.. Утас авна, зарна. "Тэди" төвийн үүдэнд малгайгаа дарж өмссөн 30 орчим насны нүүрэндээ сорвитой залуу дуулдах төдий ингэж шивнэв.

-Ямар утас байна вэ?

-Янз янз л байна даа. "Моби" юмуу, "Скайтел" юм уу? Мань эр хэд хэдэн утас гаргаж үзүүлж байна. Ихэнх нь хуучирч муудаж, элэгджээ. Аль эрт моодноос гарч, хүүхэд нохой ч тоож "шиншлэхээ" больсон эртний загвар ч харагдах шиг. Арай дөнгүүр гэснээ сонгож үнийг нь сонирхвол 80 мянга гэв.



-Тэгвэл үүнийг хэдээр авах вэ?

Сарын дундаж цалинтай тэнцэхүйц үнэтэй утсыг маань эргүүлж тойруулж, шинжиж байна. Бага зэрэг ярвайж, үл тоомсорлох дүр зураг үзүүлэхээ ч мартсангүй. Хамгийн инээдэмтэй нь наддаа л өндөр үнэтэй "супер" утсыг маань 10-хан мянган төгрөгөөр авах санал хэлдэг байгаа.

 

Золтой л “Битгий хуц" гээд хашгирчихсангүй. "Мараалын" элэгдэлд орсон "тохиолдлын бараагаа" бараг 100 мянгаар шахах мөртлөө шинээрээ утсанд минь нэг кг махны үнэ хэлж л байдаг. Өдөржин албан байгууллагын үүдээр эргэлдэж, гол төлөв хулгайн утсыг нааш цааш болгодог ажилтай эдгээр хүмүүст хүний мөс жудаг, хувь хүний үнэт зүйл, бага ч гэсэн үнэнч шударга байх совесть гар утасны хэрэглээг дагасан мөнгөний үнэрт уусчихжээ.

 

"Тэди" төвийн угтах үйлчилгээний ажилтан бүсгүй "Энэ хүмүүсийг манай байгууллагын үүдэнд зогсохыг зөвшөөрдөггүй, Хамгаалалтынхан маань их тэмцдэг. Шаардлага тавьдаг. Даанч бүрэн алга болохгүй байсаар л байна" гэлээ. Гаднаасаа нүдэнд арай л зөөлөвтөр харагдах намхан шар залууд дөхөж очоод "Жи мобайл"-ын утас сураглавал хахир хөндий өнгөөр "Байхгүй" гэж дуртай дургүй хэлэв.



-Чи тэгээд ямар утас зардаг юм вэ?

-Янз янз л байна ш дээ. Өөрөө ямар утас хайгаад байгаа юм бэ?



-Хэдэн жил ийм ажил хийж байна даа?

-Өөрөө ямар утас сураглаж байгаа юм бэ?. Утасны сэдвээс хазайхыг хүсэхгүй байгаа нь илт. Ийм хүнтэй ч ам хэлээ ололцохгүй нь тодорхой боллоо.

Утсаа засуулах, аль эсвэл шинээр авах, өөр бусад үйлчилгээг хүссэн хүмүүс голдуу "Тэди" төвийг зорьдог. Тэнд гар утасны иж бүрэн "нэг цэгийн" үйлчилгээ төвлөрсөн гэхэд буруудахгүй. "Мобиком", "Юнител"-ээс гадна "Скайтел", "Жи мобайл"-ын утаснууд ч лангуун дээр янз янзаараа хөглөрнө.

 

Харамсалтай нь тус төвийн үүд орчим үнэхээр авах юмгүй бохирдсон байдаг нь нүдэнд хэчнээн эвгүй гээч. Нус цэр, шүлс, тамхины иш гээд харсан хүний ой гутахаар дүр зураг элбэг. Энэ бол маргахын аргагүй нөгөө утасны ченжүүдийн "уран бүтээл" шүү дээ. Нэг талаас тэдний дотоод ертөнцийн илэрхийлэл гэхэд хатуудахгүй.

 

Бариад ирсэн утсыг ичмээр хямдхан үнээр авчихаад өнөөхөө хэд дахин нугалж зардаг эдгээр хүмүүс амар хялбар аргаар мөнгө олдог бохир бизнестээ үнэхээр донтчихсон гэхэд буруутахгүй. Хамгийн муухай нь ченжүүдийг дагаад гар утасны хулгайн бүхэл бүтэн сүлжээ үүсчихсэн гэж хүмүүс ярилцах нь ортой дог.

 

Нэг нь хулгайлдаг, нөгөө? нь  дамалж зардаг гэсэн үг. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн хувьд нутаг дэвсгэр дээрх хэрэг зөрчлийг хянах үүднээс rap утасны ченжүүдийг анхааралдаа байлгадаг гэнэ. Шаардлагатай үед саатуулан шалгадаг ч туршлага бий гэсэн. Гэхдээ ашиг орлоготой бөгөөд дэндүү хялбар болохоор энэ "бизнес" дампуурдаггүй бололтой.


Иргэд ба ченжүүд

-Манайх Ханын материалд байдаг. Нэг өдөр гэртээ ирээд цүнхээ ухтал утас маань алга. Залгасан чинь нэг залуу хариу өгсөн. "Хүүе чи хаанаас миний утсыг авчихваа" гэвэл хээв нэг "21 дүгээр хороолол дээрээс л авсан даа" гэж муухай даапаалж билээ. Би цалин багатай учраас шинэ утас авч чадалгүй нэлээд удсан.

 

Арга ядаад охиныхоо утсыг зарж хоёр хямдхан утас авах санаатай Төв шуудангийн ард талд байдаг "Монтелийн" гадаа байдаг ченжүүдэд утсаа үзүүлбэл юу гэсэн гээч? 1000 төгрөгөөр авая гэдэг байгаа. Ердөө ганцхан талхны үнээр шүү. Тэр утсыг том эгч маань охиныг оюутан боллоо гээд 100 мянган төгрөгөөр авч өгсөн юм л даа. Ёстой аймаар хүмүүс байна лээ. (СХД-ийн 6 дугаар хорооны иргэн Д. Сүрэн )



-Би саяхан Теди төвийн гадаа байдаг ченжээс утас авсан юм. Хоёр симтэй утсыг зад панаалдаад 90 мянгаар зарж билээ. Харамсалтай нь нөгөө утас нь гаднаа гяланцаг, дотроо паланцаг хэрэггүй хог байсан даа. Сүлжээ нь байнга унана. Ёстой лайтай.

 

Аргаа бараад нөгөө нөхөрт буцаагаад өгөх гэсэн чинь 15 мянгаар авбал авна гэж солиордог байгаа. Хэлэх үг олдоогүй. Хүмүүсийг шулсан, бохир мөнгөний төлөө ингэтлээ зүтгэх хэрэг байдаг л юм байх даа. (Чингэлтэй дүүргийн иргэн С. Должин)



Иргэдийн амнаас нэг иймэрхүү үг унана уу гэхээс ченжүүдийн талаар нааштай үг хэлэх хүн олдсонгүй. Өнөөдөр Монголд ажилгүйдэл бараг 40 хувьд хүрснийг холбогдох газруудын статистик судалгаа нотолсон. Ажилгүйдэл байгаа цагт ядуурал буурахгүй нь тодорхой.

 

Гэтэл ажил идэвхтэй хайсан хүнд ажлын байр тэнгэрийн од шиг холын мөрөөдөл биш гэдгийг Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв биржийн удирдлагууд хэлээд байна шүү дээ. Өдөрт 30 мянган төгрөг, сард 600 мянган төгрөгийн цалинтай барилгын ажлыг голоод хийдэг хүн алга.

 

Уул уурхайн том том төслүүд хэрэгжиж, шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчнээр "ангаж" байхад ид ажиллаж хөдөлмөрлөх насны эрүүл саруул залуус амар хялбар аргаар мөнгө олох гэж улайрч яваагийн нэгэн жишээ бол гар утасны ченжүүд. Ажил хийж, хөлс хүчээ дуслуулж олсон мөнгө л амттай гэдгийг одоогийн залуус хүний урамд тоохоо больсон нь Монголын нэгэн эмгэнэл гэлтэй.


Д.Дорж

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"