sonin.mn
Дэлгэр сайхан зун цаг. Тэр жил буюу мянга есөн зуун наян таван онд манайх Хүрэн толгойд зунжиж байв. Бороо хур багатайгаас байгалийн өнгө зүс жаахан гандуу. Амьтан хүнгүй асгар үнэртсэн худаг дээр өнжөөстэй. Цэцэг ногооны шим уураг татрууд усаар л гол зогооно. Хөдөөний айлын ажил ямар барагдах биш дээ. Мань мэт өдрийг хонь хурганы бэлчээрт л өнгөрөөнө.
 
Манай сумын наадам болоогүй, тэр зун. Улсын их баяр наадмын чимээ дуулианыг радиогоор сонссоноо Баваа бидэнд ярьж өгөх. Миний багад манай Баян-Овоо суманд дөрвөн Баваа байсан юмдаг. Батзав баваа, Чойнхор баваа, Гурилын баваа, Цээнзэн баваа гэж. Цээнзэн баваа нь миний аав. Жамбадорж гуайг чухам яагаад Гурилын баваа гэдэг байсан юм бол, үүх түүх, үлгэр домогтой л байх.
 
Улсын наадмын хоёр дахь өдөр. Гал шар нар зулай дээр асгарсан их үдэд ээж, ах эгч, дүү биднүүс худаг дээр малаа услаад бараглаж байтал Баваа өндөр хүрэнтэйгээ давхин ирдэг юм. Ховоо татангаа хэлж байна.
-Тавын давааг арай дуусгасангүй. Бат-Эрдэнэ, Балжинням гэж хоёр хүүхэд тунаад үлдчихсэн, барилдаж байна. Балжинням нь улсын начин, дэлхийн аварга юм байна. Бат-Эрдэнэ нь цэргийн арслан гэнэ. Цаадах нь дэлхийн аварга ч гэсэн наад Бат-Эрдэнэ нь тун айхтар хүү гэж ярьж байна. Хэн нь давдаг юм бол доо... гэж.
Хонь, адуу ууж ханалаа, бэлчээрт гарлаа. Хойноос нь хүүхдүүд бид мордлоо. Орой хонио хотлуулж иртэл Баваа "Улсын наадам сайхан боллоо. Ганбаатар гэж улсын начин залуугийн од нь гүйчихлээ. Мөөеө, Баянаа, Хадааг цувуулж хаяад шууд түрүүлж арслан боллоо. Өнөө Бат-Эрдэнэ хүү улсын начин болсон” гэж ярьж байв.
 
Баваагийн ярианд олонтаа дурдагдаад байсан “айхтар хүүхэд” Бат-Эрдэнэ нь өдгөөгийн дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ. Халхын нэгэн их том аваргын ирж яваа хөлийн чимээ говь нутгийн бөмбөгөр ягаан толгодын дунд, эгэл жирийн малчин аавд минь тийм холоос сонсогдоод байсан хэрэг шүү дээ... 
 
Наадмын маргаашнаас хэдэн хоног дарааллан бороо зүсэрч, ган тайлагдан зол жаргалын далайд умбасан даа. Цагаан хадын нуур агар хултай айраг шиг саваа дүүрэн мэлтэлзээд л. Хөвөөнийх нь дэрс сондуул ургаад, адуу тэмээ ч харагдахааргүй өндөр сугсалзаад л. Эргэн тойронд нь айлууд гүүгээ барьж унагаа уяад “жаргалтайн дэлгэр”.
Зун наадамлаж чадаагүй манай сумынхан намар, сургуулийн нээлттэй ташруулан морио уралдуулж, бөхөө барилдуулж цэнгэн баясалдах өглөө шиг баяртай чимээ дуулдлаа. Их нас, соёолон, даага давхиулах сургаар Баваа минь морьдоо барилаа. Шовгор хүрэнгээ наадамд сойлоо. Долоон настай Шовгор хүрэнг яагаад уяж байгаа юм бол?!!
Учир нь сумынхаа наадмаар багадаа жижүүрийн хоёр түрүү авдаг, зарим жил гурав, дөрвөн ч морио түрүүлүүлж байсан аав минь долоон настай адууг уяж уралдуулахаас баахан цээрлэдэг хүн. Адууны долоон нас гэдэг хүнээр бол “жил орсон” байдаг тул тун эмзэг, юухэн хээхнээс хиртэх, бэртэх, гутиг суух магадлалтай болохоор давхиулалгүй өнжөөдөг. Гэтэл...
Шовгор хүрэн хурц гараа, элбэг түрэмгий давхилтай. Гараагаараа уралддаг цээжний бяртай, хөл мөч бахим эрчимлэг адуу. Даагандаа сумын наадамд хол тасархай түрүүлсэн хэрнээ шүдлэн, хязаалан, соёлондоо гурван жил дараалан хадуураад... мотоцикльтой ах нар өртөөлөн хөөж эргүүлээд морьдтой нийлүүлэхэд амтай юм шиг хоёр, гурваар ороод. Түрүүлээгүй.
 
Амгайгаа араа шүдэндээ тээглүүлж аваад нэг л тонгойгоод зүтгэчихвэл хүүхэд татаж дийлэхгүй. Хатуу амтай. Олон наадмаар хадуураад түрүүлэхгүй болохоор нь Баваа минь дотроо жаахан бухимдангуй байсан байх. Цөхөрсөндөө л долоотойд нь их насанд нийлүүлж үзье гэж шийдээ байлгүй. Хөлс аваад, уяад л байлаа. Харин наадмаар Шовгор хүрэнг хэн унах нь тодорхойгүй. Уг нь урьд нь хэн хэн ямар морь унаж уралдахыг аав хөлс авч байхдаа шийдчихдэг байв.
 
Урьхан хонгор салхитай баяр наадмын өглөө. Их морь мордохын өмнө Баваа “За, миний хүү Шовгор хүрэнгээ унах уу даа. Дүү нар чинь амыг нь дийлэхгүй алдаад хадууруулчих байх.  Тэгэхээр миний хүү л уна. Харин морьдтой хамт битгий эргээрэй”. Өөрийг хэлээгүй.
Би арван хэдтэй, уралдааны моринд хүнддээд Баваагийнхаа бараг туслах уяач болчихсон байсан үе. Баваа минь Шовгор хүрэнг түрүүлж гаргаад хадууруулж алдчихгүй гэсэндээ, морьдтой цуг эргүүлэхгүй цааш ганцааранг нь явуулж байгаад морьд нэлээн явчихсан хойно араас нь нэхүүлэх бодолтойгоор хашир “хөгшин хүүхэд”-ээрээ унуулахаар шийдсэн хэрэг. Түрүүлж л гаргаж болохгүй гэдгийг тооцоолсон байх...
Уралдаанч хүүхдүүд морьдоо жигдхэн дэргүүлсээр гарааны зурхайд хүрлээ. Балгасны голын урдхан дэнжээс морьд эргэлээ. Алтан тууртын тоос угалз шиг босч, салхины исгэрээ, хүүхдүүдийн гуугалалдаантай холилдон ер бусын дуу чимээ орчныг цочоон нүргэлж, алсын уулс өндөлзөн торгон ногоон дэнжийн цэцэг ногоо хуйлран давалгаатаад л. Харин би ганцаараа цаашаа явчихсан. Шовгор хүрэн ч амаа дугтчаад дэвхцээд, сэтгэл нь хөөрчихсөн эргэчих гээд. Ямартаа ч эргэцүүлж дэвхцүүлсээр км шахуу яваад эргэдэг юм. Товчхондоо түрүүлж эргэсэн морьдоос хоёр км-ийн хожуу гараанаас гарсан гэсэн үг.
 
Морьд холдоод явчихсан, тоос нь л суунаглаж харагдаад. Эргээ л Шовгор хүрэн ч хурдлах гэж ёстой алдалж өгч байгаа юм. Их морь эргүүлчихээд туг аваад мордох гэж байсан хоёр ах гайхсан шинжтэй хүлээгээд хараад зогсож байна. Хажуугаар нь шуугиад л өнгөрлөө. Өнөө хоёр ч мотоциклийнхоо дууг ээртэл хаазлаад хамт зэрэгцээд буцалж өгсөн.
 
Төдхөн сүүлчийн морьдын дундуур орж явчихлаа. Шовгор хүрэнгийнхээ амыг ангайтал татаастай. Дөрөөгөө таваглаж жийгээд эмээлийнхээ бараг ар дээр нь суучихсан л гэдийгээд яваа. Адгийн хараас, уралдааны замын дундаас нэлээн өнгөрөөд л тархины хэдэн морины ташааг дэрлээд ирж байгаа юм. Морьдыг цувуулж орхисоор..., өмнө ганцхан өсгий цагаан зээрд морь яваад байдаг. Цэвээндулам гуайн Тайван ахын ажнай хүлэг. Энэ өсгий цагаан зээрдийн өмнө л гаргаж болохгүй ар дээр нь дарж яваад барианы газар хүрэх юм шүү гэсэн цор ганц бодолтой. Өсгий цагааныг Тайван ахын дүү Баяа унаж яваа, өнөөх чинь наадамд анх уралдаж байгаа, түрүүлж яваагаа гайхуулж байгаа бололтой байн байн эргэж хараад болдоггүй.
“Битгий эргэж хар” гэж хашгирах гэхээр Шовгор хүрэн хурдаа улам авч, хажуугаар нь дайрч гарчих гээд байдаг. Амнаасаа авиа гаргах эрх байхгүй. Ашгүй Эргэнэ шандны зоон дээгүүр даваад гараад ирлээ. Энэ зоон дээгүүр гарч ирж уруудаа л барианд ордог юм, манай сумын уралдааны морь. 
 
Олон удаа түрүүлж ирж баярлаж, баярлуулж байсан өлзийтэй сайхан дэнж дэвсэг минь. Барианы газар наадамчин олон өнгө алаглан солонгорон өндөлзөөстэй. Шовгор хүрэнгийнхээ амыг жаахан султгаад гүүглэнгүүт өсгий цагаан зээрдийн зөв талаар ганцхан дайраа л түрүүлээд орж ирж байгаа юм.
 
Манай уяа барианы газраас холгүйхэн. Сумын хойд голын хөвөөн дээр. “Огон" Цогт, “Өгөө" Цэдэн-Иш, “Цүнхэд” Цэрэнпил, Санжмятав, Бөндөө, Бадрал, Тайван ахынх гээд уяачдын уяа шон цуг. Зэргэлдээ Бор морьт Цэндоо гуай, “метр” Гомбо гуай, Эрдэнээ ах, агуу Жуурайдорж, хоёр Чулуунбаатар, Нацаг ах, Хүүхний Батсуурь ах, Чимэдцэрэн гуай (Батхуягийн аав), эднүүс, улс амьтан Баваад минь баяр хүргээд л. Морь гаргасан хоёр ах давхиад ирчихсэн “Морь эргэхэд ганц морь цаашаа явчихаар нь бид хоёр ёстой л мэл гайхаж цэл хөхрөөд. 
 
Түрүүлж эргээд бараа тасарсан морьдыг тийм араас хөөж уралдаад түрүүлж ирдэг, ижилгүй хурдан адуу юм аа. Мотоциклийнхоо чихийг ээртэл мушгиад хурдлаад байхад л зэрэгцээд яваад байна лээ шүү” гэж бахархан ярихыг сонссон Баваа минь хадагтай Шовгор хүрэн рүүгээ хараад “Зөв тооцоолжээ, би..." гэж дуулдах төдий шивнэж суусан сан...
 
Миний хувьд хамгийн сүүлчийн удаа уралдааны морь унасан, түрүүлсэн наян таван оны наадмын болор түүх ийм.
 
 
 
Цээнзэнгийн Галбадрах