sonin.mn

Дэлхийн хоёр дугаар мянганы суут хүн, цэргийн гарамгай жанжин, эзэн Богд Чингис хаан тэртээ 13 дугаар зуунд хүн төрөлхтний түүхэнд өөрийн эр зориг оюун ухаанаараа байлдан дагуулж, өнөөгийн ертөнцийн соёл иргэншлийн суурийг үндэслэгчдийн нэг байсныг олон орны түүх судлаач эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн байдаг.

 

Монгол Улсын тулгар төрийг үндэслэн байгуулагч их эзэн Чингис хааны төрсөн нутаг нь Хэнтий аймгийн Дадал суман дахь “ Дэлүүн болдог “ хэмээх газар мөн болохыг эртний сурвалж бичигт болон өнөөгийн эрдэмтэн мэргэд тогтоож, 2010 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  баталгаажуулан түүний мэндэлсэн өдрийг нь өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд “Монгол бахархалын өдөр” болгон жил бүр тэмдэглэж байхаар зарлиг гарган хэрэгжүүлж эхэллээ.

 

Саяхан л болоод өнгөрсөн энэ өдөр Хан Хэнтийчүүд бид юу ч болоогүй мэт өнгөрснийг манай сонин тухайн үеийн дугаартаа асуудал хөндөн нийтэлж байсан. Дэлхий ертөнцийн талыг нэгтгэн захирч явсан энэ их хүний үр сад монголчууд бидэнд хөгжил дэвшлийн асар хурдтай энэ цаг үед түүний суу алдрыг мөнхжүүлэх том үүрэг хариуцлага улам өсөн нэмэгдэж, хурцаар тавигдаж байгаа нь зайлшгүй үнэн юм.

 


Бидэнд одоо их хааны нэртэй архи, дарс, уушийн газар, дэн буудал хэрэггүй. Бидэнд их хааны нэртэй цогцолбор, их хааны нэрэмжит цэргийн анги, хүчний байгууллага, их хааны нэртэй үндэсний урлаг хэрэгтэй. Их хааны үүх түүхийг олон улсад гайхуулж чадах том бүтээн байгуулалт, том сэтгэл зүтгэл хэрэгтэй. Засаг төр шинэчлэгдэж буй энэ цаг үед ирэх дөрвөн жилд их хааны цогцолбор сүндэрлэх баярт мэдээ Хэнтий нутгийн ард түмний чихэнд хэдийнэ хүрсэн.

 

Тэгвэл одоо Чингис хааны нэрэмжит цэргийн ангитай болох бас нэгэн баярт мэдээ ирж байна. Хүн бүхэн үүнийг биелээсэй гэж хүсч байгаа. Чингис хааныхаа нэрээр жижиг сажиг бизнес хийж ханасан бидний монголчуудад одоо энэ мэтийн том төлөвлөгөө, хэрвээ биелдэг бол ийм л том ажил, ийм л том бүтээн байгуулалт хэрэгтэй. Чингис хаан цэргийн гарамгай жанжин байсан.

 

Тиймээс өнөөдөр бидэнд түүний нэрэмжит ядаж ганц ч болов хүчний байгууллага хэрэгтэй байгаа юм. Их эзэн Богд, дэлхийн суут жанжин Чингис хааны нэрэмжит монгол цэргийн анги түүний төрсөн нутаг Хан Хэнтийд бий болчихвол гайхуулах гээд байгаа зүйлсийн маань бас нэг нь ч гэсэн амь орох нь гарцаагүй юм. Тэртээ тэргүй Улсын хэмжээнд тийм цэргийн анги, тийм цогцолбор байхгүй байгаа.

 


Ингээд бодоход Дадал сумын хилийн цэргийн анги хамгийн түрүүнд санаанд буух ажээ. Түүх соёлын өв, уламжлал арвин баялаг Дадал нутгийн хил хязгаарыг хамгаалах эрхэм хүндтэй ариун үүргийг нэр төртэй биелүүлж буй Дадал сумын хилийн цэргийн 0287-р анги нь 1992 оны 06 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сумын төвд анх байгуулагдаж, энэ оны 07 дугаар сард 20, жилийнхээ ойгоо тэмдэглэсэн юм.

 

Мөн энэ оны 7 дугаар сард Дадал сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн санаачилгаар “Тэмүүжин тоонот “ хөгжлийн төлөө ТББ-ын сангийн хөрөнгө оруулалтаар гаднаас ирэх төв замд Чингисийн хуяг дуулгаа агссан хоёр хүлэг баатрын баримал хөшөө, Алтан шар нарыг билэгдсэн бөмбөлөг дээрхи Цагаан шонхор шувуу, дөлгөөн тайван түмэн насыг билэгдсэн яст мэлхийн барималыг оруулсан хагас дугуй саран хэлбэртэй 11 метрийн өндөр, 18 метрийн өргөн “ Чингисийн тоонот үүд ” нэрэмжит цогцолборт хаалгыг ашиглалтанд оруулахад тус ангийн албан хаагчдаас бага хэмжээний эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн байна.

 

0287-р ангийн хамт олон ангийнхаа 20 жилийн ойгоо угтаж Чингис хааныг хүчит Цагаан шонхор шувуугай нь дөрвөн их хөлөг баатрууд болон дөрвөн их жанждыг нь билэгдсэн “ Хүндэтгэлийн цогцолбор” байгуулан анги байгууллагын ололт амжилтын талаар гадна дотнын зочид төлөөлөгчид болон ЕБС ын сурагчидад ухуулан таниулах сурталчилгааны арга хэмжээг тогтмол явуулж, их эзэн Чингис хааны төрсөн нутгийн хилийг хамгаалж байдгаараа тэд бахархдаг бөгөөд анги байгуулагдсаны 15 жилийн ойн баяраасаа эхэлж их хааны нэрэмжит болох алсын бодлогоо Төр засгийн тэргүүн, УИХ-ын гишүүдэд болон орон нутгийн засаг захиргааны албан тушаалтнууд ард иргэдэд байнга танилцуулж сурталчилсаар ирсэн ажээ.

 

Ер нь Дадал сум өөрөө тэр чигээрээ л Чингис хааны үүх түүхийг агуулж байдаг нутаг. Чингис хааны онго тэнгэртэйгээ харьцаж, энерги авдаг байсан шүтээн Бурханхалдун хайрхан нь төрийн тахилгатай, Дэлүүн болдог, Онон хатан ижий нь нутгийн иргэдийн хайр халамжаар өнөөдөр ч гэсэн онгон дагшин хэвээрээ. Хэдийгээр жижиг статустай сум хэдий ч хийсэн бүтээсэн зүйлс арвин.

 

Эзэн хаантай холбогдолтой үүх түүхээс нь онцлон дурьдвал асар их зүйл гарах ажээ. Тухайлбал: Дадал суманд 1962 онд 13 метр өндөр, 12 метр өргөн, 4 метр орчим зузаантай гэрэлт хөшөө босгосон байдаг бөгөөд өнөөдөр гадаад дотоодын жуулчдын анхаарлыг татаж байна.

 

Дээрхи гэрэлт хөшөөг босгоход тухайн үед Дэлхийд хоёр систем ноёрхож хуваагдмал нийгмийн тогтолцооны төрийн бодлогоор улс орнуудын хөгжлийн түүхэнд орсон эмгэнэлт өөрчлөлтийн уршиг нь манай улсыг тойролгүй дайрч гайтуулсан билээ. Гэрэлт хөшөөг барихыг санаачилан гардан зохион байгуулсан Улс төрийн товчооны гишүүн Н.Төмөр-Очир насаараа хэлмэгдэн цөлөгдөж эцэст нь үл мэдэгдэх шалтгаанаар хөнөөгдсөн юм.

 

Гэрэлт  Xөшөөг  босгосны дараа Төв хорооноос уг хөшөөг буулгах шийдвэр өгсөн боловч Монголын эзэнт гүрний түүхээ мэддэг, хүндэтгэдэг тухайн үеийн Дадал сумын “ Хөдөлмөр” нэгдлийн дарга Н.Цэрэндорж  “ Буулгасан” гэж Төр засгийн удирдлагадаа зоригтойгоор хуурамч мэдээ явуулсан нь өнөөгийн бидний төдийгүй аялагч жуулчдын бахархал болсон юм.

 

Энэ хүний хөшөө дурсгал байгуулсан гавъяаг нь хойч үедээ мөнхжүүлэн үлдээх талаар төрийн тэргүүнүүд болоод тус сумын үе үеийн удирдлагууд огт анхааралгүй өдгөөг хүрсэн нь эртний Монголын дайчин сэтгэлгээ хэдий хугацаанд хэлж ярих эрх нь хязгаарлагдмал байсны илрэл биз ээ. Чингис хааны 13 дахь үеийн дээд өвөг болох Бодончир Богдын амьдарч байсан Балж гол Түнхлэг горхины бэлчирт түүний дурсгалыг хүндэтгэсэн өвсөн эмбүүл буюу гантиг чулуугаар барьсан хөшөөг 2006 онд Чингис хаан дээд сургуулийн багш түүхийн ухааны доктор професор О.Сүхбаатарын зохион байгуулсан .

 

“ Буурал түүхийн жим 3 “ аяны үр дүнд босгосон. Монголын тулгар төр үүсэн байгуулагдсаны 800 жилийн ойгоор Дадал сумын төвд “Тэмүүжиний бага нас “ музей, нум саадагаа агссан зэс хөөмөл баримал хөшөө барьсан. Чингис хааны “ Алтан ураг“- ын язгуурын гурван суврагыг 2006 оны 09 дүгээр сард барьж ашиглалтанд оруулсан байна.

 

Эдгээрээс харахад үндэсний бахархал болсон, их хааны өлгий нутагт Чингис хааныхаа суу алдрыг мөнхжүүлэх ариун үйлс аль хэдийнэ эхэлчихсэн ажээ. Ямартай ч Хан Хэнтий нутгийн ирээдүй Хан Хэнтийчүүд бидний сэтгэл зөв байж, зүтгэл их, санаачлага арвин байх аваас Чингис хааныхаа нэрээр овоглосон хилийн цэргийн анги, их цогцолбор, Аураг орд гээд монголдоо төдийгүй дэлхийд гайхуулах юмтай, мандуулах түүхтэйгээ улам улам өнгөжин дэвшиж,өөдлөн дэвжих ойрхон байх авай.

Эх сурвалж: “Хэнтий мэдээ”