Коронавирусний цар тахал нь Өрнө ба Дорнын хооронд ихээхэн ялгаа байгааг ил болголоо. Баруун Европынхан зовж шаналж байхад Зүүн Азийн улсууд хайр найргүй боловч үр дүнтэй аргаар цар тахлыг дарсныхаа үр өгөөжийг хүртэж байна. Энэ тухай бичсэн нийтлэлч Эндрю Грегори, Тони Аллен-Миллс нар “бидний чадахааргүй ямар зүйлийг Азийнхан хийчихэв ээ” гэсэн асуултыг тавьсан бөгөөд түүнд өгөх хариулт нь олон талтай, зарим нь санаанд оромгүй ажээ. 
Өнгөрсөн долоо хоногт Францын том хотуудад хөл хорио тогтоож, Испанид баар, зоогийн газруудыг хаасан бол Италийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж, Чехэд дунд сургуулиудын хичээл зогслоо. Айсуй “гамшиг сүйрэл”-ийн тухай Ангела Меркель сэрэмжлүүлсэн бол Их Британи улс эмх замбараагүй байдал, хямрал хоёрын дунд дэнжигнэж байна.   
 
 
 
Харин Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт нөхцөл байдал огт өөр байна. Хятад, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Вьетнам, Тайвань, Таиландад эдийн засаг ба соёл, спортын үйл ажиллагаа сэргэж байна. Индонез, Малайз, Филиппинд өвчлөл их хэвээр байгаа боловч цар тахлын оргил үеийн тархалтыг намжааж чаджээ.
 
 
 
Өнгөрсөн оны 12 дугаар сард коронавирус анх тархаж эхэлсэн Хятадын хотод амьдрал ид буцалж байна. Уханийн филармонийн найрал хөгжимчид 1 дүгээр сараас хойш анх удаагаа сонгодог хөгжмийн наадамд оролцжээ. Тус хотын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн баг УАШТ-нд түрүүлсэн байна. Ухань ба Этиопийн нийслэл Аддис-Абеба хотын хооронд ачаа тээвэрлэх агаарын зам нээгдлээ. Эмнэлгийн зориулалтаар ашиглаж байсан цэнгэлдэх хүрээлэнд 7,5 мянган үзэгч цугларч сагсан бөмбөгийн тэмцээнд үзжээ.
 
Уханийн филармонийн симфони найрал хөгжим Бээжинд тоглов 
 
Тэгэхээр энэ бүх баримт нь ердөө л барууныхныг ичээж эвгүй байдалд оруулах гэсэн суртал ухуулга уу? Эсвэл Хятад улс вирусээс ангижирсан гэдгээрээ бахархаж буй хэрэг үү? Ямартай ч өнөөгийн бодит байдал нь Европ тив тун хэцүүхэн өвөлтэй тулгарах нь гэсэн түгшүүрийг төрүүлж байна.  
 
Бидний чадахааргүй юу гээчийг тэд хийчихэв ээ?
 
“Цар тахалд Хятад буруутай, энэ улс вирусний тархалтыг зогсоож чадсанд гайхах зүйлгүй, учир нь, коммунист дарангуйллын үед эрх баригчид юу хэлснийг бүгдээрээ дагаж мөрддөг”. Болж буй үйл явдлыг Өрнөдөд голдуу ингэж л тайлбарладаг. Үүний зэрэгцээ Европ тив өөрөө өөртэйгээ дайтаж буй мэт санагдана. Энэ нь хөл хорионы дэглэм  мөрдөгдөж байна уу, амны хаалт зүүх хэрэгтэй юү, үгүй юү, сургуулиудыг нээх үү, хилээ хаах уу, яах вэ гэх мэт маргаанаас үүдэлтэй.   
“Дорно дахины орнуудад төр засаг нь нэр хүндтэй байдаг. Засаг захиргаанаас ямар нэгэн зүйл даалгахад иргэдийн ихэнх нь дор нь биелүүлдэг”  хэмээн Хонконг, Сингапурт ажиллаж байсан Лестерийн их сургуулийн вирус судлаач Жулиан Тэнг ярьж байна.   
Харин Баруунд эсэргүүцэл маргаан дэгдэх нь түгээмэл учраас ямар нэгэн зааварчилгаа, стратегийг хэрэгжүүлэх явц удаан байдаг ба аливаад “ардчилсан маягаар хандах” нь вирусний тархалтыг хурдасган даамжруулдаг.  
Гэхдээ цар тахлын эсрэг тэмцлийн ололт амжилт өөр өөр байгаа нь зөвхөн улс төрийн тогтолцооноос хамаардаггүй гэдгийг Тэнг болон бусад шинжээч хэлж байна. Өмнө нь Хятадаас үхлийн аюултай вирусууд нэг бус удаа тархаж байсан учраас бүс нутгийн улс орнууд бэлтгэл сайтай байсан. Сарс өвчинтэй тэмцсэн туршлага нь шинэ коронавирусийг хязгаарлан барихад нөлөөлсөн гэдгийг Их Британийн эрдэмтэн Шон Гриффитс хэллээ. Тэрбээр өмнө нь Хонконгт Сарс өвчний судалгаа хийж байсан юм.  
Сарсын цар тахлын дараа Ази тивд амны хаалт зүүж хэвшжээ. Хонконгт гэхэд, өвчин дэгдсэн даруйд хилээ хааж, хилээр нэвтэрч буй хүмүүст оношилгоо хийж, тусгаарлаж байв. Шинжилгээний дүн нь эерэг гарсан бүх хүнийг эмнэлэгт хэвтүүлж, тэдний хамаатан саднууд ба хавьталд орсон зорчигчдыг зочид буудалд тусгаарлан байрлуулав. Харин шинжилгээний дүн нь сөрөг гарсан хүмүүст хяналтын бугуйвч зүүж, тэднийг тасралтгүй ажиглаж байсан тухай Гриффитс ярилаа. Энэ бүхнийг Их Британийн нисэх буудлуудад мөрдөж байсан тусгаарлалтын арга хэмжээнүүдтэй харьцуулаад үз дээ. 
 
Хятадын статистик мэдээнд итгэж болох уу?
 
“Британийн хүн амын тоо Хятадынхаас 20 дахин цөөн. Гэтэл Хятадад ковид-19-ээр өвчилсөн тохиолдол Их Британитай харьцуулахад 5 дахин цөөн, нас барсан хүмүүсийн тоо бараг 10 дахин цөөн байна. Үүнээс үүдэн, Хятад улс ямар аргаар цар тахлыг хяналтандаа оруулж чадав аа? гэсэн асуулт урган гарна.
Зарим шинжээчдийн зүгээс “Хятад улс гуйвуулсан ташаа мэдээлэл өгч байна” гэж үзсэн хэвээр. Уханьд өвчин тархсан эхний өдрүүдэд “албан хүмүүс өвчин тархаж эхэлснийг нууцалсан” гэж Д.Трамп болон бусад хүмүүс үзэж байсан билээ. 8 дугаар сарын дунд үеэс хойш Хятадад нас барсан тохиолдол бүртгэгдээгүйн зэрэгцээ ковид-19-ээр өвчилсөн тохиолдол маш цөөхөн байв. 7 дугаар сарын сүүлчээр дэгдсэн “хоёрдахь давалгаа” нь ердөө жижигхэн долгио л байлаа. Энэ бүхэнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйлийг “The Lancet” сэтгүүлд дурджээ.
 
 
 
Тухайлбал, хятадууд халдварт өвчний дэгдэлтэй тэмцэж сурсан, мөн тус улсад өндөр настнуудын асрамжийн газар харьцангуй цөөн байдгаас гадна хувийн хамгаалалтын хувцас хэрэгслүүдийг үйлдвэрлэх ажлыг маш богино хугацаанд зохион байгуулсан нь цар тахлыг дарахад тус дөхөм болсон байна.  
 
 
 
Уханийн хөл хорио 76 хоног үргэлжлэх явцад нийтийн тээвэр бүхэлдээ зогсож, хэдэн өдрийн хугацаанд нэг гэр бүлээс нэг л хүн нэг л удаа гадагш гарч, шаардлагатай зүйлсээ худалдан авч байв.  Өвчин дэгдсэний ямарваа шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Хятадын удирдлага бүр анхнаас нь эрс шийдвэртэй арга хэмжээ авч байлаа. Жишээ нь, энэ сард Чиндао хотод 12 шинэ тохиолдол бүртгэгдсэн даруйд хотын бүх 9 сая иргэнд оношилгоонд хамруулжээ.  
 
Хятадын хөрш орнуудад нөхцөл байдал ямар байна вэ?
 
Диктатур нь цар тахалтай тэмцэхэд давуу талыг бий болгосон гэх онол нь учир дутагдалтай. Ардчилсан тогтолцоотой Өмнөд Солонгос, Тайвань, Шинэ Зеландыг харцгаая. Номхон далайн бүс нутгийн зарим улсууд Өрнөдийн цөөхөн улсын санаанд орж ирэхээр тийм арга хэмжээнүүдийг авч байна. Хонконгийн эрх баригчид иргэдийнхээ хаашаа явж байгаа, хэнтэй уулзаж буйг хянахын тулд суперкомпьютер ашиглажээ. Хэрвээ Скотланд-Ярдынхан өөрсдийг нь ингэж мөрдсөн бол британичууд төдийлөн таатай хандахгүй л болов уу. 
Ер нь бол, коронавирусний аюулыг Зүүн Азийн орнууд ихэд ноцтойд тооцож байсан, гэхдээ эдгээр улсууд өмнө нь эрсдэлүүдтэй /Сарс, Мерс гэх мэт/ тулгарч байсан учраас Ковид-19 дэгдэх үед зарим талаар бэлтгэлтэй байсан гэж Тэнг ярьж байна.  
Үүнээс гадна, Өрнө ба Дорнын хооронд ялгаа бий болоход нөлөөлсөн өөр нэгэн хүчин зүйлийг Тэнг нэрлэлээ. Ази тивийнхэн вирусийн гаралтай амьсгалын замын өвчнүүдтэй тэмцсээр байгаад дасан зохицсон бол Өрнөдийн эрүүл мэндийн тогтолцоо нь халдварт бус өвчнүүд тухайлбал, чихрийн шижин, зүрх, уушги, бөөрний өвчнүүд, Альцгеймерийн өвчин ба хорт хавдрыг эмчлэхэд чиглэсэн байдаг.  Эдгээр өвчнийг оношилж, эмчлэхийн тулд эмч нар айвуу тайвуу ажиллах цаг хугацаа бий. Барууны эмч нар өргөн тархсан халдварт өвчний үед ажиллах дадал чадваргүй болж, богино хугацаанд цогц арга хэмжээ зайлшгүй шаардлагатай тийм нөхцөл байдлыг урьдчилан тодорхойлж чадахгүй байна. Тэд зүгээр л амжилтандаа сэтгэл ханажээ” гэж Тэнг дүгнэн хэллээ.    
 
Бид ядуурч тэд баяжиж байна
 
Эдийн засгийн сэргэлт жигд бус байна. Хэрвээ Баруун Европт дэгдсэн замбараагүй байдалтай харьцуулахад Азид нөхцөл байдал хамаагүй илүү сайн байна. Энэ оны хувьд 1,9 хувийн өсөлт бол цар тахлын өмнөх үеийнхээс хамаагүй доогуур үзүүлэлт хэдий ч Хятадын эдийн засаг бусад гол орнуудынхтай харьцуулахад хамгийн өндөр өсөлттэй байгаа юм. Тухайлбал, Их Британийн эдийн засаг энэ онд 10 хувиар агших төлөвтэй байгаа бол ОУВС-гийн хийсэн тооцооллоор, дэлхийн эдийн засаг бүхэлдээ -4,4 хувийн бууралттай байх нь.
Вьетнамын эдийн засаг багтаамжийн хувьд бага боловч өсөлт нь Хятадынхыг гүйцэж, энэ онд 2,7 хувь, ирэх онд 7,2 хувьд хүрэх төлөвтэй. 7 сарын турш буурсны эцэст 9 дүгээр сард Өмнөд Солонгосын экспорт сэргэж эхэллээ.
 
 
Вьетнамын эдийн засаг хамгийн хурдан сэргэж байна 
 
Аялал жуулчлалаас ихэд хамаардаг Таиланд улс аажмаар хилээ нээж эхэлжээ. Япон ч мөн адил аялал жуулчлалын салбараа дэмжихийн тулд ажил хэргээр ирсэн хүмүүсийг 2 долоо хоногийн карантилдаг журмаа цуцлах боломжийг судалж байна. Тус улсад дэгдсэн “хоёрдахь давалгаа” намжиж, бейсболын 3 тоглолтыг үзэхээр 25 мянга гаруй хөгжөөн дэмжигч Yokohama Stadium цэнгэлдэх хүрээлэнд /34 мянган хүний суудалтай/ хуран цуглах гэж байна. 
Шийдвэр гаргах төвлөрсөн тогтолцоо, иргэдийн ухамсартай дуулгавартай байдал нь цар тахлыг дарахад Өрнө ба Дорнын хооронд ихээхэн ялгаа бий гэдгийг харууллаа. Үүний сацуу Өрнөдөд нөхцөл байдал одоогийнхоос илүү дээр байх магадла байсан гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байна. “Хэрвээ Барууны зарим улсад хөл хориог ядаж долоо хоногийн өмнө тогтоосон бол илүү их үр дүнд хүрэхээр байв” хэмээн Лондонгийн эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулийн профессор Мартин Макки дүгнэн хэллээ.
 
 
Б.Адъяахүү