sonin.mn
Улсын онцгой комисс байгуулагдсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан УОК-ын Нарийн бичгийн даргаар тасралтгүй 11 жил ажилласан Бригадын генерал М.Энх-Амарыг “Монгол Улсын төлөө” буландаа урилаа.
 
-Улсын онцгой комисс байгуулагдсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Та энэ байгууллагатай холбогдсон түүхээ товчхон хуваалцаач?
 
- Өмнө нь байгалийн гамшиг, хүн, малын өвчинтэй тэмцэх чиглэлээр тус тусдаа ажилладаг байсан ч  ажлын уялдаа сул зэрэг олон шалтгаанаар бүгдийг нь нэгтгэж Улсын байнгын онцгой комиссыг 1990 онд байгуулсан.Түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж онцгой байдлын газрыг байгуулж УОК-ын Ажлын алба болгосон байдаг.
 
 
 
Гал түймэртэй тэмцэх, иргэний хамгаалалт, улсын нөөцийн газрыг нэг туган дор нэгтгэж цэргийн болгосон. Одоо бол Монгол Улсын онцгой байдлын алба ард түмэнд хайрлагдаж хүндлэгдээд зогсохгүй дэлхийд танигддаг болсон. Манай Онцгой байдлын ерөнхий газар Азидаа эхний тавд орж байна. Зэвсэглэмж, чадавхи, техникийн дэвшил, хувь хүн нэг бүрийн бэлтгэлээрээ маш сайн байгаа.
 
 
 
Улс оронд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгаж, хойшлуулшгүй сэргээн босгоход чиглэсэн Улсын онцгой комиссын Нарийн бичгийн даргаар буюу Бага Засгийн газрын хэрэг эрхлэх газарт миний бие 11 жил ажиллалаа. 1990 оноос хойшхи 30 жилд Засгийн газрын өндөр албан тушаалд 11 жил ажилласан хүн байдаггүй.  Ер нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга  байсан Ш.Солонго, ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан Ц.Бямбажав, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин бид дөрөв он удаан жил ажилласан байдаг. Миний бие УОК-ын Нарийн бичгийн даргаар гурван сонгууль дараалан ажилласан гэж үзвэл хамгийн багадаа нэг аймгийн гурван Засаг даргатай, таван Засгийн газар, зургаан Шадар сайдтай хамтарсан гэсэн үг. Хэлэхэд статистик тоо мэт боловч нам төр нь өөр, олон янзын зан чанартай хүмүүстэй ажиллаж улс орны хэмжээний асуудлыг шийдвэрлэж, асуудлыг гартаа авч ажиллана гэдэг амаргүй юм билээ. УОК-ын Нарийн бичгийн  дарга М.Энх-Амар байх нь сонин биш. Хамгийн гол нь энэ албан тушаал дээр байгаа хүн олон солигдох аюултай. Тогтвортой ажиллуулж л байвал эрхзүй талаасаа ч тэр дэвшил гарна. 
 
-Таны хувьд Улсын онцгой комиссын “гал тогоог” хамгийн олон жил барьсан хүн. Энэ хугацаанд ямар ахиц дэвшил гарав?
 
-Гамшгаас хамгаалах тухай хуульд хоёр ч удаа нэмэлт өөрчлөлт орууллаа. УОК-ын журмыг гурван удаа өөрчилсөн нь том дэвшил. Энэ болгонд ахиц гарсан. Өнөөдрийн түвшинд Монголчууд яагаад ийм амжилттай байгаа юм гэвэл энэ нөхцөлд яаж ажиллах вэ гэдэг бэлэн төлөвлөгөө байгаа юм. Ямар үед юу хийх вэ гэдэг төлөвлөгөө бүгд бэлэн. Улс төржөөд баахан хүмүүсийг нь халж сольчихсон бол ажлаа мэддэг хүнгүй болно шүү дээ. Монгол Улсын онцгой байдлын байгууллага Азийн загвар гэдгийг 2017 онд Монголд  болсон Азийн сайд нарын индэр дээрээс сонслоо.
 
УОК-оор дамжиж орж ирсэн Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ өдөрт нь албажуулж, Сангийн яам ажлын 24 цагт багтааж шийдвэрлэнэ гэсэн заалтыг оруулж  ирсэн нь маш чухал дэвшил. Хуучин бол сар хүлээгддэг байлаа. Гуравдугаарт, улс төрчид онцгой албан дээр ирж суудаг байдлыг хуулиар хааж өгсөн. ОБЕГ-ын даргыг онцгой байдлын албанд наймаас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан цэргийн дээд цолтой хүнийг томилохоор тусгасан. Ямар ч байсан мэргэжлийн хүн ажиллана гэсэн үг. Наад зах нь томилолтын зардал жижиг юм шиг хэрнээ маш чухал зүйл. Томилолтын зардлыг тодорхой хэмжээнд  олгох хуультай ч 2008-2009 он хүртэл жигдрээгүй байсан. Тиймээс хэлж ярьсаар дүрэм журамд хоёр удаагийн өөрчлөлт оруулахад миний хувьд нэлээн гүнзгий оролцоотой явж ирсэн. Одоо бол онцгой, цагдаа, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэрийн байгууллага гамшиг ослын үйл ажиллагаанд оролцсон л бол томилолтыг нь УОК-оос өгдөг болсон. Шинэ жил болон наадмаар хоёр удаа олгож хэвшлээ. Цаг хугацаанд нь олгож байгаа эсэхийг нь нарийн хянадаг болсон. Хэвлэлийнхэн та нар биднийг өмсөх хувцасгүй, бэлэн хоол иддэг л гэдэг. Энэ байдал бүрэн өөрчлөгдсөн. Сумын Засаг дарга нар тусгай үүргээр очсон аврагчдыг хооллож, морь мал, майхан саваар үйлчлэх ёстойг хуулиар зохицуулж өгсөн. Товчхон хэлбэл, Монгол Улс 150 км-ын радиуст эрэн хайх аврах чадавхитай болсон. 40 жилийн дараа ийм болно гэж яригдаж байсныг дөрвөн жилийн дотор хийсэн гэж хэлж болно. Энэ бол хууль эрхзүйн талаасаа зөв голдрилоор явахаас гадна хурдтай ажиллаж байгаагийн шинж. Иргэдийн хандлага, мэдлэг мэдээлэл огт өөр болсон.
 
-Улс орон даяар тараагдаж байгаа тусламжийн цувааг хуваарилдаг, хянадаг байгууллага нь УОК. Гэтэл тусламж зорилтот бүлэгт биш дарга нарын ойрын хүмүүст очдог гэсэн хардлага дагуулсаар ирсэн?  
 
- Монгол Улсын Засгийн газарт улстөрждөггүй цорын ганц байгууллага бол Улсын онцгой комисс. Улстөртэй хутгах ч боломжгүй. Хүчний байгууллагуудын бүрэн хяналтад байдаг учраас сайд, дарга хэн ч бай улстөржиж чадахгүй. Долоо хоног болгон Төрийн гурван өндөрлөгт илтгэнэ. Шаардлагатай бол шууд асуудлыг тавьдаг Шадар сайдын бүрэн мэдлийн байгууллага.  Тэр утгаараа Улсын онцгой комисс бол Бага Засгийн газар шүү дээ. Тэгэхээр энэ байгууллагын Нарийн бичгийн дарга гэдэг Хэрэг эрхлэх газрын дарга юм даа. Ийм хэмжээний албанд маш цэгцтэй, хариуцлагатай, мэдрэмжтэй хандах ёстой. Засгийн газар солигдоход УОК автоматаар татан буугдаж дараагийн Засгийн газар нэгдүгээр тогтоолоороо дахин байгуулдаг журамтай. Аймгууд ч мөн адил жишгээр босоо удирдлагатай. 2014 онд одоогийн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Доошоо газар хатуу дээшээ тэнгэр хол байхад Улсын онцгой комисс л аминд ордог юм байна” гэж хэлж байсан. Ард түмэн ган зудын үед онцгой комиссоос тусламж л харна шүү дээ. Урьд өмнө санал шүүмжлэл хардлага гардаг л байсан. Одоо бол тараагдаж байгаа тусламжийн барааг маш нарийн хянадаг болсон. ОБЕГ-ын Нөөц хүмүүнлэгийн тусламжийн газар, МУЗН хамтран хянаснаар тусламж зорилтот  бүлэгтээ хүрдэг болсон. Эзэндээ хүрч буй эсэхийг нь салбараар нь дамжуулж УОК бүрэн хянаж байдаг. Тагнуул, цагдаа, онцгой гээд бүх шугамаар мэдээллийг авна. Сүүлийн үед тусламжийн цувааг дотор нь ангилж ялгаад сар жил, айл, эмэгтэйчүүдийн сарын хэрэглээгээр нь явуулдаг болсон.
 
-УОК-ын Нарийн бичгийн дарга Засгийн газарт асуудлаа оруулдаг. Таны хувьд 11 жилийн хугацаанд Засгийн газарт хэдэн удаа дуудагдаж, ямар дүн тавиулж байв?
 
-Салбарт нь гамшиг тохиолдвол сайдтай шууд асуудлаа ярилцана. Шийдвэрийн төслийг хамтарч боловсруулж, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, үйл явцад нь хяналт тавих үүрэгтэй. Нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа Засгийн газрын 200 гаруй хуралдаанд орсон байдаг юм билээ. Засгийн газрын хуралдаанд асуудлаа бариад орно гэдэг бол их сургуулиар жишвэл хамгийн хэцүү улсын шалгалтад орохтой адил. Зарим нь хөөгдөөд гарах тохиолдол бий. Гэхдээ бид хөөгдөж үзээгүй. Дунд дүн тавиулж байгаагүй. Дандаа онц тавиулж, барьж орсон асуудлаа шийдүүлээд гарч ирдэг байлаа. Асуудал арвин ч ард нь ард түмэн байгаа гэдгээрээ гэгээлэг.
Ер нь бол ширээний ард суугаад утас цохиод ажил явахгүй. Газар дээр нь очино. Арав гаруй жилд Монголыг 31 удаа тойрч 500 мянган км явсан байна гэж манайхан тодорхойлж өгсөн байна лээ. Нэг аймаг, суманд дор хаяж 2-3 удаа очиж, багийн түвшинд ажилласан гэхээр үнэнд дөхөж мэднэ. Ингэж явахад халуунд халж хүйтэнд хөрөхөөс аргагүй. Фэйсбүүкт халтайсан царайтай гэж бичээд миний зургийг тавьчихсан байсан. Харин тэр хүмүүст “Эх орныхоо төлөө өргөсөн тангарагаа биелүүлж яваад ийм болсон юм даа дүү нар минь” гэж хэлье. Уйгагүй явахаар ядарч зүдэрнэ. Харин өдий зэрэгтэй амьд яваа нь их юм. Ажлыг их бага гэж хэлэхдээ сонин биш эх оронч байх хэрэгтэй. Эх орноо хайрлахдаа үнэн байх ёстой. Эх орноо батлан хамгаална, хөгжүүлнэ гэдэг хүн бүрийн сэтгэлийн мухарт байдаг юм.
 
-500 мянган км явж ажиллахад туулсан жаргал, зовлон их бий дээ?
 
-Байлгүй яахав. Манайд бол нэг л зарчим бий. Тэр нь тушаалаар явдаг цэргийн зарчим. Үхэл рүү нь явуулж байгаагаа мэдсээр байж бүрэн итгэхээс өөр аргагүй. Мөрдэстэй байгууллагууд тайван цагт тусдаа чиг үүрэгтэй. Дайны цагт Зэвсэгт хүчний жанжин штабын туган дор нэгдэх учиртай. Ганцхан жишээ хэлэхэд, Архангай аймгийн Хашаат суманд 2014 оны зун болсон гамшигт үзэгдлийг бид түйрэн гэж нэрлэсэн. Гурван км өргөн, 10 км урттай 60-70 метр секунд хүчтэй салхилсан.18 метр секундээс дээш бол аюултай гэж үздэг. Гэтэл 70 метр секунд гээд бод доо. Тэр хавийг юу ч үгүй эвдэж сүйдсэн. Үхэр адуу, хонь ямаа бороо орж байгаа юм шиг пидхийтэл унаж, суудлын тэргийг эзэнтэй нь хамт агаарт 300 метр хөөргөөд задлаад хаячихсан. Машиныг эрэг шургаар нь хүн задалчихсан юм шиг болгочихдог юм билээ. Хэд хэдэн хүн амиа алдсаны дотор нэг айл тэр чигээрээ сүйрсэн. Босох чадалгүй болсон залуу гэр бүлд онцгой комиссоос нөхөн олговор олгуулж, дараа нь дахиад хөөцөлдөж байгаад тусалсан. Энэ мэтээр нүд хальтрам зүйл харах нэг хэрэг. Гэтэл хувийн хариуцлагагүй үйлдлээс болж Отгонтэнгэрт цэл залуухан 17 хүн осолдсон. Багануур дүүргийн онцгой байдлын хэлтсийн дөрвөн даргаа нэг өдөр алдаж байсан. Тэр болгонд ажил үүргийн шугамаар ар гэрт нь очино. Эр нөхрөө алдаад уйлж суугаа ээжийнхээ өвөр дээр юу ч мэдэхгүй нялх хүүхэд инээж байгааг харах амаргүй. Уй гашуу тохиолдсон цэргийнхээ ар гэртэй нүүр тулах, даргагүй болсон цэргүүдийнхээ царайг харах үнэхээр элэг эмтрэм. Дорнодын Баян-Уулын түймэрт дөрвөн цэргээ алдчихаад амьсгалах ч бэрх явж байсан үе бий. Аврах ажиллагаа хийгээд цогцостой зууралдахад нүд хальтрахаас гадна үнэр нь арилахгүй. Гамшиг зовлонгийн өөдөөс явахгүй гэж хэлэх эрхгүй. Энэ бүхний ард яах гэж яваа юм бэ гэж бодохоор эх орон л бодогддог доо.
 
-Цэргийн байгууллагын сахилга, хариуцлага суларсан гэж шүүмжлэх боллоо.Та үүнтэй санал нийлэх үү?
 
-Ажлын ширээн дээр шийдвэрлэх цаас байвал би ажлын цаг дууссан ч явдаггүй. Ажлаа чанартай хий. Мануухай битгий бай. Сэтгэл гарга гэж залуучууддаа хэлдэг. Залуус мөрдэстэй хувцсанд дуртай гэж их ярих боллоо. Гэтэл үнэндээ цэргийн хувцас өмссөн энгийн хүн олширвол цэргийн байгууллагын үндсэн зарчим, мөн чанар алдагдана. “Тийм, үгүй, мэдлээ гүйцэтгэе” гэсэн дөрөвхөн үгээр ажилладаг албанд шалгуур өндөр тавих ёстой. Түүнээс тайлбар тавих хүн хэрэггүй. Энэ алба бол эрх хүүхдүүдийн орогнодог газар биш. Эр цэргийн хуаран байхгүй юу. Эх орныхоо төлөө ажилладаг хүмүүс л байх учиртай.
Надад ажиллах зарчим байдаг. Өглөө нь муудаж загнаж болно. Түүнийгээ тэмдэглэж авч байгаад орой нь ажил тарах үед заавал холбогддог. Тэгэхгүй бол сэтгэл санаа нь тогтворгүйгээс замдаа архи ууж, агсам тавивал яах вэ. Ажлаа хүлээлгэж өгөөд хэдэн сар болоход тэвчимгүй үе ч их гарч байна. Залуус үзэг цаас барихгүй юм. Тэмдэглэж авахгүй байж юугаа ойлгох юм бэ. Цаг баримтална гэдгийг мэдэхгүй. Ер нь бол цэрэгт явсан, яваагүй хүүхдийг гаднаас нь харахад л тэс өөр байдаг. Биеэ авч яваа, олны дунд мэнд устай байх , ахмадаа хүндэтгэх төлөвшлийг цэргийн алба суулгадаг. Тиймээс үндэсний эх оронч үзэл санаа суулгах сургалт, сурталчилгааг тасалдуулж болохгүй.
 
-Коронавирусын дэгдэлтээс болж өндөржүүлсэн байдал зарлалаа. Өмнө H1N1 гарахад гол ажлыг нугалж байсан хүний хувьд өнөөдрийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
 
 -Өмнө нь гоц халдварт өвчинтэй тэмцэж байсан. Тэр бүү хэл 2009 онд 32 хүний амь насаар дэнчин тавьж байж өвчний ард гарсан туршлага бидэнд бий. H1N1 бол коронавирусын нэг төрөл. Тэр үед шаардлагатай бүх арга хэмжээг авч Монгол Улсын түүхэнд Засгийн газрын нэг удаагийн шийдвэрээр 6.4 тэрбум төгрөг гаргаж байсан. H1N1 гарч байхад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага биднийг тайван байхыг сануулсан. Гэтэл юу юугүй 17-18 хүн амь насаа алдаад эхлэхэд Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгээ харуулахын тулд арга хэмжээгээ авсан. Тухайн үеийн Шадар сайд М.Энхболд, ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр бид гурав ярьж байгаад 14 хоногийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Одоогийнхоос өөр нь вакцин, эм гарчихсан байсан учраас тусгай үүргийн онгоцоор Франц, Сингапураас эм тариаг нь авчирч хангалттай нөөцөлсөн. Өндөржүүлсэн бэлэн байдлаа дахин 14 хоног сунгаад сүүлийн долоо хоногт нь иргэдийг вакцинжуулах ажлыг хурдтай зохион байгуулсан. 2009 онд ганцхан улсын нэгдүгээр төв эмнэлэг  амьсгалын аппараттай. Тэр аппарат 2-3 минут гацахад гурван хүн газар дээрээ нас барж байсан. Тиймээс онц чухал асуудал юм байна гэж үзэж багагүй хөрөнгө зарж орон нутаг, есөн дүүрэг, тусгай эмнэлгүүдийг амьсгалын аппаратаар хангаж байв. Коронавирус дэгдсэн энэ цаг үед УОК, мэргэжлийн байгууллагууд маш сайн ажиллаж байна. Би мэргэшсэн хүний хувьд хэлж байгаа юм. Монгол Улс коронавирус, агаарын бохирдол гээд бүх асуудалд онц чухал ханддаг болсон нь арав гаруй жилийнхтэй харьцуулашгүй. Хамгийн чухал нь хүмүүсийн хувийн бэлтгэл бэлэн байдал сайжирсан нь илт анзаарагдаж байгаа.  
 
Коронавирусын эерэг тал нь хүмүүсийг эх оронч болгож байна. Эхэндээ гадаад орныг ямар гоё гэж бодож явав. Гэтэл өвчин гарахад хэн ч биш болж, эх оронгүй хүн ямар байдгийг харлаа. Эх орондоо буухад эмнэлэг, онцгой, цагдаа нь тосч дээдэлж эх орон гэдэг ямар агуу гэдгийг мэдрүүлж байгааг гадаадаас ирсэн хүмүүс ярьж байна шүү дээ. 
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин