sonin.mn
Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Монгол генерал төв"-ийн тэргүүн, доктор, профессор, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүүтэй ярилцлаа.
 
Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ өдрийн гол онцлог юу вэ?
 
-Энэ өдөр амьд түүх болсон ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, ажил, амьдралынх нь туршлага, туулж өнгөрүүлсэн замналыг нь залуу, хойч үеийнхээ оюун санаанд бага ч атугай шингээе гэж зорьдог. Үүний тулд жил бүр олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ахмад генералууд маань хүнд цаг үеэс өнөөдрийн нийгэмд хэрхэн шилжсэн, цэргийн дарга ямар байх ёстой гэхчлэн хууч дэлгэсэн сайхан ярилцлагууд өгөх, төвлөрсөн арга хэмжээ, уулзалтууд буюу оюутан залуус, томоохон албан байгууллагуудад эх оронч үзлийн талаар яриа, таниулга хийх гээд нийгэмд хандсан олон ажил, арга хэмжээг зохион байгуулдаг юм. Энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас хамаараад төвлөрсөн уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээ, цэрэг-эх оронч яриа, таниулгыг хийх боломжгүй болсон.
 
Монгол Улсад хэдэн генерал байдаг вэ?
 
 
 
-Одоогоос 76 жилийн өмнө буюу 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.
 
 
 
Тэр цагаас хойш 185 цэргийн зүтгэлтэн энэхүү эрхэм цолыг хүртсэний 91 нь энх тунх байна. Үүнээс 27 нь төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагад үүргээ гүйцэтгээд ажиллаж байна. Генерал цолтнуудын дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 20, хошууч генерал 110, бригадын генерал 41 байна. Үүнээс БНМАУ-ын баатар цолтон зургаа, Хөдөлмөрийн баатар гурав, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаалыг хашсан 15, сансрын нисгэгч нэг, эрдмийн зэрэг цолтой 38, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10 бий. Дипломат албанд ажилласан нь ч бас олон. Эдгээр тоо баримт нь Монголын генералууд зөвхөн батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах хэрэгт төдийгүй улс орныхоо хөгжлийн бүхий л үе шатанд манлайлан оролцож ирснийг илтгэх учиртай. Өнөөдөр хамгийн өндөр настай нь хурандаа генерал С.Лувсангомбо. Өдгөө 96 настай, энх тунх байгаа хурандаа генерал С.Лувсангомбо гуайд Улаанбаатар хотын захиргаанаас орон сууц өгсөн сайхан мэдээ дуулдана лээ. Өмнөөс нь баярлаж л суулаа.
 
“Монгол генерал төв”-ийг байгуулах болсон түүхээс хуучлахгүй юу?
 
-1999 онд олон генерал нэг дор цугласан арга хэмжээ болсон юм. Хурандаа генерал Ж.Авхиа, Б.Дэжид, дэслэгч генерал Д.Ёндондүйчир, Б.Цэдэн-Иш, Ш.Арвай, Ж.Жамъян гээд барааг нь хараад л сүрддэг мундгууд цуглалаа. Бараг 70 гаруй хүн ирсэн байх. Өмнө нь тийм арга хэмжээ төдийлөн болж байгаагүй учраас их л идэвхтэй цугласан юм даг. Тэгсэн домгууд маань босож ирээд “Баасанхүү, нөхөр минь чи нэг юм бод. Бидний хэдэн генералууд цаашдаа тогтмол уулзмаар байна. Нэгнээ хараад сэтгэл их сэргэлээ. Залуу хүү та энэ ажлыг хий” гэж даатгасан. Тэр үед хамгийн сүүлд цол авсан шинэ цэрэг нь би байж таарсан л даа. Ингэж л би дарга нарынхаа тушаалаар хөөцөлдөж гүйсээр “Монгол генерал төв”-өө байгуулж, гэрчилгээ, тамга, тэмдгийг нь авсан юм. Үүнээс хойш 21 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид нэгдүгээрт, ахмад үеийнхээ түүх, уламжлал, замнал, гавьяат үйлсийг мартагнуулахгүй авч үлдэж, дараагийн хүмүүстээ өвлүүлж өгөх зорилготой. Үүний тулд хүүхэд багачууд, оюутан залуус, албан байгууллагуудад эх оронч үзэл, хүмүүжлийн талаар ярилцлага, лекцийг тогтмол хийдэг. Мөн жилд дор хаяж таван генерал ном бүтээлээ гаргаж байна. Энэ нь өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцах, үндсэн байгууллагууддаа мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хоёрдугаарт, генералууд маань айхтар сүрхий цол зүүсэн хэдий ч хүн шүү дээ. Алдаж онох, гуниж гутрахад нь тусалж, дэмжихийн төлөө явдаг. Гуравдугаарт, ижил төсөөтэй байгууллагуудтай хамтарч, үндсэн байгууллагууддаа дэм болох чиглэлээр ажилладаг. Үндсэн байгууллагад БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ИНЕГ гэсэн найман байгууллага хамаарна.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин