sonin.mn
УЛААН ҮД. /Burunen/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад “COVID-2019” халдварын лабораторийн шинжилгээгээр батлагдсан 100 тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
Халдвар авсан өвчтөнүүдээс 17 хүн эмчилгээгээ амжилттай дуусгаж, эмнэлгээс гарсан бол 2 хүн нас баржээ. Одоогоор 75 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
 
 
 
Буриад улсад тахлын голомтын хил хязгаарыг тодорхойлох, ойр хавьтлын тохиолдлуудыг олж илрүүлэх, эмнэлгийн ажиглалт, лабораторын судалгаа шинжилгээг хийх, халдваргүйжүүлэх арга хэмжээ авах зэргээр цар тахалтай тэмцэх арга хэмжээг үргэлжлүүлэн явуулж байна. Өвчтөнүүдтэй ойр хавьталтай байсан 2213 хүнийг шинжилгээнд хамруулжээ.
 
 
 
Дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар тус улсад “COVID-19”-н халдвар авсан 15 хүүхэд эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байна. Эмнэлгээс гадуурх уушгины хатгалгаа туссан 36 хүн байгаагаас 9 нь 65-аас дээш насныхан аж. Харин эрчимт эмчилгээний тасагт 5 хүн хэвтэж байгаагаас 1 хүнд хиймэл амьсгалын аппарат залгажээ.   
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Эрүүл ахуй, тархвар судлалын төвийн лабораторид сүүлийн 24 цагийн хугацаанд 137 хүнээс коронавирусний халдварын шинжилгээ авчээ. Харин тус улсын эмнэлгийн байгууллагын клиник оношилгооны лабораториудад нийт 463 хүнээс шинжилгээ авснаар нийт шинжилгээ авсан хүний тоо 9237-д хүрчээ. Тийнхүү тус улсад нэг өдрийн дотор нийт 600 хүн шинжилгээнд хамрагдаж, нийт шинжилгээ авсан хүний тоо 14754 болсон байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг