sonin.mn

 

Амьдралын олон ачааг ганцаараа үүрдэг, хариуцлагатай бүсгүй, ээж хүнийхээ хувьд бид өөрсдийн идэж буй хоол тэжээл, авч буй амин дэмдээ байнга анхааралтай хандах хэрэгтэй. Ялангуяа өвчинд өртөмтгий өвлийн хүйтэн улиралд энэ нь маш чухал. Өдөр тутмын хэрэглээнээсээ хялбархан нөхөж болохуйц амин дэмүүдийг бүсгүйчүүддээ хүргэж байна.
 
 
С амин дэм Хамгийн чухал нь энэ. Тиймээс ч байгаль эх бидэнд энэ амин дэмний олдоцыг харамгүй хайрласан байх. Цитрусын төрлийн жимснүүд, киви, төмс, чинжүү, улаан лооль болон броколи байцаанд С амин дэм өндөр хэмжээгээр агуулагддаг. Энэхүү амин дэмийн хамгийн чухал чанар нь дархлааны системийг сайжруулдаг ба өвчилсөн биеийг хурдан эмчлэгдэхэд сайн нөлөө үзүүлдэг ажээ.
 
 
Е амин дэм нь бидний биед эсийн төвшинд үйлчилж, хөгшрөлтийг удаашруулдаг ид шидтэй. Ходоодны үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлнө. Наран цэцэг, загасны тос болон бүх төрлийн самранд ихээр агуулагддаг юм шүү.
 
 
Д витамин зөвхөн өсөлтөнд нөлөөлдөг юм биш шүү. Чи хэдэн настай байсан ч ялгаагүй энэ амин дэм маш чухал. Чиний биен дэх кальцийг нөхөж, яс болон шүдийг эрүүл байлгадаг гол витамин бол Д юм. Өндөгний шар, загас, сүүнд их хэмжээгээр агуулагддаг. Бас зүгээр гадуур явж байхдаа нарны цацрагаас ч бид Д амин дэмийг авч байдаг байх нь. Байгаль дэлхий маань үнэхээр хайр татам, өгөөмөр юм аа!
 
 
А амин дэм нь биеийн өсөлтийг дэмжиг, арьсыг эрүүл байлгах, нүдний харааны пигментүүдэд нэвтэрч чийглэг байдлаа алдахгүй байхад гол үүрэг гүйцэтгэдэг учир харуй бүрий орчинд юм харах чадварыг нэмж өгдөг төдийгүй биеийн дархлаа сайжруулж, халдвар болон бактер эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэг. Түүнчлэн нөхөн үржихүйн хэвийн процессыг хангаж, ялангуяа жирэмсэн эхчүүдийн ургийн хөгжилд , сайнаар нөлөөлнө. А амин дэмийг лууван, хулуу, тарвас болон чангаанз зэргээс нөхөх боломжтой.
 
 
 
Фолийн хүчил буюу В9 амин дэм нь хоол боловсруулах замын үйл ажиллагаа хямралтай, ялангуяа ходоодны хүчил багассан үед, жирэмсэн эхчүүдийн хувьд ургийн хэвийн өсөлтийг хангаж, нуруу нугас болон тархины гажилтаас урьдчилан сэргийлэх, архаг цус багадалттай, элэг өөрчлөлттэй, өөхлөх хандлагатай бүсгүйчүүдэд маань илүү хэрэгтэй шүү. Ногоон өнгийн навчит ногоонууд болон шош, амуу тариа, өндөг, тарвас, гүзээлзгэнэ зэрэгт ихээр агуулагдна.
 
 
Бусад В-гийн төрлийн амин дэмүүд ялангуяа В6, В12 амин дэмүүд эмэгтэйчүүдэд маш чухал. Цусан дахь улаан эсийн бүлэгнэх явцад эергээр нөлөөлж, ой тогтоолт, төвлөрөлтийг сайжруулахаас гадна утаанаас үүдэлтэй хавдрын эсрэг сайн үр нөлөөтэй. Түүнчлэн биеийг хоргүйжүүлж, шархлах, гэмтсэн үед В12 ахиу хэрэглэснээр түргэн эдгэрдэг байна. В12 нь мах, өндөгний шар, тахианы мах, сүү болон загасны маханд их хэмжээгээр агуулагддаг.
 
 
Төмөр нь эд, эрхтэнийг амин чухал шаардлагатай хүчилтөрөгчөөр хангахад нь цусанд туслаж байдаг хосгүй чанартай бичил элемент юм. Мөн эдийн амьсгалах явцад оролцон цус төлжүүлэх үйл явцад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөхгүй хар мах, яргай загас, навчит ногоонууд болон буурцагт төмөр ихээр агуулагддагийг санаарай.
 
 
Эх сурвалж: “Санхүүгийн мэдээ”