sonin.mn
СТОКХОЛЬМ. /BBC/. Шведийн Эзэн хааны шинжлэх ухааны академийн дэргэдэх Нобелийн хороо эдийн засгийн салбарын 2020 оны Нобелийн шагналтнуудыг тодрууллаа. Энэхүү шагналын эздээр дуудлага худалдааны онолыг боловсруулсан Америкийн эдийн засагчид болох Пол Милгром, Роберт Уилсон нар тодорсон байна.
Өдгөө 72 настай Молгром, 83 настай Уилсон нар энэ жилийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид тооцогдож байв. “Дуудлага худалдааны онолыг боловсронгуй болгосны төлөө” тэдэнд Нобелийн шагналыг олголоо. Энэхүү онол нь дуудлага худалдаа шиг ажилладаг зах зээл дээр хүмүүс хэрхэн биеэ авч явах тухай бөгөөд амьдралын бусад нөхцөл байдалд ч хэрэглэх боломжтой” гэж Нобелийн хорооны төлөөлөгч мэдэгджээ.
“Дуудлага худалдааны шинэ хэлбэрүүд нь энгийн судалгаа хожим нь нийгэмд үр өгөөжтэй шинэ бүтээлийн үндэс болж чаддагийн гайхалтай жишээ юм” гэж Шведийн академийн мэдэгдэлд дурдсан байна.
 
 
 
Өнгөрсөн онд эдийн засгийн салбарын шагналыг  Харвардын их сургуулийн эдийн засагч Майкл Кремер, Массачусетсийн технологийн институтийн эдийн засагт Абхижит Банержи, Эстер Дюфло нар хүртсэн билээ. Тэдэнд ядуурлыг бууруулах шинэ аргачлалыг нээснийх нь төлөө энэхүү шагналыг олгосон юм.
 
 
 
1968 онд Шведийн Төв банк “Sveriges Riksbank” 300 жилийн ойдоо зориулж, Нобелийн санд эдийн засгийн салбарын шагналыг бий болгох зорилгоор их хэмжээний мөнгө хандивласан байна.
Эдийн засгийн салбарын шагналын эзнийг Шведийн Шинжлэх ухааны академи тодруулдаг. Нобелийн шагнал гардуулах ёслол 12 дугаар сарын 10-нд болох боловч энэ жил коронавирусний цар тахлын улмаас ёслолыг уламжлалт хүлээн авалтгүйгээр цахим хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг