sonin.mn
Өнөөдөр "Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" ТББ-аас эх орондоо ирж чадахгүй гадаадад гацаад байгаа 12,000 иргэний нөхцөл байдал улам хүндэрч байгаа талаар мэдээлэл хийлээ. Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 
 
 
 
 
Хилийн чанад дахь иргэдийн чиглэлээр ойрын үед авч хэрэгжүүлэх ажлын санал 
 
Дэлхий даяар тархаад байгаа цар тахал болох шинэ Короновирус -Ковид 19 халдварт өвчний улмаас дэлхийн олон улс орнуудад түр хугацаагаар зорчсон болон удаан хугацаагаар амьдарч байгаа иргэдийн ахуй амьдрал хүндэрч, эх орондоо яаралтай буцах хүсэлт гаргасан иргэдийн тоо ГХЯ-ны тоо мэдээгээр 10.000 гаруй болоод байна.
Тэр дундаа энэхүү цар тахлын аюулын улмаас олон улсын нислэг хаагдсанаас шалтгаалж олон иргэд хүүхдүүд, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хилийн чанадаас ойрын хугацаанд нэгэн зэрэг ирэх боломжгүй болж эрүүл мэндээрээ хохирох, хүнс тэжээлийн хомстолд орох, байр орон сууцгүй болох, цаашилбал амь насаа ч алдаж болзошгүй бодит аюул тулгараад байна.Бидэнд байгаа мэдээллээр хилийн чанадад 10 гаруй иргэд шинэ Короновирусний халдвар авсан байна.
 
Энэ хүнд цаг үед нэр бүхий УИХ-ын гишүүд цар тахалтай тэмцэх тухай тодорхой хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг санаачилсан нь маш зөв зүйтэй гэж үзэж хилийн чанад дахь иргэдтэй холбоотой дараах асуудлуудыг анхаарч үзэхийг хүсэж байна.
 
Үүнд :
 
1. Хилийн чанад дахь иргэдийн асуудлаар нөхцөл байдалтайгаа уялдсан, үе шаттай арга хэмжээг яаралтай зохион байгуулах үүргийг Засгийн Газарт өгөх. Цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас эх орондоо эргэн ирэх боломжгүй болсон, мөн түр хугацаанд олон улсын нислэг хаагдсан, тусгай үүргийн нислэгт хамрагдах боломжгүй болсон, амьжиргааны эх үүсвэргүй болсон гэх зэрэг тусламж зайлшгүй хэрэгцээтэй иргэдэд Хилийн чанад дахь иргэдэд туслах сан, Засгийн Газрын нөөц хөрөнгөөр дамжуулан санхүүгийн түсламж үзүүлэх, халамж, тэтгэмжийн асуудлыг тусгах. Элчин сайдын яам, ДТГ- уудад иргэдэд туслах чиглэлээр санхүүгийн эрх олгож нэн тулгамдсан асуудалтай иргэдэд түслах.
 
2. Гадаад улс орнуудад суугаа Монгол Улсын Элчин Сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газрын үүрэг хариуцлагыг өндөрсгөж, үүрэг хариуцлагаа биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох. Эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдийг ангилж, ЭСЯ-аас хийж буй Хилийн чанадад гацсан гэх иргэдийн судалгааг нарийвчлан бүртгэж, олон нийтэд ил болгож нислэгт бүртгэгдсэн иргэдийг цаг тухай бүрд танилцуулах, бүртгэлийн шинэчлэлтийг хангах. Элчин сайдын яам, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах.
 
3. Цар тахлын улмаас гэр бүлээрээ ирэх тохиолдолд тусгаарлах байртай холбогдох зардлыг эрүүл мэндийн даатгалаас бүрэн эсхүл тодорхой хувиар төлдөг болгох. Гэрээ байгуулсан үндсэн дээр цувуулж төлөх нөхцөл боломж олгох. Хүүхэдтэй гэр бүлийн хувьд цар тахлын үед эх орондоо ирээд тусгаарлах байранд олон хоногоор байх тохиолдолд тухайн гэр бүлийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг нь харгалзан үзэх.
4. Цар тахлын үед Улсын Онцгой Комисс, Гадаад Харилцааны Яам болон хилийн чанад дахь иргэдийн үүсгэл санаачилгын байгууллагуудын уялдаа холбоо, хамтран ажиллах, мэдээ мэдээлэл түгээж мэдээллээр хангах. Өөрөөр хэлбэл хилийн чанадад байгаа иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдээлэл хүргэх, солилцох, хамгаалах, халамж үзүүлэх талаарх харилцаа, хамтын ажиллагааны тогтолцоог зохицуулан хамтарсан ажлын хэсэг байгуулах.
5. МИАТ ХК-аас Нислэгийн графикийг тодорхой болгож, дор хаяж 14 хоногийн өмнө нийтэд мэдээлэх. Мөн гадаадын нислэгийн компаниудын онгоцыг ашиглах боломжийг дахин анхаарах, тухай орноос манай улсад нислэг хийх боломжийг судлах.