Нийгэм бол байгалийн хуулийн дагуу үүссэн хүмүүсийн оршин тогтнол юм. Хэдийгээр дэлхий ертөнцийг хэн бүтээсэн, хэрэв бүтээсэн бол яах гэж бүтээсэн нь тодорхойгүй мэт боловч орчлон дэлхий, нийгэм, хувь хүн бүр өөрийн үүрэгтэй байхаар заяагджээ.
Гэхдээ энэ бүх сэдвээр хүмүүс зуун зууны турш хангалттай туршиж тусдаа шинжлэх ухаанууд хүртэл үүссэн тул энд нь орхиод зөвхөн нийгмийн гурвалжингийн тухай доорх талбарт хүүрнэе.
Адам Смитийн олж харснаар зарим хүмүүс өөрт нь ямарваа нэг материаллаг үр ашиг гараагүй байх нөхцөлд бусдын баяр хөөр, амжилтыг харж түүнээс таашаал авах дуртай байдаг гэжээ. Энэхүү чанар нь хүн бүрийн хувьд харилцан адилгүй байна.
 
Нийгмийг дотор нь маш олон янзаар салгаж хувааж болох боловч хүний төрөлх чанараас нь хамаараад үндсэн нь 3 хэсэгт хувааж болно. Үүнд:
 
1. Масс буюу нийгмийг бүрэлдүүлэгч үндсэн хэсэг;
2. Манлайлагч хэсэг буюу opportunist leaders;
3. Тэнцвэржүүлэгч хэсэг буюу Элитүүд;
 
Тоон үзүүлэлтийн хувьд дээрх дарааллын дагуу эдгээр бүлгүүдийн нийгэмд эзлэх хувь хэмжээ багасах боловч чанарын хувьд нийгэмд гүйцэтгэх үүрэг эсрэгээр ихэснэ. Гэхдээ энэхүү ангилал нь бидний мэдэх оюун ухааны хэмжүүртэй ямар ч холбоогүй.
 
 
 
Өөрөөр хэлбэл, гурван төвшний хүмүүс нь оюун ухааны хувьд ерөнхийдөө тэнцүү байдаг гэсэн таамаглалыг баримталж байна. Энэхүү ангилал нь үндсэндээ сэтгэлгээний онцлог, төрөлх чанар, амьдралын утга учраас үүдэлтэй нийгмийн үндсэн тэнцвэрт чанарт нь суурилсан.
 
 
 
НЭГ. МАСС БУЮУ НИЙГМИЙГ БҮРЭЛДҮҮЛЭГЧ ҮНДСЭН ХЭСЭГ
 
Тэнцвэржүүлэгч, манлайлагч нарын зүгээс гарч буй стандартыг дагаж #материаллаг_баялгаас_таашаал_авч_амьдрагч хүмүүсийн бүлэг юм. Эдгээр хүмүүс нь өөрсдөө бие даан шинэ стандарт, шинэ бодлого, шинэ хувилбарыг дэвшүүлэхгүй боловч тэнцвэржүүлэгч нарын зүгээс гарсан аливаа шинэлэг зүйлсийг байнга хооронд нь харьцуулалт хийж сонголт хийж байдаг. Эдгээр хүмүүс ихэвчлэн гаднаас хүлээж авсан мэдээллээ үнэн гэж итгэж өөрийн сонголтыг хийнэ. Өөрт ойлгогдохгүй байгаа асуудлуудын хариултыг олохын тулд байнга шинэ мэдээллийг эрэлхийлж байдаг.
 
ХОЁР. МАНЛАЙЛАГЧ ХЭСЭГ БУЮУ OPPORTUNIST
 
Нийгмийн манлайлах хэсэгт тэнцвэржүүлэгч нарын хойхно буюу тэдгээртэй зарим үед зэрэгцэн явж нийгмийг хойноосоо дагуулж явдаг. Үнэн хэрэгтээ тэд тоогоороо, ихэнх үед эрх мэдлээрээ тэнцвэржүүлэгч нараас илүү байдаг тул нийгмийг удирдан жолоодож буй мэт сэтгэгдлийг нийгэмд төрүүлдэг. Энэ нь ч тэдний ашиг хонжоо хайх чанарын хүчээр улам хурцаар илэрч гардаг. Эдгээр хүмүүс нь материаллаг баялаг, эрх мэдлээс туйлын таашаалаа авна. Гэхдээ масстай харьцуулахад илүү_дайчин_шургуу чанарыг өөртөө цогцлоосон байна. Дээрээс нь ашиг хонжоо хайх, материаллаг баялгаас таашаал авах илүү хүчтэй чанар нь эдгээр төвшний хүмүүсийг нийгмийн дотор амжилттай явж, байр суурь эзлэхэд хүргэдэг. 
 
 
 
Бизнес эрхлэгч нар ерөнхийдөө энэхүү ангилалд шууд утгаараа хамаарч байдаг. Тэнцвэржүүлэгч нарын зүгээс гарсан аливаа шинэ зүйлийг түргэн тусгаж аван ихэнх тохиолдолд өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд зарим өөрчлөлтүүдийг хийн амьдралд нэвтрүүлнэ. Зарим тохиолдолд энэхүү өөрчлөлт нь өнгөц харахад мэдэгдэхгүй боловч анхны санааг зарчмын хувьд өөрчилж үр дүнг эсрэгээр эргүүлнэ.
 
 
 
3. ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ НАР БУЮУ ЭЛИТҮҮД
 
Нийгмийг тэнцвэржүүлэх түүнд шинэ стандартыг тогтоох, нийгмийг удирдах үүрэгтэй. Эд бол төрөлхийн удирдагч нар юм. Энэ хүмүүс нь #төрөлхийн_нийгмийн_жолоодогч нар билээ. Эдгээр хүмүүсийн материаллаг баялгаас авах таашаал нь өмнөх хоёр төрөлтэй харьцуулахад тэс өөр. Амьдралаас авах таашаал нь зарим талаар ойлгомжгүй мэт санагдана. Учир нь тэд хүмүүст туслах, тэдний амьдралд дорвитой өөрчлөлт оруулах, их зүйл бүтээж өөрийн нэрийг дуурсгах зэрэг ихэвчлэн материаллаг бус чанартай зүйлээс амьдралын утга учраа олж авна. Эдний үүрэг бодлого тодорхойлоход хурцаар илэрч гарч байдаг. Энэ төрлийн хүмүүсийн тоо хэмжээ нийгэмд багассанаар манлайлагч нарын үүрэг роль ихэсч нийгмийн янз бүрийн хямралууд тэнцвэргүй байдлууд үүсэхэд хүрнэ. Тэнцвэржүүлэгч нарын үндсэн нэг чанар нь шинэ зүйлийг бодож олох явдал юм. Шинэ зүйлийг сэтгэж олох байдлаараа өөр хоорондоо харилцан адилгүй байна.
 
Энэхүү нийгэм доторх гурван төрлийн хүн нь тус тусын үүрэгтэй ба хоорондын төгс гэж хэлж болмоор тэгш хэмд харилцан үйлчлэлцэж нийгмийг бүрдүүлнэ. Зөв нийгэм нь үндсэндээ дээрх гурван төрлийн хүмүүсийн тэгш хэм дээр тогтоогдож явна. Нийгэмд аль нэг бүлгийн хүмүүсийн тоо хэт ихсэх эсвэл хэт багассанаар нийгэм ерөнхийдөө доройтож эхэлдэг.
 
Дээр дурдсанаар хүмүүсийг нийгэмд гүйцэтгэх үүргээр нь үндсэнд нь гурван төрөлд хуваасан. Эдгээр хүмүүс нь нийгэмд эзлэх хэмжээнээсээ хамаараад төрөлтийн тархалт нь харилцан адилгүй байна. Хэдийгээр төрөх байдал нь санамсаргүй шинж чанартай байх боловч магадлал нь өөр өөр байдаг. Тухайлбал, манлайлагч хүүхэд төрөх магадлал нь масс бүлэгт хамаарах хүүхэдтэй харьцуулахад бага байх боловч тэнцвэржүүлэгч хүүхдээс илүү байна. Энэ нь эдгээрийн генетикийн бүтэцтэй холбоотой. Бие махбодын хувьд эдгээр гурван төрөл нь харилцан адил эсэхийг хэлэх боломжгүй.
Ерөнхийдөө байгалийн хууль ёсоор тэнцүү байх ёстой. Харин тухайн хүний оюун ухаан, сэтгэлзүйн үндсэн чанарыг олгогч тэрхүү генийн хувьд харилцан адилгүй байна. Ген удамшдаг гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Хэрэв тийм бол үеийн үед эдгээр гурван төрлийн хүмүүс хэрхэн тэнцвэрт харьцаагаа хадгалж ирэв ээ? Эсвэл удамшлаас гадна генийн цогцолборын хувьд зарим санамсаргүй хүчин зүйлс нөлөөлснөөр өөрчлөгддөг үү? Магадгүй тухайлбал тэнцвэржүүлэгч хүүхэд болон төрөхөд бүрэлдэх ёстой генийн тэрхүү гадны санамсаргүй хүчин зүйлсээс нөлөөлөх магадлал бусад хүүхдээс илүү бага байдаг уу? Эсвэл энэ бүхэн ердөө л шоо хаяхтай адил нормал тархалтын үр дүнд явагддаг уу?
 
 
Ө.Ганзориг