sonin.mn
“Зууны мэдээ” сонин байгаль орчинд тулгамдсан асуудлыг нийтлэлийн бодлогодоо чухалчлан тусгадаг. Энэ удаад бид усны нөөц, ус намгархаг газрын хамгаалалтыг сайжруулах шаардлага, ховор амьтад тэр дундаа нүүдлийн шувуудын амьдрах орчин улам хумигдаж, экосистемд чухал нөлөө үзүүлдэг цэвдэгийн тархалт эрчимтэй буурч байгаа асуудлаар энэхүү цуврал нийтлэлийг эхлүүлж байна.  Юуны өмнө бидний ажилд туслалцаа үзүүлсэн Б.Нямбаяр захиралтай Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн хамт олон, ШУА-ийн Газарзүй, Гео-экологийн хүрээлэнгийн доктор Я.Жамбалжав нарт талархал илэрхийлье.
 
...Бидэнд хамгийн түрүүнд баригдсан нь хархираа тогорууны дэгдээхэй. Сандаргаж, зовоохгүйн тулд толгойд нь оймс углачихсан, цагаан тааран уутаар өлгийдүүлчихсэн ирсэн юм. Анх удаа ийм зүйлтэй нүүр тулсан дэгдээхэй сандарч байгаа нь илт хэд гозолзож байснаа тун удалгүй тайван байдалд шилжлээ. Харин км орчмын цаана байх нуурын дээгүүр хоёр тогоруу чанга дуугаар орилон ниснэ. Дэгдээхэйн эцэг, эх хоёр үрээ дуудан нэхэж байгаа нь тэр. Энэ хос хархираа тогорууны өнгөрсөн жил гаргасан хоёр өндөг болон энэ жилийн гаргасан эхний өндөг нь амжилтгүй болсон. Гурван удаагийн бүтэлгүйтлийн дараах амьдрах чадвартай болтол нь өсгөж чадсан дэгдээхэй нь энэ учир арга ч үгүй биз. Бөгжлөх, хэмжих ажил дуусаад дэгдээхэйгээ аажуухан тавиад толгой хэсгийг нь чөлөөлтөл нэг хэсэгтээ хөлөө зөөн гайхширч эргэлдэж байгаад, манай нэг судлаач руу хошуугаараа цохих гэж нэг үзээд аажуухан алхсаар яваад өгөв. Зэгс рүү дөхөнгүүт эх, эцэг нь тосч аваад бушуухан нууж орхих нь тэр, дуранд харагдахаа больчихов...
 
 
 
Өндгөө эр эмгүй ээлжилж дардаг, дэгдээхэйдээ хоолоо ээлжилж зөөдөг, үүр нутгаа хамгаалж тэмцдэг, нисэхэд бэлэн болоогүй дэгдээхэйгээ орхиод нүүж зүрхэлдэггүй гэр бүлсэг шувуу бол тогоруу юм.
 
 
 
Дэлхийд 15 зүйл тогоруу байдгийн долоо нь манай оронд бий. Тэр дундаа Хэнтий аймгийн Баян-Адарга, Батширээт, Өмнөдэлгэр, Биндэр гэсэн дөрвөн сумын нутгийг дамнан оршдог Хурх-Хүйтэн голын хөндий бол манай оронд элбэг тохиолддог өвөгт, хархираа тогоруу, түүнчлэн дэлхийд нэн ховордсон цэн тогорууны хамгийн олноороо зусдаг төрөлх нутаг гэж хэлж болно. Өвлийн хүйтэнд дулаан орон руу нүүдэллэн явдаг ч хавар энэ л нутагтаа ирж өндгөө гарган, үр төлөө өсгөж бойжуулдаг учраас Монгол орон бол төрсөн нутаг нь гэж хэлж байгаа юм. Харин тогоруу шувууны хамгааллын асуудалд “Дэлхийн шувуу” гэсэн байр сууринаас ханддаг. Учир нь жилээс жилд тоо толгой нь цөөрч, амьдрах орчин нь хумигдсаар байгаа усны шувуудыг дэлхийн улс орнууд нэгдэн нийлж хамгаалах үүрэгтэй.
Усны шувуу нутаглахад экосистемийн хувьд хамгийн ач холбогдолтой газруудыг олон улсын Рамсарын конвенцид бүртгэж авдаг. Монгол дагуур, Нууруудын хөндий, Өгий, Тэрхийн цагаан, Айраг, Хар-Ус, Ачит, Буйр, Ганга, Увс нуур, хамгийн сүүлд 2004 онд Хурх-Хүйтэн голын хөндий орчмыг Рамсарт бүртгэж авсан байна. Энэ конвенцид бүртгүүлэх шалгуур нь дэлхийн ховор шувуудын нэг хувь нь тэр газарт нутагладаг байх. Харин Хурх-Хүйтэн голын хөндийд дэлхийн цэн тогорууны популяцийн 11 хувь, хархираа тогорууны гурван хувь, өвөгт тогорууны нэг хувь, хар өрөвтасын бүс нутгийн популяцийн 15 хувь нь байршиж байна.
 
Нуур, гол, цөөрөм, гол болон нуурын хөндийн татам, намагжсан газар, чийглэг нуга, хүлэрт намаг, баянбүрд, голын адаг, зэрэг усан сан бүхий гэх мэт олон хэлбэрийг ус намгархаг газарт хамаатуулан ойлгодог. Тэгвэл Онон голын сав газарт хамаарах Хурх-Хүйтэн голын хөндий бол 40 гаруй км сунаж тогтсон цэвдэг, хүлэрт намгийн тусламжтайгаар олон тооны нуур цөөрөм, ус намгархаг газрыг бүрдүүлдэг үржил шимтэй нутаг учраас нэн ховордсон усны шувууд нүүдлийн шувууд, бусад олон амьтны амьдрах тун таатай орчин.
 
 
Түүнчлэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг юм. Харин уур амьсгалын нөлөө, хүний буруутай ажиллагааны нөлөөнөөс болж жилээс жилд энэхүү үзэсгэлэнтэй, үржил шимт хөндийн нуур, цөөрмүүд ширгэж,  доройтож, нэн ховор амьтдын амьдрах орчин хумигдсаар байгаа нь харамсалтай. Тиймээс хадгалж хамгаалж үлдэх асуудал нэн чухал бөгөөд манай улсын хувьд олон улсын өмнө хүлээсэн үүрэг болсон нь Рамсарын конвенцээр баталгаажсан байдаг.
 
ШУВУУ БӨГЖЛӨХ АЖЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
 
 
“Дундбаян ч ус ихтэй байгаа байх даа” гэсээр тулж очтол бараг ширгэсэн байхыг үзээд машин дотор явсан хүмүүсийн дуу намсхийгээд л явчихав. Хэнтийн нутгаар энэ жил бороо хур арвин, зуншлага сайхан байгаа ч яг энэ хавиар төдийлөн орохгүй байгаа бололтой. Хурх-Хүйтэний хөндий хүртэл 3-4 гол гаталдаг нь энэ жил ус багатай, зарим нь ширгэсэн харагдана.
Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв нь Олон улсын тогорууны сан болон Лейдэн хамгааллын сан, АНУ-ын Ойн албаны дэмжлэгтэйгээр МУИС, ШУА, Хэнтий аймгийн болон сумын захиргаа нөхөрлөлүүдийн оролцоотойгоор Хурх-Хүйтэн голын хөндийн ус намгархаг газрын экосистемийн олон талт судалгаа, хамгааллын ажлыг 2013 оноос тогтвортой гүйцэтгэж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлт, ургамлын судалгаа, нүүдлийн болон суурин шувуудын судалгаа, орчны хамгаалал гээд олон ажлыг тэнд явуулдгийн нэг баг нь болох цэн тогоруу хамгаалах ажилд төрийн байгууллагаас эхлээд насаараа ажиллаж байгаа шувуу судлаач, доктор Н.Цэвээнмядаг, залуу судлаач С.Түвшинтөгс нарын хамт тогоруу бөгжлөх ажил үзэхээр яваа минь энэ юм.
Тэд Хурх-Хүйтэний хөндийд жилдээ 3-4 удаа ирнэ. Хавар тогоруунууд ирэхэд, дараа нь өндөглөхөд нь, өндөгнөөс гарсан дэгдээхэйг нас бие гүйцээд аав, ээжийгээ даган нисэхээс нь өмнө, намар нутгаа орхин нисэх үед бөгжтэй шувуудаа бүртгэх гэж  бас ирж ажиллана. Нийтлэлийн эхэнд дурьдсан хархираа тогорууны хосын дэгдээхэй гурван бүтэлгүйтлийн дараах амжилттай бойжилт болсон гэдгийг энэ багийнхны ажиглалт, судалгаагаар баталгаажуулж хэлж байгаа юм. “Энэ орчимд хоёр хос, тэнд нэг хос байх ёстой” гээд тогоруу бүрээ андахгүй мэдэх юм билээ тэд.
 
 
Бөгжлөх шувууны хэмжилтийг хийж, бүртгэж байна.
 
Жилд дунджаар 60 орчим цэн тогоруу, мөн тооны өвөгт тогоруу, хархираа, цагаан тогоруу, мөн бусад нүүдлийн суурин шувуудыг бөгжлөн бүртгэх, заримд нь дамжуулагч суулгах ажлыг тэд хийдэг. Өнгөрсөн хугацаанд 300 орчим тогоруунд өнгөт бөгж зүүж, 80 орчим шувуунд нэг бүрчлэн 1500-3950 ам.долларын үнэтэй дамжуулах төхөөрөмжийг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр суулгажээ.  Ингэснээр шувуудын нүүдлийн онцлог, тоо толгой, хорогдол, өвчлөл, үржил гээд бүх мэдээлэл, датаг бүрдүүлж, манай тогоруудын очиж өвөлждөг Хятад, Орос, Солонгос, Япон, Энэтхэг зэрэг орны судлаачидтай мэдээлэл солилцон хамтран ажилладаг байна.
Цэн болон өвөгт тогоруу жилд 1-2 удаа л өндөглөнө. Нэг удаад хоёр өндөг гаргана. Хавар дөрөв тавдугаар сард нутагтаа ирээд тавдугаар сарын 10-ны дотор гаргасан өндөг нь амжилтгүй болвол дахиад өндөглөхийг хичээнэ. Хожуу өндөглөснөөс болж дэгдээхэйн бойжилт заримдаа гүйцдэггүй, нүүдлийн цуваанаасаа хоцорно. Тэглээ гээд тэд үр төлөө орхин нисэхгүй. Ноднин ийм шалтгаанаар  цэн тогорууны хоёр ч хос нутагтаа оройтож нүүжээ.
 
 
 
Шувуу бөгжлөх ажил амаргүй юм. Өнгөрсөн хавар төрөөд удахгүй аав, ээжийгээ дагаад дулаан орныг зорихоор бэлтгэж байгаа, гэхдээ арай нисч сураагүй байгаа дэгдээхэйг барьж бөгжлөх учиртай. Ер нь тогоруу барих гэдэг туршлагтай судлаачын удирдлага дор олон хүн шаарддаг, хүмүүсийн хооронд нилээн их координац шаарддаг ажил аж.
 
 
 
Эцэг, эх нь үр төлөө орхиж явах нь бараг үгүй тул тэдэнд ажиг авахуулахгүйгээр хамгийн ойр зайд дөхөж очих боломж нь дор хаяж 1-2 км зай. Ийм зайнд дөхөж очоод дурандах ажил эхэлнэ. Гүйлтийн багийнхан дурангийн багийнхны зааварчилгааны дагуу станцаар холбогдож нуур, намаг, зэгсэн дундуур дэгдээхэйтэй хөөцөлдөн гүйж барьж авдаг. Тэдний ажилд их, дээд сургуульд биологи, экологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд сайн дураараа тусална. Намганд шигдэж орох, шумууланд хазуулах гээд багагүй төвөгтэй ажил юм. Гүйлтийн баг, дурангийн баг хоёр харилцан сайтар ойлголцсоны үр дүнд эхний өдрөө бид нийтлэлийн эхэнд дурьдсан хархираа тогоруун дэгдээхэйг маш хурдан бариад авав. Харин дараа өдөр нь бүтэн өдрийн турш хөөцөлдсөөр цэн тогорууны ганц дэгдээхэй барьж авсан юм. Цэн тогоруу нь намаг, нуурынхаа голд нутагладаг тул барихад хүндрэлтэй. “Энэ жил цэн тогорууны 56 дэгдээхэй барьж бөгжлөх учиртай. Өдөрт нэгийг гэвэл амжихгүй байсаар нисгэх нь л дээ” гэсээр Н.Цэвээнмядаг ах зогсоо зайгүй дурандана. Гэхдээ миний араас ирсэн мэдээгээр тэд ажлаа амжилттай дуусгаад ирсэн гэнэ лээ. Харин өвөгт тогорууны хувьд ихэвчлэн тал хээр газар зусдаг учраас асуудал харьцангуй багатай аж.
 
ЦЭН ТОГОРУУН ТОО ХОТТОЙ ХОНИОС ИХГҮЙ БОЛТЛОО ЦӨӨРЧЭЭ
 
 
Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн шувуу судлалын багийнхан.
 
Дэлхий дээр ердөө 7000 орчим үлдсэн цэн тогоруу нь баруун ба зүүн гэсэн хоёр үндсэн популяцид хуваагддаг. Үүний баруун талын популяцид нь 1500 орчим цэн тогоруу байхаас 1000 орчим нь Монголд нутагладаг. ЗАСХТ-ийн захирал доктор Б.Нямбаярын зүйрлүүлж хэлснээр бол манай орны цэн тогорууны тоо толгой нэг дөмөгхөн айлын хоттой хониос ихгүй  гээд бодохоор энэ шувуу ямар ховор болохыг харуулна.
 
 
 
Монголд жил бүр 400 орчим хос өндөглөдөгийн 60-70 хос нь Хурх-Хүйтэний голын хөндийд зусдаг байна. Тэд гурван нас хүрээд ихэвчлэн хосоо олдог, хосоо олчихоод өөрсдийн эзэмшил нутаг буюу үүр барих газрыг сонгоно. Нэг нэгнээсээ дор хаяж 100 метр орчим зайд үүрээ барина. Тэр хавийн газраа бусдаасаа харамлана, хамгаална. Нэг барьсан үүрэндээ дараа жил нь дахиад ирж зусах нь элбэг тул бүртгэх, тоолоход харьцангуй дөхөм болдог байна.
 
 
 
Тогорууны дэгдээхэйг барьж аваад юуны түрүүнд тайван байлгах үүднээс өлгийдөж, нүдийг нь боодог. Ингээд барьсан он сар, координатыг тэмдэглэж, бойжилтыг нь биеийн урт, жин, хошууны урт, далавчны урт зэргийг хэмжсэнээр үнэлж тэмдэглэж авна. Ингээд хөлөнд нь пластик материалаар хийсэн хөнгөн жинтэй өнгөт бөгжнүүдийг зүүх ба энэ нь шувууны хөдөлгөөнд огтхон ч саад учруулдаггүй аж. Тогоруу бүрийн төрөлд өөр өөр бөгж зүүнэ. Жишээ нь  хархираа тогоруунд гурван өнгийн бөгж зүүсэн бөгөөд бидний эхэнд барьсан дэгдээхэй хөх, хар, шар гэсэн гурван өнгөний кодоор тэмдэглэгдэв. Цэн тогоруунд бол нэг хөлөнд нь гурван бөгж, нөгөө хөлөнд нь нэг бөгж зүүдэг. Таван өнгийн бөгж ашигладаг учраас дахин давтагдашгүй өнгөний комбинац нь 600 орчим болдог. Өөрөөр хэлбэл нэг шувууны  бөгж нөгөөхтэй огтхон ч давтагдахүй бөгөөд шувуу бүрийг бүртгэлжүүлэн судалдаг гэсэн үг. Хүнээр бол регистрын дугаар л гэсэн үг. Энэ өнгөт бөгжний тусламжаар тухайн бодгалийн амьдралын түүхийг хөтлөдөг гэж болно. Бөгжлөх ажиллагааг дэгдээхэй болгонд ижил хийгээд тавьж явуулна. Дээр хэлсэнчлэн эцэг, эх нь холоос орилж нисэх үйлдлүүдийг гаргасаар байдаг. Цэн тогорууны бүл бүр дэгдээхэйгээ угтан ирж тосч аваад явж байсан. Иймэрхүү байдлаар зарим өдөрт ганцыг барьж байхад заримдаа 5-6, 10 гэх мэт барьсаар бөгжлөх ажил дуусна.
 
Бусад орны шувуу судлаачдын бөгжтэй шувуу ч манай оронд элбэг харагдах тул тэр болгоны мэдээллийг мөн солилцож ажилладаг байна. Ийнхүү бөгжлөх, дамжуулагч зүүсний үр дүнд шувууны нүүдлийн онцлогийг мөн судалж чаддаг бөгөөд хаанаөвөлжиж, зусахын тулд хэдэн км нисдэг, ямар саад бэрхшээлийг туулдаг, нутагтаа дахин дахин ирж байна уу, эсвэл өөр улсын нууранд үлдэж байна уу гээд бүх судалгааг гаргадаг байна. Энэ талаар дараагийн нийтлэлд үргэлжлүүлэн хүргэнэ. Мөн Хурх-Хүйтэний голын ургамал, хөрсний чийгшил, цэвдгийн судалгааны баримтыг хүргэхээр бэлтгэж байна.
Нүүдлийн тэр дундаа усны шувуудын амьдрах таатай орчин дэлхий даяар улам хумигдаж байгаагийн ганцхан жишээ нь Хүйтэн, Хурх гэсэн хоёр голын хөндий юм. Нуур цөөрмийн тоо, усны шувуудын тоогоороо ижилхэн экосистемтэй байсан Хүйтэний голын хөндийг Хурхтай хамт 2004 онд Рамсарын конвенцид бүртгүүлж байсан ч өдгөө тэнд 30 орчим нуураас ердөө тав, зургаа нь үлдэж, газрын дорх цэвдэг нь хайлж дууссан харамсалтай мэдээ байна. Усны шувууд нь Хурх орчмоо шилжин ирсэн байдалтай байна. Хэдийгээр өнгөрсөн тавдугаар сард Хурх-Хүйтэний голын хөндийг Байгалийн нөөц газрын хэлбэрээр улсын тусгай хамгаалалтад авсан ч Хурхынхаа өмнөхөн орших Хүйтэний хөндийн экосистемийг хамгаалахад оройтсон ажил болсон нь харагдаж байна. “Хүйтэн” гэсэн нэрнээс нь харахад ямархуу ач холбогдолтой газар байсан нь тодорхой. Тиймээс Хүйтэний хөндийн түүхийг Хурхад давтахгүйн тулд яах ёстойг дараа дараагийн нийтлэлүүдээр үргэлжлүүлэн хүргэх болно.
 
 
Үргэлжлэл бий
 
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин