sonin.mn

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нарын Филиппиний Манила хотод болсон уулзалт өндөрлөжээ. Уулзалт 30 гаруй минут үргэлжилсэн талаар ТАСС агентлаг мэдээлэв.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Лавров уулзалтын үеэр фронтын өнөөгийн нөхцөл байдлын талаар Рубиод танилцуулж, Украинд зэвсэг нийлүүлэхээ үргэлжлүүлэх нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг онцолсон байна. Мөн хоёр тал Орос, АНУ-ын дипломат төлөөлөгчийн газруудын хэвийн үйл ажиллагааг сэргээх асуудлыг хэлэлцжээ.


Уулзалтын онцлох баримтууд


Уулзалт орон нутгийн цагаар 11:54 цагт (Москвагийн цагаар 06:54) эхэлж, төлөвлөсөн хуваарийн дагуу болсон.

Хоёр талын төлөөлөгчид 12:31 цагт (Москвагийн цагаар 07:31) уулзалтыг дуусгасан бөгөөд нийт 30 гаруй минут үргэлжилжээ.

Дипломат эх сурвалжийн мэдээлснээр уулзалтыг зохион байгуулах санаачилгыг АНУ-ын тал гаргасан байна.

Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Гадаад бодлого төлөвлөлтийн газрын дарга Алексей Дробинин, Ерөнхийлөгчийн АСЕАН-ы асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Евгений Загайнов нар багтжээ.


АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Эллисон Хүүкер болон Ерөнхийлөгчийн тусгай элч Сержио Гор оролцсон байна.


Хэвлэл мэдээллийнхэнд уулзалтын эхний мөчийг зураг, дүрсээр авахыг зөвшөөрсөн ч асуулт асуухыг хоригложээ.

Гэсэн ч АНУ-ын сэтгүүлчид Марко Рубиогоос "Орос Иранд бай оноход тусалж байгаа талаар Лавровоос асуух уу?" хэмээн хашгирч асуусан ч тэр хариулсангүй.

АНУ-ын талын тогтоосон журмын дагуу сэтгүүлчид 10–15 секундын дараа танхимыг орхисон байна.


Э.Солонго