sonin.mn

Хятадын зохиолч Зян Рун хэмээгчийн “Чонон сүлд” нэрээр кирилл бичигт хэвлэгдсэн роман сүүлийн жилүүдэд талхнаас дутахгүй борлогдож байна. “Интерном” дэлгүүрийн борлуулалтын менежерүүдийн хэвлэлээр өгч буй мэдээллээс үзэхэд үнэмлэхүй “шидээвэр” ном болж байгаа сурагтай. Венсэүллийн “Халтар царайт” хэмээх савангийн хөөснөөс хойш ингэж монголчуудыг байлдан дагуулсан “оюун санааны товар”-ыг би л хувьдаа мэдэхгүй юм байна.

 

Энэ номыг миний бие 2007 онд Өвөрмонголд монгол бичиг дээр “Чоно тотем” нэрээр хэвлэгдсэнийг нь олж уншаад илт муу зохиол байна хэмээн үзэн хойш тавьж орхисон билээ. Гэтэл уг зохиол хэдхэн жилийн дараа кирилл бичигнээ буулгагдан манай уншигчдыг хуйлран дагуулсныг үзээд дотор сэтгэлдээ харуусаад өнгөрсөн юм.

 

Учир нь тэрхэн үед хувьхандаа манай уншигчид ийм зохиол дээр ингэж хошуурах ч гэж дээ хэмээн харуусахын зэрэгцээ аргагүй дээ масс бол масс, угаасаа л нэг иймэрхүү юманд талтай байдаг юм гэж бодоод орхисон билээ. Тэр үед “Чонон сүлд” роман азийн роман бичигчдийн дунд зарлагддаг “Man Аsian literary prize” хэмээх шагналд тэргүүлэн хэрэндээ шуугиулаад байсан юм.

 

Тэрхүү романчдын шагнал “Чонон сүлд”-ийг тэргүүлдэг жил анх зохион байгуулагдсан бөгөөд одоо жил бүр зохиогддог уламжлалтай болчихоод байгаа. Уран зохиол гэхээсээ илүүтэйгээр нийгмийн асуудал хурцаар хөндсөн зохиолуудыг шалгаруулдаг шагнал ч гэж ойлгож болно. Уг шагналыг өнгөрсөн жил Өмнөд Солонгосын нэг эмэгтэй зохиолч авсан байсан.

 

Түүний өмнөх жил  бас нэг хятадын зохиолч улаан хамгаалагчдын үеийн амьдралыг харуулсан “Эгч дүү гурав” гэдэг романаараа авсан байна билээ. Ер нь уг шагналын зорилго бол азийн романы хөгжилд хувь нэмэр оруулах гэхээсээ илүүтэйгээр дэлхийн уран зохиолд сэтгэлгээний загвараараа тэргүүлэх үүрэгтэй байгаа өрнөдийн утга зохиолтой нөлөөллийн тэмцэл хийхэд чиглэгдээд байх шиг байгаа юм.

 

Ялангуяа азийн томоохон нөлөө бүхий орнууд энэ шагналаар дамжуулан өөрсдийн уран зохиолыг олон улсад сурталчилах, цаашилбал нийгэм, улс төрийн хандлагаа эерэгээр сурталчилах зорилго агуулж байгаа нь харагдаад байгаа билээ. Азийн бага буурай орнууд, тэр тусмаа Монгол шиг жижигхэн орнуудын хувьд бол энэ тоглоомоос гадуур байх магадлал их юм.

 

Онцгой л тохиолдол болохгүй бол энэ шагналын эзнээр жижиг орны зохиолч тодорно гэдэг юу л бол. Сингапурт төвтэй уг шагналыг олгогч байгууллагад гол нөлөө үзүүлэх орон бол Хятад гэдэг нь тодорхой байгаа. Одоогоор 30 мянган долларын шагналтай “Man Asian literary prize” яваандаа илүү өндөр хэмжээний шагнал олгох нь ч тодорхой биз.

 

Үүний цаана бол ерөнхийдөө бүс нутаг дахь оюун санааны нөлөөллийг бэхжүүлэх гэсэн уран зохиолоор дамжуулсан кампанит ажил өрнөж байна л даа. Ийм зорилготой үйлдлийг өрнөдийнхөн Нобелийн шагналаар дамжуулан хийдэг гэдгийг хэн эс андахав. Нобелийн шагналын ард улс төрийн нөлөөлөл, оюун санааны нөлөөлөл хоёр хамт явдаг юм.

 

Зян Руний “Чонон сүлд” романыг нэр алдарт хүргэхэд энэ мэт зориудын ПиАр чухал үүрэг хүлээсэн гэдэг нь тодорхой юм. Иймэрхүү зохиомол зүйлс манай уншигчдад нөлөөлсөн байх гэж бодоод тухайн үед миний бие “Чонон сүлд” романд нэг их анхаарал хандуулахгүй орхисон билээ. Яг үнэн чанартаан хятадын мэргэжлийн уран зохиолын хүрээнд “Чонон сүлд” туйлын муу нэртэй байгаа.

 

Маш олон шүүмжүүд гарсан байна билээ. Харамсалтай нь тэгтэл “Чонон сүлд” роман монголчуудад гайхамшигтай, давтагдашгүй содон зохиол мэтээр үнэлэгдэж байгааг хараад, сонсоод дуугүй сууж үнэхээр чадахгүйд хүрлээ. Тэр тусмаа манай утга зохиолын хүрээнд нэр нөлөө бүхий нөхдүүд “Чонон сүлд” роман бол аугаа зохиол хэмээн түүчээлэн магтах аян өрнүүлж байгаад өөрийн эрхгүй дургүй хүрч эхэллээ. Энэ роман уран сайхны хувьд ч, ур чадварын хувьд ч үнэхээр өрөвдөлтэй зохиол юм.



Зохиолч өөрийн идэр залуу насандаа Өвөрмонголын нэгэн малчин айлд туслах малчин болж очоод монголын тал нутгийн сонин содон амьдралтай танилцсан тухайгаа уг романд өгүүлдэг. Зохиолын амин сүнс гэж үзэж болох тал нутгийн чонын тухай өгүүлэмжүүд нь эхнээсээ аваад эцсээ дуустал ахуйн үнэмшил тун муутай юм.

 

Ганц нэг жишээ хэлэхэд зохиолын нэгэн баатар болох Галсмаа хэмээгч бүсгүй нас бие гүйцсэн том чоныг хот руугаа орохоор нь сүүлдэж бариад сүүлийг нь тас татаад хаячихаж байгаа юм. Мөн зохиолын гол баатар хээр явж байгаад сүрэг чонотой тааралдан ихээхэн сандрах агаад тэр үед азарган чоно нь өөр нэг чонондоо тушаал өгөн араас нь хүн ирж байна уу хэмээн шалгуулж байгаа юм, тэр зуурт нөгөө морь муухан унадаг хятад нөхөр эмээл дээрээ байгаа хэрнээ /ядаж эмээлийнхээ араар суугаагүй байж/ хоёр дөрөөгөө хооронд нь харшуулж тэр олон чононуудын сүнсийг зайлтал айлган амь гарч байгаа юм.

 

Иймэрхүү өгүүлэмжүүдийг уран сайхны сэтгэлгээ рүү хамаатуулан тоохгүй орхих хэрэгтэй гэсэн бодолтой хүмүүс байгаа байх л даа. Гэхдээ орчин үед уран зохиол ялангуяа хүүрнэл зохиолын төрөл зүйл хоёр чиг шугамаар эрчимтэй хөгжиж байгаа. Үүний нэгдүгээрт уран сайхны сэтгэлгээний зохиолууд хамрагдана. Уран сайхны сэтгэлгээг гол шугамаа болгож буй зохиолуудад зохиогчийн чөлөөт сэтгэлгээнээс урган гарч буй юунд ч үл баригдах, бусадтай үл адилсах субьектив ертөнцийн тусгалууд биелэлээ олдог. Зарим тохиолдолд итгэхэд бэрх өгүүлэмжүүдээс ч уг зохиол бүрдэх нь бий.

 

Ийм төрлийн зохиолуудаас уран сайхны сэтгэлгээний давдагдашгүй өвөрмөц байдлыг нэн тэргүүнд шаарддаг. Харин хоёрдахь шугам бол мэдээж түүх, ахуй, баримт гэх мэт баригдах барьцтай зүйлсүүд дээр тулгуурлан урансайханжуулан бүтээгдсэн зохиолууд хамрагддаг. Энэ төрлийн зохиолуудаас түүхэн үнэнг, ахуйн үнэнг шаардах нь зүйн ёсны хэрэг байдаг.



Нэг ёсондоо Зян Руний “Чонон сүлд” роман хоёрдахь чиг шугамд нь хамрагдах зохиол бөгөөд харамсалтай нь зохиолч монголын тал нутгийн ахуйг, түүний дотоод ертөнцөд агуулагдан буй давтагдашгүй ертөнцийг өнгөц байдлаар зохиомжлон бичиглэсэн нь учир дутагдалтай юм. Энэ нь магадгүй нүүдэлчний ахуйг үл мэдэх иргэншсэн соёлтой улс орнуудын уншигчдад сонирхолтой байгаа байх л даа

 

. Харин жинхэнэ тал нутагт төрж өссөн чонын амьдралыг гадарладаг хүнд бол хогийн сав руу базаж хаяад хийчихмээр усан роман юм. Нэг их сунжирсан, зохиомж муутай, туурвилзүйн хувьд авах зүйлгүй уг зохиолын тухай задлан ярих ямар ч шаардлагагүй билээ. Үндсэн агууламж нь ч гэсэн дээ өнгөрсөн зуунд хятадын ард түмэнд, ялангуяа үндэсний цөөнхийн тэртусмаа өвөрмонголчуудын амьдралд балагт мөр үлдээсэн улаан хамгаалагчдын үеийн туслах малчин нэртэй туршуулуудын үнэн чанарыг гоёчилсон, түүхэнд үлдээсэн хар толбыг нь цайруулах гэсэн бодлогод зангилагдаж буй нь  илт анзаарагддаг.

 

Хэрэг дээрээ туслах малчин нэртэй туршуулууд эгэл жирийн монгол айлуудын гэр бүлийн амьдралыг хэрхэн эвдэн бусниулж, цус нулимстай нь хутгаж байсныг бид мэдэх билээ. Гэтэл энэ зохиол нь тэр асуудлыг баллуурдан өнөө үеийнхэнд эерэг ойлголт төрүүлэх зорилгыг илэрхийлжээ гэж ойлгож болно. Ийм агуулгатай, ийм зорилготой зохиолууд цаашдаа олон гарах байх.

 

Тэр нь ирээдүй хойч үеийнхэнд улаан хамгаалагчдын үеийн гашуун түүхийг өөрөөр харах хөрс суурь болох нь зүйн хэрэг биз. Учир нь уран зохиол хүний зүрх сэтгэл рүү урансайхны баатруудын дүр төрх, үзэл бодлоор дамжуулан хүчирхэг улс орнуудын улс төрийн бодлогыг, түүхийг үзэх үзлийг өөрчилж чаддаг сурталчилгааны хэрэгсэл болсоор ирсэн юм.

 

Одоо ч энэ байдал хадгалагдсаар байна. Хамгийн ардчилсан хэмээгддэг АНУ гэхэд л урансайхны киногоор дамжуулж өөрсдийн бусад улс орон луу хийсэн дайн болон бусад түрэмгийллээ  зөвтгөх ПиАр-ыг  байнга хийж байна. Сүүлийн үед БНСУ мөн түүхэн сериал кинонуудаар дамжуулан өөрсдийн буурай түүхийг хүчирхэг болгон сурталтан ухуулах ажлыг мөн л хийж байна.

 

Тэгэхдээ бусад улс орнуудын түүхээс сэдэл авах, өөрчлөн хувиргах арга замуудыг тун чадмагаар ашиглаж байна. Зөвхөн ганц жишээ хэлэхэд, солонгосын олон ангид Жумун хааны тухай киног сайн анзаарвал Чингис хааны түүхээс ихээхэн ашигласан нь анзаарагддаг. Энэ бүхний эцэст америкуудын хийсэн түрэмгийлэл хүн төрөлхтний төлөө хийсэн сайн үйл болон ойлгогдож, солонгосчуудыг аугаа их түүхтэй ард түмэн юм гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл болох нь тодорхой.

 

“Чонон сүлд” романаар дамжин улаан хамгаалагчдын үеийн туслах малчдын дүр төрх ч гэсэн нэлээд олон хүмүүст эерэг ойлголт төрүүлсэн л байгаа. Нөгөө талаас “Чонон сүлд” романд монголчуудыг чонон хиймортой гайхамшигтай хүмүүс хэмээн дөвийлгөөд байгаа юм шиг хэрнээ хэдэн зууны туршид нанхиад-хятадын түүх сурвалжнаа монгол хүн бол зэрлэг, бүдүүлэг амьтан хэмээн тэмдэглэгдэж ирсэн уламжлалт ойлголтыг шинэ төвшинд, шинэ аргаар гүнзгийрүүлэн байршуулах гэсэн санаархал илт тусгалаа олсон байна.

 

Тухайлбаас, “Чонон сүлд” романд “Мөнөөх аугаа их атлаа бичиг үсэггүй Чингис хаанаас авахуулаад Цюань, Рун, Хүннү, Сяньби, Түрүг, Монгол, Зөрчид зэрэг үндэстний а үсгийн ацаг танихгүй эсвэл бичиг үсэгт дутуу тайлагдсан өрлөг жанжнууд дэлхийн цэргийн номлолын хойморыг эзэлсэн Сүньзийг төрүүлэн гаргаж, түүний “Сүньзийн дайтахуйн номлол” хэмээх цэргийн урлагийн том бүтээлийг эзэмшсэн Хятад хэмээх том гүрнийг эрхшээлдээ оруулж, төр улсыг нь нэгтгэн захирч байсан нь цөөнгүй билээ” хэмээх өгүүлэмж бий.

 

Магтаж матна гээч л үүнийг хэлдэг юм. Үүний цаана хятад бол эртний соёлт, аугаа орон байсан, харин монголчууд бол бичиг соёлгүй зэрлэг бүдүүлэг амьтад байсан гэсэн хятад зохиолчийн далд санаа нуугдаж байгаа юм. Өнөөгийн соёлт хүн төрөлхтөн хэн нь хэнийгээ эрхшээн эзэлж явсан бэ гэдгээс илүүтэйгээр хэн нь, ямар улс гүрэн нь эртний их соёлын өв уламжлалтай байж вэ гэдгийг илүү их үнэлдэг болжээ.

 

Энэ хандлага дээр Зян Рун тоглолт хийн өөрийн үндэстний соёлоор бахархах, монголчуудын бүдүүлэг байдлыг илчлэх зорилгыг хэрэгжүүлсэн байна гэж ойлгогдож байна. Хэрэг дээрээ монголчууд нь, дээрх өгүүлэмжид дурдагдсан улс орнууд нь түүхэндээ бичиг үсэг эзэмшсэн байсан, бичгийн соёлын өвийг үлдээсэн гэдэг нь түүхэн үнэн юм.

 

Монголчууд Хүннү гүрний үед кэмү буюу хэм хэмээх дүрс бичигтэй байсан агаад түүнээс хойш шаант, руни, кидан, уйгур... гэх зэрэг бичгүүдийг хэрэглэж ирсэн гэдгийг судлаачид нэгэнт тогтоосон. Энэ талаар Зян Рун мэдэж л байгаа.



Гэхдээ түүнд монголчуудыг ямар ч бичиг үсэггүй, тал нутгийнхаа чононоос нэг их ялгагдахгүй амьтан, цаашилбал чоно нохойноосоо суралцан амьдардаг, амжилт олдог хэмээн өгүүлэх нь илүү “сонирхолтой” байсан биз. Ер нь энэ зохиолыг хэн ямар зорилгоор бичсэн, хэн орчуулсан, мөн хэн худалдан борлуулж буй нь чухал асуудал биш юм.

 

Мэдээж тэдэнд тэр бүхнийг хийх  хүсэл, шаардлага, ашиг байсан байж л таарна. Тэр бүхэн бол нээлттэй зүйл. Хамгийн гол нь харь гүрнүүдийн сайн, муу юм бүхнийг сохроор бишрэн шүтдэг, түүнийг нийтээрээ даган хошуурдаг монголчуудын нийтлэг хандлага туйлын өрөвдөлтэй, эмгэнэлтэй дүр зургийг бүтээгээд байгаа юм. Үүний цаана үндэсний оюун санааны дархлаа алдагдсан, үндэсний сэтгэлгээний доройтол газар авсан, мэдлэггүйдлийн үер нийгмийг нөмөрсөн хандлага тодорч харагдаад байгаа юм.

 

Оюун санааны бүтээлийг, тэртусмаа уран зохиолын бүтээлийн чансааг тодорхойлох хамгийн энгийн арга бол тухайн бүтээлийг өвтэйгээ харьцуулан үзэх арга байдаг. Зян Руний “Чонон сүлд” роман хэр зэрэг үнэ цэнтэй зохиол болсныг бид Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” туужтай харьцуулан үзэж болно. Энэ хоёр зохиолын үндсэн агуулга буюу тал нутгийн чононы “сэтгэлгээний асуудал” бол тун төстэй юм.

 

Нэг ёсондоо эдгээр зохиолд байгальд дасан зохицож, байгалийн хүчинд өөрийн арга ухаанаараа амь зууж явдаг чонын амьдралыг хүний амьдралтай уялдуулан бичсэн нь, чонын амьдралаар дамжуулан монгол хүний байгалийн хуультай зохицон амьдардаг арга ухааныг нээн бичсэн нь нэг агуулгатай байгаа болно. Гол ялгаа нь “Чонон сүлд” хэмжээгээрээ том боловч өгүүлэмжээрээ тун гүехэн юм.



Харин “Хөгшин чоно ульсан нь” тууж бол хэмжээгээрээ жижиг боловч өгүүлэмжээрээ гайхамшигтай гүнзгий билээ. Туурвилзүйн хувьд “Хөгшин чоно ульсан нь” дахин давтагдашгүй сонгодог туурвил юм. “Чонон сүлд” бол байдаг л нэг бандгар усан роман юм. Энэ бүхнийг бид харьцуулан бодож үзэх ёстой. Ахуйн үнэний хувьд ч гэсэн дээ энэ хоёр зохиол мөн эсрэг тэсрэг юм.

 

“Чонон сүлд” романд гарч байгаа чонон сүргийн зохион байгуулалттай зээр агнаж байгаа үйл явц, түүнийг анхааралтай ажиглаж байгаад амьдрал ахуйдаа ашиглаж буй Билэг өвгөний тухай өгүүлэмж бол зохиогчийн фантаз болохоос биш ахуйн үнэн биш юм. “Хөгшин чоно ульсан нь” туужид гарч буй тэр их хүчтэй үргээлгээс хоёр хөгшин чоно тэсэн амьд үлдэж байгаа, тэднийг амьд үлдсэнийг мэдэж байгаа хашир малчин Цэрэнчимэдийн тухай өгүүлэмж бол гайхалтай ахуйн үнэн юм.

 

Энэ мэт хэзээ ч нэг төвшинд тавьж үзэн үнэлж болохгүй, тэр хэрээр “Чонон сүлд”-ийг монголчуудын давтагдашгүй, гайхамшигт ахуйн сэтгэлгээг илэрхийлсэн зохиол хэмээн үзэж болохгүй зүйлүүд тэдгээр зохиолуудыг харьцуулан үзэхэд хангалттай ажиглагдана. Гэвч харуусалтай нь Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” зохиолыг байх ёстой байранд нь тавьж чадах хэмжээний боловсролтой уншигч монголчуудын дунд даанч цөөхөн байдаг юм байна.

 

Хэрвээ бид “Хөгшин чоно ульсан нь” зохиолыг үнэлж чаддаг байсан бол “Чонон сүлд” роман Монголын уран зохиолын зах зээлийг хотонд орсон чоно шиг “сүйдэлж” орхихгүй байх байсан билээ. Ингэж бодохоор харийн үзэл суртал, соёл монголчуудын дунд өдрөөс өдөрт хүрээгээ тэлж монгол залуучууд, тэр атугай нэр нөлөө бүхий өндөр албан тушаалтнууд нь, нийгэмд танигдсан хүмүүс нь хүртэл солонгос сериалын монгол хэлнээ онож буугаагүй үгийг хүртэл амин хэрэглээгээ болгож, солонгос киноны баатрыг  дууриан  эхнэрээ ч юм уу, үерхдэг бүсгүйгээ “хайраа” хэмээн дууддаг болсон нь жирийн хэрэг болж хувирч байгаа юм.



Хэн хэнийгээ юу гэж дуудах нь хүний хэрэг л дээ, гэхдээ гадаадын савангийн хөөсний муухан орчуулгын үг нийтийн хэрэглээ болон хэвших болсон нь нэг л юмыг хэлээд байгаа юм. Цаашилбал сүүлийн үед Америк-Оросын зохиолч Айн Рэндийг монголчууд их шүтдэг болжээ. Айн Рэнд бол тийм сайн зохиолч биш гэдгийг америкийн утга зохиол судлаачид байнга л хэлдэг. Гол нь либертари үзлийг тунхаглаж байсан гэдгээрээ Айн Рэнд алдартай юм.

 

Гэвч Айн Рэнд бол хувь заяаны эрхээр өш хонзонгоор буцалж явсан хүн. Тиймдээ ч америк нийгмийн үзэл баримжааг хэт дөвийлгөн “хүн төрөлхтний соёл иргэншилд бага буурай орны соёл, зан заншил гай тарьдаг” хэмээн өгүүлж байсан юм. Бага буурай орны соёл, зан заншлыг үзэн яддаг хүнийг бага буурай орныхон нь шүтэн бишрээд байгаа нь өөрөө эмгэнэл юм даа.

 

Одоо Айн Рэндийн үзэл санаа нь америкизмийг сурталчихад хэрэглэгдэж байсан тэр үүрэг нь нэг их явцгүй болжээ. Тийм болохоор соёлт хүн төрөлхтөнд Айн Рэндийг шүүмжлэх хандлага түгэн дэлгэрч байна. Дэлхий дахинд бага буурай орны соёл, зан заншлыг авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх хандлага хүчтэй яригдаж байна. Товчхондоо хүйтэн дайнаас хойш Америкийн үзэл сурталд томоохон өөрчлөлт оржээ.

 

Тэд шинэ дэлхийн соёл иргэншлээс бага буурай орны зан заншил, соёл иргэншлийг хасч тооцохоо нэгэнт больжээ. Энэ бол Америкийн үзэл суртлын шинэ дэвшил юм. Харин манайхан үүний эсрэг чигт америкуудын өнгөрсөн зууны хагаст барьж байсан тэр үзэл санааг сохроор бишрэн шүтэж явна. Энэ бүхэн үндэсний оюун санаанд том цоорхой үүссэнийг л дахин дахин нотлоод байгаа юм.



Манайхан үндэсний соёл, зан заншлын үнэт чанараа олж тогтоож чадахгүй, эрдэм билэггүй нөхөд элдэв зүйл санаанаасаа зохион нийтийн оюун санааг булингартуулан мунхруулж байна. Хэлшинжлэлийн салбарт судлагдаагүй үг хүртэл зохион, элдэв хаан, хатан ухаан ярьж түүнд нь нүүрнийхээ арьсыг олонд таниулсныгаа ихэд тооцдог телевизээр байнга гарах дуртай нөхдүүд хэдэн арваараар автан далдагнан гүйлдэж байна.

 

Нэг ёсондоо Монголд гүн гүнзгий оюун санааны хямрал нүүрэлжээ. Эдийн засгийн хямралаас гарах явдал бол оюун санааны хямралаас гарахаас хавьгүй амархан байдаг юм гэнэ лээ. Нэгэнт л оюун санааны хямралд орсон тийм үндэстэнд, тийм нийгэмд гадаадын муухан ном зохиол маш амархан түгэн дэлгэрч, олон нийт түүнийг нь үг дуугүй нэг хүн шиг хүлээн зөвшөөрч, бишрэн шүтэж, эрүүл саруулаар шүүн тунгаах чадваргүй болдог гэдгийн үлгэрийг “Чонон сүлд” тодорхой харуулж өглөө.

 

Үүнийг л хонин сэтгэлгээ хэмээн тодорхойлж болох юм. Эцэст нь өгүүлэхэд энэхүү крилл бичигнээ буулгагдсан “Чонон сүлд” романы нэр нь хүртэл буруу юм. Зян Рун романаа монголчуудын угийн домогтой холбон “Чоно тотем” хэмээх нэрлэснийг нь Өвөрмонголчууд махчилан буулгажээ. Харин монголчууд онго, сүлд хоёроо ялгахгүй болтол доройтсон нь “Чонон сүлд” хэмээн нэршээсэн нэрнээс нь хүртэл харагдаж байна.

 

Тотем гэдэг үг бол угтаа тухайн улс үндэстний гарвал үүсвэлээ билэгддэг утгыг агуулж буй бөгөөд энэ нь монгол хэлээр онго шүтээн гэсэн үг юм. Тиймээс уг романы нэр монголоор “Чонон онго” байсан бол илүү оновчтой болох байсан юм. Нэрнээсээ хүртэл буруу агууламжтай энэ романыг шүтэн бишрэх үзэл нь нийт монголчуудын  оюун санааны доройтлыг харуулж байна хэмээн үзэхээс өөр аргагүйд хүрч байна.

 

Ц.Буянзаяа