sonin.mn

Дуучин Аделийн өөрчлөлт фэнүүдийнх нь хувьд гэнэтийн бэлэг болсон билээ. Хэдхэн сарын дотор биеийн галбир, гоо сайхандаа эрс шинэчлэл хийж чадсан түүнийг хэрхэн гоё сайхан болсныг охид бүсгүйчүүд сонирхож байж магадгүй. Тэгвэл Аделийн хувийн дасгалжуулагч түүнийг дэглэм барьж хүссэн үр дүндээ хүрсэн талаар “ам алдсан”. Тодруулбал, дуучны хувийн дасгалжуулагч Камила Гудис Аделийг сиртфуд гэх хоолны дэглэм барьсан гэж хэлсэн юм. Энэхүү дэглэмийг Эйден Гоггинс, Глен Маттен гэх Их Британийн хоол тэжээлийн мэргэжилтнүүд боловсруулжээ.

Сиртфуд дэглэмийг энгийнээр тайлбарлавал хүний бие организм дахь сиртуин уургийг идэвхжүүлдэг ургамлын гаралтай хоол хүнснээс бүрдсэн хооллолтын систем аж. Сиртуин уураг нь бодисын солилцоог түргэсгэж, улмаар жин хасахад хүргэхийн зэрэгцээ үрэвслийг намдааж, эсийг нөхөн төлжүүлснээр хөгшрөлттэй тэмцдэг байна.

 

Энэ дэглэмийн үед буржгар байцаа, гүзээлзгэнэ, хушга, нэрс, сонгино, яншуй, хасарваань, чинжүү, куркума, алим, цитрусын төрлийн жимс, гурвалжин будаа, шар буурцаг, оливын тос, матча ногоон цай, кофе зэрэг антиоксидантын агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг зөвшөөрдөг. Түүнчлэн дэглэм барьж байх хугацаандаа хар шоколад идэх, улаан дарс уухыг ч хориглодоггүй аж. Хүний өдөрт идэж буй хоолны 75-80 хувь дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд бүрдүүлж байх учиртай. Мөн дэглэмийн үед түргэн хоол, нөөшилсөн бүтээгдэхүүн идэх хориотой. Үүнээс гадна таны өдөрт авах илчлэг 1300-1500 калори байх хэрэгтэй аж. Гэхдээ судлаачид энэхүү дэглэмийг туршиж үзэхээсээ өмнө заавал эмчид хандан, шинжилгээ өгч, зөвлөгөө авах ёстой гэдгийг сануулсан байна.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин