sonin.mn
Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд байгаагүй том хээрийн сургуулийг гардан командалж, Үндсэн хуульдаа Зэвсэгт хүчинтэй байх тухай маш чухал заалтыг оруулан батлалцаж явсан чөлөөнд байгаа хошууч генерал Чулууны Цэрэндагватай ярилцсанаа уншигч танд хүргэж байна. Дашрамд түүний командалсан 5 дугаар дивиз байгуулагдсаны 100 жилийн ой ирэх онд тохиох юм.
 
Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
 
-Би Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул. 1955 онд гуравдугаар ангиа төгсчихөөд Улаанбаатар хотод ирж, 11 дүгээр сургуулийг дүүргэсэн. 1962 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн механикжуулалтын ангид орсон боловч тухайн жилдээ хүнд өвдсөн тул нэг жилийн чөлөө авсан юм. Би ижийтэйгээ хоёулхнаа өссөн хүн. Ээж маань сургуульд цэвэрлэгч хийдэг. Амьдрал сайнгүй байсан учир би тухайн жилдээ Төв цахилгаан станцад ажил хийхээр шийдлээ. Ингээд ажиллаж байтал хавар цэрэг татлага болов. Би ч дотроо ер нь болж өгвөл явчих санаатай байсан. Тэр үед цахилгаан станцын ажилчид Сайд нарын Зөвлөлийн шийдвэрийн бичгээр цэрэг татлагаас чөлөөлөгддөг байлаа. Харин би тэрхүү бичгийг нь цэрэг татлагын комиссынхноос нуугаад яваад орчихлоо. Тэгээд МАА-ийн 019 дүгээр анги (одоогийн Зэвсэгт хүчний 120 дугаар анги)-д хуваарилагдаад хоёр жил долоон сарын хугацаанд байлдагчаас ахлах түрүүч цолтойгоор алба хаасан. Халагдаад 1966 оны 7 дугаар сард бага дэслэгч цолтой офицер болж артиллерийн удирдах салааны даргаар томилогдсон. 1967 онд артиллерийн танк эсэргүүцэх дивизион нэртэйгээр 120 дугаар ангийг анх байгуулагдахад нь тэнд батарейны захирагчаар дэслэгч цолтой ажлын гараагаа эхэлж, улмаар 1970-1972 онд 019 дүгээр ангидаа штабын орлогчоор ажилласан. Ингээд 1972 онд ЗХУ-ын Артиллерийн академид суралцаж, 1976 онд төгсөж ирсэн ба Ардын Армийн 120 дугаар ангийн штабын дарга, 1978-1979 онд БХЯ-ны 15 дугаар хэлтэст ахлах офицер, 1979-1983 онд Ерөнхий цэргийн 5 дугаар армийн артиллерийн командлагч, 1983-1984 онд БХЯ-ны 15 дугаар газрын даргаар ажилласан. Дараа нь 1984-1986 онд ЗХУ-ын ЗХЖШ-ын академид суралцаж төгсөөд 1986-1990 онд Монголын Ардын Армийн 256 дугаар нэгтгэлийн захирагчаар томилогдож ажилласан. Энэ хугацаанд 1988 онд ЗХУ-ын ЗХЖШ-ын академийн дээд курст суралцах боломж олдсон юм. Мөн 1987 онд “Зоргол-87” хээрийн сургуулийг зохион байгуулах хүндхэн даалгавартай нүүр тулж байлаа.
 
 
Энэ сургуулийн талаар товч танилцуулна уу, үр дүн нь юу байсан бэ?
 
-Тухайн үед манай армид дивизүүд байсан ч бүгд хураангуй хэлбэрээр зохион байгуулагдсан байв. Тиймээс дивизийн гол хэсгийг бүрдүүлэгч нөөцийг улс, ардын аж ахуйгаас татан оролцуулсан. Энэ үед дайчилгаанд байгаа нөөц бүрэлдэхүүнээ дадлагажуулах, сургах, хэрэгцээтэй цаг үед дивизийг хэрхэн дэлгэн зохион байгуулах, бүх шатны дарга, цэргүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэх гэсэн хэд хэдэн том зорилготой сургууль явагдсан юм. Дивизийн дайчилгаатай хээрийн сургуулийг явуулах бэлтгэл ажлыг 1986 оны 10 дугаар сараас эхлэн шат дараатай зохион байгуулж, 1987 оны 5 дугаар сарын 24-нөөс 6 дугаар сарын 4-ний өдөр хүртэл явуулсан.
 
 
 
Миний бие дивизийн захирагчаар оролцсон бөгөөд улс, ардын аж ахуйгаас олон зуун офицер, ахлагч, түрүүч, байлдагч, олон арван техник мөн Барилгын цэргээс олон тооны офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар уг сургуульд оролцсон юм. Ерөнхийдөө өргөн зурваст олон зуун цэргийн алба хаагчдыг, техниктэй нь дэлгэчхээд удирдлагаар хангана гэдэг нь тун амаргүй байлаа. “Зоргол-87” бол Зэвсэгт хүчний цаашдын хөгжил, байнгын бэлэн байдлыг дээшлүүлэхэд томоохон хөрөнгө оруулсан өндөр ач холбогдолтой сургууль байсан юм.
 
 
 
Тус сургуулийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном, тухайн үеийн нам, төрийн бусад удирдагчид, Батлан хамгаалах яамны сайд, хурандаа генерал Ж.Ёндон тэргүүтэй генерал, офицерууд өндрөөр үнэлж байсан нь саяхан мэт санагдаж байна.
 
Мэдээж дивизийг бүрэн дэлгэж, сургуулийг амжилттай явуулахад бэрхшээлтэй зүйл олон таарсан байх ...
 
-Ар тал, хангалтын асуудал маш чухал байсан. Ялангуяа сургуулийг явуулах бэлтгэл ажлыг хангахад олон хүний хүч хөдөлмөрийг шаардсан. Тэр дундаа сургуульд оролцуулах зэвсэг, техникээ бэлтгэх, татах ажилд гол анхаарлаа хандуулж байлаа. Нөгөөтэйгүүр малчин, барилгачин, мужаан эсвэл тодорхой эрхэлсэн ажилгүй хэн нэгнийг дайчилгаагаар татаад данслагдсан албан тушаал дээр нь дадлагажуулна гэдэг үнэхээр амаргүй байсан.
 
Холын марш үйлдсэн гэдэг байх аа ...
 
-Сургуулийн үеэр тийм марш үйлдээгүй. Харин “Зоргол-87”-оос сар гаруй хугацааны дараа буюу Батлан хамгаалах яамны сайдын 7 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар 5 дугаар мотобуудлагын дивизийг Төв аймгийн Зуунмодоос Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын "Их уул" цэргийн хүрээнд шилжүүлэн байрлуулах шийдвэр гарч, 7 дугаар сарын 28-ны өдрөөс гурван цуваа болгон зохион байгуулсан юм. Тодруулбал, нэгдүгээр цуваанд жижиг анги, салбарууд, дараагийнхад нь артиллери, зенит, танкийн анги, салбарууд, гуравдугаар цуваанд мотобуудлагын анги, салбарууд марш үйлдэж, Арвайхээр хотын нутагт байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн ангийн хотхонд шилжин очиж байлаа.
 
Тийм их хүн, техникийг цуваагаар авч явахад маршийн хөдөлгөөний аюулгүй байдал, сахилга батаас эхлээд хариуцлага тун өндөр байсан биз ...
 
-Тэгэлгүй яах вэ. Ер нь тэр үед манай армийн цэргүүд шат шатандаа хариуцлагыг дээд зэргээр мөрддөг байсан. “Зоргол-87” сургуулийн үеэр гэхэд нэг нөхөр майхан шатаасан хэрэг гарч байснаас өөрөөр сахилга, бат зөрчсөн асуудал огт байгаагүй. Маршийн үед гэвэл нэг алба хаагч үүргэлж яваад чирч явсан бууны араас орсон хэрэг гарснаас өөр зүйл байгаагүй.
 
За тэгээд нүүгээд очдог. Бүхэл бүтэн дивиз хүч төвхнөнө гэдэг их ажил байсан нь ойлгомжтой ...
 
-Нүүж очоод дивизийг байрлуулах, өвөлд бэлдэх гэсэн том ажилтай нүүр тулсан. Байдал хүнд байлаа. Орос цэргийн ангиас үлдсэн 100 гаруй барилга, байгууламж, объектыг хүлээн авч, анги, салбаруудад хуваарилан өгч, тохижилт, засварын ажлыг явуулсан. Дулаалга, сантехникийн асуудал хамгийн хүнд байв. Манай анги, салбаруудын алба хаагчид болоод Барилгын цэргийн ангиудын хүчээр намаржингаа байраа бэлдсэний хүчинд өнтэй өвөлжиж чадсан. Дивиз байрласнаас хойш офицер, ахлагч нарын хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгүүд байгуулагдаж, аймгийн хөгжилд ч дорвитой хувь нэмэр оруулж эхэлсэн.
 
 
 
Хоёрхон жилийн дараа гэхэд дивиз маань ногооны талбай, хүлэмж, 3000 малтай болж, гахай, тахианы гээд туслах аж ахуйг сайн хөгжүүлсэн. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан журмын нөхөд маань анги, салбарынхаа орчин нөхцөлд ам сайтай байдаг байлаа.
 
 
 
Тухайн үед дивизийн штабын дарга нь хурандаа Баттулга, улс төрийн хэлтсийн дарга Жанцан, дараа нь Тогоо генерал, Ар талын орлогч нь Цагаач, техникийн орлогч Тогтох гээд сайхан хурандаа нар байлаа.
 
Таныг улс төрд байсан гэж сонссон юм байна. Энэ тухайгаа ярина уу?
 
-1990 онд "Их уул" цэргийн хүрээнээс манай хорооны захирагч, хурандаа Б.Цэрэнчимэд бид хоёр сонгуульд өрсөлдөөд Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон. Тэгээд Ардын Их Хурлын чуулганаар Улсын Бага Хурлын гишүүн болж, хоёр жил гаруй улс төрийн албанд зүтгэсэн. Тэрхүү Бага хурлын гишүүд анхны ардчилсан Үндсэн хуулийг боловсруулахад нойр, хоолгүй зүтгэсэн дээ. Миний бие тэр үед Зэвсэгт хүчний тухай хуулиудаас гадна Хил, Дотоодын цэрэг, Цагдаа гээд бусад хүчний байгууллагуудад харьяалагдах хуулиудыг боловсруулж, батлуулсан. 1990 он улс орон даяар ардчиллын салхи сэвэлзсэн тун ч эгзэгтэй цаг үе байсан. Тэр үед зарим улс төрчид манай улсад армийн хэрэг байхгүй гэж үзэж байлаа. Харин бидний хэдэн нөхөд зүтгэсээр байгаад Үндсэн хуульдаа Зэвсэгт хүчинтэй байна гэж оруулж чадсан. Ерөнхийдөө шилжилтийн нийгмийн үеийн бүх хуулийг Бага хурлын гишүүд боловсруулсан. Ингээд Үндсэн хуулиа батлуулаад Улсын Их Хурлыг байгуулаад хуулийнхаа дагуу сонгуулийг явуулсан ба Улсын Их Хурлыг бүрдүүлээд Бага хурлын гишүүд тарсан юм. Би хугацаанаасаа хоёр жилийн өмнө чөлөөлөгдсөн.
 
Яагаад хугацаанаасаа өмнө улс төрийн тавцангаас буусан юм бэ, үргэлжлүүлье гэсэн бодол танд байгаагүй юм уу?
 
-Тийм бодол байгаагүй. Харин ч бүр залхаад гарсан шүү. Цэргийн хүн учир цэрэг рүүгээ л татагдаад байсан. Тэгээд ч миний чаддаг, мэддэг ажил, байх ёстой газар бол Зэвсэгт хүчин шүү дээ. Би тийм газар л ажиллахаар бэлтгэгдсэн хүн. Гэхдээ улс төрөөр нэлээд өвчилчихсөн, “халдвар” авчихсан хүн армидаа ирж байлаа шүү. Бага хурлын гишүүнээсээ буугаад Р.Болд даргатай Стратегийн судлалын хүрээлэнд ажилласан. Сар гаруй ажиллаад генерал цол хүртэж 1993 онд Зүүнбаянгийн дивизийн захирагчаар томилогдсон. Тэнд хоёр жил захирагчаар ажилласан ба 1995-1996 онд Зэвсэгт хүчний Ерөнхий штабын орлогчоор ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Түүнээс хойш олон ажил хийжээ. Төрийн бус байгууллага ч байгуулж үзлээ. Дашрамд, би Монгол Улсын Зэвсэгт хүчинд бүрэн хэмжээний хоёр дивизийг командалсан цорын ганц хүн юм билээ.
 
Та хойд хөршийн ард түмнээс хамгийн чухалд тооцогдох чухам юуг нь сурч, мэдсэн бэ?
 
-Тухайн үед монголчуудыг малчны хотноос нь "вагон вагон"-оор нь хойшоо сургаж, Европ дахины боловсролыг эзэмшүүлж, сэхээтний бүхэл бүтэн давхаргыг бий болгож байлаа шүү дээ. Ер нь бүгд л Оросын ард түмнээс суралцсан. Мань мэтийн сураад ирсэн хүмүүсээс гадна зүгээр энд амьдарч байсан нь ч тэднээс их зүйлийг сурсан. Оросын арми манай улсад байрлаж байх үед монголчууд очиж уулзаад л өчнөөн бензин, шатахуун, бараа авдаг байлаа. Орос дэлгүүрээр үйлчлүүлнэ. Ер нь Оросын цэргийн ангиуд ил, далд хэлбэрээр манай ард түмнийг их тэжээсэн дээ. Үүнийг одоо цагийн залуус сайн мэдэхгүй байх.
 
 
Таны ажил албаа явуулдаг байсан ажлын онцлог, арга барилаас сонирхъё ...
 
-Доод шатны хүмүүсээ айхтар аашилж, загнадаггүй байсан. Ерөнхийдөө өөрийнхөө сүр бараагаар ажлаа явуулна шүү дээ. Залуу байхад хүмүүс миний харцнаас их сүрддэг байсан гэж ярих юм билээ. Үнэн ч байж мэднэ. За тэгээд цэргийн дарга хүн чинь албанаасаа гадна хүмүүсийн амьдралыг мэдрэх нь чухал. Өөрөөр хэлбэл, хүмүүсийнхээ жаргалд нь тал, зовлонд нь бүтэн хамт байх хэрэгтэй. Арван хурим, найр боллоо гэхэд ядаж гуравт нь очоод баяр хүргэчих. Харин 10 хүнд зовлон тохиолоо гэвэл 10-ууланд нь оччих. Өөрийн мэдлийн жаахан нүүрс, модоор хангаж, хамт олноо ч тусалж, дэмжих ажилд нь идэвхтэй оролцуулах хэрэгтэй. Цэргийн дарга хүнийхээ төлөө зүтгэж байж албаа сайжруулдаг юм шүү дээ. Зовсон цагт нь нөхөр болчихвол дараа нь тэр хүн бодно шүү дээ “Миний дарга надад тэгж тусалж байхад би ядаж хариуцсан ажлаа сайн хийгээд итгэлийг нь алдахгүй явчих юм сан” гэж. Ингэж бодсон цэрэг хэзээ ч албандаа сэтгэл хоёрдохгүй бөгөөд аяндаа өөрийнхөө ажилдаа сэтгэлээ шингээгээд эхэлнэ. Мөн захиргаандаа байгаа албан тушаалтнуудаа үнэн, зөвөөр нь дүгнэх нь маш чухал.
 
Өнөөдрийн Зэвсэгт хүчний талаарх таны бодол ...
 
-Хэдий тэтгэврийн хөгшин ч гэсэн Зэвсэгт хүчнийхээ талаар байнга чих тавьж, чагнаж байдаг юм. Яах вэ, болж бүтэж байгаа ч юм байна, зарим талаараа шүүмжлэлтэй хандмаар ч юм байна. Гэхдээ аливаа үйл ажиллагаа цаг цагаараа байдаг шүү дээ. Би магтлаа, мууллаа гээд яах ч юм. Ер нь манай Зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэлт талаасаа цаг үетэйгээ хөл нийлүүлж байна гэж боддог. Сүүлийн жилүүдэд Батлан хамгаалахын хууль, эрх зүйн баримт бичгүүдээ цэгцлээд авлаа. Гэхдээ эх орноо хамгаалж байгаа цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудал, ахуй талыг нь төр, засгаас арай илүү анхаармаар юм шиг санагддаг.
Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
 
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин