sonin.mn
Энэ удаагийнхаа "Ярилцах цаг" буланд хататтай Херта Дойвлер Гмелинийг урьж ярилцлаа. Тэрбээр Дипломат, Тювинг хотын захирагч Ханс Гмелиний охин бөгөөд германы хуульч, улстөрч нэгэн.
 
 
1998-2002 онд ХБНГУ-ын Хуульзүйн сайдаар ажиллаж байсан бөгөөд 1972-2009 оныг хүртэл Бундестагийн гишүүнээр ажиллаж байсан нэгэн. Түүнчлэн хатагтай Херта Дойвлер Гмелин нь 1965 оноос өнөөг хүртэл Германы Социалдемократ намын гишүүн, 1988-1997 оныг хүртэл тус намын дэд даргаар ажиллаж байсан.
 
 
Харин өдгөө Аанхений дээд сургуульд системийн онолын зочин профессороор ажиллаж байгаа төдийгүй 2011 оны 11 дүгээр сараас Европын Комиссын Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, олон ургальч байдлын талаарх Дээд хэмжээний Экспертийн гишүүнээр ажиллаж байгаа юм байна.
 
 
Уг ажлын хэсэг нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө, олон ургальч үзэл ямар нөхцөл байдалд байгаа талаар хяналт тавин, Европын комисст илтгэл өргөн барьдаг ажээ. Түүнийг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Жендэрийн үндэсний хорооны гимшүүдэд зориулсан Жендэр мэдрэмжтэй удирдлага ба ур чадвар" сэдэвт сургалтанд лекц уншихаар ирээд байх үед нь уулзаж цөөн асуулт тавилаа.
 
 
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөдийн дийлэнх нь хараат байдалд байдаг нь ажиглагддаг. Гэхдээ хараат бус байх нь хувь хүнээс шалтгаалах юм шиг санагддаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
 
-Эмэгтэйчүүдийн хараат бус байдал их өргөн хүрээг хамаарах ойлголт л доо. Миний ойлгож байгаагаар эмэгтэйчүүд бүгд өөр өөрийн гэсэн амьдралын нөхцөл байдал, төсөөлөлтэй байдаг. Гэвч ихэнх эмэгтэйчүүд ямар нэг байдлаар харьяат байхыг хүсдэг.
 
 
Гэхдээ тэр хүмүүсийн талаар би энд ярихгүй. Миний ажигласнаар Герман улсад гэр бүлийн хүчирхийллийн асуудал харьяат болон харьяат бус байх уу гэсэн асуудалтай их холбоотой байдаг. Үүнийг сүүлийн жилүүдийн судалгааны дүнгээс харж болно.
 
 
Гэхдээ энэ асуудал гэр бүлийн дотоод асуудал гэсэн ойлголтод багтана. Товчхондоо гэр бүл доторх улс маягтай байдаг гэсэн үг л дээ. Гадагшаа гардаггүй. Гаргаж өгч чаддаггүй гэсэн үг.
 
 
Туршлагаас харахад Германд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ялангуяа нөхөртөө зодуулсан, маш хүнд хэлбэрээр хохирч байсан эмэгтэйчүүд нөхөртэйгөө байнга хамт амьдарч байсан, цаашдаа ч амьдрахыг хүсдэг гэсэн үзэгдэл түгээмэл байдаг.
 
 
Яагаад ийм нөхцөлд амьдрахыг хүсээд байна вэ гээд судлаад үзэхээр нөхрөөсөө салсан тохиолдолд эдийн засгийн болоод бусад чөлөөт байдал нь алга болчихдог. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хараат байдалд байдаг.
 
 
Түүнээсээ болж айгаад асуудлаа дэвшүүлж чаддаггүй нөхцөл ажиглагддаг. Жишээлбэл, орон сууцны асуудал. Хэн нэгэн эмэгтэй хүн гэрээсээ гараад явчихаар гудамжинд гарах болдог. Орон сууцны асуудал ихэнх хувийг эзэлдэг юм билээ.
 
 
Германд урд нь орон сууцны гэрээг хийхэд эрэгтэй хүн буюу өрхийн тэргүүн гарын үсэг зурдаг байсан. Ийнхүү гарын үсэг зурснаар эрэгтэйчүүдэд хууль эрхзүйн хүрээнд тодорхой хэмжээний хариуцлага, басхүү эрх өгдөг. Ямартай ч бид өнөөдөр нэг хуулийн төслийг бий болгосон.
 
 
Энэхүү төслийн хүрээнд гарын үсэг зурснаар тухайн өрхийн тэргүүн ямар нэг байдлаар эрх авч байгаа бол тэрхүү эрхийг хуулийнхаа заалтынхаа дагуу хүчингүй болгох боломжтой болох юм. Товчхондоо хэн биеийн хүчирхийллийг өөрийнхөө хамтран амьдрагч буюу эхнэр, нөхөртөө үйлдэж байна вэ.
 
 
Тэр хүн байрыг орхиж гарах ёстой. Эргэж ирэх ёсгүй. Энэ нь үйлчлэлийн хувьд маш өндөр ач холбогдолтой. Баримтаас үзэхэд, 100 гэр бүлийн хүчирхийлэгчийн 93 нь эрчүүд байдаг. Эндээс харахад 100 эмэгтэйгээс долоо нь эрчүүдээ буюу нөхрөө зоддог гэсэн статистик гарна.
 
 
Мөн найман хувь нь ижил хүйстэй гэр бүлүүдийн дотор гардаг хүчирхийлэл байдаг. Тиймээс дээрх хэлсэн хуулийн заалтын дагуу хэн цохисон, зодсон тэр хүн орон сууцанд байх эрхгүй болох нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг маш том хэрэгсэл болж өгч байгаа юм.
 
 
Тэр орон сууц хэнийх байх нь, хөлслөх эрх нь хэнд байх нь хамаарахгүйгээр хүчирхийллийг хуулийн нэг заалтаар зогсоох боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна дөрвөн янзын харьяат буюу хараат бус байлаас гарах элемэнтүүд бий.
 
 
-Тодруулбал?
 
-Нэгд, эмэгтэйчүүдийн эрх. Эмэгтэйчүүд хараат байдлаас гарах боломж ч гэдэг юмуу энэ талаарх мэдээллүүд. Гуравт нь сайн боловсрол, дөрөвт ажлын байр болоод тухайн эмэгтэй хүнийг эдийн засгийн хувьд хараат бус байдал руу хүргэхийг дэмжсэн дэмжлэгийн бодлогууд багтана.
 
 
Мэдээж эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэлтийнхээ асуудлыг бүрэн шийдэх боломж ч бас чухал. Өөрөөр хэлбэл ажлаа ч хийдэг хажуугаар нь хүүхдээ цэцэрлэгт өгөх боломжийг хангаж өгөх явдал нэн чухал.
 
 
-Ингэхэд эмэгтэйчүүдийг эдийн засгийн хараат байдлаас гарахад туслах чиглэлийн бодлогын асуудлууд хэр байдаг вэ. Бизнесийг нь дэмжих ч гэдэг юм уу?
 
-Байдаг. Зөвхөн эмэгтэйчүүд ч гэлтгүй эрчүүдийг дэмждэг. Үүний хажуугаар эмэгтэйчүүдэд зориулсан тусдаа бодлого ч бас бий.
 
 
-Улстөрийн намууд ялангуяа танай Социалдемократ нам эмэгтэй лидерийг хэрхэн сонгож хөгжүүлдэг вэ. Туршлагаасаа сонирхуулахгүй юу?
 
-Би хувьдаа эмэгтэй Засгийн газрын тэргүүнтэй байгааг сайшааж, их дэмждэг. Энэ нь бусад эмэгтэйчүүдэд эерэг нөхцөл байдлыг бий болгодог гэдгийг хэлэх ёстой. Гэхдээ одоогийн засгийн газрын баримтлан явуулж буй бодлогын асуудлууд ялангуяа Засгийн газрын тэргүүний хувьд явуулж буй бодлогын асуудлуудын нэлээд хэсэг нь таалагддаггүй.
 
 
Гэхдээ юу нь таалагддаг юу нь таалагддаггүй нь чухал бус. Хамгийн гол нь эмэгтэй хүн Засгийн газрын тэргүүн байгаа нь л сайн хэрэг. Нөгөөтэйгүүр манай намын дотор эмэгтэй гишүүдийн асуудал нэлээн хэдэн жилийн өмнөөс эмэгтэйчүүдэд ээлтэй болж эхэлсэн.
 
 
Ер нь манай нам үйлдвэрчний эвлэлүүдийн хөдөлгөөнүүдээс салбарлан гарч ирсэн. Энэ уламжлал, түүхээрээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, дэмжих бодлого нь дандаа орхигдсоор ирсэн. Гэхдээ хуучинсаг намуудтай харьцуулбал хамаагүй эерэг харагддаг.
 
 
Товчхондоо манай нам эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг баталгаажуулсан. Мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг санаачилж батлуулсан нам л даа. Эмэгтэйчүүд эрчүүдийн боол биш гэдгийг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан.
 
 
Энэ бүгдийг бид дандаа консерватив буюу хуучинсаг үзэлтэй намуудын эсрэг тэмцэж байж үр дүнтэй болгосон. Социал демократ нам дотор эмэгтэйчүүдийн асуудлыг ярих, зөвшөөрүүлэх, шийдүүлэхээр алхсан алхмууд дандаа дардан байгаагүй.
 
 
Бэрхшээл ихтэй байсан гэдгийг хэлэх нь зөв байх. Би өөрийнхөө улстөрийн карерийн хүрээнд намын анхны эмэгтэй орлогч дарга болсон. Энэ албан тушаалд очино гэдэг их том тэмцэл байсан даа.
 
 
-Германд төрөлт ямар байгаа вэ? Түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг жендэрийн байр сууринаас үнэлбэл?
 
-Германд төрөлт маш бага. Нэг эмэгтэй хүнд 1,3 хүүхэд гэсэн статистик бий. Хамгийн сонирхолтой нь Германд гадаадаас шилжин суурьшиж байгаа иргэд ялангуяа Ойрх Дорнод, Туркээс ирж буй гэр бүлүүд олон хүүхэдтэй байдаг. Харин цэвэр Герман гэр бүлийн хувьд хүүхэд жилээс жилд багасч байгаа нь ажиглагддаг.
 
 
Мэдээж энэ нь олон янзаар тайлбарлагдана л даа. Герман улс хүн амын нягтаршил ихтэй, дээр нь нийгмийн амьдралд өөрийгөө авч явах боломж нь хэцүү. Энэ их дарамтын дунд хүүхэд гаргаад, хүмүүжүүлээд хажуугаар нь ажлаа хийгээд явах нь хүндрэлтэй байдаг юм.
 
 
Манай улсад эмэгтэй хүн ялангуяа эх хүн 100 хувь сайн байх ёстой гэх үзэл түгээмэл. 100 хувиас сайн эх хүн болохын тулд тухайн эмэгтэй хүн ажил мэргэжлийнхээ дагуу хөдөлмөр эрхлэх боломж нь хязгаарлагдмал болдог нь маш том асуудал.
 
 
Гэтэл Францын хувьд огт өөр. Жишээ хэлье л дээ. Миний үеэл надтай нэг жил гэрлэсэн. Франц хүнтэй суусан учраас Францад амьдардаг юм. Үеэл маань зургаан хүүхэдтэй болсон. Ажил мэргэжлийн хувьд дагалдах багшаасаа хамгийн дээд зэрэглэлийн багш болтлоо өөрөө өөрийгөө боловсруулж хөгжүүлж чадсан.
 
 
Франц маш олон хүүхдийн цэцэрлэг, өдөр өнжүүлэхтэй. Хүүхэд болгон цэцэрлэгт явдаг. Эхчүүд нь ажил төрөл эрхлэх боломж өндөртэй. Цэцэрлэгт өглөө гээд ээж хүн хүүхэддээ муу анхаарал тавьдаг гэх хандлага гардаггүй. Германд бол өөр. Өнөөдөр ч тийм л байгаа. Миний хувьд Германд хоёр хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг том асуудал байсан.
 
 
-Хувийн хэвшил квотын систем Германд үйлчилдэг үү?
 
-Байхгүй. Консервати буюу хуучинсаг үзэлтэй намууд 2020 оноос хувийн хэвшлийн квоттой болох тухай ярьж байгаа. Гэхдээ би тэр үед байхгүй байх биз дээ.
 
 
-Ингэхэд та Монголд ирэхээсээ өмнө манай улсад жендэрийн асуудал ямар байгаа талаар судалгаа хийсэн үү?
 
-Өөрийнхөө хэмжээнд тодорхой судалгаа хийсэн. Гэхдээ энэ нь бүрэн гүйцэд биш л дээ. Өдөр тутам энэ асуудал дээр нэмж мэдэх сонирхох асуух юм зөндөө гардаг.
 
 
З.Урансүх 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"