БРЮССЕЛЬ, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /Kazinform/. Еврогийн бүсийн инфляц аравдугаар сард дөрвөн хувьд хүрсэн нь сүүлийн гурван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсныг Европын Холбооны Статистикийн газраас /Евростат/ нийтэлсэн урьдчилсан тооцоо харуулжээ. Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ огцом нэмэгдсэн үед тус бүсийн инфляц өсөж байна.
Инфляцын үзүүлэлт 2023 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Евро мөнгөн тэмдэгтийг хэрэглэдэг 21 орны жилийн инфляц есдүгээр сард 3.8 хувь байсан бол аравдугаар сард 4 хувь болж нэмэгдсэн байна.
Инфляц өсөхөд эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ есдүгээр сард 18.9 хувиар өссөн бол аравдугаар сард 20.8 хувьд хүрсэн байна. Мөн хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.3 хувиас 1.6 хувь, үйлчилгээний салбарын үнэ 3.2 хувиас 3.3 хувь болж өсжээ.“Capital Economics” компанийн эдийн засагч Жак Аллен-Рейнолдсын хэлснээр, эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнийн өсөлтөөс хүнсний бүтээгдэхүүний үнэд үзүүлж буй дам нөлөө одоогоор маш бага байна.
Харин эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ одоогийн түвшинд хадгалагдвал ирэх саруудад хүнсний бүтээгдэхүүний үнэд үзүүлэх нөлөө нь илүү тод мэдрэгдэж болзошгүй гэдгийг нэмж дурдсан байна.
Евростатын мэдээлснээр, Бельгийн инфляц аравдугаар сард 5.2 хувьд хүрсэн байна. Харин тус улсын Статистикийн газар /Statbel/ өнгөрсөн долоо хоногт инфляцын түвшнийг 5.26 хувь гэж мэдээлжээ. Эдгээр үзүүлэлтийн зөрүү нь Евростат болон Бельгийн Статистикийн газар инфляцыг тооцоолохдоо өөр өөр аргачлал ашигладагтай холбоотой ажээ.
Л.Буянаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 11 сарын 06,
2026
Сэтгэгдэл0