sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Калифорни муж улсад өнгөрсөн хоёрдугаар сард нас барсан хоёр оршин суугчид хийсэн задлан шинжилгээгээр тэднийг шинэ коронавирусээр халдварласан байсныг тогтоожээ. Тэд АНУ-д халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэнээс гурван долоо хоног орчмын өмнө нас баржээ.
 
 
 
Калифорнийн Санта-Клара тойргийн төлөөлөгчдийн мэдээлснээр, задлан шинжилгээний дүн мягмар гарагт гарсан бөгөөд уг тойргийн оршин суугчид болох 57 настай эмэгтэй хоёрдугаар сарын 6-нд, 69 настай эрэгтэй хоёрдугаар сарын 17-нд нас барсан байна.
 
 
 
АНУ-д "COVID-19" халдварын улмаас нас барсан анхны тохиолдлыг Вашингтон муж улсын Киркленд хотод хоёрдугаар сарын 29-нд бүртгэгдсэн хэмээн үзэж байсан юм.
“Нас барсан хоёр хүн халдвар тархсан гадаадын орнууд руу зорчоогүй байсан тул тэднийг олон нийтийн дунд байхдаа халдвар авсан хэмээн таамаглаж байна” гэж Санта-Клара тойргийн эрүүл мэндийн асуудал хариуцсан төлөөлөгч мэдээлжээ.
“Хэрэв өвчтөн хоёрдугаар сарын 6-нд нас барсан бол нэгдүгээр сарын эхээр юм уу дунд үеэр халдвар авсан байх магадлалтай. Халдвар авсан хүн наад зах нь 2-3 долоо хоногийн дараа нас барах магадлалтай” гэж Харвардын эрүүл мэндийн хүрээлэнгийн дарга, доктор Ашиш К. Жа мэдээлжээ.
"Мөн тэд гадаадын орон руу зорчоогүй бол Калифорнид нэгдүгээр сард олон нийтийн дунд халдвар тархсан байсан гэсэн үг. Тиймээс нэгдүгээр сард, бүр 12 дугаар сард ч олон хүн халдвар авсан байж болзошгүй тул вирус хэзээнээс АНУ-д тархаж эхэлснийг тогтоох хэрэгтэй" гэж тэрбээр нэмж хэлжээ.
Хоёрдугаар сард нас баралт бүртгэгдсэнийг тогтоосон нь АНУ-д халдвар эрт тархаж эхэлснийг баталснаас гадна тус улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол, нас баралтын тоо албан ёсны тоон үзүүлэлтээс өндөр байж болзошгүйг харуулсан байна.
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг