sonin.mn

Хүний биеийн уян хатан байдал, тэсвэр тэвчээр, хөдөлгөөний эвсэл, гоо зүйн мэдрэмжийг хослуулдаг урлаг бол уран нугаралт. Нэгэн зэрэг хүч, уян хатан чанар, нарийн мэдрэмж, хөдөлгөөний гайхамшгийг уран тансагаар илэрхийлэх энэ урлагийн үзүүлбэр бүрийн цаана уйгагүй бэлтгэл, хичээл зүтгэл шингэсэн байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа “Цэцэгс” уран нугаралтын төвийн авьяаслаг уран нугараач, нийслэлийн 49 дүгээр сургуулийн сурагч Б.Одгэрэлийг урьж, ярилцлаа.

 

-Уран нугаралтаар хэдэн настайгаасаа хичээллэж эхэлсэн бэ?


-Би таван настайгаасаа уран нугаралтаар хичээллэсэн. Авьяасаа хөгжүүлж, илүү сайн нугардаг болохын тулд ээж маань намайг “Цэцэгс” төвд бэлтгэлд явуулсан. Тухайн үед манайх Эмээлт захын ойролцоох 61-ийн тэнд амьдардаг байсан болохоор өглөө эрт босож, бэлтгэлдээ явдаг байсан. Дараа нь хотод нүүж ирснээр бэлтгэл хийх газар маань ойртсон. Би өөрөө уран нугаралтад дуртай учраас бэлтгэлдээ ч дуртай явдаг. Одоо ес дэх жилдээ хичээллэж байна.


-Анх тэмцээнд оролцож байсан дурсамжаасаа хуваалцаач?


-Зургаан настайдаа нэг тэмцээнд оролцож, хүрэл медаль авч байсан. Дараа нь Өсвөрийн циркчдийн V наадамд оролцсон юм. Тэгээд багаараа нэгдүгээр байр эзэлж, олон улсын тэмцээнд оролцох эрх авсан. Тэмцээний шагнал гардуулах үеэр бид өөрсдийгөө хоёр эсвэл гуравдугаар байрт орох байх гэж бодоод нэрээ дуудахыг хүлээж байлаа. Гэтэл бидний нэрийг дуудаагүй болохоор байр эзлээгүй юм байна гэж бодоод сэтгэлээр унасан. Тэгсэн чинь “Нэгдүгээр байр, “Цэцэгс” уран нугаралтын студи” гэж зарлахад нь маш их баярлаад уйлж байсан. Тэр тэмцээнд наймуулаа оролцож, тэнцвэрийн үзүүлбэр үзүүлсэн. Анхныхаа тэмцээнд амжилттай оролцож, багаараа түрүүлсэндээ маш их баярласан.


-Анх удаа олон улсын тэмцээнд оролцох ямар байсан бэ?


-Багаараа Латви улсад болсон олон улсын өсвөрийн циркчдийн тэмцээнд оролцож, хоёрдугаар байр эзэлж, шүүгчийн нэрэмжит шагнал авсан. Анх удаа онгоцоор нисэх гэж байгаа болохоор бүгдээрээ их баярлаж байсан. Тэмцээн хоёр өдөр үргэлжилсэн. Эхний өдөр үзүүлбэрээ үзүүлж, дараагийн өдөр нь финалын шатанд оролцсон. Манай баг тэнцвэрийн үзүүлбэр үзүүлж, бас хөлөөрөө нум сум харвасан.


Бусад орны хүүхдүүд ч их мундаг байсан болохоор догдолж, бас сандарч байлаа. Үзүүлбэрээ үзүүлэхдээ “Бэлтгэлээ маш их хийсэн шүү дээ, одоо алдаж болохгүй” гэж боддог байсан. Тэгээд тэмцээндээ амжилттай оролцож хоёр шагнал авахдаа маш их баярласан.


Тэмцээний сүүлийн өдөр бүх орны хүүхдүүд оройн хоолонд ороход манай багийнхан дээлээ өмсөөд очсон. Бусад орны хүүхдүүд “Та нар мундаг байсан шүү” гээд, хэл сайн ойлголцохгүй ч үг, үйлдлээрээ ойлголцож, ярилцах их гоё байсан. Өөр орны хүүхдүүдтэй танилцаж, хамтдаа цагийг өнгөрүүлсэн нь гоё дурсамжтай байдаг.


-Хөлөөрөө нум сум харвах үзүүлбэрийг сурахад хэр хугацаа зарцуулсан бэ?


-Би дөрөвдүгээр ангид байхдаа хөлөөрөө нум сум харваж сурсан. Анх хөлөөрөө нумыг сайн хавчиж чадахгүй, хөл цэврүүтээд нэлээд хэцүү байсан. Бараг сар орчим бэлтгэл хийсний эцэст сурсан. Одоо хөлөөрөө нум сум харвахдаа олон янзаар харваж чаддаг болсон.


-Үзүүлбэрээ үзүүлж байхдаа өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?


-Өндөрт гарч үзүүлбэрээ үзүүлэхдээ тэнцвэрээ сайн олж, алдаа гаргахгүй байхыг хичээдэг. Бас “Бэлтгэлээ маш их хийсэн шүү дээ, одоо алдаж болохгүй” гэж боддог.


-Уран нугаралтаар хичээллэхийн хамгийн гоё зүйл нь юу вэ?


-Уран нугаралтаар хичээллэхийн хамгийн гоё мэдрэмж нь үзүүлбэрээ үзүүлсний дараа үзэгчид алга таших. Тэр үед маш их урам зориг авдаг. Эхэндээ хөдөлгөөнүүдийг сурахад хэцүү, заримдаа шантрах үе гардаг. Харин үзүүлбэрүүдээ сайн сурчихвал улам гоё, амархан санагддаг.

Уран нугаралт дэлхийд танигдсан гоё зүйл шүү дээ. Тиймээс уран нугаралтаар хичээллэдгээрээ бахархдаг. Бас Монголынхоо өв соёлыг тээж яваа болохоор их гоё. Энэ спортоор хичээллэснээр олон найзтай болсон. Одоо агаарын цагариг сурах гэж байгаа.


-Долоо хоногт хэдэн өдөр бэлтгэл хийдэг вэ. Хичээл, бэлтгэлээ хэрхэн зохицуулдаг вэ?


-Долоо хоногт таван өдөр бэлтгэлдээ явдаг. Өглөө хичээлдээ явчхаад бэлтгэлдээ орно. Уран нугаралтаар хичээллэхэд байнга бэлтгэл хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол бие хөшиж, хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй болдог. Тийм болохоор бэлтгэлээ таслахгүй байхыг хичээдэг. Ангийн багш, найзууд маань намайг тусалж дэмждэг. Тэмцээнд яваад ирсний дараа хичээлээ хийхэд найзууд маань тусалдаг.


-Уран нугаралтаар хичээллэж эхэлснээр ямар төлөвшлүүдийг өөртөө суулгасан бэ?


-Би илүү нээлттэй, бие дааж, бас цагаа төлөвлөж сурсан. Солонгос, Хятад руу гэрээгээр явахдаа олон зүйл сурсан. Гадаадад байхдаа олон найзтай болж, шинэ орчинд дасах гээд олон зүйл сурсан.


-Солонгост хэр удаан байсан бэ?


-Бусаны Сичионд нэг жил болсон. Өдөрт 3-4 тоглолтод оролцдог байсан. Өдөр бүр тоглолттой болохоор өглөө эрт босож, нүүрээ будаад тоглолтдоо бэлдэнэ. Эхний нэг сар гэрээ их санасан. Аав, ээжийгээ их санадаг байсан ч яваандаа дассан.


-Гэр бүлийнхэн нь уран нугаралтаар хичээллэхэд нь хэрхэн дэмждэг вэ?


-Аав ээж маань намайг маш сайн ойлгож, үргэлж дэмждэгт нь баярладаг. Заримдаа шантраад “Дугуйлангаасаа гарчих уу” гэхэд аав, ээж маань “Уран нугаралтаар хичээллэж сурахын тулд олон жил зарцуулсан шүү дээ. Битгий шантраарай.Мундаг шүү дээ. Үзүүлбэрээ сайн хийж чаддаг юм чинь тайзан дээр гараад бэлтгэл дээрээ үзүүлдэг шигээ үзүүлчих, чи чадна аа” гэдэг. Үзүүлбэрээ үзүүлчхээд тайзнаас буугаад ирэхэд “Ёстой сайн байсан” гэж магтдаг. Энэ бүхэн маш их урам зориг өгдөг.


-Цаашдаа ямар амжилт гаргахыг мөрөөддөг вэ?


-Олон улсын томоохон тэмцээнд оролцох мөрөөдөлтэй.Тэр тэмцээнүүдэд амжилттай оролцож, медаль авахыг хүсдэг. Мөн уран нугаралтаа улам сайн сурч, илүү олон гоё үзүүлбэр хийж сурна аа.


-Үлгэр дуурайлал авдаг уран нугараачид бий юу?


-Багш нараасаа их үлгэр дуурайлал авдаг. Багш нар маань “Циркийн урлагт хамгийн хэцүү нь уран нугаралт байдаг. Сайн сураарай” гэж хэлдэг. Бас Аззаяа гэдэг “Нарны цирк”-т тоглодог эгчээс үлгэр дуурайлал авдаг.


-Уран нугаралтаар хичээллэхийг зорьж байгаа бяцхан дүү нартаа юу гэж хэлмээр байна?


-Уран нугаралтаар хичээллэхэд эхэндээ шантрах үе байдаг ч сурчихвал маш гоё. Бэлтгэлдээ тууштай яваад хичээгээд байвал сунгалт сайтай болно оо.


П.АМГАЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин