sonin.mn
...Сайнаар дуудуулж, сайхнаар хэлүүлж явахад хүний хийморь лундаа сэргэдэг гэдэг.  Яг л түүн шиг дэлхийн 7.5 тэрбум хүн миний эх орныг “Коронагүй Монгол” хэмээн танимхайрч суухад сэтгэл урамшиж бас их огших юм. Өөрийн эрхгүй л эх орон, ард түмнээрээ бахархах сэтгэл төрж, бас монголчууд бид нэгдэж чадвал багцалсан сум шиг эв нэгдэлтэй байж чаддаг гэдгийг олж харах сайхан байна. 
 
 
 
Дэлхийг айлгасан титэмт вирус эх орны минь хаалгыг тогшсоор, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсээр байна. Шинэ вирусын эрч сулраагүй  байна. Гэсэн ч монголчууд бид айдгаа авдрандаа хийсэн улс шиг хэсэгтээ л сэтгэл уужим, их л додигор сууна.  Гэхдээ үүнд олон хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шингэснийг мартах ёсгүй. Маргааш ч бид илүү их хичээх хэрэгтэй болно. 
 
 
 
Төр засгийн цагаа олсон зөв шийдвэр, зөв зохион байгуулалт, олон байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоо, монголчууд бидний эв нэгдэл, хичээл зүтгэл гээд үнэлж баршгүй их хүч хөдөлмөрөөр бид өнөөдөр “Эрүүл Монгол”-оо дэлхийд таниулж байна. Тиймээс энд бас нэгэн чухал хүнийг дурдах хэрэгтэй болов уу. “Зууны мэдээ” сонин энэ удаа “Амьдралын тойрог”-ийнхоо хойморт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордицаг зочноор урьж, сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Түүний ажил, амьдралын түүх болоод өнөөдөрт хүрсэн өрнүүн их амжилт уншигч танд  ч бас сонирхолтой байх болов уу?
 
“СПОРТ БОЛ МИНИЙ ХОББИ”
 
Үдэш орой цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан суугаа монгол хүн бүр түүнийг ЭМЯ-ны ээлжит мэдээлэл, энэ тэндэхийн арга хэмжээн дээрээс харангуутаа “ДЭМБ-ын Суурин төлөөлөгч” хэмээн танимхайрч, дотно сайхан хүлээж авдаг. Харин илүү сайн таних боломж нь түүний цаг наргүй их ажлынх нь ард нуугдаад үлдчихдэг байв. Тиймээс энэ удаа түүнтэй ярилцах хэсэгхэн хоромд эрхэм докторын дотоод ертөнц рүү өнгийж, бодол, хүсэл болоод зорилго, мөрөөдөлтэй нь илүү дотно танилцахыг хүссэн юм.  
ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица хэмээх энэ эрхэм  ОХУ-ын вирус судлалын ухааны доктор, эмч хүн. Монголд 2017 оны наймдугаар сард томилогдон ирсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өдгөө  20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн юм. Өнөөдөр тэрээр эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, Монгол хэмээх их айлын эрүүл мэндийн асуудлыг нуруундаа хэрхэн үүрч явааг бид мэднэ. Ингээд зуны дэлгэр сайхан цагт түүнтэй уулзсаных ажил ярьж, асуултаа шууд хүндрүүлсэнгүй. Түүний амралтын өдрүүд, чөлөөт цаг хэрхэн өнгөрдөгийг сонирхсон юм. Тэрээр энгийн сайхан яриатай, их зангүй хүн ажээ. “Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би спортоор хичээллэх их дуртай. Тэр дундаа усанд сэлэх, биеийн тамирын бусад дасгалаар их хичээллэдэг. Магадгүй намайг гаднаас нь харахад, спортлог хүн биш байж мэднэ. Гэхдээ би спортод маш их дуртай. Гэртээ спортоор их хичээллэдэг. Ажил гэр хоёр маань ойрхон учраас би өөрийгөө их азтайд тооцдог. Өглөө эрт босоод, ажилдаа гарахаас өмнө спортоор хичээллэж амждаг. Тэгээд ажилдаа гардаг юм. Дээр нь миний хувьд, Монголд олон найзтай болсон. Ажил хэргийн найзууд, хувийн найзууд цөөнгүй. Заримдаа тэдэнтэйгээ уулзаж, санал бодлоо хуваалцана. Гэхдээ зав муутай, ажил ихтэй байдаг учраас ихэнхдээ оффистоо цагийг өнгөрүүлдэг” гэв. 
Монголчууд бид цэлгэр уужим тал, цэнхэр тэнгэр, цэвэр агаар, цэнгэг усаараа их бахархдаг. Гадны зочин гийчид биднийг юугаар ч сольшгүй, үнэт брэндтэй гэдэг. Харин улс, үндэсний минь эрүүл энхийг хариуцсан ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицад энэ сайхан эх орон, байгаль дэлхийг минь харан бахдах цаг зав хомсхон байдаг нь тиймхэн. Зуны дэлгэр цагт бидний олонх нь аялал зугаалга, амралт гээд явчихдаг. Харин түүнд амрах, аялах боломж хэр гарч байгааг асуувал “Хотоос гарах боломж тэр бүр олддоггүй дээ. Гэхдээ заримдаа 20-30 км, хотоос холгүйхэн гарах бол ууланд гарах, цэвэр агаарт алхах дуртай. Би  байгалийн сайхныг харах, монгол гэрт унтах дуртай.  Агаарт гарч ууланд алхахдаа хүмүүстэй танилцаж, ярих боломж гардаг. Мөн миний хамгийн дуртай нэг зүйл бол одоо мөөгний улирал ирж байна. Орос хүмүүс мөөгөнд их дуртай байдаг. Би Монголд хаана мөөг их ургадаг вэ гэдгийг мэддэг. Тиймээс мөөг болон шинэ жимс түүх дуртай. Зав гарвал мөөгөнд явна гэж боддог. Түүнчлэн би бас усанд сэлэх, голын усанд орох дуртай. Гэхдээ Монголын ус их хүйтэн. Тиймээс  голын эрэг хавиар зугаалаад, найз нөхөддөө өөрийнхөө гараар сайхан хоол хийж өгөх дуртай. Хувь хүнийхээ хувьд би маш сайн тогооч. Азийн хэд хэдэн хоолыг чадварлаг, боломжийн хийдэг. Гэхдээ зав муутай, их ажилтай байдаг учраас  ихэнх цагаа оффистоо өнгөрүүлдэг.  Ажлын цаг дуусаад, төлөвлөсөн ажил амжсан ч дараа өдрийн ажилдаа бэлтгэх гээд илүү олон цагаар сууж ажиллах үе олон байдаг” гэв. 
 
УДАМ ДАМЖСАН “ЦЭРЭГ” БУЮУ ЭРҮҮЛ ЭНХИЙН МАНААЧ
 
ДЭМБ бол НҮБ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан төрөлжсөн том байгууллага.  Эгнээндээ 200 улсыг нэгтгэсэн энэ байгууллагад дэлхийн 7.5 тэрбум хүний эрүүл мэндэд санаа тавьж ажиллах долоон мянга гаруй  хүн ажилладаг гэдэг. Өөрөөр хэлбэл, энэ том байгууллагад орж ажиллана гэдэг хүн бүрт олдоод байдаггүй ховорхон боломж.  Монгол Улс ДЭМБ-д 1962 онд элссэн. Харин 1971 оноос Улаанбаатар хотноо ДЭМБ-ын  Суурин төлөөлөгч томилогдон ирсэн гэж үзвэл  Монголд ойролцоогоор 10 орчим хүн ирж ажиллажээ. Харин эдгээрээс доктор Сергей Диордица дэлхийг айлгаж буй шинэ вирус “COVID-19”-тэй Монголын эмч нар, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран цаг наргүй тулалдаж, эрүүл энхийн манаанд харуулын цэрэг шиг хариуцлагатай үүрэг хашиж буй нэгэн юм. Түүний ажиллаж буй энэ цаг үе үүгээрээ онцлох зүйлс ихтэй. Өнгөрсөн тавдугаар сард ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн хурал цахимаар зохион байгуулагдаж, энэ үеэр Номхон далайн  баруун бүсийн 37 орноос Монгол Улсыг COVID-19”-тэй амжилттай “тулалдаж” байгааг онцлон туршлагаасаа хуваалцахыг хүссэн. Үүнийг монголчууд бид мөн л баяр бахдалтайгаар хүлээн авч байв. Энэ бүх үйл хэрэгт Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, монголчуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд чадах мэдэх бүхнээ зориулан ажиллаж байгаа эмч нар болон гадны зочин төлөөлөгч, эрхэм докторын үүрэг роль бас их билээ. Ингээд түүнтэй ажил, амьдралын түүх хүүрнэв. Эрхэм докторын эмч болсон түүх ихэд сонирхолтой санагдав.  ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица удам дамжсан цэргийн гэр бүлээс гаралтай нэгэн гэнэ. Тэрээр цэргийн салбарт ажиллахын тулд мэс заслын эмч болсон ч дэлхийн эрүүл мэндийн салбар, олон улс оронд тулгамддаг эрүүл мэндийн асуудлууд, элдэв өвчлөлүүд түүний анхаарлыг татсаар тэрээр сурсан мэдсэнээ өргөжүүлж, орчин үеийн анагаах ухаанд хамгийн эрэлттэй,  олон талын мэдлэгтэй, чамгүй дадлага туршлагатай, чадварлаг мэргэжилтэн болжээ. Сергей Диордица энэ тухай дурсахдаа “Манай гэр бүлийнхэн хэдэн үеэрээ цэргийн хүмүүс байсан. Социалист нийгмийн үед ч тэр цэргийн салбарт ажилладаг эх оронч хүмүүс байлаа. Манай аав, ээж хоёр хоёулаа цэргийн хүмүүс. Өвөө маань бас цэргийн хүн байсан. Тийм болохоор би ч бас гэрийнхэн шигээ цэргийн хүн болно гэж боддог байсан. Харамсалтай нь 18 нас хүрэхдээ эрүүл мэндийн түр зуурын шалтгаанаас болоод цэргийн сургуульд орж суралцаж чадаагүй. Тэгээд энэ нь надад маш их гомдолтой санагдаж  байлаа. Тэгээд тухайн үед дэлхийн хоёрдугаар дайны үед ажиллаж, амьдарч байсан цэргийн мэс засалчийн тухай кино үзсэн. Тэр кинон дээр өнөөх мэс заслын эмч маань дайны талбарт ажиллаж, дайн дууссаны дараа ч бас энэ чиглэлээрээ цэргийн салбарт ажиллаж, олон хүний амийг аварч байгаа тухай өгүүлдэг, сонирхолтой кино байсан. Тэгээд үүний дараа бас социалист нийгмийн үед орос цэргийн эмч нарын тухай ном уншсан. Тэгээд олон хөвгүүдийн нэгэн адилаар цэргийн салбарт эмчээр ажиллаж болох юм байна. Тэр дундаа мэс заслын эмч больё  гэж шийдээд, тухайн үедээ, одоо ч гэсэн ОХУ-ын хамгийн нэр хүнд бүхий их сургууль,  Москвагийн анагаах ухааны академи гээд тухайн үедээ хамгийн номер нэг анагаах ухааны их сургуульд суралцаж төгссөн” гэв.
Анагаахын сургуульд суралцаж байх үеэсээ л тэр сониуч зантай хүү байж. Мэс заслын чиглэлээр суралцахаас гадна өөр олон өвчний судалгаанд анхаарал хандуулж, тэр дундаа тропикийн өвчнүүд буюу халуун бүсийн  халдварт өвчнүүд, тархвар судлалын чиглэлээр сонирхон судалж эхэлжээ. Түүний сонирхлыг эпидемиологи буюу тархвар судлал, паразитлогийн судалгаанууд маш их татсан байна.  Тиймээс анагаахын сургуульд суралцаж төгссөнийхөө дараа  Анагаах ухааны паразитлогийн институтид дахин 2-3 жил суралцаж төгсчээ. Үүнийхээ дараа халуун бүсийн өвчлөл, хумхаагийн чиглэлээр ажиллаж байхдаа социалист ЗХУ дотроо, зүүн Азийн улс орнууд болох Казахстан, Азербайжан, Туркменистан, Узбекистан зэрэг орнуудад халдварт өвчний чиглэлээр ажиллаж байсан байна. Мөн үүнийхээ дараа дэлхийд болон ОХУ дотроо хамгийн алдартай  Вирус судлалын лабораторид,  цагаан цэцэг өвчний лабораторид олон орны чадварлаг эрдэмтэдтэй хамтран ажиллах боломж олджээ. Энэ л үедээ тэр дэлхийд нэр алдраа мөнхөлсөн олон багш нараас туршлага мэдлэгийг хуримтлуулж, эрүүл мэндийн салбартай ажил, амьдралаа холбож, жинхэнэ шинжлэх ухаанч, вирус судлаач нэгэн болжээ
“Энд ажиллаж байхдаа би профессор Мариникова, Мальцева гэдэг хоёр алдартай эрдэмтэн багшийн удирдлаган дор ажилладаг байсан. Энэ хоёр эрдэмтэн багш маань дэлхийн олон оронд, ОХУ-д цагаан цэцэг өвчнийг вакцинжуулалтаар устгахад Энэтхэг, Бангладеш зэрэг олон орны эрдэмтэдтэй хамтран ажилладаг байсан. Ер нь намайг тэнд ажиллаж байх үед ОХУ цагаан цэцэг өвчин устлаа гэсэн статусаа авчихсан байсан. Тиймээс бид өөр бусад өвчин, амьсгалын замын өвчнүүд, улаанбурхан, улаанууд, эхээс урагт дамждаг халдварт өвчнүүд, тэмбүү, херпес буюу  бидний сайн мэдэх хомхоо үүсгэгч вирус, цитомегаловирус зэрэг олон халдварт өвчинд зориулан вакцин гаргах чиглэлээр ажиллаж байсан” гэв.
 
ДЭЛХИЙД ДАНСТАЙ ХҮН БОЛСОН ТҮҮХ
 
ОХУ-ын иргэн, вирус судлалын ухааны доктор, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица  манай улсад томилогдохын өмнө ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төв, мөн Бангладеш, БНАСАУ, Этиоп зэрэг улсад ажиллаж байсан туршлагатай. Түүний дэлхийд данстай хүн болсон түүхийг сонирхвол “Би вирус судлалын лабораторид ажиллаж байхдаа нэг удаа Узбекистан руу Полийг устгах үйл ажиллагааны хүрээнд техникийн тусламж дэмжлэг үзүүлэх зөвлөхөөр очиж ажиллаж байсан юм. Тэр үедээ АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн ажилтнуудтай танилцаж, Узбекистанд ирсэн зорилго, чиглэлээ танилцуулсан. Гэтэл тэр хүмүүс намайг энэ чиглэлээрээ өөр бусад улс оронд тусламж дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байна уу? гээд надад энэ чиглэлээр ажиллах хүсэлт тавьсан. Магадгүй, би тэр үед сайн ажиллаж байсан байх. Тэгээд би хэсэг хугацаанд АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвд зөвлөхөөр ажилласан. Тэр дундаа Этиоп улсад очиж, Полийг устгах чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллаж байсан юм. Энэ хугацаанд ДЭМБ-аас надад ажлын санал ирсэн. ДЭМБ-ын Этиоп дахь Суурин төлөөлөгчөөр ажиллах боломжтой юу гэсэн саналыг тавьсан. Тиймээс миний амьдралд энэ полийг устгах үйл ажиллагаа хэзээ ч мартагддаггүй юм. Би энэ хөтөлбөрт их дуртай байсан. Энэ хөтөлбөр ядуу буурай орнуудад эрүүл мэндийн систем талаасаа маш их дэвшил авчирсан. Тухайлбал, Этиопт гэхэд ядуу буурай орны ард иргэдэд хамгийн анх эрүүл мэндийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн хүмүүс нь Полийг устгах хөтөлбөрийн мэргэжилтнүүд байсан. Хоёрдугаарт энэ хөтөлбөрийн үр дүн маш сайн байсан. Ганц вакцин ч биш эрүүл мэндийн маш олон тусламж үйлчилгээг цогцоор нь хүргэж чаддаг байсан. Витаминжуулалт, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийг явуулах гээд эрүүл мэндийн олон тусламж дэмжлэгийг цогцоор нь үзүүлдэг байв. Үүний дараа надад Бангледеш улсын Дархлаажуулалтын албыг хариуцаж ажиллах санал ирсэн. Би энэ ажлыг найман жил хийсэн. Мөн үүнийхээ дараа Номхон далайн баруун бүсийн 37 орны Дархлаажуулалтын асуудлыг хариуцсан зохицуулагчаар ажилласан. Би энэ ажлаа бас сайн хийсэн юм шиг байгаа юм. Номхон далайн  баруун бүсийн захирал Такэши Касай  намайг бүхэл бүтэн нэг улсын эрүүл мэндийн асуудлыг хариуцаж ажиллуулахаар ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилон ажиллуулсан” гэв. Тэрээр цааш хэлэхдээ “Ер нь энэ бүхнээс дүгнэж хэлэхэд, миний эрүүл мэндийн салбарт ажилласан анхны гараа бол нэлээд шинжлэх ухаанч байдлаар эхэлсэн. Өөрөөр хэлбэл, вирус судлалын лаборатори, илүү академик чиглэлээр эхэлж байгаад Полийг устгах хөтөлбөртэй салшгүй холбогдож эхэлснээс хойш нийгмийн эрүүл мэнд гэдэг асуудалтай нягт холбогдож ажилласан. Энэ үйл ажиллагаа нь олон улсын томоохон хөрөнгө оруулагч байгууллагуудтай хамтарч тэдний тусламж дэмжлэгээр хөтөлбөрөө хэрэгжүүлдэг юм. Жишээ нь, Билл Гейтсын сан, АНУ-ын Өвчний хяналт сэр­гийлэлтийн төв, ДЭМБ зэрэг олон байгууллагууд хамтарч ажилладаг. Би энэ хөтөлбөрт орж ажилласнаараа олон чиглэлээр мэргэшсэн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болсон. Би 1996 оноос хойш эрүүл мэндийн салбарт ажиллаж байна” хэмээн сонирхолтой сайхан түүх өгүүлэв.  
 
АМЖИЛТ БҮРИЙН ЦААНА ГЭР БҮЛ БАЙДАГ
 
Хэн нэгнийг амжилтад хүрэхэд түүний ард хайр халамж дүүрэн гэр бүл, зохион байгуулалт, менежмент сайтай эхнэр, зааж зөвлөх аав, ээж  хамгийн бат бөх суурийг тавьж, хүний хөгжлийг бүтээж байдаг. Ээж, аав, эхнэр хүүхэд, хамт олон гээд хэнийх нь ч халамж, дэмжлэгийг авалгүйгээр оргил өөд мацсан, тэгээд  амжилтын оргилд гарсан хүн нэгээхэн ч үгүй билээ. Тэр утгаараа  дэлхийн өнцөг булан бүрт хүрч ажилладаг НҮБ, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагын мэргэжилт­нүүд, хүний эрхийн төлөө тэмцэгчид, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, боловсролын байгууллагынхан гээд дэлхийд данстай эдгээр хүмүүс бусдын төлөө сайн сайхны төлөө ажиллахдаа өөрийн амь бие, эрүүл мэнд, гэр бүлээ хүртэл золиослон тэмцдэг гэдгийг бид бас л бодох хэрэгтэй, тэдний хичээл зүтгэлийг бас ойлгох хэрэгтэй юм. Яагаад гэвэл түүнийг энд ажиллаж байх хооронд гэр бүлийн хүн нь мөн ажил, албан тушаалын карьераа мартаж, үр хүүхэд, аав ээжийгээ халамжилсаар, өөрийгөө мартах нь олонтаа. Түүний амьдрал ч бас ийм л замыг туулж яваа аж. 
Тэрээр эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Эхнэртэйгээ 1988 онд гэрлэжээ. Харин хөрш орон, ОХУ хэдий ойрхон ч дэлхийг хэрсэн коронавирусын тархалтаас болоод мөн л хоёр тусдаа амьдарч байгаа гэнэ. Энэ тухай тэрээр “Олон улсад данстай хүн болсноос хойш заримдаа эхнэрээсээ хол амьдрах үе олон байдаг. Энэ нь цаанаа маш олон шалтгаантай. Хүүхэд маань сургуульд орно. Эхнэр хүүгээ хараад үлдэнэ. Дээрээс нь өнөөдөр бидний аав ээж өөр газар амьдарч байлаа гэхэд, үргэлж эрүүл байна гэж байхгүй. Бидний халамж дэмжлэг үргэлж хэрэгтэй болно. Тэр бүхнийг эхнэр минь зохицуулж, өөрийнхөө ажлыг золиосолж, намайг дэмжиж ажилладаг. Монголд амьдарч байсан сүүлийн хоёр жилд эхнэр бид хоёр хамт амьдарч байсан. Өнгөрсөн жилийн зул сарын баяраар би Москвад оччихоод ирсэн. Харин эхнэр маань дөрөвдүгээр сард ирэх ёстой байсан ч харамсалтай нь “COVID-19”-өөс болоод ирж чадаагүй. Гэхдээ бид үүндээ бараг дасчихсан байдаг даа.
 
 
 
Олон улсын мэргэжилтэн байна гэдэг заримдаа хүссэн, хүсээгүй гэр бүлээсээ тусдаа амьдрах зайлшгүй шаардлагатай тулгардаг. Жишээ нь, би энэ амьдралынхаа 50-иас дээш хувьд нь гэр бүлээсээ хол, тусдаа амьдарсан байна. Энэ нь мэдээж цаанаа ажил, амьдралын олон шалтгаантай байдаг” гэв. 
 
 
 
ВАКЦИН ГАРТАЛ БИД ХЯНАЛТАА СУЛРУУЛЖ БОЛОХГҮЙ
 
Ингээд ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзсан бидний яриа эрүүл мэндийн салбарын хөгжил, тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд гээд цаг үеийн олон сэдвээр цааш өрнөсөн ч нийтлэлээ энэ хүргээд өндөрлөе. Ажил, албаныхаа ярианд тэрээр “COVID-19” вирусын тархалтын үед монголчууд маш ухамсартай, хариуцлагатай ажиллаж байгаа. Мөн маш сайн зохион байгуулалттай,өндөр хэмжээнд зөв хариу арга хэмжээ авч ажиллаж байгааг би олон удаа илэрхийлж байсан. Мөн энэ бүх оновчтой, зөв шийдвэрүүдээрээ олон улсад ч бас үлгэр жишээ болж байгааг дурдах хэрэгтэй. Өнөөдөр Монголд дотооддоо халдвар тархаагүй, дандаа гадны улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдолууд байгаа. Монгол Улсын Засгийн газар болон олон салбарын хамтын ажиллагааны үр дүнд бид амжилттай ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Мөн “COVID-19” нийгэм, эдийн засагт олон сөрөг нөлөө үзүүлж байгааг бид мэднэ. Тийм болохоор олон хоригуудыг сулруулж, заримыг нь чөлөөлсөн. Тиймээс одоо бидний хамгийн сайн анхаарах зүйл бол хамгийн гол нь аюулгүй байдлаа бүрдүүлж анхаарч ажиллах хэрэгтэй. “COVID-19” бол вирусээр үүсгэгддэг өвчин. Хэн ч өвдсөн байлаа гэхэд гаднаас нь хараад жирийн ханиаднаас ялгаж, шинэ коронавирусээр өвдсөн байна гэж ялгаж салгах боломжгүй. Хэн нэгэн өвдөөд бусдад халдвар тараагаад, бүр хүндэрсний дараа “COVID-19”-өөр өвджээ гэдгийг мэдэх магадлал өндөр. Тиймээс бид анхаарал сэрэмжээ сулруулж болохгүй. Цаашид бид үйл ажиллагаагаа хэвийн явуулах байсан ч “New normal” буюу шинэ хэв маягаар амьдрах хэрэгтэй. Хэрхэн аюулгүй байдлаар үйл ажиллагаагаа явуулах вэ гэдгээ маш сайн бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид боловсролын байгууллага, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, супермаркетын үйлчилгээ гээд олон салбарын үйл ажиллагааг хэрхэн аюулгүй байдлаар хүргэх вэ гэдэг тал дээр зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах болно. Мэдээж, “COVID-19” вирусын тархалтаас хойш,  вакцин гартал бид хуучин хэвээрээ ажиллах боломжгүй. Тиймээс эмийн бус арга хэмжээнүүд, маск зүүх, зай барих зэрэг арга хэмжээг бүх л үйл ажиллагаандаа хэрэгжүүлсээр байх ёстой” гэдгийг чухалчлан захисан юм. 
“Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс” гэсэн үгийг хэлэлцэн бид ярилцлагаа өндөрлөв. 
 
 
Б.Энхтуул
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин