sonin.mn
Чөлөөлөх дайны түүхт ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин Ш.Багаажав гуайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ө.Эрдэнэ-Очир гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
 
 
 
Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө галын шугамд тулалдаж явсан түүний алдар, гавьяаг ийнхүү өндрөөр үнэлэн шагнаж байгаа бөгөөд Ш.Багаажав гуай өдгөө 103 настай юм. Тэрээр “Цэргийн хүүхдүүддээ баярлалаа. Та бүгдийнхээ хайр хүндэтгэлийг эдэлж амар тайван амьдарч байна даа. Үргэлж үйлс нь өөдөө байх болтугай” хэмээн урмын үгээ хайрласан бөгөөд үүний хариуд хурандаа Ө.Эрдэнэ-Очир эрүүл энх байж, урт удаан наслахыг ерөөсөн юм.
 
 
 
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Бямбасүрэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн мөнгөн тусламжийг гардуулан өглөө.
 
 
Эх сурвалж: "Соёмбо сонин"