sonin.mn
Улаанбаатар хотод явган хүнд зориулан бүтээн байгуулсан гүүрэн гарц хэд хэд бий. Голдуу иргэд олноор зорчдог хэсэгт тэдний замын хөдөлгөөнд аюулгүй оролцох боломжийг хангах үүднээс гүүрэн гарцыг байгуулсан байдаг. Гэвч тэдгээрийг стандартын дагуу хийсэн үү, цахилгаан шатыг зориулалтын дагуу хэрэглэж чадаж байна уу гэвэл “Үгүй” гэж хариулна. Гүүрэн гарцын заримынх нь шат хэт өндөр байдгаас хүүхэд, хөгшид явахад тохиромжгүй. Зарим гүүрэн гарцын цахилгаан шат өвөл, зунгүй ажилладаггүй зэргээс ажвал хүмүүсийн нүдийг хуурах гэж байрлуулсан бололтой юм аа. Ийм жишээнд “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талд байгуулсан гүүрэн гарцыг нэрлэж болно. Хөл муутай, таяг тулсан хүмүүс уг гарцаар гарах боломжгүйгээс автомашинд дайруулчих шахан зам гарна. Ухамсартай жолооч зарим нэгэнд нь зам тавьж өгнө. Уур уцаартай нь хэлэх хэлэхгүй үгээр зандран дайрчих шахаад өнгөрөх юм. Ядаж уг гүүрэн гарцын цахилгаан шат нь ажилладаг бол хүүхэд, хөгшид амар тайван зорчих боломжтой.
 
 
 
Нийслэлд өнгө нэмэх бүтээн байгуулалтыг хийх юм. Даанч хийснийхээ дараа арчилж, тордохоо мартчихдаг нь харамсалтай. Гүүрэн гарцыг бүрэн бүтэн ашиглаж чадвал зам тээврийн урьдчилан  сэргийлэхийн зэрэгцээ жолооч нарын  шатахуун зарцуулалт багасаж, агаарын бохирдлыг бууруулах боломжтой юм.
 
 
 
Тиймээс гүүрэн гарцуудыг эзэнтэй болгож, сэргээн засах шаардлагатай байна.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин