Ингэж ярих хүн тун ховор. Тэр дундаа дуулах хуурдахыг нь сонсч, тэр маягаар дуугий нь сурах гэж оролдож явсан хүн бүүр ч ховорджээ. Тийм нэгэн хүнтэй би Сэлэнгэ аймгийн Орхон суманд танилцлаа. Дооромбын Өлзийхүү гэдэг 60 нилээд гарсан орос өвгөн байна.
 
Орос, тэгээд бас Гоожнанаагийн танил шүү! Сонин байгаа биз? Бүүр мянга есөн зуун гучаад оны эхээр Халхын голд орос цэргийн мэргэжилтнүүд ажиллаж байжээ. Тэр үед нэгэн орос гэр бүлд хүүхэд төрж, нутаг руугаа яаралтай дуудагдахдаа өлгийтэй хүүгээ хамт ажиллаж байсан цэргийн дарга Дооромбодоо орхижээ. Ийнхүү орос зөвлөхийн хүү монгол ээж Должинсүрэнгийн гар дээр өсч хүмүүжсэн аж.
 
-За тэгээд ямар үндэс ястан гэж бүртгүүлдэг вэ гэж сонирхож асуувал,
 
 
-Ард халх гэлгүй яахав гэлээ.
 
Өлзийхүү баруун хилд цэргийн алба хааж, Говь-Алтай аймгийн Төгрөг сумнаас Бэгзжавын Нуурхүү гэдэг говийн бор хүүхэнтэй гэрлэж,шонхор хамартай орос шар залуу тэмээ унаж, тэн ачиж, орос эх эцгийн тухай зүүдэнд ч үгүй явж залуу зандан насаа өнгөрөөсөн юм. Залуу нас сан хойно. Юм үзэж, нүд тайлья.
 
Газрын цээжинд гаръя гэсэн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Шаргын говийг туулан хангай нутагт иржээ. Одоо эднийх 14-27 насны зургаан сайхан хүүхэдтэй. Тэд нь цөм Орхон сумандаа байна. Өвгөн Өлзийхүү сумын төвийн өмнөхөн байдаг Наран хэмээх ноёлогхон толгойн энгэрт хашаа байшинд суудаг юм байна.
 
Олон хүүхдэд дарагдсан жирийн л нэг бор айл. Үдшийн бүдэгхэн гэрэлд Өлзийхүү бяцхан бор шүүгээнийхээ өмнө сууж байлаа. Дээр нь өрсөн зурагтай жаазнуудынхаа өмнөөс хумсын чинээхэн шарласан зураг авч,
 
-Миний муу авгайн зураг. Өнгөрөөд хэдэн жил боллоо. Зургийг нь томруулаад.зуруулсан чинь төдий л адилгүй болсон. Энэ л жинхэнэ өөрийн нь дүр дээ хэмээн хурууныхаа өндгөөр дахин дахин арчиж надад үзүүллээ.
 
Нарийхан жирэвгэр хөмсөгтэй, махлаг царайтан залуу бүсгүйн зураг харагдана. Энэ л зургаа харж, хааяа нэг санаа алдчихаад эвдэрхий муу баян хуураа татаж суудаг хүн юм. Дэргэд нь зээрэн шилбэтэй, тормойсон хар нүдтэй, шулуун хамартай өндөр бор охин зогсч байна. 
 
-Энэ л миний ганц хань. Эрэгтэй хүүхдүүд ч дандаа гэртээ байх биш. Миний охин хэдэн үнээгээ саана. Мөнгө дутвал сумын төвд сүүгээ зараад хэдэн төгрөг өвөртлөөд ирнэ гэж Өлзийхүү охиноо магтав. Гал зуухтайгаа хоёр өрөө жижигхэн байшинтай юм. Хэд хэдэн төмөр ор тавиад л байшингийн зай дүүрчээ.
 
Харин гал зуухны өрөө нь арай нүсэр. Давсалсан ногооны ваар сав, хатаасан загасны хоёр ч том толгой өлгөөстэй харагдана. Эрэгтэй хүүхдүүд нь Орхоноос загас барьдаг гэнэ. Сонин юм даа. Өлгийтэй нялх амьтан монгол эх эцэг дээр ирсэн атлаа үр хүүхэд нь хүртэл загас жараахай хөөцөлдөж, ногоо сонирхож байдаг.
 
Өлзийхүү өвгөний задгай сайхан яриа, сэтгэлийн их хөдлөл нь санаа дагаад ч тэр үү, орос царайтайд нь ч тэр үү, сургий нь сонсоогүй орос эцэг эхийн нь зан нэвт шингэсэн мэт санагдав. Өлзийхүү урлагийн хүн гэж өөрийгөө боддог. Арга ч үгүй юм. Уран сайханчдын улсын үзлэгт хоёр ч удаа орж, Цогзолмаа гавъяатаар ур ухаан заалгаж явсан хүн юм.
 
-Манайхан архи уугаад Цооцоог зовооно. Ердөө загнахгүй. Харин уйлж л нулимсаараа айлгадаг байсан гэж тун дотносон ярив. Хананд нь хуучир хөгжим залаастай байна. Харин баян хуур хөгжмөө галын өрөөнд тавьжээ. Гартаа ойр байлгадаг бололтой.
 
-Та дуулж өгнө үү? Зургий тань нэг аваадхая гэвэл, охин нь шүүгээ онгойлгон монгол дээл, бүс, жанжин малгай гаргаж аавыгаа хувцаслаж бүсий нь жавхайтал ороолоо.
 
-Би монгол ардын дуу л дуулдаг хүн шүү дээ. Манай энэ Орхон Гоожнан-аагийн нутаг. Би тэр хүнийг дагаж дуулж байсан дуугаа дуулах уу гэхэд би цочирдож,
-Өө та чинь Гоожнан-аатай уулзаж явсан хүн үү гэж олзуурхахын ихээр олзуурхав.
 
-Тийм ээ , тийм. Тэхдээ ойр дотно байгаагүй. Намайг тоохооргүй том хүн байхгүй юү? Зайлуул! Нохой шуугиулсаар л унаатай, унаагүй айл хэсч дуулж явдаг байсан. Нэг их сүр бараатай ч хүн биш. Шалимагардуу шар өвгөн байсан. Харснаа л зохиогоод дуулж хуурддаг хүн гэв.
 
Тэгээд " Гоожнан-аа " гэдэг дуугий нь тун эвлэг сайхан хоолойгоор , маш их сэтгэл гарган дуулав. Орчлонд ганц л энэ дуу байгаа мэт. Жаран хэдэн насаа ч энэ хүн мартав бололтой. Бөгтийх ч янзгүй шулуун сайхан нуруугаа гунхалзуулан дуулав.
 
Энэ зуур,
 
-Хөөрхий дээ! Тэр их тэнүүлч авьяастан өмсөхөө өмсч, идэхээ идэж хүний ёсоор амьдарч чадсан болов уу? Олон үедээ дурсагдан явах тийм их увдисыг нь хүмүүс ойлгож байсан болов уу? Хүнийг амьдад нь хайрлаж явах хэрэгтэй юм даа гэсэн нэгэн бодол зурсхийв.
 
Д.Амбасэлмаа
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин