sonin.mn
Бөмбөр хөгжмийн ноён оргил болсон Төрийн соёрхолт, “Харанга” хамтлагийн бөмбөрчин, МУГЖ Н.Пүрэвдаштай ярилцлаа.
 
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. "Харанга" хамтлаг ойрын өдрүүдэд ямар уран бүтээл дээр төвлөрч ажиллаж байгаа талаар ярилцлагаа эхэлье...
 
-"Монгол цэргийн өдөр", Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн босгон дээр танай сонины зочин болж уригдсандаа баяртай байна. Бидний нөхөрлөл олон жилийн настай. Урт удаан хугацааны шалгуурыг давсны эцэст "Харанга" хамтлагийн дуунууд сонсогчдын зүрх, сэтгэлд амьдарсаар байна. Харин энэхүү урт замын аялалд хөгжим л биднийг нэгдмэл байлгаж чадсан. Үзэгчдийн шимтэж, дурлаж, хайрлаж сонсдог бидний уран бүтээлүүдийн цаана нөр их хөдөлмөр, цаг хугацаа оршдог. Хөгжим бүрийн найруулга ямар байх, хэрхэн уялдуулах гээд олон зүйлийг нухацтай бодох шаардлагатай. Ер нь уран бүтээл гэдэг цаг хугацааны шалгуурыг давж, шүүгдэн хүнд хүрдэг онцлогтой. Өөрөөс тань хойших хоёроос гурван үеийн сонсогчид ч яг тань шиг мэдрэмж, таашаал, бас ухаарлыг аваасай гэж уран бүтээлүүдээ туурвидаг болохоор бидний уран бүтээлүүд маш сайн шүүгдсэн байдаг. 1990-ээд оноос өнөөдрийг хүртэл дуулагдсаар байгаа "Харанга"-ын дуунуудаас үүнийг харж болно. Оны өмнөхөн буюу Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойгоор Я.Одсүрэн /"Xаранга" хамтлагийн бөмбөрчин, гитарчин/ бид хоёрт Гавьяат жүжигчин цол хүртээсэн. Дараа дараагийн уран бүтээлд маань ёстой л "ташуур" өгсөн гэж болно. Үүнийг дагаж их хариуцлага ноогдож байгаа. Бидэнд цаашид төлөвлөсөн зүйл олон. Манай хамтлагийг сонсдог мянга мянган шүтэн бишрэгчдийнхээ "цангааг" тайлсан бүтээлүүдийг туурвисаар байх болно.
 
Аав тань Хилийн отрядад тусгай үүрэг гүйцэтгэж байсан гэсэн...
 
-Миний аав Нэмэх намайг таван настай байхад өөд болсон. Би балчир байсан ч гэлээ зарим зүйлийг нь санадаг юм. Миний сэтгэлд мартагдахааргүй хоногшиж үлдсэн дурсамж, хүүхэд насны дурдатгал олон бий. Айлын бага болоод ч тэр үү, ёстой л өвөр дээр нь тоглодог, хоёр ахаасаа илүү эрх мэдэлтэй, танхил хүүхэд байлаа. Аавыг анх автобус баазын жолооч байх тэр үед одоогийн Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд нүүдлийн кино театр байрлаж байв. Нэгэн өдөр кино театр хөл гишгэх зайгүй болтлоо дүүрдэг юм байна. Би үзвэрийн танхим руу орохдоо газар унаж, тэр чигтээ мөлхөж явсаар гар, хуруугаа гишгүүлээд тамтаггүй юм болсон. Дүүгээ харсангүй гээд аав хоёр ахыг маань загнаж, зэмлээд сүйд. Бас нэгэн удаа дүрсгүй зан хөдлөөд ах нарыгаа дагаж айлын хашааг давж ороод элдвийн юм сониучирхаж байгаад манаачид нь баригдаад баларсан. Хоёр ах бараг нүд ирмэхийн зуур л хашаа давж зугтсан, би яах вэ уйлаад л хоцорсон. Галууг дуурайж  хэрээ хөлөө хөлдөөнө гэгч л болсон доо. Харин аав маань оройжин ах нарын "тоосыг гөвсөн". Залуу байхдаа тоогоогүй ч нас ахихын хэрээр аавынхаа талаар их судлах боллоо. Хүний амьдралын жам л юм хойно. Аавын хувьд 1945 онд Замын-Үүдийн Хилийн отрядад тусгай үүрэг гүйцэтгэж, алба хаасан юм билээ. Чөлөөлөх дайны 73 жилийн ойгоор Оросын цахим хуудсанд аавын минь маршал Х.Чойбалсангийн өмнө номхон зогсож буй зураг гарч ирсэн. Аавын хувцас нэлээд гандсан харагдаж билээ. Ингээд энэ нь сэжүүр болж би аавынхаа тухай илүү ихийг мэдэхийн төлөө эрэл хайгуул хийж эхэлсэн л дээ.
 
Аавын "Бид ялав”, "Онц хилчин" тэмдгийнх нь үнэмлэхийг ээж хадгалж байсан юм. ХХЕГ-аас 1994 оноос өмнөх үед хамаатуулах бүх материалыг ТЕГ-т шилжүүлсэн учир нөгөө "Онц хилчин" тэмдгийн үнэмлэхээ архивд нь авч очоод шүүлгэтэл 14 хоногийн дараа аавтай минь холбогдох баримт, мэдээллүүд олдсон. Тодруулбал, 1945 онд цэрэгт татагдан Завхан аймгийн Хилийн 12 дугаар отрядад очсон байгаа юм. Тэндээс шигшмэл залуусаас бүрдсэн 9 дүгээр отрядад багтсан гэдгийг нь олж мэдсэн. Тус отрядын хувьд Чөлөөлөх дайны үед ямар хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн гэдэг нь төсөөлөхөд ч бэрх.
 
Зэвсэгт хүчинд алба хааж байсан Н.Пүрэвдашийн талаар бидний чихэнд хүрч амжаагүй, төдийлөн мэддэггүй зүйлс байдаг л байх. Сонин сайхан түүхээсээ хуучлахгүй юу?
 
-Цэргийн хөгжмийн сургуулийг анх байгуулалцсан Г.Дашпунцаг гэж хүн миний хүргэн ах байгаа юм. Аавыг өнгөрснөөс хойш ээж гурван хүүхэдтэйгээ үлдэж хоцроход Г.Дашпунцаг ах "Сахилгагүй багыг чинь би хүн болгоё" гэсэн гэдэг. Ингээд тавдугаар ангиа төгсөөд 1971 онд Ардын Армийн 013 дугаар ангид хөгжмийн салааны сурагчаар томилогдож, бөмбөрчин бэлтгэх сургалтад хамрагдсанаар 13 настай хүүхэд 20 настай ах нарын дунд ажиллаж "жинхэнэ цэрэг" амьдралын амтыг мэдэрсэн юм. Сонирхуулахад, намайг тус ангид томилогдож очихоос жилийн өмнө буюу 1970 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хөгжмийн салаа нь анх байгуулагдсан түүхтэй юм билээ. Ингээд 1976 оноос мэргэжлийн хөгжимчин болж ЗХЖШ-ын ҮЖҮНХ-д хөгжимчин ахлагчаар томилогдон ажиллах болсон. Нийтдээ 19 жил 8 сар ажиллаад Зэвсэгт хүчнээсээ гарч 1989 оноос өнөөдрийг хүртэл “Харанга” хамтлагтайгаа урлагт зүтгэж байна даа. ҮЖҮНХ-д байхдаа их эрэлттэй бөмбөрчний нэг байжээ гэж бодогддог. Цэргийн ансамблийн тоглолтод оролцохоос гадна Улсын циркээс ирэх урилга ч тасардаггүй байв. Би өдөртөө ҮЖҮНХ-д, орой болохоор циркэд очиж тоглодог байлаа. Тэр хэрээрээ орлого сайтай хөгжимчин болсон. Одоо харин ёстой хүний чихэнд барагтаа хүрээгүй түүх сонирхуулъя. 1977 онд Монгол-Зөвлөлтийн хоёр талын хээрийн сургууль зохион штабт урлагийн тоглолт үзүүлэхээр болж очоод бид бага зэрэг "пээдэлзчихсэн” юм л даа. Эхлээд хоол цай, идэж ууна гээд манайхан ч хойш суучихлаа шүү. Тэгж байтал эсрэг талын командлагч, хурандаа генерал Б.Цог ирээд, учир явдлыг мэдэн ихэд уурлалаа. Бидний хандыг хага дарсан шүү. "Миний олзны хүмүүс шахуу болчхоод юун хоол, цайсаг юм" гээд хөтөлбөрт байсан орос дуунуудыг болиулж биднээр дан ардын дуу дуулуулсаар байгаад явуулсан нь санаанаас гардаггүй юм.
 
"Харанга" хамтлагийн түүх анх "Соёмбо" нэрээр бичигдэж эхэлсэн. Тэгэхээр "Харанга" 30-аас ч олон жилийн түүхтэй болж таарч байна ...
 
-1977 онд Ц.Чулуунбаатар, 1978 онд Ц.Энхманлай, 1981 онд Я.Одсүрэн маань ҮЖҮНХ-д орж ирсэн. Бид тус тусдаа, өөр өөр группт байсан учраас бие биеэ нэг дээвэр дор байдаг л гэж мэднэ. Гэхдээ тухайн үед ҮЖҮНХ-ийн дэргэд "Соёмбо" гэж хамтлагт хамт тоглодог болсноос хойш бие биеэ илүүтэй мэдэх болсон. Бид чинь "Соёмбо" хамтлагаас төрөн гарцгаасан учраас яалт ч үгүй "Харанга"-ын түүх аль эрт бичигдэж эхэлсэн гэсэн үг. Рок хамтлаг байгуулах талаар Ц.Энхманлай, Я.Одсүрэн хоёр Төрийн шагналт хөгжмийн зохиолч, урлаг судлаач, доктор С.Соронзонболдтой их ярьдаг байж. Манай хоёр хамтлагтаа сайн бөмбөрчин хайгаад олохгүй байхаар нь нэг удаа С.Соронзонболд та хоёр хажуудах бөмбөрчнөө олж харахгүй юм гээд тэднийг бага зэрэг гоочилсон гэсэн шүү. Тэд намайгаа анзаараагүй хэрэг л дээ. Бид дөрөв "Соёмбо" хамтлагт байхдаа Монголын радиод “Өргөн хангайн нутаг”, “Ганган борлог” зэрэг дуунуудыг бичүүлсэн. 1983 онд нөхөд маань “Хамтлаг байгуулъя, ажлаасаа гарчих" гэж ятгах болсон юм. Гэтэл би ганц, хоёрхон жил болоод л тэтгэвэртээ гарах гээд байдаг.
 
Рок хамтлаг байгуулах санааг гэр бүлийнхэн минь дэмжсэнгүй. Дэмжсэн хүн хуруу дарам цөөн. Хамгийн их нөлөөлсөн хүн бол эхнэрийн минь ах байсан. Армийн хурандаа, “Рапорт” Баадай гэвэл хүмүүс мэднэ. Цэргийн олон албан тушаалд томилогдон ажиллаж байсан ах маань надад "Тэтгэвэртээ гараад найман сар болж байхад намайг хэн ч тоохоо больсон. Үнэн гэвэл энэ л байна. Чи хожимдоогүй дээрээ өөрийнхөө хүссэнээр амьдар, дуртай зүйлээ хий. Миний араас битгий орчих. Хожим үр хүүхэд чинь чамаар бахархана. Одоо армиас гар” гэсэн.
 
Ингээд л би Манлай, Оогий хоёрынхоо саналыг хүлээж аваад, урт замын аянд бэлдсэн дээ. Гэхдээ ҮЖҮНХ-ийнхнөөс надад өгсөн зүйл их. Би тэндээс ажил хөдөлмөрийн гараагаа эхлээгүй бол өдий зэрэгтээ явахгүй байсан.
 
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, бригадын генерап П.Доржсүрэнд та бөмбөр хэрхэн тоглохыг заасан гэсэн. Хэзээнээс багш шавийн барилдлагатай болсон бэ?
 
-Олон жилийн өмнө болсон явдал л даа. Анх П.Доржсүрэн генерал манай ажил дээр ирэхдээ надад бөмбөр зааж, намайг шавиа болгооч гэж шулуухан хэлсэн. Монгол төрийн генерал хүн ороод ирэхээр сүртэй гэж жигтэйхэн, цаанаа бас омогшмоор. Үүнд нь ч би их бэлгэшээгээд шууд л зөвшөөрч шавиа болгосон.
 
 
 
Харин бөмбөрийг хоёр, гуравхан сарын дотор эрчимтэй сурсан шүү. Тэр хүн ажлынхаа хажуугаар цаг, заваа гаргаж тоглосоор тийм хэмжээнд хүрсэн. Хэрэв зээ над шиг анхнаасаа хөгжим тоглоод явсан бол өндөр амжилт үзүүлэх байсан ч юм билүү гэж бодогддог. П.Доржсүрэн генерал цаанаасаа өгөгдөлтэй, авьяастай хүн.
 
 
 
Германы Мерседес Бенз, Сиеменс Никсдорф, Даймлер Крайслер компаниуд "Харанга" хамтлагийг дэмжиж, цомгийг нь хэвлүүлж байсан түүх бий. Ийм бардам түүхтэй хамтлагийг Монголоос хайгаад олохгүй байх
 
-Яг үнэн. Монголд байхгүй, дэлхийд ч ховор. Бид Германы 50 гаруй мянган хамтлагаас шалгарсан шилдэг хамтлаг болох "Загасчны хүүхдүүд" хэмээх хамтлагийг 1997 онд эх орондоо урьж тоглуулсан. Мэдээж бид ч өөрсдийн уран бүтээлээ толилуулна шүү дээ. Энэ үед л "Харанга" маань Германы нэртэй продюсер, хөгжмийн зохиолчдын нүдэнд өртөж эхэлсэн байх. Ямар нэгэн жалга довын үзэл байсангүй. Биднээс урлаг гэж юу байдгийг, яагаад урлагийг дэлхийн хэл гэдгийг мэдэрсэн болов уу. Ер нь германчууд сонгодог хөгжмийн олон зуун жилийн түүх, соёлтой, нэрт төлөөлөгчидтэй шүү дээ. Тийм дээ ч авьяасыг үнэлэх талаар өөгүй үндэстэн байна лээ. Дан ганц хөгжмийнхөн нь гэлтгүй тэргүүлэх компаниудын удирдлагууд нь ч "нүдтэй, чихтэй" санагдсан.
 
МУГЖ Х.Лхагвасүрэнгийн хувьд хэзээ хамтлагт орсон бэ?
 
-Хөгжмийн зохиолч, “Андууд” хамтлагийн ахлагч байсан Р.Хатанбаатар манай Лхагваагийн аав. Түүнийг ард түмний гавьяат ч гэж хэлдэг. "Соёмбо" хамтлагт байхаас л бид Лхагваагийн аавыг мэддэг байсан л даа. Х.Лхагвасүрэн их хөдөлгөөнтэй, реп бүжиглэдэг хүүхэд байлаа. Тааралдах л юм бол цаадхыг чинь өрөөндөө дуудаад бүжиглүүлнэ. Энэ үеэс л Лхагвааг хамаатнаас дутуугүй мэддэг болж сүүлд "Харанга" үүсгэн байгуулагдахад манай Чука дагуулаад ирж билээ.
 
Тогоонд нь олон жил чанагдсан хүний хувьд та Монголын рок поп урлагийн ирээдүйн талаар ямар гэгээлэг зүйлсийг төсөөлдөг вэ?
 
 
 
-"THE HU хамтлаг хамгийн том жишээ. Урлагаар дамжуулан бид юунд хүрч болохыг харлаа. Цаашид соёл, урлагийн салбарыг төрийн бодпогоор дэмжээд өгөх хэрэгтэй. Хуучных шиг энэ салбарт шаардпагатай боловсон хүчнийг нь бэлдэхэд төр, засаг анхаарал хандуулах цаг нь ирсэн.
 
 
 
Бас мэдрэмжтэй, мэргэшсэн, боловсролтой инженер, техникийн ажилтнууд үгүйлэгдэж байна. ОХУ-д гэхэд л хөгжмийн бага, дунд, их, дээд сургуулиудыг төгссөн болон удирдаач мэргэжилтэй хүмүүс дуу бичлэгийн студид ажилладаг.
 
Гэр бүлийн тань талаар асууж амжилгүй байсаар энд хүрлээ. Таны амжилтын ард бат зогссоор ирсэн ханийнхаа талаар ярихгүй бол алдас болох биз ...
 
-Бид танилцаад 40 гаруй жил болж байна. Залуу байхад энд тэнд хөгжим тоглоод явчихаар гэр бүлдээ зарцуулах цаг гардаггүй байв. Одоо ч тийм үе цөөнгүй. Тэглээ гээд намайг орхилгүй урлагт хайртай занд минь дасаж, эвлэрсэнд баярладаг. Миний хань П.Отгонтуяа ОХУ-д гутал загварын мэргэжлээр суралцаж төгссөн.
 
Ярилцсанд баярлалаа.
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин