sonin.mn
Цаг үе болгонд өөр өөрийн өнгө урсана. Амьдрал түүгээр харгуй нэхэн эхээс уйлж мэндлэх нэгнийг тосон өлгийдөж авна. Сар халгисан шөнөөр араг түшин байж мэндэлсэн Дуламын ганц хүү хэмээн гол усныхандаа нэрлэгдсээр ирсэн түүний нэрийг өгсөн багш ээж хоёроос нь өөр мэдэх хүн гэж бараг үгүй.
 
Уг нь Лодой хэмээх нэртэй юмсанжээ. Хийдэд шавилан суулгаж, өвлийн идшийг нь даадаг байсан ээж нь өнгөрснөөс хойш багш ламаа дагаж. хүүхэд үедээ ламаахай өсөх үедээ лам хэмээн нэрийдсээр нутгийн нь хүн байтугай, шувуу нохой чиг андахаа больжээ.
 
Хорин тав хүртэл хийдэд шавилаад багшаасаа зодын лүмбэн авч Утайд гавжийн дамжаа барьсаар одоо тавь шүргэхдээ эхнэр авсангүй. Эхлээд чиг нутгийн улс Дуламын ганц гэж ирээд л чихийг нь хангинуулдаг байлаа. Яваа яваандаа дасч Утай явж ирснээс нь хойш тэр тухай ярихаа больжээ.
 
Хүн амьтан явуулахгүй унаа морийг нь чөдөрлөөд, машин тэрэг эвдэрч, эс бөгөөс аваарь осол гарах боллоо. Таван чихийн ам гүйдэл суудалтай болчихлоо гэх яриа гарсаар дөрөв таван жилийн нүүр үзжээ. Нутаг усны нь нэр гарах бүрий өөрийн нь нэр дуудагдаад байх шиг санагдан, тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэгчээр зодын номоо өвөртлөн замын тоосонд даруулан алхаж яваа нь энэ бөлгөө.
 
Зодын номны эрх авах гэж үеийн хүүхдүүдийн наргиан наадам, үерхэл нөхөрлөлөөс тасран өвгөн ламын хонх, дамрыг барин бүтэн эсэхийг шалгаж, зул, хүж, арц, хүний гавлын ясан аяга, чөмгөн бишгүүрийг өвөр дээрээ тавьж аваад ямар нэгэн юманд хөөгдөж байгаа юм шиг сандчин морин тэрэгний ар дээр сууж аван сая л нэг санаа амардаг байснаа санан инээд нь хүрнэ.
 
Оройн бүрэнхий.үүрийн харанхуйд хүний оршуулгын газраар явж яс нь арилаагүй бүгдийн дээд талд нь багштайгаа гаран сууж, тасын дуудлага дуудан, газар лусыг аргадан, ,цэвэрлэж явна. Булаг шандны эхэнд очиж бороо хурын шившлэгэ шившинэ.
 
Хонх дамрын дуу, багшийн минь хүдэр хоолойтой нийлэхүй их л сүрлэг сайхан байдагсан. Би чиг түүний талд нь чиг хүрэхгүй юм даа хэмээн өөрийгөө чамлана. Хажуугаар нь тоос татуулан өнгөрч явсан нэгэн машин гэнэт тоормоз гишгэн зогсоод, ламтан хурдан алхаарай гэж кабиныхаа цонхоор толгойгоо гаргаж их л бардам дуудлаа.
 
Алхаад очиход чиг юу байхав. Хүний урмыг бодъё доо гээд ширүүхэн алхлаа. Машинд орж жолоочийн хажуу дахь суудал дээр суух зуураа жолоочийг ажиглавал хөрслөг бор царайтай нүдээрээ инээмсэглэсэн үг хэл гэж хуурай явдаггүй бололтой нэгэн байлаа. Мэнд усны хариугүй "За ламтан хаа морилох нь вэ? Айлд уу, агуйд уу" гэлээ.
 
Агуйд аа гэж хэлбэл нэлээд цочсон янзтай аль агуйд гэв. Таван чихийн ам хүрнээ гэж хэлбэл өө тийм үү. Би чиг их яаруу хүн нэг зам хөөвөл нойр хоолыг мэдэхгүй явна даа. Харин арваа хоногийн өмнө энүүхэн дээр үүр цүүрээр машин эвдэрчихээд гэснээ биеэ хурааж нэг л эвгүйцсэн ачтай суудлаа тэрүүхэндээ засаад, намайг Халтар гэдэг хүний газар зам мэдэхгүй их л хэцүүдсэн дээ.
 
Бурхан шүтдэггүй байснаа шүтдэг боллоо. Гандан мандангүй л явлаа. Хэ цэс ямар хүн таних биш гэж ярингаа, харин ашгүй тантай таарчихлаа гэж хуучиллаа. Ямар нэгэн юм хэлэх гээд байгааг нь ойлгосон Лодой за яагаав тэгж ярьж болдоггүй юмтай таарчихаа юу гэж дооглох янзтай үг өдвөл хэсэг дуугүй байснаа, Таван чихийн ам өгсөнгөө бүр хар цагана дуугүй болчихов.
 
Лодой олны ам ортой гэж үнэн юм шив дээ. Газар лус хилэгнүүлсэн юу байдаг байнаа гэж дотроо бодонгоо "За хө замын улс байна буугаад гал түлж нэг цайлчихъя чи чиг сэтгэлээ сэвтүүлэлгүй сан тавиулж аваад ярих гэснээ ярьчихаад замаа хөө дөө" гэв. Лодойн үг таалагдсан бололтой. Толгой дохив.
 
Таван чихийн дээд аманд тэр хоёр үдэллээ. Халтар салхинд найгах өвсний толгойг ширтэн, яриагаа эхэллээ. Аймгийн бараа харагдан гэрэл асч байгаа үзэгдэхээр нь хааз нэмээд л ухасхийтэл юу чиг юм бэ тас няс хийн шилэн дээр буугаад хүүхэд уйлах чимээ гардаг байгаа би чиг хонь мал эрж явсан юм болов уу, эсвэл төөрчихсөн хүүхэд явсныг харалгүй дайрчихлаа гэж бодоод машинаасаа гүйж гараад тойрч үзлээ юу чиг харагдахгүй юм.
 
Бүүр гайхаад эргэж машиндаа суугаад гэрлээ асаалаа гэрлийн урдуур хүүхэд гүйгээд гарч явнаа. Шаралхсандаа за чамайг даа гээд гарлаа. Бас л юу ч байдаггүй. Бүүр сүүлдээ өө нөгөө гүйц гүйдэл гэдэг нь юм байна даа гэж бодлоо л доо гээд дуугаа хураачихав.
 
Тэгснээ за ламтан минь тэр нэг эвгүй айдас хүйдсээс минь салгах ном байвал уншаад өг, үгүй ер хажууд нь хар дараад байх юм гэв Лодой хонх дамраа жингэнүүлэн арц хүжээ, уугиулан сан тавьж өгөөд за одоо алзахгүй эргээд ирвэл үүгээр явахдаа бүү айгаарай номхорчихно доо гэж яриад яриа дууссаны шинж болгон адис өглөө.
 
Өлөн цагаан тоос татуулсаар машин гүвээ даван далд орлоо. Асга хадтай уулс одоохон нурах нь уу гэлтэй арсайна. Эргэн тойрон чимээгүй цахилдгийн үзүүр дээр цэнхэр эрвээхэй багширсан нь цэнхэр туяа татан харагдах нь соньхон. Ус гол руу орж ирэн өнжсөн, адуун сүрэг уснаас гарч, азарга сүргээ хурааж эхлэх нь нэн гайхам.
 
Нар баруун уулын цаагуур орж оройн сэрүү уналаа. Сүү саалиндаа гарсан эмэгтэйчүүдийн хүүе, хаа, хөж гэх дуун хүүхдүүдийн хашгирах, аажим аажмаар хонь хурганы майлаанд шингэн алга болохуй хангайн шөнө нөмөрлөө.
 
Одод түгж байна, хар багаасаа хээрээр гэр хийж, хэцээр дэр хийсэн түүний нойр нь хүрч эхлэхүй, өдөр нүдлэж авсан бөөн цахилдган дунд ороод унтчихлаа. Хэн нэгний уйлах дуунаар сэрж, нүүрээ гараараа арчаад за хүрээд ирсэн үү. Одоо чиг хоёулаа нүүр нүүрээ харна даа гэж дотор хүнтэйгээ яриан дүнгэнэтэл номоо уншиж хонх, дамраа цохилоо.
 
Сүүдэгнэсэн бараа аажмаар ойртож ирэхийг дутуу аньсан нүдний завсраараа ажвал тав зургаа орчим насны эрэгтэй хүүхэд байлаа. Ном унших бүр дэргэд нь ирж түүний номын шидэнд торлогдож байлаа. Ном тарнийн хүчээр дүрийг нь тогтоон, юуны учир ийнхүү хоргодоод байгааг нь лавлавал, "Би ээжээ" гэж хэлж чадаагүй юм.
 
Тэр үгийг л хэлэх гэсэн юм гэв. Лодой шүүрс алдан чи надад "Ээжээ" гээд хэлчих би ээжид чинь хэлнээ гэж хэлүүлж авлаа. Нүдний аньсага нээж үл болом цагаан цацраган дундаас "Ээжээ" гэх хүүхдийн дуун гараад тал нутгийн сэвшээ салхинд шингэчихэв үү гэлтэй замхран одлоо.
 
Хонх дамар, ном, тагшаа хурааж, хойд гүвээний ар руу бууж явахдаа хүн биеийг олсон тэр хөөрхий сүнс ийм сайхан үгэнд хоргодолгүй яахав дээ хэмээн өөртэйгээ ярьж ханцуйндаа залбиран нутаг минь одоо та амар даа гэж өгүүлсээр ирсэн замаараа буцлаа.
 
2002.09.23. Америк.
 
Сан-Франциско.