sonin.mn
Дэлхий нийтэд шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19”-ийн халдвар эрчимжсэнээр аливаа улс орнууд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тархалттай тэмцэх чиглэлээр дор бүрнээ хичээж, шаардлагатай бүхнийг хийж байгааг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэднэ. Харин түгшүүрт энэ цаг үеийг эрсдэл багатай туулахад Зэвсэгт хүчний Нэгдсэн лабораторийн бие бүрэлдэхүүн зохих хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэх нь зүйн хэрэг юм. Тус лабораторийн хамт олон Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийсээр сар гаруйн нүүрийг үзэж байна. Энэ талаар Зэвсэгт хүчний Нэгдсэн лабораторийн дарга, улсын байцаагч, хошууч У.Ганзам "Шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19”-ийн тархалттай холбогдуулан урьдчилан сэргийлэх чиглэлээр ЗХЖШ-аас албан даалгавар, зөвлөмжүүд гарч байна. Батлан хамгаалах яам, ЗХЖШ, ХЗЦК, АЦК, АТГ-уудад долоо хоногт нэг удаа бүх өрөө, тасалгаанд ариутгал, халдваргүйтгэлийг хийдэг. Нийтдээ 20 гаруй мянган м2 талбайд ариутгал хийгээд байна. Жавелиний уусмал одоохондоо хүрэлцээтэй байгаа ч цаашид нөөц хомсдож болзошгүй” гэв.
 
Түүх сөхвөөс, ЗХЖШ-ын даргын 2002 оны тушаалаар Хэмжил зүй, Хими, Мал эмнэлгийн бактери шинжилгээ, Шатахууны, Эрүүл зүйн бичил амь судлал-химийн лабораториудыг нэгтгэн Зэвсэгт хүчний Нэгдсэн лаборатори болгон ХШҮГ-ын мэргэжлийн удирдлагад шилжүүлсэн байдаг. Тэр цагаас хойш Зэвсэгт хүчинд хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах, хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулга, баталгаажуулалт, шатахуун, тос тосолгооны материал, тусгай шингэн, хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, химийн хортой болон тусгай цэвэрлэгээний бодис, урвалжийн чанар байдлыг тодорхойлох, мал, амьтанд мал эмнэлгийн үзлэг, оношилгоо, сорилт шинжилгээний ажил үйлчилгээг үзүүлсээр иржээ. Ингээд зогсохгүй байгалийн гамшиг, үйлдвэрийн ослын үед эрүүл ахуй, мал эмнэлэг, цацраг, химийн лабораторийн үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлдэг онцлогтой аж.
Тус хамт олон 2019 онд “Үндсэн үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийг тасралтгүй зохион байгуулах, Сорилтын болон шалгалт тохируулгын лабораториудад тавигдах ерөнхий шаардлагыг олон улсын стандартад нийцүүлэх бэлтгэл ажлыг хангах, ажлын байрны орчин, нөхцөлийг сайжруулах” зорилгыг дэвшүүлэн ажиллажээ. Үүний хүрээнд цэргийн сургалт бэлтгэлийг Зэвсэгт хүчний Нэгдсэн лабораторийн гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны онцлогтой уялдуулан чанартай, тасралтгүй зохион байгуулж, сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэх, “Зэвсэгт хүчний Нэгдсэн лабораторийг 2020-2030 он хүртэл хөгжүүлэх дунд шатны хөтөлбөр"-ийг боловсруулж, хэрэгжүүлэх, албан тушаалтнуудыг ажлын байранд нь мэргэшүүлэх, дэвшилтэт технологи, стандартыг судлах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, ажлын байрны орчин, нөхцөлийг сайжруулах зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байна. Лабораторийнхан төлөвлөгөөний биелэлтээ бүрэн дүүрэн ханган ажилласны хамгийн тод илрэл нь дээрх зорилтуудын нэг “Зэвсэгт хүчний Нэгдсэн лабораторийг 2020-2030 он хүртэл хөгжүүлэх дунд шатны хөтөлбөр"-ийг түүхэндээ анх удаа боловсруулсан бөгөөд Батлан хамгаалахын сайдын зөвлөл болон ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, бие бүрэлдэхүүн толгой өндийх завгүй их ажилтай золгоод байна.
Хөтөлбөр хэрэгжсэнээр Зэвсэгт хүчний Нэгдсэн лаборатори нь орчин үеийн өндөр нарийвчлалтай эталон, тоног төхөөрөмжөөр хангагдан, сорилт шинжилгээний ажлыг стандартын дагуу бүрэн үзүүлэлтээр хийснээр анги, салбарын зэвсэглэл, техникийн бэлэн байдал, цэргийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангагдаж, шалгалт, тохируулга, баталгаажуулалт, сорилт шинжилгээний итгэмжлэлийн хүрээ нэмэгдэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэх лабораториудын жишигт хүрэх боломжтой аж. Үнэхээр ч одоо ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдийн 80-90 хувь нь ЗХУ-д 1970-1980 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд манайд нутагшаад 40 гаруй жилийн нүүрийг үзсэн учир хуучирч насжилт өндөр болсноос үүрэг гүйцэтгэх боломж нь хумигдсаар байгаа аж. Энэ мэт техникийн хоцрогдлоос шалтгаалан нэгж шинжилгээнд зарцуулах хугацаа ихсэхийн зэрэгцээ сорилт шинжилгээг хийхэд хүндрэлтэй байдал үүсдэг байна.
 
 
Нэг зүйлийг онцлоход Стандарт, хэмжил зүйн газрын итгэмжлэлийн хэлтсээс баталдаг “Сорилтын болон шалгалт, тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2007 стандартын дагуу тус лаборатори 2-4 жилийн хугацаатай итгэмжлэлийн эрхээ сунгуулан үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Энэ удаад итгэмжлэлийн эрхээ сунгуулах ажлыг зохион байгуулах хүрээнд ч Стандарт, хэмжил зүйн газраас заагдсан үл тохирлыг арилгаж, итгэмжлэлийн хүрээг нэмэгдүүлэх хүчин чадал бүхий багаж, тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийг шинээр худалдан авах шаардлага бий аж. Ийнхүү зэрэг тохироо бүрдсэн энэ цаг дор тус лабораторийн хамт олон дунд хугацааны хөтөлбөрөө батлуулснаар тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ шинэчлэн олон жил болсон толгойны өвчнөөсөө салах мөч тун ойртсоор байна.
Зэвсэгт хүчний Нэгдсэн лаборатори нь бүтцийн таван лабораторитой бөгөөд тэдгээр нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Жишээлбэл, Мал эмнэлгийн бактери шинжилгээний лаборатори нь 1972 онд Хүн, мал эмнэлгийн нэгдсэн лаборатори нэртэйгээр байгуулагдсан бөгөөд Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний мэдлийн туслах аж ахуйн мал, амьтанд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд нян судлал, ариун цэврийн шинжилгээ хийж, мах, махан бүтээгдэхүүнд хяналт тавин ажилладаг. Мөн сэжигтэй тохиолдол илэрсэн бол тус лабораторид дээжийг нь шинжлэхээс гадна өөрсдөө ч малын суурь дээр очиж тогтмол тандалтын шинжилгээг хийж оношлон аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг аж. Товчхондоо Зэвсэгт хүчний ангиудад хэрэглэгдэж байгаа хүнсний болон мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуйн асуудалд гол анхаарлаа хандуулдаг гэхэд болно. Түүнчлэн бид төдийлөн сайн мэддэггүй нэг зүйл нь “Олон улсын цэргийн наадам-2019”-ийн хүрээнд зохион байгуулагдсан “Аравт” морин цэргийн уралдааныг зохион байгуулах ажилд тус лабораторийн бие бүрэлдэхүүн гар бие оролцож оногдсон үүргээ алдаа мадаггүй гүйцэтгэсэн байна. Ахлах дэслэгч М.Энхтайваны хувьд Зэвсэгт хүчний 232 дугаар ангид найман жил алба хаагаад энэхүү лабораторийн даргаар томилогдоод нэг их удаагүй ч хамт олныхоо дунд хурдан "идээшсэн"-ээс гадна цэргээсээ дарга хүртэлх хэн бүхний зөвлөгөөг ажил хэрэг болгодог гэж ахмад ажилтнууд онцолж байв. Тэрээр малын захаас холдолгүй байсаар оюутан болохдоо хүний их эмчийн хуваарь байсан ч малын их эмчийн мэргэжлийг сонгосон байна. Түүний аав ч удам дамжсан малын эмч аж. Нутаг орондоо очиж ажиллахыг хүссэн ч түүнээс илүүтэй төрийн торгон сүрэгтэй ангид малын их эмчээр ажиллах завшаан олдсонд олзуурхаж боломжийг тас зуураад авсан нь өнөөдрийн Мал эмнэлгийн бактери шинжилгээний лабораторийн дарга болох замын эхлэл байсан гэлтэй.
 
 
Лаборант Б.Жаргал энэхүү лабораторид 21 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд залуу үеэ мэргэшүүлэх, ажил мэргэжилд нь дурлуулахад ихээхэн анхаардаг. Ингэснээр тэрээр гавьяаныхаа амралтад гарсан ч өөр хэн нэгэн залгамж халааг нь авч, хөдөлмөр үйлсийг нь үргэлжлүүлэх учраас сэтгэл эргэж уягдаад байх зүйлгүй биз ээ. Түүний нэг өдрийн ажлыг сонирхуулахад, өглөө дарга нарын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ажиллах бөгөөд сорил, шинжилгээ хийгдэх бол голлох үүргийг нь хүлээж электрон жингийнхээ зөв, буруу зааж байгаа эсэхийг хамгийн түрүүнд нягталж, тэмдэглэлээ хөтөлдөг. Үргэлжлүүлэн дээжээ жинлэх зэргээр түүний гараар дамжихгүй үйл явц тун ховор. Мөн тэрээр Зэвсэгт хүчний Нэгдсэн лабораторийн үүсэл хөгжлийн талаар буюу анх ямар байшинд, хэрхэн шинжилгээ, оношилгоо хийж үүрэг гүйцэтгэдэг байсан, өдгөө өргөн бүрэлдэхүүнтэй, өнөр хамт олонтой болсон гээд нэлээд зүйлийг хуучилсан бөгөөд “Хүн өссөн орчиндоо их дасдаг юм шиг. Жишээлбэл, эмчийн хүүхэд эмч болдог бол малчны хүүхэд малчин болдог. Гэхдээ сайн эмч, сайн малчнаас илүү үр, хүүхдүүддээ үлгэр дуурайл болсон аав, ээж байх нь хүн ёсны чухал асуудал юм” гэхэд ёстой л загатнасан газар маажих шиг болж, залуу үеэ чадваржуулахаас гадна хүн байх ухаанд сургадаг болов уу гэсэн бодол төрснийг нуух юун.
 
Дараагийнх нь Хэмжил зүйн лаборатори. Анх 1983 онд Ардын Армийн 137 дугаар төв лаборатори нэртэйгээр байгуулагдаж байсан. Эзлэхүүн багтаамж, шугаман өнцгийн хэмжүүрийн болон механик даралтын хэмжүүр, радио техник, цахилгаан хэмжүүрийн гэсэн гурван тасагтай. Гүйцэтгэх үүргийн хувьд, Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчинд ашиглагдаж, хадгалагдаж байгаа зэвсэг, техник хэрэгслүүдэд хэмжилт, шалгалт, тохируулга, баталгаажуулалтын ажлыг хийдэг бөгөөд жилд дунджаар хэмжлийн зургаан төрлөөр цахилгааны 1336, газардуулгын 360, аянга зайлуулагчийн 520 хэмжих хэрэгсэлд шалгалт, тохируулга, баталгаажуулалт хийдэг аж. Хэмжил зүйн хэрэгслүүдээ тухай бүрт нь Стандарт, хэмжил зүйн газарт өгч баталгаажуулдаг учраас хэмжилт ямар ч үед үнэн зөв хийгддэг. Мөн хөдөө, орон нутгийн болон Улаанбаатар цэргийн хүрээний бүх ангиудад хүрч ажилладгаараа онцлогтой. Тус лабораторийн эзлэхүүний хэмжүүрийн тохируулагч, засварчин, ахлагч Б.Энхбаяр Зэвсэгт хүчинд 21 дэх жилдээ алба хааж буй. Энэ хугацаанд хилийн чанадад гурван удаа үүрэг гүйцэтгэсэн туршлагатай. Түүнчлэн өөрийн туршлага, сурсан мэдсэнээ бусадтай харамгүй хуваалцаж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд хүүгийнхээ сургуульд цэрэг-эх оронч үзлийн талаар хэд хэдэн удаагийн лекц уншсан нь түүнийг ямар ч үед Зэвсэгт хүчинтэйгээ зүрх сэтгэлээрээ ойр байдаг гэдгийг бэлхнээ харуулах биз.
Харин Цэргийн химийн лабораторийн хувьд хөдөлгөөнт болон суурин хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үндсэн үүргийн хувьд Зэвсэгт хүчний анги, салбаруудад ашиглагдаж, хадгалагдаж байгаа тусгай зориулалттай хорт бодис, утаат хэрэгсэл, цэвэрлэгээ, ариутгал, идэвхжил, сулруулалтын бодис урвалжуудад химийн шинжилгээ хийнэ.
 
 
 
Мөн Зэвсэгт хүчний анги, салбаруудад ашиглагдаж, хадгалагдаж байгаа цацраг идэвхт үүсгүүрийн хадгалалт, хамгаалалт, чанар байдлыг тодорхойлж, хяналт тавихын сацуу түүнтэй харьцагсдад аюулгүйн зааварчилгаа өгч ажилладаг аж. Харин хөдөлгөөнт лаборатори гамшгийн үед дэмжлэг үзүүлэх бүлэгтэй, хээрийн ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх боломжтой бөгөөд жилд нэг удаа зохиогддог химийн нэгдсэн дадлага сургуулилтад бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцдог байна.
 
 
 
Анх 1973 онд “Армийн ариун цэвэр, халдвар судлалын групп” -ийн дэргэд байгуулагдсан Эрүүл зүй, бичил амь судлал-химийн лаборатори нь Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын үдийн хоолны илчлэгийг тодорхойлох, ундны ус, ариун цэврийн арчдас, тасалгааны агаар, хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд нян судлалын болон химийн шинжилгээг хийдэг. Түүнчлэн жилд дунджаар хортон мэрэгч устгалыг зохих талбайд, хүнс үйлчилгээнд ажиллагсдад урьдчилан сэргийлэх шинжилгээг хийсээр иржээ. Өнгөрсөн оны тухайд “Хааны эрэлд-2019” олон улсын хамтарсан хээрийн сургуульд тус лабораторийн дарга, ахмад З.Эрхэмбаяр, хээрийн автолабораторийн дарга, ахлах лаборант, дэд ахлагч Б.Болорчимэг, жолооч ахлагч Г.Батзориг нар хөдөлгөөнт хээрийн лабораторитой оролцож, үүрэг гүйцэтгэсэн бол Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн “Авторалли-2019” тэмцээнд мөн л ахмад З.Эрхэмбаяр эрүүл ахуйч эмчээр 14 өдрийн томилолтоор ажилласан нь мэдлэг, ур чадвараа ахиулан бусад орны Зэвсэгт хүчний алба хаагчдаас туршлага хуримтлуулсан шинэлэг, ач холбогдолтой зүйл болсон гээд лабораторийн удирдлагууд ихэд сэтгэл хангалуун байдаг юм билээ.
 
 
Хамгийн сүүлд буюу 1982 онд байгуулагдсан Шатахууны лабораторийн талаар өгүүлье. Үндсэн үүрэг нь Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчин, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагын автобензин, тос, тосолгооны материал, тусгай шингэн, дизель түлшний дээжид хяналтын болон иж бүрэн шинжилгээ хийх, тэдгээрийн төрөл, хадгалалтын хугацааг тогтоож тоон болон чанарын хяналт тавьж ажиллахад чиглэгдэнэ. Үүний зэрэгцээ зарим аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагаатай. Тухайлбал, “Тэс Петролиум”, “Магнай Трэйд” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн шатахуунд тогтмол сорьц, шинжилгээ хийдэг нь Зэвсэгт хүчнээ сурталчлах, нэр хүндийг нь өргөхөд чухал нөлөө үзүүлдэг гэнэ.
Бусад ажлын талаар Зэвсэгт хүчний Нэгдсэн лабораторийн дарга, улсын байцаагч, хошууч У.Ганзам хэлэхдээ “Тус лаборатори нь зориулалтын бус байранд байдаг хэдий ч өөрсдийн нөөц бололцоогоороо засвар, үйлчилгээ хийж, зургаан автомашины дулаан гражийг барин ашиглаж байна. Үүнээс гадна зарим төрлийн хүнсний ногоог тариалан, туслах аж ахуйтай болсон, лабораторидоо ажилчдын гал тогоог шинээр тохижуулж, нэг хоолыг 2000 төгрөгөөр худалдаалдаг зэрэг бие бүрэлдэхүүнийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх ажлууд бага багаар хийгдэж байна.
 
 
 
Төр, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд 0-5 насны хүүхэдтэй ажилтнуудынхаа судалгааг гаргаж, биеийн байдлыг нь харгалзан үзээд тав хүртэлх хоногийн чөлөөг нь олгосон. Эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд тогтмол бүрэн хамруулж, энхийг дэмжих ажиллагаанд алба хаагчдаа оролцуулахад анхаарч, санаа тавьж ажилладаг.
 
 
 
Мөн боловсон хүчнээ мэргэшүүлэх талаар анхаарч жил бүр алба хаагч, ажилтнуудаа сургалт, хурал, зөвлөгөөнд идэвхтэй хамруулж хооронд нь туршлага солилцуулан ур чадварыг нь ахиулах талаар нэлээд ажлын ард бид гарсан” гэв. Зэвсэгт хүчний нүд болсон лабораторийн талаар товч өгүүлэхэд ийм буюу.
 
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин