sonin.mn
“Бүх цэргийн Их хар сүлд”-ийг цагаалах тайлгын ёслол “Бүх цэргийн Их хар сүлд”-ний өргөөнд боллоо. Энэхүү тайлгын ёслолд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд оролцлоо.
Тэнгэр заяат Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаар мөнх тэнгэрээс илгээсэн Цэргийн хар сүлдээ бүх Монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, түг түмэн цэрэг, баатар эрсийнхээ манлайд залж явсны учир түүнийг өдгөө бид уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж, жил бүр цагаалах тайлгыг зохион байгуулдаг уламжлалтай. Эртнээс үеийн үед дамжин ирсэн энэхүү ёслолыг үйлдсэнээр өдгөө Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон тив, дэлхийд энхийг сахиулах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үйл хэрэг, буян заяаг даатгадаг юм.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин