sonin.mn
ТОКИО. /TASS/. Япон улсад 8 дугаар сарын 3-наас 9-нийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн хэт халууны улмаас 10 хүн нас барж, 6.6 мянга орчим хүн эмнэлэгт хүргэгджээ.
 
Биеийн байдал нь хүнд байгаа 180 хүн урт хугацаанд эмнэлэгт хэвтэх шаардлагатай байгаа бол өөр 2.4 мянган хүний биеийн байдал дунд зэрэг байна.
Хэт халалтын улмаас бие нь тавгүйрхсэн иргэдийн дийлэнх нь 65-аас дээш насныхан байжээ. Хэмнэлт хийх үүднээс тэдгээрийн зарим нь агааржуулагчаа ажилуулахгүй байх тохиолдол олонтаа гардаг байна. Халуун өдрүүдэд эрүүл мэнддээ сайн анхаарч, илүү их шингэн зүйлс уухыг эрх баригчид ард иргэдэд анхааруулжээ.
Энэ долоо хоногт Японд зуны хамгийн халуун өдрүүд тохиож байна. Зарим дүүрэгт агаарын хэм өдрийн туршид 38 хэмээс дээш хүрч халжээ. Тухайлбал, төвийн Гумма мужид 8 дугаар сарын 11-нд 40.1 хэмд хүрч халсан байна. Япон улсад 7, 8 дугаар сард хамгийн халуун үе тохиодог байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг