sonin.mn


МЗЭ-ийн гишүүн зохиолч, найруулагч Хиад Боржигон овогт Гомбожавын Жигжидсүрэн нь 1940-өөд оны эхээр Төв аймгийн хуучнаар Баян сумын II багийн нутаг /одоогийн Баянжаргалан сумын Бөөрөлжүүтийн баруун хойд этгээд/ "Үзүүр шанд"-д малчин ардын гэрт төржээ. Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургуулийг "Уран сайхны киноны найруулагч, зохиолч" /1968/ мэргэжлээр төгссөн.

1960-1962 онд Монгол кино үйлдвэрт туслах найруулагч, баримтат киноны найруулагч, 1969 онд "Анхны алхам" анхны уран сайхны кинонд ерөнхий найруулагчаар ажиллаж уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Тэрбээр "Анхны алхам", "Хүний амь", "Их бүрдийн домог", "Суварган цэнхэр уулс", "Хатанбаатар", "Хүн чулууны нулимс", "Бүлээн нурам", "Араатан", "Их хааны удам" , "Цагаан сүүний домог" зэрэг олон арван кино бүтээлээрээ үзэгч олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн шилдэг уран бүтээлч билээ.



Александр Вампилов жинтэй хувь нэмрийг нь засаг төрөөс үнэлж Монгол улсын "Урлагийн гавьяат зүтгэлтэн" /2002/, "Ардын жүжигчин" /2007/ хэмээх эрхэм дээд цолыг хүртээжээ.



-...Ай хөөрхий, Буриад зон минь. Гунигтай ч юм даа, хүний орчлон. Ганцхан тэнэгхэн улс төрчийн болчимгүй ажиллагаа бүхэл бүтэн улсыг үгүй хийчихнэ гэж тухайн үед хэн яахан төсөөлөх билээ.



-За байз, Леонид Батахов чинь БНАБУ-ын анхны Их Хурлын дарга байсан. Тэгээд 1990 онд Орос задрахад мань хүн Буриадын анхны Ерөнхийлөгч болсон. Хоёр дахин сонгогдсон байх шүү. Үндэс гарвал нь жүүд талын хүн. Одоо Москвад тансаг аж төрдөг гэсэн. Улаан коммунист үзэлтэй энэ нөхөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ельциний эсрэг санал өгөхийг ард түмэндээ уриалж байсан гэдэг. Тэр нь бүтээгүй. Ельцин Ерөнхийлөгч болонгуутаа Буриад АССР-ийг улаан харандаагаар дугуйлаад "Өөрсдөө амьдарч чадвал заяа нь тэр, яршиг" гэсэн юм гэнэ лээ. Тэгээд Ельциний засаглалын жилүүдэд Оросоос Буриадад юу ч хялайлгаагүй гэдэг. Тэгээд л их Оросын бодлого цааш үргэлжилж, Буриад улсыг зүгээр л мартчихсан. Нэг хүнээс болж бүхэл бүтэн улс ийн мөхлийн ирмэгт ирсэн түүхтэй.



-Та Түүхийн хүрээлэн дээгүүр давхиад байгаа сурагтай. Юу сэдээд явна вэ?



-Түүхийн хүрээлэнгийн дарга Чулуун, Үндэсний архивын дарга Өлзийбаатартай уулзаад чухал ажил ярив. Би "Тусгаар тогтнолын үнэ цэнэ" цуврал нэвтрүүлгээсээ түүвэрлэж нэг гайгүй баримтат кино хийчих санаатай. Чингүнжав, Амарсанаагаас эхлээд хамгийн сүүлд 1945 оны Ялтын хэлэлэцээр, 1961 оны НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох хүртэлх Монголын түүхийг үгүүлэх юм.    Түүхчдийг оролцуулах санаатай.

-Манайд олигтой түүхчид одоо байгаа юм уу. Бүгд шахуу үхэж үрэгдээд дууслаа.

-Доктор Чулуун, Өлзийбаатар хоёрт архивын бүх материал байгаа. Доктор Чулуун залуу хүүхэд гэхэд гайгүй ажиллаж байна. Тэр хүү Орост баахан архив ухсан. Саяхан Лондон яваад ирлээ. Одоо тэгээд Японд очиж Монголтой холбоотой архив ухах юм байх. Академич Болдбаатар байна.

-Болдбаатар гуай чинь МАХН-ын түүхч болохоос Монголын түүхч гэдгийн тухайд биш байх аа.

-Улсууд янз бүр л ярих юм. Гэхдээ л түүхч хүн.

-Сая Төрийн шагнал авдаг алдарт түүхч О.Батсайханыг та мэдэх үү?

-Энэ нөхрийг чинь түүхчидтэй ярихад огт тоохгүй байна лээ. Нагаанбууг маань ч түүхч биш гэх юм. Би нэг хүнийг их үнэлээд байгаа. Урд элчинд зөвлөх хийж байгаа Ц.Батбаяр гэж залуу бий. Бид нийлж баримтат киногоо чулуу болгочих санаа байна. Шуурхай хийлээ гэхэд бүтэн жилийн ажил. Уул нь "Ялта-45" гэсэн уран сайхны кино хийх санаа байсан ч зардал хөрөнгө нь дийлдэхгүй юм билээ.

-Социализмын үед социалист урлаг таныг тоож хялайдаггүй байсан санагдах юм.

-Би 26 кино хийсэн. Зургаан кино нь 1990 оноос хойш хийгдсэн. Соц нийгмийг Сайн ноён ханы тухай "Их хааны удам" киногоор хааж байлаа. Олон улсын кино фестивальд миний кинонууд дээгүүр давхина. Өөрийгөө магтаж байгаа юм биш. Тусгай шагнал, шилдэг зохиолын шагнал авч л байсан. Өнөөдөр хэлэхэд Монголын кино дотроос Олон улсын кино фестивалиас хамгийн том шагнал авсан бүтээл гэвэл миний "Эх бүрдийн домог" байдаг байхгүй юу. Карлварийн Олон улсын кино наадмаас 1975 онд тэргүүн шагналыг нь хүртсэн.

-40 шахам жил болж байхад нэг ч кино ийм том шагнал аваагүй гэж үү?

-Байхгүй. Жигжидсүрэн өөрийгөө магтаж байгаа юм биш. Би баримт ярьж байна. 1976 онд Белградад зохиогдсон "Фест" наадмаар өмнөх жилийн дэлхийн    шилдэг бүтээлүүдийг үзүүлэхэд би Монголоо төлөөлөн уригдаж    байлаа. Социализмын үед би ямар ч шагнал авч байгаагүй. Кино үйлдвэрийнхэн намайг нэг гараараа тодорхойлоод, нөгөө гараараа матдаг байж л дээ.

-Мэдээж гэр бүлийн байдал тогтворгүй, архи дарс уудаг янз янзын юм л нөлөөлдөг биз дээ.

-Үгүй чиш. Архины хувьд бол би байхгүй. Миний ганц том алдаа бол архи уухгүй байх явдал. Байз, тэр үед нэг шагнал авсан юм байна. Хилийн цэргийн "Онц хилчин" тэмдэг. Би энэ шагналдаа их хайртай. "Суварган цэнхэр уул" уран сайхны кино, "Дархан хилийн соргог манаа" баримтат киног маань үнэлж Арвай генерал энгэрт минь зоож өгсөн юм. Анхны төр засгийн шагнал П.Очирбат Ерөнхийлөгчийн үед "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", Н.Багабандийн үед "Урлагийн гавьяат зүтгэлтэн", Н.Энхбаярын үед "Ардын жүжигчин" цолыг тус тус авсан байдаг.

-Ц.Элбэгдорж "Хөдөлмөрийн баатар"-ыг өгөх л үлдээ шив. Та одоо телевиздээ л ажиллаж байна уу?

-Тийм байна. 1995 оноос хойш зүтгэж л явна. Тэр жил Монгол кино үйлдвэр их замбараагүй тарсан. Биднийг нэг л өдөр зааланд дуудаад, духан дээр "Чөлөөт уран бүтээлч" гэсэн тамга дараад л автобусны мөнгө ч өгөлгүй гаргаад хаячихсан. Бүгд халаасандаа бас болоогүй нэг тамгатай. Балжинням "Чингис фильм", би чинь "Хийморь фильм", Дамдин юу ч билээ. Нэг өдөр Монгол телевизээс "Бид нэвтрүүлгийн зөвлөл байгуулж байна. Та ирж ажиллаач" гэж урьсан. Тэгээд л очсон доо.

-"Цогт тайж", "Хатанбаатар", "Мандухай сэцэн хатан" гурваас хойш олигтой том түүхэн кино ч төрсөнгүй. Энэ юутай холбоотой вэ?

-Тийм мундаг зохиол төрөөгүй л байна. Үнэхээр сайн зохиол дээр яг одоо бол мөнгө босгож болно. Найруулагч гэдэг хүн хувь заяаг шийднэ. Тэр сайн зохиолоор бүр сайн болгож хийж болно. Муу болгож хийж болно.

-Одоо хальсаар кино хийж байна уу?

-Манайд бүр байхгүй болсон. Дэлхийн "А" зэрэглэлийн фестивалиудад хальсны кино оролцож байгаа.

-Мартсанаас одоогийн энэ Кино үйлдвэрийн агуулахад эртний эд хэрэглэл, буу зэвсэг, машин тэрэг хэвээрээ хадгалагдаж байгаа юу?
 
-Жоохон жоохон бий байх. Ер нь түүхэн киног сэтгэхүй, эд баялаг, материал хэрэгслийн хувьд ч ядуулаг хийвэл шал дэмий юм байдаг юм байна. Сая Богд хааны тухай кино гарлаа. Дэндүү ядуу бүтээл болсон.

-Одоо томоохон түүхэн кино дээр ажиллачих үндэсний санамж бүдгэрч байх шиг байна даа. "Хатанбаатар" кино сайн болсон ч та алдаа гаргасан л байгаа.

-Энэ кинонд алдаа гаргасан байх. Өөрөө өөрийнхөө алдааг шүүх хаашаа ч юм. Харин зүгээр хийх гэж бодож байгаад гүйцэлдүүлж чадаагүй зүйл зөндөө бий. Ухаандаа Богдын дүрийг би арай өөрөөр тавих гэж үзсэн.

-Та нар түүхээ мэдсээр байж Хатанбаатар ванг хаан дээр оруулж тамга даруулдаг нь ямар бодлого байсан юм бэ?

-С.Удвал гуайн бодлого. Намын бодлого биш шүү. Мань хүн өөрөө Хатанбаатарын тухай роман биччихсэн, Магсаржавтай нэг нутгийн хүн. Амьдад нь аягүй бол уулзаж байсан ч байж магад. Миний хувьд Магсаржав чойжин буудаг байсан тухайд нэг зүйл оруулчихъя гээд амжаагүй. Хүмүүс Богд хаант Монгол улс гэх юм. Миний бодоход улсын нэрийг хааны нэрзэр хэзээ ч нэрлэдэггүй баймаар. Наполеоны Франц гэдэггүй биз дээ.

-Чингисийн Монгол гэдэг шиг тодотгол утгаар хэрэглэгдээд хэвшчихсэн бололтой.

-Би болохоор Эзэн хаант Монгол улс ч юм уу, Олноо өргөгдсөн Монгол улс гэж нэрлэмээр санагдаад байдаг юм.

-Тэр үед дайн самуунтай байсан ч монгол монголоороо байж. Өнөөдрийн монгол, өнөөгийн нийгэм харин чиг нэг л биш ээ...

-Бидний амьдарч байгаа нийгэм маань зэрлэг капитализмд живж байна. Гал ус шиг нийлэхийн арга алга. Улаанбаатарын гудамжинд явахаар хаана юу байдгийг мэдэхээ болилоо. Дандаа ханз үсэг, латин үсэг. Гадаадын хотод төөрөөд явж байгаа ч юм шиг. Би чамд нэг сонин юм ярья. Өмнөд Солонгосын генерал Чен Ду Хван ерөнхийлөгчид нэр дэвшихдээ "Хэрэв би Еренхийлөгч болбол Сөүлийн оршин суугчдын амар тайван амьдралыг хангана" гэж амлаж л дээ. Тэр үед Сөүл хот элдэв гэмт хэргийн үүр уурхай, бохир заваан суурин байж. Чен Ду Хван Ерөнхийлөгч болонгуутаа хатуу чанга журам баталж, гэмт бүлэглэлүүдийн толгойлогчдыг барьж аваад цаазалчихсан. Хотын тайван амьдрал ч цэцэглэсэн.

-Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай та хоёр сүрхий дотно байх аа?

-Тийм ээ. Бид нэг нутгийн улс. Шинээр гарсан ном бүхэндээ надад сайхан үг бичиж өгнө. Ганцхан жишээ хэлэхэд, "Хос уянга" номдоо "Миний муу найз Г.Жигжидсүрэн минь ээ,
Од цэцэг хөглөрсөн хорвоод
Ойрхон явлаа шүү!
Бидэн хоёр
Манарсан он жилүүдийн цаанаас
Магадгүй хэн нэгэн дурсаж
"Тэнэгүүд" байсан юм гэж яривал
Тэнгэртэй явсны заяа бүрэлдэнэ" гэж бичиж өгсөн байна.

Бид хамтарч "Хүн чулууны нулимс", "Бүлээн нурам", "Араатан" зэрэг олон сайхан кино бүтээсэн дээ. "Хүн чулууны нулимс" чинь "Цусан гавьяа" нэртэй байсан.

-Таны хөвгүүд бас чиг чамгүй жүжигчид байсан юм шиг санагдаж байна.

-Том хүү Ж.Бодьсүрэн "Хүн чулууны нулимс"-ын галзуу Цэвэлийн хүүгийн дүрд тоглосон. Кино оператор мэргэжилтэй. Дээрх киноноос гадна "Суварган цэнхэр уулс"-ын Цэндийн бага нас, "Намар нахиалсан мод"-ын Бодьхүү, "Алтан Шонхор"-ын Шаралдай, "Нарны унага" киноны Бүднээ зэрэг хэд хэдэн кинонд тоглосон. Ихэр дүүтэй.

Аль аль нь багадаа кинонд тоглож байсан. Миний "Амин мөр" киноны Анхаа гэж хэлгүй хүүхдийн дүрд Ж.Батбаатар маань тоглож байлаа. Шилдэг эрэгтэй жүжигчний шагнал авч, сүүлд нь надтай хамт Карлварын кино наадамд оролцож байлаа. Мөн "Их хааны удам" киноны Батбаярын дүрд тоглосон. Хүү маань гео экологийн чиглэлээр АНУ-д Вашингтоны Их Сургуулийн докторантурт суралцаж буй.

Дунд хүү Ж.Бодьбаатар олон улсын сэтгүүлч. Анкарагийн их сургуулийг урлагийн түүхч мэргэжлээр төгсч, одоо МУИС-д багшилдаг. Багадаа "Араатан"-ы Баатар, "Их хааны удам" киноны Сайн ноён хан Намнансүрэнгийн бага насанд тоглож байлаа.

-Та ч өөрөө найруулагчаас гадна зохиолоо бичиж, кинонд дүр бүтээж явсан "супер" уран бүтээлч биз дээ?

-Миний жүжигчин гэж юу байхав. "Анхны алхам"-ын сурвалжлагч, "Нарны унага"-ын    Гочоо, "Зарлаагүй дайны оршил" киноны хурандаа зэрэг жижиг дүрд тоглосон. Ардын жүжигчин Тамара Макаровагаар жүжигчний уран чадвар заалгаж, жаахан юм болж авсны буян.

-Буян гэснээс хань ижлийнхээ тухай яриач.

-Үггүйгээр бие биенээ ойлгож, насан туршийн итгэл дээр гэр бүл тогтдог. Миний ханийг Д.Цэцгээ гэдэг. I цахилгаан станцад инженер, Эрчим хүчний яаманд мэргэжилтэн зэрэг ажил хийж яваад 1990-ээд оны дундаас намайг дагаж, киноны салбарт зургийн даргаар ажилласан. Одоо надтай хамт МҮОНТ-ийн монгол кино нэгтгэлд редактор.

Надад гурван саихан хүү төрүүлж өгсөн айлын дархан бэр. "Монгол киноны нэвтэрхий толь" хэмээх томоохон антологийг ханьтайгаа хамт гурван жил гаруй сууж бүтээсэн. Нэвтэрхий толь бичнэ гэдэг их хэцүү ажил юм. Эл номд 1936-2000 он хүртэлх Монголын дэлгэцийн 300 орчим киноны лавлах. 1000 орчим уран бүтээлчдийн намтар, 100 шахам киноны дууны үг, Монгол кино үйлдвэр болон аймаг хотын Хөгжимт драмын театруудын урын сангийн лавлагаа, Монголын баримтат болон уран сайхны киноны он дарааллын жагсаалт, СУИС-ийн кино драмын үе үеийн төгсөгчдийн лавлагаа, Монголын кинотой холбоотой гадныхны намтар цөм багтсан юм.

-Таны өрөө гэр гэхээсээ илүү урлагийн түүх сурталчлах танхим болчихсон юм уу гэмээр сэтгэгдэл төрж байна.

-Би багаасаа ном уншиж өссөн. Эмээгийн ярьсан ардын явган үлгэрээс эхлээд ээжийн маань уншиж егсөн Монголын эртний туульс намайг номын амтанд оруулж, уран бүтээлийн замд хөтөлсөн. Миний номын санд А.С.Пушкин, М.Ю.Лермонтов, Анна Ахматова, Расул Гамзатов, Омар    Хайям, Б.Л.Пастернак, Н.С.Гумилев гээд дэлхийн яруу найргийн сонгодгуудын бүтээлүүд хүндтэй байр эзэлдэг.

Оросын их яруу найрагч Николай Гумилев: "Ээтэн гутлын хоншоороор дэлхийн бөмбөрцгийг өшигчин
Ээрэм талын хүлгээр, эцсийн далайг зорьсон
Миний өвөг дээдэс Хөх Монголын нүүдэлчин
Мэлмий алдрах говийн цалин цагаан туургатан" гэж үнэхээр сэтгэл алдрам бичсэнийг уншихад Монголоороо омогших сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм.

-Ингэхэд Жийгээ найруулагч хэр баян хүн бэ?

-Оюун санааны баялаг гэдэг тэрбум тэрбумаар ч тогтохгүй.

-Ардын жүжигчин, найруулагч Д.Чимэд-Осор гуайн анхны уран бүтээл "Гологдсон хүүхэн" кинонд туслах найруулагчаар та ажиллаж байсан гэдэг. Өөрөө өвгөн багшаа Шукарь хэмээн нэрийдэхийн учир юу билээ?

-Шолоховын "Сэтгэлийг шинэтгэсэн нь" романаар 1950-иад оны сүүлчээр Драмынхан жүжиг тавьж, Гэндэн гуай найруулсан. Гол дүр нь Донын хасаг өвгөн Шукарь. Өвгөн ганц тугалтай үнээгээ хамтралд өгөхгүй гэж нуугаад, аргаа барахдаа тугалаа алж байгаа тухай жүжигт гардаг. Шукарийн дүрийг Чимэд-Осор багш бүтээсэн. Малгайныхаа бүчийг унжуулчихаад хамтралын даргаа тойроод гүйж байгаа хасаг өвгөний дүр одоо ч нүдэнд харагддаг.

Энэ дүр театрын тайзанд бүтээсэн хамгийн сүүлчийн дүр нь байх. Түүнээс хойш кино руу явчихсан юм. Үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн хүн болохоор "Өвгөн Шукарь" хэмээсэн хэрэг. Жүжгийг Б.Ринчен гуай үзээд "Шинэ цагийн үйл хэргийг хүлээж авахгүй, гэхдээ хүн алахаас ч буцахгүй лам нарын үнэн дүр төрхийг харуулж" гэж шүүмж бичсэн байдаг. Б.Ринчен гуайн анхаарлыг татаж чадна гэдэг амаргүй зүйл шүү. Багш маань жүжгийн жижиг зохиол хэд хэдийг бичсэн.

"Гологдсон хүүхэн" ,"Нүгэл буян", "Тамирын охин", "Хонины найр", "Зэрэг нэмэхийн өмнө" гээд таван киноны ерөнхий найруулагчаар ажилласан. "Тамирын охин" өөрийнх нь зохиол юм шүү дээ. Багш маань "Малчин бүсгүй" гэдэг ганц дуутай. Гэхдээ одоо ч хүмүүс дуулсаар байна. "Жүжигчний ур чадвар" гэдэг ном бичсэн. Намайг Кино үйлдвэрт очиж байхад уран сайхны удирдагч нь эрдэмтэн зохиолч Э.Оюун гуай байлаа. "Би Шукарь багштай хамт энэ кинонд явмаар    байна. Ц.Дамдинсүрэн гуай зохиолыг кино болгож байгаа юм байна" гэхэд "Жигжид багш чинь "Түмний нэг" кино хийх гэж байна. Чамайг багш чинь авна гэж байсан" гэв.

Би багаасаа шүлэг энэ тэр оролддог байсныг Э.Оюун багш мэднэ л дээ. Хэсэг хугацааны дараа "Чамайг уран зохиолын тал нь татаад байх шиг байна. Чи яв даа" гээд зөвшөөрлөө. Ингэж би "Гологдсон хүүхэн" кинонд ажиллаж, Ц.Дамдинсүрэн гуай туужаа өөрчилж кино зохиол болгох төлөвлөгөөгөө уран сайхны зөвлөлөөр зөвшөөрүүлж, хэсэг хэсгээр нь бичиж билээ.

"Гологдсон хүүхэн" киноны хээрийн зургийн талбайд багш бид хоёр үхэр тэрэг түрээд явж байтал хотоос кино үйлдвэрийн дарга, Германы "Дефа" киностудийн захиралтай ирлээ. Гэрт ороод багшийг маань энэ киноны ерөнхий найруулагч гээд танилцуулсан чинь мөнөөх нөхөр нүд нь орой дээрээ гарч "Би өөрийнхөө найруулагч нарыг танайд ирүүлж дадлага хийлгэмээр байна. Манай найруулагч нар чинь зургийн талбай дээр ирчихээд бэлэн биш байвал намайг тэр ресторанаас аваарай гээд л яваад өгдөг улс" гэж билээ.

-Найруулагч хүн ууртай, жүжигчид нь хараад эмээдэг байх ёстой гэсэн ойлголт хүмүүст байдаг. Таны багш нар тийм байв уу?

-Тэр үеийн найруулагчид сүржин догшин байгаагүй. Одоо л нэг тийм дүвчин зан гаргаж, бөөлдөг болсон сураг байгаа юм. Шукарь багшийн жүжигчинтэйгээ ажиллах чадвар агуу байсныг хожим нь би ойлгосон. Хүнийг албаддаггүй, яг өөрөөр нь тоглуулдаг хүн "Нүгэл буян" киноны зураг авалтын үеэр болсон явдлыг ярихыг би сонссон юм. To хуарын дүрд Ардын     жүжигчин Д.Ичинхорлоо гуай тоглосныг санаж байгаа байх.

Охиноо явуулаад уйлж байгаа хэсэг нэг л болж өгөхгүй байж л дээ. Хэд хэдэн удаа үзээд болохгүй болохоор нь багш зураглаачдаа "Би Ичинхорлоотой юм ярьж байгаад ирнэ. Чи бэлэн байгаарай. Намайг дохихоор зургаа авна шүү" гэжээ. Тэд юм ярьж явсаар ирээд багш зураглаач руу дохисон гэсэн. Зургийн дараа Д.Ичинхорлоо гуай "Чимэд-Осор минь, чи миний сэтгэлийн шархыг хендөж яах нь вэ дээ" гээд тэврээд уйлж байсан гэдэг. Дээхнэ үед Д.Ичинхорлоо гуайн хань хэлмэгдээд, хүнд хэцүү амьдрал туулсан хүн л дээ.

-Шавийнхаа найруулсан кинонд Д.Чимэд-Осор гуай ер нь тоглож байсан уу?

-"Хатанбаатар Магсаржав" кинонд Шукарь багшийгаа Хатанбаатарын багш Ганжууржав гүний дүрд тоглуулах бодолтой байсан юм. Кино үйлдвэрийн хонгилд таараад "Багш аа, би павильоны зургаа авч эхэлсэн. Та миний кинонд тоглоно биз дээ" гэхэд "Тоглолгүй яахав. Би чамд хэлье гэж бодож явсан юм. Чи надад кино зохиолоо нэг уншуулаарай" гэлээ.

Уншсаныхаа дараа кинонд нэг удаа л гардаг саахалтын өвгөний дүрийг өөрөө сонгосон юм. Би уг нь багшийгаа гүнгийн дүрд тоглуулах гээд байхад багш маань саахалт айлын өвгөний дүрийг сонгоход би гайхаж байсан. Ганцхан удаа гардаг ч тэр дүрээ маш сайн бүтээсэн. Багш маань 1962 онд намайг найруулагчийн сургуульд мордоход "Хүү минь, бичдэг чадвараа орхиж болохгүй шүү" гэж захиж билээ. Гэхдээ би найруулагчийн ажилдаа түүртээд бичих ажлаа орхисон доо.
Түүнээс гадна "Уран бүтээлч хүн юу хийхээ хүлээж сууж хэрхэвч болохгүй. Булааж, өрсөж байж л уран бүтээл босдог юм" гэж байсан. Аравдугаар анги төгссөн цагаасаа хойш бурхны оронд явтал нь би багштайгаа нэгэн дээвэр дор хамт ажилласан. Багш нэг өдөр надад алгаа үзүүлж байна аа. Алга нь улаан болчихож. "Жийгээ чи энийг хар даа. Намайг циррозтой гэсэн. Архи ууж болохгүй гээд байгаа юм. Архи уухгүй байна гэж юу байхав. Олон жил болж байна, гайгүй байх аа" гээд инээж билээ.

Сүүлд бие нь тааруу байхад нь би хэсэг жүжигчидтэй очлоо. Гайгүй байснаа гэнэт муудсан. Тэр орой нь би ганцаараа очиход эрс муудаж, ядарсан нь илт. Багш маань "Дондоов, хүүхдэд юм хийж  "Баянбулагийнхан" киног бүтээсэн. Энэ бол уг чанартаа "Анхны алхам" киноны үргэлжлэл байсан юм. "Суварган цэнхэр уулс" киноны үргэлжлэлийг хүмүүс биччихсэн надад хандаж л байсан. Ер нь сайн киног муу болгож үргэлжлүүлэх нь "нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох"-той адил нүгэл.

-Гэхдээ киног сайн муу ч байлаа хүмүүс үзсээр л байдаг. Зарим нь мууг нь гайхаад байгаа хэрнээ үзэж л байдаг. Кино урлаг гэдэг ертөнцөөс хүн уйдахгүй бололтой.

-Би гайхаад байгаа юм. Арилжааны телевизийн энэ олон сувгаар үргэлж монгол кино гарч байхад үзэгчид огт уйддаггүй. Харин ч гарахгүй бол нэхэх хандлагатай. Өчнөөн олон жилийн өмнө хийсэн кинонуудыг өнөөдрийн үзэгчид яагаад ингэж шимтэн үзээд байна вэ гэдэг судлууштай л асуудал.

-Монголын кино урлаг өнөөдөр уналтын байдалтай байна. Хүчтэй зохиолч,найруулагч цөм дутагдаж байна. Урлаг дахь уналтын тухай таны бодол?

-Монголын кино урлаг залуучуудын гарт байгаа. Бидний дээр ярилцсан бүх зүйл эзэнтэй болж хөгжинө гэдэгт бүрэн итгэлтэй явдаг. Яахав. одоогийн Монголын кино нийгмийнхээ хандлагыг дагаад голдуу ашиг хонжоо хайх нэг хэрэгсэл болж буй. Гол нь мөнгөндөө биш юм. Тэр ч байтугай огт мөнгө төсөвгүйгээр сайн кино хийж болно. Тухайлбал, кино урлаг анх үүсэх үеэс эхлээд ах дүү Люмер, Роберт Флаерти цаашлаад, 1930-аад оны Жозеф Фон Штернберг, Дзига Вертов, 1940-өөд оны Италийн неореалистууд болох Роберто Росселини, Жузеппе Дэ Сантэс, Лукино Висконти нар, 1950-иад оны Францын "Шинэ давалгаа"-ныхан болох Ален Ренэ, Агнэ Варда, Эрик Ромер, 1960-аад оны "Шинэ Германы кино" урсгалынхан болох Райнер Вэрнэр Фасбиндер, Вернер Хэрцог, 1970-аад оны Америкийн авангард болон андэрграунд киноны төлөөлөгчид болох Энди Вархол, Жон Кассавэтэс гэх мэт том найруулагчдын кино маш бага өртгөөр ямар ч төсөвгүй бүтээгдсэн байх жишээтэй.

Хамгийн сүүлийн баримтыг дурдахад 1990-ээд оны Ираны үндэсний кино урлаг яг л ийм замаар босч ирж дэлхийд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан. Хамгийн гол нь мөнгөндөө биш толгойдоо байдаг гэдгийг л нотлох гэсэн юм.


-Таны амьдралыг кино урлаггүйгээр төсөөлөхийн аргагүй...-

Тийм ээ. Одоо эргээд бодоход би өөрийнхөө амьдрал, уран бүтээлийг Монголын кино урлагтай холбосноос хойш хагас зуун жил болжээ. "Анхны алхам" кино дэлгэцэнд гараад 40 гаруй жил болчихсон байна шүү дээ. Он жил нисэн нисэн одох нь юутай үнэн.

-Яг одоо, яг юун дээр сууж байна вэ?

-Миний нэг ном байдаг. "Усан дээрх гал" гэдэг тууж. Энэ зохиолд Жамухын тухай үгүүлдэг. Тангарагтаа үнэнч явсан баатар эр монгол төрийн өлмийд толгойгоо зоригтой ивсэн тухай юм л даа. Үүнийг чулуу болгочих санаатай толгойгоо гашилгажсууна..

 

Жа.Баяраа
Эх сурвалж: "Утга зохиол урлаг"