НЬЮ-ЙОРК. /TASS/. Африк гаралтай америк эрэгтэй цагдаа нарын гарт амиа алдсаны улмаас өрнөсөн эсэргүүцлийн ажиллагаа, эмх замбараагүй байдлын үеэр дор хаяж 11 хүн амиа алдсан тухай телевизийн “KTLA” суваг мэдээлжээ.  
Тус сувгаар мэдээлснээр, амиа алдсан хүмүүс Чикаго /Иллинойс муж улс/, Детройт /Мичиган/, Омаха /Небраск/, Давенпорт /Айова/, Окленд /Калифорни/ болон Луисвилл /Кентукки/ хотын иргэд байжээ. Амиа алдагсдын дийлэнх нь африк гаралтай америкчууд аж.
Окленд хотод Холбооны улсын аюулгүй байдлын албаны ажилтан, 53 настай хар арьстан Дэйв Патрик Андервуд гэдэг эрэгтэй буудуулж амиа алдсан бөгөөд түүний хамтрагч хүнд бэртсэн байна. Омаха хотод 22 настай хар арьстан Жеймс Скарлок цагаан арьстан эрэгтэйг бүлэглэн зодож байхдаа амиа алджээ. Цагаан арьстан эрэгтэй зодуулж байхдаа буу авч амжин, түүнийг буудсан байна. Түүнчлэн “KTLA” сувгаар мэдээлж буйгаар, АНУ-ын янз бүрийн хотуудад жагсагчдыг тараах үеэр хэдэн зуун хүн гэмтэж бэртжээ. Яг хэчнээн хүн бэртсэн нь одоогоор тодорхойгүй байна
 
 
 
“Associated Press” агентлагийн мэдээлснээр, сүүлийн хэдэн өдөр АНУ-д болж буй эсэргүүцлийн ажиллагаа, үймээн самууны үеэр 4400 орчим хүнийг баривчилжээ. Тэднийг дээрэм тонуул хийсэн, хөл хорих цагийг зөрчсөн, зам хаасан зэрэг хэрэгт буруутгасан байна.
 
 
 
Эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулсан АНУ-ын Вашингтон, Лос-Анжелес, Нью-Йорк зэрэг 40 орчим хотод хөл хорих цаг тогтоожээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг