УИХ тарах тухай яриа улс төрийн хүрээнд хүчтэй өрнөх бүрд нэг сонирхолтой дүр зураг ажиглагддаг. Жирийн иргэд “төрийн ажил явахгүй бол дахин сонгуулиа хийе, сонголтоо шинээр хийе” гэж харьцангуй энгийнээр хардаг бол эрх мэдлийн хүрээнд байгаа хэсэг нь үүнийг төр нурах гэж буй мэт сүржигнэн эсэргүүцдэг. Яагаад?
Учир нь сонгууль жирийн иргэнд алдах зүйл биш, харин сонгох боломж. Харин эрх мэдэлтэй хүмүүст сонгууль бол албан тушаал, нөлөө, ашиг сонирхлоо алдах эрсдэл юм.
УИХ бол хэн нэгний хувийн компани биш. Гишүүний сандал ч дөрвөн жилээр түрээсэлчихсэн өмч биш. Ард түмэн төрийн эрх барих дээд байгууллагад өөрсдийгөө төлөөлүүлэхээр тодорхой хугацааны мандат өгдөг. Тэр мандатын гол утга нь төрийн ажлыг явуулах, хууль батлах, улсын төсвийг хэлэлцэх, Засгийн газарт хяналт тавих, иргэдийн эрх ашгийг төлөөлөхөд оршино.
Харин парламент нь улс орны асуудлыг шийдэхээсээ илүү дотоод зөрчил, бүлэглэл хоорондын тэмцэл, албан тушаалын тооцоо, хувь хүмүүсийн гомдол бухимдлын талбар болон хувирвал “та нар ажиллаж чадахгүй юм бол тар” гэсэн шаардлага нийгэмд гарах нь гайхах зүйл биш.
Парламент тарах нь төр тарах гэсэн үг биш.
Монгол Улсын Үндсэн хууль өөрөө УИХ тарах боломжийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл улс төрийн мухардал үүссэн үед сонголтыг дахин ард түмэнд шилжүүлэх эрх зүйн гарц манай тогтолцоонд бий. Тиймээс УИХ тарах тухай яриаг төрийн эсрэг ажиллагаа мэт тайлбарлах нь асуудлын мөн чанарыг зориуд бүдгэрүүлсэн хэрэг болно.
Харин энд нэг асуулт тавья.УИХ тарвал жирийн иргэн юу алдах вэ?
Төрийн албан тушаалаа алдахгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ салахгүй. Сайдын суудал нь ганхахгүй. Төсөв, тендер, томилгоонд нөлөөлөх боломж нь үгүй болохгүй. Харин нэг эрх нь эргэж ирнэ.Сонгох эрх.
Өнгөрсөн сонгуулиар сонгосон хүмүүсээ дахин дэнслэх, зүтгэж ажилласан нэгнийг нь үргэлжлүүлэн дэмжих, ажиллаагүйг нь солих, шинэ хүнийг гаргаж ирэх эрх нь сонгогчдод очно.
Харин УИХ тарах нь хэнд хамгийн их эрсдэлтэй вэ?
Эрх мэдэлтэй хамт эрх ашиг нь явдаг хүмүүст.
Авлига гэдэг зөвхөн дугтуйтай мөнгө өгч, авалцахыг хэлдэггүй. Төрийн албан тушаал, төсөв, тендер, томилгоо, мэдээлэл, нөлөөлөл тойрсон бүхэл бүтэн ашиг сонирхлын сүлжээ бий болж чаддаг. Ийм сүлжээний хамгийн том хамгаалалт нь эрх мэдэл байдаг.
Эрх мэдэл байхад хаалга нээгдэнэ.Эрх мэдэл байхад шийдвэрт нөлөөлнө.
Харин сонгууль болоход энэ бүхэн ганцхан өдрийн дотор үгүй болж мэднэ.
Тиймээс өнөөгийн улс төрийн тогтолцооноос ашиг хүртэж байгаа хүмүүсийн хувьд “УИХ тарах” гэдэг хоёрхон үг жирийн иргэдийн төсөөлж байгаагаас хавьгүй аймшигтай сонсогдох нь аргагүй.
Тэд “төрийн тогтвортой байдал” гэж ярина.
Гэтэл хэний тогтвортой байдлыг хамгаалаад байна вэ?Иргэдийн амьдралын тогтвортой байдлыг уу, эсвэл өөрсдийн албан тушаалын тогтвортой байдлыг уу?
Төрийн бодлогын залгамж чанарыг уу, эсвэл эрх мэдэл дагасан ашиг сонирхлын залгамж чанарыг уу?
Энэ хоёрын хооронд асар том ялгаа бий.
УИХ-ын гишүүд төрийн эзэн биш.
Улс төрийн намууд төрийн эзэн биш.
Фракц, бүлэглэлүүд ч төрийн эзэн биш.Тэд бол ард түмнээс эрх мэдэл түр хугацаанд шилжүүлэн авсан төлөөлөгчид.
Тиймээс парламент ажиллаж чадахгүй, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн оронд өөр хоорондоо тэмцэлдэж, төрийн ажлыг гацааж байгаа гэж сонгогчид үзвэл УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулах асуудлыг тавих эрх тэдэнд бий.
Эндээс асуудлын мөн чанар маш энгийн харагдана.
Жирийн иргэн УИХ тарахаас айх шалтгаан бага. Сонгууль болбол саналын хуудсаа аваад сонголтоо дахин хийнэ.
Харин эрх мэдлээ хувийн ашиг сонирхолтойгоо холбосон хүнд айх шалтгаан бий. Сонгууль бол түүний хувьд зүгээр нэг санал хураалт биш. Эрх мэдэл, нөлөө, албан тушаал, түүнийг дагасан ашиг сонирхлоо бүхэлд нь алдах эрсдэл.
Тиймээс УИХ тарах асуудал яригдах тусам хэн хамгийн чангаар эсэргүүцэж байгааг анзаарахад илүүдэхгүй. Авилгачид маш их айна. Учир нь тэд эрх мэдлээс гадна бүрэн эрхээ алдах тул авилгын хэрэгт шалгагдаж, ял авахыг ч үгүйсгэхгүй.
Бас нэг асуултыг тэднээс асуух хэрэгтэй.
Та УИХ тарахаас айгаад байна уу, эсвэл ард түмний өмнө дахин очихоос айгаад байна уу?
Хэрэв хийсэн ажилдаа итгэлтэй бол сонгогчдоос айх шалтгаан байхгүй. Хэрэв ард түмний итгэлийг даасан шиг дааж ажилласан бол дахин сонгуулиас зугтах шаардлага бүр ч байхгүй.
Харин ард түмний өмнө дахин очихоос айж байгаа бол тэр айдсын цаана юу байгааг сонгогчид асуух эрхтэй.
Учир нь Монголын төрийн жинхэнэ эзэн нь парламентын танхимд суугаа 126 хүн биш ард түмэн өөрөө билээ.
Э.Солонго
Мягмар - 09 сарын 29,
2026
Сэтгэгдэл2
Цалин нэмэхээр инфляц өсдөггүй. Ан илүү шуналтаф
Цалин нэмэхээр инфляц өсдөггүй. Ан илүү шуналтаф