Архангай аймгийн Хотонт сумын нутаг "-Олон дов" хэмээх газраас Уйгурын үед холбогдох хувцас олдлоо. Энэхүү олдворыг 2011 онд МУИС-ийн НШУС-ийн Археологи-Антропологийн тэнхимийн багш доктор У.Эрдэнэбаатраар удирдуулсан оюутны зуны археологийн хээрийн шинжилгээний дадлага ажлын хурээнд илрүүлжээ.
 
Шинжилгээний ангийн 26-р булш хэмээн дугаарласан бунхант байгууламжаас талийгаачийн биед өмсгөсөн өвөрмөц өмсгөл гарсан байна. Малгайд нь алт түрхэж цэцгэн хээ тавьж чимэглэсэн нимгэн сиймхий торгоор хийсэн байна. Өмнө талдаа нэг зангилаатай.
 
Мөрөвчтэй банзал маягийн хувцасны үлдэгдэл нь хүрэн улаан өнгийн дэвсгэр дээр хөх өнгийн навч цэцгэн хээтэй торго. Бүсэлхийн хэсгээрээ олон хуниастай, дэрэвгэр хормойтой. Хормогч маягийн хувцас нь хүрэн шаргал өнгийн нимгэн торгоор хийсэн хормогч хэлбэртэй хувцас байжээ.
 
Олон довын энэ дурсгал нь манай улсын дундад үеийн түүхэн хувцасны судалгаанд нэн ховор үнэт материал болох бөгөөд хувцас хийцийн хувьд маш өвөрмөц одоогоор биет байдлаар олдож байгаа Уйгурын үеийн хувцасны цор ганц дурсгал юм.
 
Уг бунхнаас гарсан хувцсыг урлаж хийсэн торго нэхмэлийн технологи, хээ чимэглэл, өнгө найруулгын онцлог зэргийг харьцуулсан судалгаагаар VIII зууны дунд үеийн Тан улсын торго болохыг тогтоожээ.
 
Хувцасны олдворыг Соёлын өвийн төвд сэргээн засварлаж, Архангай аймгийн музей сан хөмрөгтөө авах хүсэлт тавьсны дагуу 2013 оны 8-р сарын 17-нд МУИС-ийн Археологи-Антропологийн тэнхимээс хүлээн авч үзүүлэнд дэлгэн олон нийтийн хүртээл болгож байна.
 
Олон довын дурсгалт газар нь Хотонт сумын төвөөс зүүн хойш 7 км, Уйгурын хаант улсын нийслэл Орхоны Хар балгасын тууриас баруун тийш 12 км-ийи зайд оршино.
 
Архангай аймгийн музей
 
Эх сурвалж: "Архангайн амьдрал" сонин