нэрлэсэн энэхүү үлэг гүрвэлийн сүүлний ердөө есөн нугалам хадгалагдан үлдсэн бөгөөд найм нь урд, нэг нь дунд хэсгийнх аж. Үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг 1970 онд Монголоос олсон боловч дөнгөж одоо л судалж дуусжээ. Ясных нь хэмжээгээр эрдэмтэд ийм төрлийн үлэг гүрвэлүүд 15-20 метрийн урт байсан гэж таамаглаж байгаа ажээ.
 
 
 
“Абдараинур-ын сүүлний нугалмын бүтэц нь ер бусын бөгөөд зауропод төрөлд хамаардаг бусад үлэг гүрвэлээс аль нь түүний ойрын төрөл болохыг тогтооход маш хэцүү. Морфологийн шинжилгээгээр абдараинур-ыг Цэрдийн үеийн төгсгөл хүртэл амьдарсан урт хүзүүт зауроподын цорын ганц бүлэг болох үндсэн титанозавруудын тоонд оруулах боломжтой болгосон. Гэхдээ үндсэн титанзавруудын талаар мэдээлэл ховор байгаа учраас ийм дүгнэлт хийх үндэслэлийг сулруулж байна” гэж эрдэмтэд онцлон ярьсан байна.
Абдараинурууд нь сүүлний нугалмын өвөрмөц, ховор тохиолддог онцгой бүтцээрээ ялгагддаг аж.  Үүний нэг нь урд талдаа гүдгэр, арын хэсэгтээ хотгор бүтэц юм. Энэхүү шинж чанараар нь эрдэмтэд абдараинурууд сүүлээ зөвхөн тэнцвэрээ олоход төдийгүй тулгуур болгон ашигладаг байсан гэдэг таамгийг дэвшүүлжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг