sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Коронавирусний вакциныг дэлхий даяар түгээх нь түүхэндээ хамгийн том агаарын тээврийн үйл ажиллагаа болох юм. Вакцины тээвэрлэлтийг хийхэд Boeing-747 загварын өргөн их биетэй 8 мянга орчим нисэх онгоц шаардагдана гэж Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/ мэдэгджээ.
Вакцинууд хараахан олны хүртээл болоогүй хэдий ч “IATA” холбоо агаарын тээвэрлэлт хийх төлөвлөгөөн дээр агаарын тээврийн компаниуд, нисэх онгоцны буудлууд, эрүүл мэндийн байгууллагууд, эмийн компаниудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа аж. 
 
 
 
“COVID-19”-н вакциныг аюулгүй хүргэх нь дэлхийн агаарын тээврийн салбарын хувьд асар том даалгавар болж байна. Гэсэн ч эртнээс нарийн төлөвлөхгүйгээр үүнийг гүйцэтгэх боломжгүй бөгөөд төлөвлөх цаг нь одоо л ирээд байна” хэмээн тус холбооны захирал Александр де Жюньяк хэлжээ. 
 
 
Агаарын тээврийн холбооны хэлтсийн тэргүүн Глина Хьюза мэдэгдэхдээ “Вакцин тээвэрлэхэд бүх нисэх онгоц тохирно гэж мэргэжилтнүүд үзэхгүй байна. Тодруулбал, вакцин тээвэрлэхэд температур 2-8 хэмийн хооронд хэлбэлзэх ёстой байдаг бол зарим вакциныг хасах хэмд тээвэрлэх шаардлагатай учир үүнд тохирох нисэх онгоцны тоо улам багасаж байгаа юм. Зүүн Өмнөд Ази зэрэг вакцин үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал зарим бүс нутагт үйлдэх нислэгт онцгой анхаарал хандуулах болно" гэжээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг