sonin.mn
ПРЕТОРИЯ. /Associated Press/. Зохистой арга хэмжээг авч хэрэгжүүлж, нөхцөл байдлыг сайнаар эргүүлж чадвал коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдол Африкийн улс орнуудад хамгийн багадаа 300 мянгад хүрч магадгүй байгаа бол эсрэг тохиолдолд коронавирусний дэгдэлт 3.3 сая хүний амийг авч одох аюултай байгааг НҮБ-ын бүрэлдэхүүнд багтдаг Африкийн эдийн засгийн комисс анхааруулжээ.
 
 
 
"Хамгийн дор хувилбараар авч үзвэл Африкт коронавирусээр халдварласан хүний тоо 1.2 тэрбумд хүрнэ. Эсрэгээр нь авч үзвэл коронавирусээр халдварласан хүний тоо 112 саяд хүрч магадгүй юм" хэмээн “COVID-19”-өөс Африкийн улс орнуудын ард иргэдийн амь насыг хамгаалах” тухай Африкийн эдийн засгийн комиссын танилцуулсан илтгэлд дурджээ.
 
 
 
“Африкт хотын оршин суугчдын 56 хувь нь тав тухтай амьдрах наад захын орчин бүрдээгүй, байшин барилга нь шигүү байрласан ядуусын хороололд амьдардаг. Энэ бүхэн нь коронавирус тархаж, хяналтаа алдах нөхцөлийг бүрдүүлэх аюултай. Хүн ам шигүү оршин суусан хотууд болон эрүүл мэндийн асуудлууд нь Африкийн улс орнуудыг коронавирусний дэгдэлтэд тун өртөмтгий болгох аюултай байна. Бусад тив дундаас Африкт сүрьеэ, хүний дархлал хомсдолын вирус зэрэг өвчнүүд хамгийн өндөр тархалттай байдаг билээ” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Нөхцөл байдлыг сайнаар эргүүлэхийн тулд Африкт 44 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа аж. Харин нөхцөл байдал дордвол коронавирустэй тэмцэхэд 446 тэрбум ам.доллар хэрэгтэй болох аж. Африкийн орнуудад коронавирусний цар тахалтай тэмцэхэд нь тусламж үзүүлэхийг Африкийн эдийн засгийн комиссын удирдлага олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг