ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевтэй хаалттай уулзалт хийснээ мэдэгджээ. ОХУ-ын төлөөлөгч АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трампын зохион байгуулсан Цагаан ордны арга хэмжээнд Украины төлөөлөгчидтэй хамт оролцсоны дараа уг уулзалт болсон байна.
Д.Трамп В.Путиний төлөөлөгчтэй ямар асуудлыг хэлэлцсэнээ дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч Орос, Украины дайныг зогсооход чиглэсэн хэлэлцээр удахгүй байгуулагдаж магадгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын төлөөлөгчид энэ сарын 10-11-нд Абу-Даби хотноо ОХУ, Украины төлөөлөгчдийн хооронд болох хэлэлцээнд зуучлахаар төлөвлөж байна. Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ дайн дуусах шатандаа ойртсон бөгөөд мөргөлдөөнийг зохицуулах үйл явцад Европын бүх улс орон оролцож магадгүй гэж мэдэгджээ. “Энэ бол өргөн хүрээтэй хэлэлцээр байх бөгөөд гагц Украиныг хамрахгүй. Европ тивийг бүхэлд нь хамарч ч магадгүй. Энэ бол томоохон, маш сайн хэлэлцээр байх бөгөөд хүн бүр сэтгэл хангалуун үлдэнэ” гэж Д.Трамп хэлсэн байна.
Тэрбээр Дэлхийн II дайнаас хойш Европт хамгийн олон хүний аминд хүрсэн энэхүү мөргөлдөөнийг эцэслэх хэлэлцээр байгуулагдахад ойртсон гэж өмнө нь олон удаа мэдэгдэж байсан юм. Сүүлийн хэдэн долоо хоногт хэлэлцээний явц эрчимжээд байна.
Д.Трамп пүрэв гарагт Украины төлөөлөгчидтэй уулзаагүй гэдгээ мөн мэдэгджээ. Харин АНУ-ын албаны хүмүүс пүрэв гарагт Брюссель хотноо Украин, НАТО болон Европын түншүүдтэй Украинд аюулгүй байдлын баталгаа гаргах, Европын аюулгүй байдлыг хангах өргөн хүрээний тогтолцооны талаар “үр дүнтэй, гүнзгий агуулга бүхий яриа хэлэлцээ” хийсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Жаред Кушнерын мэдээлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 11 сарын 06,
2026
Сэтгэгдэл0