sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Эрчим хүчний яамны Үндэсний хурдасгуурын “SLAC” лабораторийн эрдэмтэд 3200 мегапикселийн нарийвчлалтай анхны зургуудыг туршилтын журмаар авчээ. Эдгээр зургуудыг Чили улсад баригдаж буй огторгуйн дуранд суурилуулах дэлхийн хамгийн том дижитал камераар авсан байна.
 
 
 
 
Зургууд маш том учир тэдгээрийг бүрэн хэмжээгээр нь харуулахын тулд 4К нягтралтай 378 ширхэг телевизийн дэлгэц шаардлагатай бол нягтрал нь 25 километрийн зайнаас гольфын бөмбөгийг харах боломжийг олгох аж. Энэхүү камер нь одон орны ажиглалтын нарийвчлалыг урьд өмнө байгаагүй түвшинд хүргэнэ гэж бүтээгчид нь онцолжээ.
 
 
 
Ажиглалтын дуранд суурилуулсны дараа уг камераар дэлхийн өмнөд тал бөмбөрцгөөс харагдах тэнгэрийн панорам зургийг арван жилийн турш авах аж. Үүний дараа хүлээн авсан мэдээллүүдийг бүх цаг үеийн хамгийн том одон орны каталог болох LSST (Legacy Survey of Space and Time) –ийг бүтээхэд ашиглах бөгөөд үүнд хорин тэрбум орчим галактикийг оруулахаар төлөвлөжээ.
Эрдэмтэд мөн шинэ камерийн тусламжтайгаар олж авсан мэдээллүүд нь хар матери, хар энерги зэрэг Орчлонт ертөнцийн том нууцуудыг тайлахад ойртуулна гэж найдаж байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг