sonin.mn
Нэг. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй энэ үед өнгөрснийг хамтдаа дүгнэе. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд улс төрийн ууган хүчин МАН үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудалтай болсноор засгийн эрхийг барих томилолтыг ард түмнээс авсан. Дараагийн сонгууль хаяанд ирсэн энэ үед эрх баригч намын дөрвөн жил ба дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дүгнэх цаг болжээ.
Тиймээс УИХ-ын 2016 оны сонгуульд МАН нийт таван бүлэг, 31 дэд бүлэг, 316 зорилт бүхий Мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байжээ. Эдгээрийг том зургаар нь дүгнэхэд, өнгөрсөн жилийн эцсийн байдлаар  82.8 хувийн биелэлттэй гарсан байна. Бидний энэ удаад онцолж буй сэдэв болох эдийн засгийн чиглэлийн амлалтын биелэлтийг үзвэл 78.6 хувьтай гарчээ. МАН 2016 онд эдийн засагт чиглэсэн 96 зорилтыг хэрэгжүүлнэ хэмээн Мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Учир нь, тухайн үед манай улсын эдийн засаг тэг зогсолт хийсэн байв. 
 
 
 
Өөрөөр хэлбэл, 2012-2016 онд засгийн эрх барьсан АН эдийн засгийг элгээр нь хэвтүүлж хасах руу оруулсан төдийгүй  Монгол Улс дефольт зарлахдаа тулсан хүнд үед УИХ-ын ээлжит сонгууль болсон юм. Тийм ч учраас ард түмнээс үнэмлэхүй итгэл хүлээсэн Ардын намынхан эдийн засагт чиглэсэн бодлогын томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг.
 
 
 
Харин тэд энэ чиглэлээр юу хийж, дэвшил гаргах тухайд ямар заалтыг хэрхэн тусгаж байв. МАН-ын 2016 оны Сонгуулийн Мөрийн хөтөлбөрийг сөхвөл ”Бид өрийн дарамтыг бууруулж, эдийн засгаа сэргээн босгоно. Бизнес дэх төрийн дарамт, шахалтыг багасгана. Тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлнэ. Арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана. НӨАТ-ыг оновчтой болгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхийг дэмжинэ. Аймаг бүрт үйлдвэр байгуулна. Шинээр аж ахуй эрхлэлтийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ. Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй. Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах бодлого хэрэгжүүлнэ. Үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Орлого багатай иргэдээ тэтгэнэ. Монгол хүний үнэ цэнэ, бүтээмж, өрсөлдөх чадвар, үнэлэмжийг бүх салбарт өсгөнө. Цалин урамшууллыг өсгөж, өрхийн дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэ бүх бодлогын үр дүнд таны амьдрал, эдийн засаг, улс оронд итгэл найдварын өөрчлөлт бий болно” хэмээн бичиж байжээ. Энэ бол МАН-аас эдийн засагт хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн бодлогын арга хэмжээний ерөнхий дүр зураг. Харин одоо эдгээр амлалт амьдрал дээр хэрхэн хэрэгжсэнийг харъя. УИХ-ын 2016 оны сонгуулиас жил гаруйхны дараа “Монгол Улсын эдийн засгийг сэхээнээс энгийн тасаг руу шилжүүллээ" хэмээн албаныхан дүгнэж байв. Учир нь, тухайн үед эдийн засаг хасах баланс зааснаас гадна улсын төсвийг таван хэсэгт хуваасан, улсын өрийн хэмжээ 21 тэрбум ам.долларт хүрсэн, иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй болсон байв. Харамсалтай нь, Эдийн Засгийн Хөгжлийн Сайд нь “Монгол Улсад өр байхгүй. Өр гэдэг үгийг өглөг гэх үгээр сольё” хэмээн эрүүл хүнээс гарамгүй тайлбар хийж суусан цаг саяхан. Гэтэл бодит байдалд Монгол Улс “Чингис” бондын 1.5, “Дим сам” бондын нэг тэрбум, “Гэрэгэ” бондын 800, “Хуралдай” бондын 600, “Мазаалай” бондын 500 сая ам.доллараас гадна “Кредит свийс” банканд 250 сая ам.долларын өртэй болчихоод байлаа. Ингэж гадаад болон дотоодоос авсан 400 гаруй өрийн бичгийг АН-ынхан Ардын намын Засгийн газарт өвлүүлсэн байдаг.
 
 
 
Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар төсвийн сахилга батыг чангатгаж, бүсээ чангалан зүтгэсний хүчинд АН-ын засгийн үед тавьсан 8.5 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулжээ. Энэ бол гурван сая иргэн тус бүрт 2.8 хүрэлцэх хэмжээний мөнгө байсан юм. 2016 онд засгийн эрх авсан МАН-ынхны явуулсан бодлогын үр дүнд оны сүүлчээс Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэлсэн байдаг.
 
 
 
Тухайлбал, 2017 онд эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарч байсан бол 2018 онд 7.2 хувь болж нэмэгдсэн. Улмаар 2019 онд уул уурхайн салбарын экспортоос хамааран өсөлт саарч, 5.1 хувь болсон. Харин 2019 оны сүүлийн саруудын үзүүлэлтүүдийг тооцсоны үндсэн дээр Монголын эдийн засаг 2020 онд 5.6 хувиар өснө гэсэн таамаглалыг Дэлхийн банк, 6.1 хувиар өсөх таамаглалыг Азийн Хөгжлийн банкнаас дэвшүүлж байв. Ийнхүү МАН-аас эдийн засагт авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ бодит үр дүнгээ өгч, эдийн  засаг жигд өсөлтөөр урагшилж байсан ч дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас дан ганц Монгол Улс төдийгүй дэлхийн эдийн засагт эрсдэл учраад байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг бататгаж  чадсан учраас нэг жилийн хүндрэлийг даваад гарах чинээний болсон гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж буй. МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг харвал хямралыг даван туулах болон татварын зохистой орчин бүрдүүлэх, татварыг хөнгөвчилж, энгийн болгох тухайд төдийгүй бизнесийг дэмжих зорилтын хүрээнд томоохон ахиц дэвшил гарчээ. Бодит ажил хэрэг болсон бодлогын арга хэмжээнүүдийг тоймлон хүргэе.
 
ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД:
 
-Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, тогтворжуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэв.
-ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” тохирсноор төсвийн орлогыг нэмэгдүүлж, гадаад худалдааны тэнцлийг сайжруулсантай холбоотой гадаад валютын албан нөөцийн хэмжээг 2018 оны жилийн эцэст 3.5 тэрбум, 2019 оны эцэст 4.3 тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүллээ.
 
-Төсвийн нэгдмэл байдлыг хангаж, төсвөөс гадуурх санхүүжилтийг зогсоож, хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар үр ашгийг дээшлүүлсэн.
 
-2016 онд гадаад валютын албан нөөцийн хэмжээ 1.3 тэрбум ам.доллар байсныг  2017 оны аравдугаар сард 1.7 тэрбум ам.долларт хүргэж, валютын нөөцийг гурав дахин өсгөлөө.
-Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэв.
-Хариуцлагатай, ил тод, нээлттэй хэмнэлттэй төсвийн бодлого хэрэгжүүлсэн.
-Арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 2016 оны арванхоёрдугаар сард 19.7
2017 оны мөн үед 19, 2018 оны арванхоёрдугаар сард 17 хувь байсан бол 2019 оны арваннэгдүгээр сард 16.8 хувь болгон бууруулав
 
ТАТВАРЫГ ХӨНГӨВЧИЛЖ, ЗОХИСТОЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ХҮРЭЭНД:
 
-Татварын Ерөнхий Хууль, Аж  ахуйн нэгжийн татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг өнгөрсөн оны гуравдугаар сард шинэчлэн батлав.
-Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой НӨАТ суутган төлөгч биш иргэн, аж ахуйн нэгж жилдээ нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо нэг хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөх хялбаршуулсан горимыг бий болголоо.
 
-Жилийн 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд хоёр удаа орлогоо тайлагнаж, мөн нэг хувийн татвар төлөх нөхцөлийг бүрдүүлсэн.
-Жилийн гурван тэрбумын орлоготой бол 25 хувийн татвар төлдөг байсныг зургаан тэрбум болгон нэмэгдүүлж, 164 аж ахуйн нэгжийг хамруулахаар болжээ. 
 
-Нийслэлээс  500 км алслагдсан газарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн төлсөн татварыг 50, 1000 км-ээс дээш зайд алслагдсан бол 90 хувиар хөнгөлөхөөр болов. Үүний дагуу 50 хувийн хөнгөлөлтөд 11600 иргэн, 141 аж ахуйн нэгж, 90 хувийн хөнгөлөлтөд 8100 иргэн, 55 аж ахуйн нэгжийг хамруулжээ.
-Жилд хоёр тэрбум хүртэлх төгрөгийн татвар ногдуулах аж ахуйн нэгж бол жилд хоёр удаа тайлан гаргах боломжтой болсон. Татварын тайлан алдаатай, зөрүүтэй бол татвар төлөгчид мэдэгдэж гурав хоногийн дотор залруулах боломжтой боллоо.
-Татварын тайланг нэг жилийн дотор аливаа торгуульгүй залруулах боломж олгосон байна.
-Татварын алба үндэслэлгүйгээр илүү мөнгө авсан бол шууд буцааж, аж ахуйн нэгж рүү шилжүүлэх зохицуулалтыг хийв.
-Татварын, өрийг төлж барагдуулах хугацаа хоёр сар байсныг хоёр жил болгон нэмэгдүүлэв.
-Монгол Улсад үйлдвэрлэсэн уул уурхайгаас бусад салбарын бүтээгдэхүүний  50-аас дээш хувийг экспортод гаргаж буй аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжиж эхэллээ.
 
ХАОАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН ХҮРЭЭНД:
 
-Амьдран суух зориулалтаар анхудаа амины орон сууц барьсан эсвэл худалдан авсан иргэнд гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт олгодог байсныг зургаа болон нэмэгдүүлэв.
-Ипотекийн зээлийн хүү өдгөө найман хувь.Хэрвээ иргэн 13 хувиар арилжааны авч байр авсан бол зөрүү таван хувийн хүүг татвараас буцаан олгох боломжийг олгосон.
-Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
-Шинэ төрлийн татвар бий болгохгүй ба үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд тодорхой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1.5 тэрбумаас бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулав.
 
БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛТОТ АЖЛЫН ХҮРЭЭНД:
 
-Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээлээ.
-Экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлж, гааль болон татвар, мэргэжлийн хяналт зэрэг төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр эсхүл нэг цэгт үзүүлж, чирэгдлийг багасгах ажлыг хийж байна.
-Хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бизнес эрхлэлтийг дэмжих “Бүсийн хөнгөлөлт”-ийн бодпого хэрэгжүүлэх хуулийг батлав.
-Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, “Малжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
-Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн Малын генетик нөөцийн тухай, Бэлчээр хамгаалах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай хуулийг баталж, эрх зүйн орчныг нь бүрдүүлэв. 
 
 
М.Өнөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин