sonin.mn
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Шүүхийн шинжилгээний байгууллагын үүсэл, хөгжлийн талаар яриагаа эхэлье?
 
-1944 онд Улсын цагдан сэргийлэх газрын гүйцэтгэх хэлтсийн харьяанд  Шинжлэн магадлах техникийн тасаг байгуулснаар Шүүх шинжилгээний байгууллагын үндэс тавигдсан. 1998 оны УИХ-ын 18 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын эрх зүйг шинэтгэлийн хөтөлбөрийн 44 дүгээр зүйл хэрэг бүртгэх,  мөрдөн байцаах, прокурор, шүүх болон бусад хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаатай нягт холбоотой ажилладаг криминалистик, шүүх эмнэлэг, нягтлан бодох бүртгэлийн товчоо зэрэг шинжилгээний  байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг хянан үзэж, нэгдсэн нэг зохион байгуулалтад оруулж материаллаг баазыг бэхжүүлэх арга хэмжээ авах гэж заасныг үндэслэн 2005 оны гуравдугаар сарын 23-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 63 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны харьяанд байсан шүүх эмнэлэг сангийн яамны харьяанд байсан шүүх, нягтлан бодох бүртгэлийн товчоо, цагдаагийн ерөнхий газрын харьяанд байсан шүүхийн шинжилгээний хүрээлэн гэсэн гурван байгууллагыг нэгтгэж, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг байгуулсан түүхтэй.
 
-Эрхзүйн орчны тухайд хэрхэн сайжирч байв?
 
-2009 оны арванхоёрдугаар сарын 3-ний өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар шүүхийн шинжилгээний тухай хуулийг  баталж, шинжилгээ хийх үндэслэл журам, шинжилгээний байгууллагын тогтолцоо шинжээчийн эрх зүйн байдлыг хуульчилж өгснөөр Шинжилгээний байгууллагын эрх зүйн орчин  бүрдсэн. Энэ хууль нь батлагдаад 10 орчим жил болж байна. Нийгэм эдийн засгийн хөгжлийн явцад гарч буй өөрчлөлтүүд, хэргийг илрүүлэх арга техник технологи өөрчлөгдсөн, шинэ төрлийн шинжилгээний хийх шаардлага бий болсон. Эрүү, иргэн, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх процессийн хуулиудад орсон өөрчлөлттэй уялдуулах шаардлага бий болсон зэрэг нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл болоод байна.   Шүүх шинжилгээний хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Шинжилгээний байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар бидний үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэснээр иргэдэд үзүүлдэг үзлэг, шинжилгээний чанар, үр дүнд ахиц гарна гэж үзэж байгаа. Албан хаагчдын улс төр, нийгэм, эдийн засаг, аюулгүй байдлын баталгаа хангагдаж, ажиллах нөхцийг сайжруулах эрх зүйн орчин бүрдэх юм.
 
-Байгууллагын үндсэн чиглэл, бүтэц зохион байгуулалтын онцлогийн талаар ярихгүй юу.  Хүмүүс шүүхийн шинжилгээ гэхээр нарийн сайн ойлгодоггүй?
 
-Шүүхийн шинжилгээний байгууллага эрүүгийн засаг захиргааны болон бусад хэрэг, маргааны явцад нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, ул мөр эд мөрийн баримтанд үзлэг, шинжилгээ хийх,хэрэг бүртгэгч прокурор шүүгчийн тогтоол захирамж төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтийг үндэслэн криминалистик шүүх эмнэлгийн эдийн засгийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах үндсэн чиг үүрэгтэй . Жилдээ 65 мянга орчим шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг.
 
 
 
Криминалистикийн шинжилгээний чиглэлээр гэхэд л бичиг судлал, бичиг техник, галт зэвсэг, гарын мөр, мөр судлал, дүр зураг, дүрс бичлэг, дуу авиа, авто техник, тэсрэх төхөөрөмж, компьютер техник, инженер техникийн зэрэг шинжилгээ хийж байна.
 
 
Шүүх эмнэлгийн чиглэлээр хүний биед гэмтлийн зэрэг тогтоох, бэлгийн холбогдолтой гэмт хэргийн хохирогчид үзлэг хийх, цогцост задлан шинжилгээ хийх, эд эсийн шинжилгээ хийх, нас, хүйс тогтоох, хавтаст хэргийн материалаар шинжилгээ хийх, Эксгумаци буюу оршуулсан шарилд шинжилгээ хийж байна.
Тусгай шинжилгээний чиглэлээр, биологийн, ДНХ-ийн, бактериологийн, химийн, физикийн шинжилгээнүүдийг хийж байна. Үүнээс гадна Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт эмнэлэгт нас барсан болон задлан шинжилгээ нь хийгдэж байгаа түүнчлэн нэр, хаяг нь тодорхойгүй, хариуцах эзэнгүй цогцсыг хадгалж, оршуулдаг. Мөн улсын хилээр нийтэд худалдах зорилгоор оруулж ирсэн иргэн, хуулийн этгээдийн галт зэвсгийг худалдан борлуулахаас нь өмнө буудлага үйлдэж, хонгио, хошууны дээж авдаг бөгөөд тухайн галт зэвсэг болон өмчлөгч, эзэмшигчийн талаарх мэдээллийг нэгдсэн санд бүртгэн ажиллаж байна. Иргэдийн хүсэлтээр эдгээр шинжилгээг хийдэггүй онцлогтой.
 
-Мэргэжлийн шинжээчид мэдээлэл задруулахгүй байхаас эхлээд нарийн дүрэм журам баримталдаг. Энэ талаар?  
 
Шинжилгээний явц, үр дүнг шинжилгээ томилсон эрх бүхий албан тушаалтнуудаас бусад этгээдэд мэдээллэхийг хориглодог. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй байх үүргийг шинжээч хүлээдэг. Ер нь аль ч улс оронд тодорхой гэмт хэрэг илрүүлэх арга техникийг бусдад задруулахыг хуулиар хориглосон байдаг.Шинжээч нь өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ томилох эрх бүхий этгээдээс тавьсан асуултын дагуу шинжлэгдэж буй обьектыг шинжлэн судалсны үндсэн дээр дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтийнхээ үр дүнг өөрийн биеэр хариуцдаг. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байвал дахин шинжилгээ томилж бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийгддэг онцлогтой. ШШҮХ Захиргаа удирдлагын газар, СХТГ, Криминалистикийн шинжилгээний газар, Шүүх эмнэлэгийн шинжилгээний газар, Тусгай шинжилгээний газар, эдийн засгийн шинжилгээний хэлтэс, Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтэс, Хяналт шалгалт үнэлгээ, дотоод аудитын хэлтэс НШШГ, 21 аймгийн шүүхийн шинжилгээний алба гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
 
-Хүний нөөцийн талаар болон албан хаагчдын ур чадварын ямар түвшинд байгаа вэ?
 
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд гурван чиглэлээр шинжилгээ хийж байгаа гэж дээр дурдсан. Манай байгууллага 2018 онд хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулсан. Энэ шинэ мэргэжтнийг маань баримт бичигт шинжээчийг сонгон шалгаруулж авах шалгуур үзүүлэлтийг төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, мэргэшил дээшлүүлсэн  байх шалгуур үзүүлэл зэрэг үзүүлэлтээр нь нарийн тодорхойлж өгсөн байгаа. Түүнчлэн мэргэшүүлэх, гадаад тотоодын их дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалах, урт богино сургалтууд, давтан сургалтуудын хэлбэрийг тодорхойлсон. Энэ байгууллагад ажиллах шинжээч эмч нарын хувьд шалгуур нь эхний ээлжид анагаах ухааны үндэсний их сургуулийг болон адилтгах сургуулуудийг төгссөн байх ёстой бакалаврын төвшинд гэсэн үг шүү дээ. Монголд бол зургаан жилээр төгсгөдөг. Үүний дараа эмгэг судлалын чиглэлээр гурван жил резидент хийсэн байх шаардлагатай. Дараа нь шүүх эмнэлгийн резидент хийдэг. Ер нь бол манай байгууллагад ажиллаж байгаа  хүмүүс 10 жилээ төгсөөд их дээд сургуульд ороод 12 жил  бас дахин сурсан байх шаардлагатай. Гэвч одоогийн  энэ нөхцөл байдалд 12 жил сураад манай байгууллагад ажиллана гэдэг бол хүндрэлтэй. Үндсэн мэргэжлээрээ буюу хүний их эмчээр төгссөн албан хаагчдыг аваад тэдгээр хүмүүсээ ажиллах явцад нь хөнгөвчилсөн хэлбэрээр сургалтуудыг зохион байгуулж мэргэжил ахиулж байгаа. Криминалистикийн шинжээчийг ДХИС болон ОХУ-д бэлтгэж байна. Шүүх нягтлан бодох бүртгэлийн шинжээч нарт мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан байх шалгуур тавьдаг. 2019 онд Шүүхийн шинжилгээний тухай хуулинд заасны дагуу 5 жил тутамд хийгддэг аттестатчиллын шалгалыг эрх зүйн шалгалт, ур чадварын шалгалт гэсэн хоёр хэлбэрээр авч дүгнэсэн. Шалгалтын дараа холбогдох сургалтуудыг зохион байгуулсан. Шүүхийн шинжилгээг нарийн мэргэжлийн шинжээч нар орчин үеийн стандартын шаардлага хангасан техник тоног төхөөрөмж бүхий магадлан итгэмжлэгдсэн лабораторид хийж байж өмнө тавигдсан үр дүнг маргаангүй байдлаар гаргана.
 
-Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хэр хамрагдаж байна. Энэ онд явахаар төлөвлөж буй сургалтуудын талаар мэдээлэл өгөөч?
 
ОХУ, БНСУ, Беларусь улсын ШШБ-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу шинжээч мэргэжилтүүдээ сургах ажлыг зохион байгуулж байна.. ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны улсын их сургуулийн дэргэдэх эмч нарын мэргэжил дээшлүүлэх институтэд төв, орон нутгийн гуравдугаар ээлжийн 17 шинжээч эмчийг 2020 оны 1 дүгээр сарын 17-ноос 01 дүгээр сарын 26-ны хооронд, дөрөвдүгээр ээлжийн 15 шинжээч эмчийг 2020 оны 1 дүгээр сарын 28-наас 2 дугаар сарын 03-ны хооронд “Гэнэтийн нас баралт”, “Рефлексийн бүсэн гэмтэл /наран сүлжээ/”, “Эх нярайн эндэгдэл” зэрэг нийт 72 цагийн мэргэжил дээшлүүлэх сургалтад тус тус хамруулж гэрчилгээжүүлсэн. 2018 онд АУҮИС- тай хамтран төв, орон нутгийн 37 шинжээчийг зургаан сарын хугацаатай түргэвчилсэн хэлбэрээр резидент хийлгэн ажиллуулж байна. Орон нутагт зайны болон онлайн хэлбэрээр мөн сургалтаар хичээл зааж мэргэжил дээжлүүлж байгаа. Мөн ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж байна.
 
 
 
Бид бүхэн жилд 65-70 мянган шинжилгээ хийж байна. Жил болгон тодорхой хуваарь гэмт хэргийн гаралт өсөж байна. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагад ирэх ажлын ачаалал өсөж байна. Энэ нь нэг талаас гэмт хэргийг илрүүлэх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхэд шүүх шинжилгээний хэрэгцээ шаардлага өдөр ирэх тусам өсөж байгааг харуулж байгаа юм.
 
 
 
-Тоног төхөөрөмжийн шинэчлэлт хэр хийгдэж байна?
 
-Эхлээд эрх зүйн орчинг бүрдүүлээд дараа нь материаллаг баазыг бэхжүүлэх шаардлагатай болж байна. 2018 онд Химийн лабораторид шинээр “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” батлагдсантай холбогдуулан хүний биеийн биоматериалд /цус, шээс, үс, хумс/ шинжилгээ хийхэд шаардлагатай мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох “Ажилэнт Технолжис” компанийг 6530 QTOF шингэний хроматграф-масс спектрометр, 1290 HPLC өндөр мэдрэмжит шингэний хроматограф болон 5977 загварын хийн хроматографи масс спектрометрийн аппаратыг, Бактериологийн лабораторид бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмж болох ELISA READER багажийг суурилуулан ажиллаж байна. Шүүх шинжилгээний төв байр 2008 онд ашиглалтад орсон. Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд “Монгол Улсын Шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор тус хүрээлэнгийн шинжилгээний лабораториудыг өргөжүүлэх, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажил хийгдэж байна. БНСУ-ын КОЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын төслийн хүрээнд тус хүрээлэнгийн ДНХ, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох болон дижитал чиглэлийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник, тоног төхөөрөмж бүхий лабораториудыг шинээр байгуулж тоноглох, шинжээч мэргэжилтэнг Олон Улсын стандартад нийцүүлэн сургаж мэргэшүүлэх ажил хийгдэнэ. Нийт 7 сая ам.доллар ын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөо энэ оны 2-р улиралд эхлэх байсан коронавирусын өвчлөл гарсантай холбогдон түр хойшлоод байна.
 
-Барилгын ажил бас шинэчлэгдэх сураг байсан уу. Хот хөдөө хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлаар юу байна?
 
-Шүүх эмнэлгийн байр 1971 онд ашиглалтад орсон. Тэр үед УБ  хотод оршин суудаг  400 мянган иргэнд Шүүх эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх зориулалтаар  баригдсан. Одоо бол ачааллаа дийлэхээ байсан. Тиймээс бид шүүх эмнэлгээ орчин үеийн стандартын шаардлагаар дахин барихаар төлөвлөсөн. Зөвхөн Улаанбаатарын хэмжээнд биш бүхэл бүтэн улсын хэмжээнд үйлчлэх тэрхүү байгууллагыг бий болгоно. БНСУ-н Экспорт импорт банкны хөнгөлөлттэй зээлээр шүүх эмнэлгийн барилгыг 8.3 сая ам доллар гэж төсөвлөж байсан. Солонгосын талаас ТЭЗҮ хийх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Ажлын хэсэг 8.3 сая долларыг 17 сая доллар болгож нэмэгдүүлэхээр Солонгосын  талтай зөвшилцөлд хүрсэн. Шинэ ажлын байр барих 1 га газрыг  Буянт ухаа хоёр орчимд  шийдвэрлүүлэн гэрчилгээ, техникийн нөхцлийг гаргуулан авсан.Энэ ажлын байртай болсны дараа шүүх эмнэлгийн иргэдэд үзүүлэх үйлчилгээнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байгаа. Аймгийн шүүхийн шинжилгээний албадад нэг загварын лабораторийн зориулалт бүхий барилгыг үе шаттайгаар барихаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд 2018 онд эхний лабораторийн зориулалттай албаны барилгыг Өмнөговь аймагт барьж ашиглалтад оруулсан. 2019 онд Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны лабораторийн барилгыг шиглалтад оруулсан
 
-Тулгамдаж буй асуудлуудыг дурдвал?
 
-БНСУ-ын “КОЙКА” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар 2020-2023 онд хэрэгжүүлэх “Монгол Улсын Шүүхийн шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд ДНХ-ийн шинжилгээний лаборатори, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бодис тодорхойлох шинжилгээний лаборатори, Дижитал шинжилгээний лаборатори, Мөр судлалын лаборатори, Бичиг баримтын шинжилгээний лабораторийг 2020 оноос Олон Улсын стандартад нийцүүлэн шинэчлэн тоноглох болсон тул шинээр хийгдэх шинжилгээний цар хүрээ, ажлын ачаалал зэрэгтэй уялдуулан эдгээр шинжилгээний лабораторийн шинжээчдийн орон тоог нэмэх шаардлагатай байна. Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын одоогийн орон тоо нь 1978 онд 40.000 хүнд нэг шинжээч эмч байхаар тогтоосон орон тоо бөгөөд тухайн үед Улаанбаатар хотод 560 орчим мянган хүн амтай байсныг жишин үзэж шинжээч эмчийн орон тоог баталсан байдаг. Иймд Нийслэл хотын хүн амын өсөлттэй уялдуулан шинжээч эмчийн орон тоог нэмэгдүүлэх, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг ойрын ирээдүйд бэлтгэх шаардлагатай байна.  Аймгийн шүүхийн шинжилгээний албадад үе шаттайгаар лабораторийн зориулалт бүхий барилга баригдсанаар аймаг, орон нутагт хийх шинжилгээний төрөл, зүйл нэмэгдэж, иргэд, хууль хяналтын байгууллагад үзүүлэх үйлчилгээ ойртох юм. Ингэснээр Аймгийн шүүхийн шинжилгээний албадуудад хими, биологи, ДНХ, гистологийн шинжээч, жижүүр, үйлчлэгч, жолоочийн орон тоог шинээр бий болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болно.
 
Одоогийн байдлаар нийт 473 орон тоог нэмэх шаардлагатай тооцоо, судалгаа гарсан бөгөөд нэн шаардлагатай 125 орон тоог шийдвэрлүүлэхээр холбогдох хүсэлтийг хүргүүлээд байгаа.
 
 
 
Б.Оюунзул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин