Манайулс чөлөөт зах зээлд шилжсэнээр хавдрын өвчлөл ихэссэн гэх салбарын мэргэжилтний үгийг сонсоод ихэд гайхаж байж билээ. Хожим бодох нь ээ, зах зээлтэй холбоотойгоор импортоор оруулж ирж буй баталгаат бус хүнс Монголчуудын амьдралд нөлөөлсөн байж таарна. Дэндүү дэндүү гэхэд даанч харамсмаар тохиолдлууд хэтэрхий олноор гарах болсон юм хойно доо. Нэгэнтээ нэг дотрын эмчтэй ярилцаж суутал, социализмын үед манайхан эрүүл байсан. Цээжийг нь онгойлгоход ямар сайхан цэвэрхэн байдаг байсан гээч. 
 
Одоо бол... гээд толгой сэгсэрч билээ. Товчхондоо бидний ойлгож хэвшсэнчлэн настайчуудын гэдэг өвчнөөр өвчлөгсдийн нас залуужсаар байгаа нь яах аргагүй толгой өвтгөсөн асуудал болчихоод байгаа. Солонгос кино үзэд яахаараа цөмөөрөө ямар нэг юмны хорт хавдар тусчихдаг улс вэ хэмээн унтууцдаг байсан цаг ч ард хоцрох маягтай. Энгийн жишээ дурдахад цусны хорт хавдрын өвчлөл.
 
Статистикээс харахад, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн байнгын хяналтад цусны хорт хавдартай 700 гаруй хүүхэд байдаг гэх. 2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өсчээ. Хамгийн гунигтай нь цусны хавдар өвчнөөр шаналж буй эдгээр хүүхэд улсын хэмжээнд ганцхан байдаг ЭХЭМҮТ-ийн эмчилгээний тасгаар үйлчлүүлдэг.
 
Тэдийн хувьд ирээдүй гэсэп ойлголт байхгүй. 3-5удаагийн химийн тариагаар дээд тал нь гурван жил амьдардаг гэх. Өөрөөр хэлбэл эл өвчнөөр өвдсөн хүүхдүүдийг эх орондоо эмчлэх боломжгүй байдаг аж.  Эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ өвчин нь агаарын бохирдол, баталгаат бус хүнсний бүтээгдэхүүнүүдээс үүдэлтэй. Товчхондоо цусны хорт хавдраар өвчлөх магадлал нь дээрх хоёр зүйлтэй шууд холбоотой байдаг юм байна. 
 
Эмчлэгдэх боломжийн тухайд Монголд даралтны аппарат, чагнуураас өөр багаж байхгүй. Эмчид мянган сэтгэл зүтгэл байгаад ч нөхцөл боломж бүрдээгүй учраас энэ аймшигт өвчнийг зөвхөн химийн тариагаар аргацгаадаг аж. Ядаж байхад өнөөх химийн тариа нь манай оронд олдоц муутай бөгөөд тасарч дутагдсны улмаас хэдэн хүн энэ хорвоог орхиход хүрснийг хэлхэд бэрх.
 
Өөрөөр хэлбэл, цусны хорт хавдар туссан л бол чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийлгэхгүйгээр дээд тал нь таван жилийн настай аймшигт өвчин юм байна. Харин Солонгосын Гэгээн Мариягийн эмнэлэгт энэ мэс хагалгааг хийдэг ч 200 сая вонн буюу 146 мянган ам долларын өртөгтэй аж.  Үүнтэй зэрэгцэн нэгэн таатай мэдээ дуулгахад өвчинд шаналж, авралгүйдэн аргагүйдэж буй цусны хорт хавдартай хүмүүс бүр тодруулбал, хүүхдүүдэд зориулсан тусгай эмнэлэг барих ажлыг АНУ дахь Төвд-Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа Гэгээний санаачилгаар ЭХЭМҮТ-ийн хашаанд эмнэлэг барихаар болсон билээ. 
 
Барилгын шавыг 2012 оны тавдугаар сарын есөнд тавьсан бөгөөд энэ сарын 21-нд барилгын гаднах ажил дууссаны баярыг хийхээр төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан Ажиа Гэгээн манай улсад ирээд байгаа бөгөөд гэгээнтнээс зарим зүйлийг тодрууллаа.
 
 
-Манал хурах ёслол хийх гэж байгаа гэж дуулсан. Энэ хурал эмнэлгийн ажилтай холбоотой юу?
 
- Манай Монгол Улс, Монгол ахан дуүс минь амар амгалан байна уу. Би Монголд ирээд сар илүү суулаа. Мэдээж эмнэлгийн ажлаар... Манал бол эрүүл мэндийн бурхан. Тэр ч утгаараа Манал бурханы тарни унших ёслол эмнэлэгтэй холбоотой гэж ойлгож болно.  Энэ сарын 14-нд Манал бүтээх хурлыг Гандан тэгчинлэн, Дашчойлин хийд дээр хурахаар төлөвлөчихөөд байна. Гэхдээ гагцхүү дээрх хоёр хийд дээр хурах юм байна гэж ойлгож болохгүй. Энгийнээр тайлбарлавал, хүмүүс дүнчүүр маань уншлаа гэхээр сайн мэдэх байх.
 
Хэрвээ Манал бурханы тарныг гэртээ эсвэл хөдөө орон нутаг дахь сүм хийд дээрээ ч гэсэн уншиж хураагаад тооцоогоо явуулбал энэ ажилд оролцсон гэсэн үг. Бурханы номыг уншаад бумба залах ёслол үйлдэнэ гэж ойлговол болно. Түүнээс гадна манай эмнэлгийн ажил их сайхан явж байгаа. Эмнэлэг маань зургаан давхар, мансардтайгаа нийлээд долоон давхар дээр нь бас нэг монгол гэрийн янзтай юм хийж байгаа. 75 ортойгийн 50 нь цусны хавдартай хүүхдэд зориулагдаж байгаа бол 25 нь нярай хүүхдүүдийн эрчимт эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Эмнэлгийн энэ ажил маань урагштай байгаад би их баяртай байгаа.
 
 
-Ийм том эмнэлэг барихад ихээхэн хөрөнгө зарцуулагдах нь мэдээж. Ойролцоогоор ямар өртгөөр босч байгаа вэ?
 
-Долоон давхар барилга гэж дээр хэлсэн. Ойролцоогоор дөрвөн тэрбум 100 сая орчим төгрөг гэж тооцоолсон. Одоогоор хоёр тэрбум нь зарцуулагдчихаад байна.
 
 
-Ингэхэд та яагаад заавал Монголд ийм төм буян хийхээр шийдсэн юм бэ?
 
-Бүх шашнууд хүмүүсийн сайн сайхны төлөө байдаг. Манай шавь нар надад хэлж байсан. Монголд Христийн шашин ихээр орж ирж байгаад санаа зовж байгаа тухайгаа ярьж байлаа. Хүмүүс ямар шашин шүтэх нь өөрсдийн хэрэг. Магадгүй Христийн шашин бусдад их тусалж өглөг өгдөг нь хүмүүст таалагддаг байж магадгүй. 
Бид бусдыг муулах, шүүмжлэхээс илүү өөрсдийн алдаагаа олж харж байх хэрэгтэй. Бурханы шашин ч адил, хүмүүст тусалж, тэднийг энэрч хайрлаж байхыг сургадаг. Гэтэл бид хүмүүсийн ойлгохгүй хэлээр ном уншиж, өргөл барьц ихээр аваад байгаа нь хүмүүст буруугаар ойлгогдож байж магадгүй.
 
Бурханы шашинд сургадагтай адилаар бид ч бас хүмүүст сайн зүйл хийж буян үйлдэх хэрэгтэй. Би бас ийм санаагаар, бусдад чин сэтгэлээсээ туслах бодлоор энэ ажлыг хийж байгаа юм. Нөгөөтэйгүүр би Хөх нуурын монгол хүн. Улстөрийн шалтгаанаар АНУ-д цагаачлаад 15 жил болж байна.  АНУ-д тэнд байгаа монголчуудтайгаа их дотно байдаг. Монгол хүмүүс надаар засал ном хийлгэх, даатгах гээд их ирдэг. Тэгээд өргөл өгөх тохиол ч бий. Тэр бүх зүйлээ гол хөрөнгө болгоод дээр нь манай шавь нар, мөн гадаад байгаа монголчуудын хандиваар энэ барилгыг барьж байгаа.
 
Сайхан барилга бариад бүх тоног төхөөрөмжөө гадаадаас авчирна. Нарийндаа Монгол Улсад нэгд орох чанартай эмнэлэг бий болоосой гэж хүсдэг. Ямартай ч 21-нд эмнэлгийн барилгын ажил дууссаны нээлтийг хийнэ. Яагаад энэ өдрийг сонгосон бэ гэвэл нэгд цаг уурын хувьд таатай үе. Нөгөөд миний төрсөн өдөр.  Бас балжинямтай өдөр л дөө. Одоо гол ажлаа хийх үлдсэн. Хойтон жил ашиглалтанд оруулах юм. Ашиглалтанд оруулаад л улсад бэлэглэнэ.
 
Нөгөөтэйгүүр би бурхан шажин шүтдэг хүн. Бурханы хэлээр тайлбарлавал хүмүүс эрүүл энх байхын төлөө Манал бурханыг шүтдэг. Тиймдээ ч 14-нөөс эхлэн гурван өдөр Манал бурханы тарни уншиж маанийн бүтээл хийж байгаа юм. Энэ ажилд ард түмэн олон нийт анхаарлаа хандуулж оролцоосой гэж хүсч байна. Дашрамд дуулгахад бид нэг цаас хэвлээд Манал бурханы тарнийг бичүүлж байгаа. Доор нь хүний нэр бичих хэсэг бий.
 
Ам бүлийн тоогоо бичээд өөрийнхөө хүсч буй хүсэл, ерөөлөө бичээд бидэнд ирүүлээрэй. Бид шинэ эмнэлгийнхээ долоон давхарт Манал бурхан бүтээж залахдаа таны ерөөлийг ч бас зална. Угаасаа гадаад ялангуяа барууны улс орнуудад эмнэлэг дотор заавал нэг шашны ордон өргөө байдаг.
 
Мэс засал хийлгэх гэж байгаа ч юм уу хүндэвтэр өвчтэй хүн өөрөө залбирч сайхан болохын төлөө, тайвширахын төлөө бясалгал хийх боломжтой байдаг юм. Тэрэн шиг гэсэн үг. Ер нь би Монгол сайхан байж, хөгжих ёстой гэж боддог. Монголын ирээдүй хүүхдийн эрүүл мэнд дээр тулгуурлана. Тиймээс энэ ажилд хүн болгон сэтгэл гарган оролцоосой гэж хүсч байна.
 
 
-21-нд бас арга хэмжээтэй гэж дуулсан?
 
-Энэ сарын 21-нд манай эмнэлгийн ажлын нэг хэсэг дуусна. Тиймээс нээлтээ хийсний дараа орой нь Улаанбаатар паласт тоглолт хийх юм. Тоглолт гэхээр дуучид ирээд дуулах юм гэж ойлгож болохгүй шүү. Дуучид, алдартай хүмүүс ирнэ. Бас Манал бурханы номыг уншина. Над дээр нэгэн хүн ирж ажил үйлсээ сайн болгохын тулд яах вэ гэж асуусан л даа. Би түүнд "ажил үйлсээ сайн бүтээхийн тулд буян үйлдэх хэрэгтэй" гэлээ. Тэгсэн тэр хүн "Би зөндөө буян хийсэн шүү дээ, суварга босгосон, одоо бурхан бүтээх гэж байгаа" гэнэ.
 
Би түүнд "Бурхан бүү барь. Бурхан бариад түүнийгээ хамгаалж чадахгүй, байнга зул, тахил өргөж чадахгүй болохоор эвдэрч сүйддэг. Хожим өөрөө очиж үзээд харамсах болно. Харин түүний оронд сургууль эмнэлэг барьж, өнчин хүүхдүүдэд тусалбал илүү сайн буян болно" гэж хэлсэн юм. Ном болоод бурхан суварга бүтээх нь буян мөн л дөө. Гэхдээ үүнээс бусад олон буяныг бүтээж болно. Амьдрал дээр холбоотой, олон нийт хүмүүст хэрэг тус болох зүйлийг хийвэл илүү сайн буян болно шүү дээ.
 
 
Ажиа Гэгээнтэй уулзсны дараа түүний шавь дэд доктор Ч.Батнайрамдалтай уулзаж ярилцсан. Монгол залуу л даа. Тэрбээр багшийнхаа санаачилсан ажлын талаар ийн ярьсан. "Багшийн хэлсэн гурван тасгаас гадна манай эмнэлэгт эмч нар зориулсан хэсэг бий. Тодруулбал гаднаас ирж ажиллах мэргэжилтнүүдэд зориулсан гэсэн үг л дээ. Ер нь Монголын аль ч эмнэлэгт гадны эмч ирээд байрлах байр байдаггүй болохоор буудал энэ тэрээр аргацаадаг.
 
Тав тухгүй орчинд байсан бас эмнэлгээс хол байрладаг болохоор хүн удалгүй буцдаг. Тэр хэрээр үр дүн буурдаг. Эмнэлэг маань ашиглалтанд орсноор ирсэн эмч нар маань тав тух алдахгүй. Ийш тийшээ явж цаг үрэхгүй. Нэг удаадаа 14 эмч хүлээн авах боломжтой. Ер нь мэс заслын эмч нар багаараа л ирдэг юм. Багш хэлсэн, эмнэлгийн барилга нь л дөрвөн тэрбум, 100 сая төгрөгөөр босох учиртай. Барилгын ажилд одоогоор хоёр тэрбум нь зарцуулагдчихсан.
 
Гэхдээ эдийн засгийн тогтворгүй байдал, мөнгөний ханш ам долларын ханш өсөж байгаатай холбоотойгоор өртөг өсч тооцоолж байснаас нэмэгдчихээд л байна. Дээр нь тоног төхөөрөмжийн асуудлууд бий. Мөн АНУ-аас автомат орнууд авна гэхчлэн шийдэгдээгүй төлөвлөгдөөгүй асуудлууд урган гарч байгаа нь нууц биш ээ.Ний нуугүй хэлэхэд энэ ажлыг хурдан дуусгахын тулд хийх юм их байна. Гэгээн багш маань АНУ-ын Индонезид амьдардаг хүн.
 
Оксфордын болон бусад их дээд сургуулиудад лекц уншдаг. Явсан газар бүртээ энэ үйл ажиллагаагаа танилцуулж хандив өргөхийг уриалдаг. Тиймээс бид бүхэн эх орондоо ажилаж амьдарч байгаагийн хувьд энэ ажилд сэтгэлээсээ оролцох учиртай. Их бага гэлтгүй хүн бүрийн зүтгэл идэвх хэрэгтэй байна. Өгье гэвэл ганцаасаа гэдэг. Бас олны хүч оломгүй далай гэдэг дээ хэмээн өгүүлсэн. Ажиа Гэгээн 1950 онд Өвөр Монголын Хөх нуур гэдэг газар төржээ.
 
Дашрамд дуулгахад монголчуудын зорин очдог Утай, Гүмбэм гэдэг нь хоёр өөр газар байрладаг хоёр өөр хийд бөгөөд гэгээнтэн Гүмбэм хийдийн хамба лам юм байна. Тэрбээр хоёрхон настайдаа Ажиа гэгээний наймдугаар дүрээр тодорсон агаад 1998 онд улстөрийн шалтгаанаар дүрвэжээ.
 
Түүний санаачилсан Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөөх энэ их бүтээн байгуулалтанд АНУ, Япон, Англи, Тайвань зэрэг оронд ажиллаж, амьдарч байгаа монголчууд болон гадаадын иргэд санхүү, тоног төхөөрөмжийн хандив өргөн дэмжиж байгаа. Гэсэн хэдий ч эмнэлгийн тоног төхөөрөмж, доторх засал зэрэгт нэлээд мөнгө шаардлагатай байгаа юм.
 
 
Түүнчлэн Ажиа гагээн өөрийнхөө туулсан амьдрал, нэгэн жарны цаг төрийн байдлыг эмхтгэн, "Цагийг бэлгэдэгч наран чөлөө" хэмээх номоо турвижээ. Эл ном англи, монгол хэлээр хэвлэгдсэн бөгөөд өдгөө хятад хэл дээр хэвлэгдэх гэж буй юм байна. Хөх нуураас тодорсон Монгол гэгээний туулсан амьдралын түүх болох эл номыг худалдан авсан мөнгө ч мөн л эмнэлгийн ажилд зориулагдах юм билээ.
 
Эцэст нь монголчууд та бүхнийгээ Хөх нуураас тодорсон Монгол гэгээнтний санаачилсан буяны үйлст нэгдээрэй хэмээн уриалъя. Цусны хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэгт хандив өгөхийг хүсвэл "Голомт" банкны 1105049505, Худалдаа хөгжлийн банкны 452565325 дансанд мөнгөө байршуулж болох юм билээ.
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин