..Ар гурван дэл 
Алаг гурван шанд 
Задгай гурван хээр 
Зах гурван бамбуу...  гээд нэр нь хүртэл шүлэг болсон алтан шаргап говьдоо зандан шатар шиг тэмээгээ үүрийн туяагаар өрж, үдэш болтол нүүж яваа бүсгүй Надмидын Сүхбат гэдэг. Дэндэвийн Пүрэвдорж Баянхонгор аймгийн Шинэжинст суманд очиж илгээлтийн эзэн энэ тэмээчинтэй уулзаад "Сэгс цагаан богд" гэдэг найраглал бичсэн гэдгийг уншигч олон мэднэ.
 
Тэр үед Сүхбат дөнгөж наймдугаар анги төгсч эвлэлийн илгээлт аваад ээжийгээ дагалдан тэмээ хариулахаар ирсэн байж. Шинэхэн тэмээчин нэг өдөр бэлчээрт явж байтал ч хөл дээрээ дөнгөж тэнцсэн хулангийн нялх унага тэмээг нь дагаад алжааж цангасан янзтай алхаж харагдав. Задгай хээр нутагт охи, онгон амьтан хоёр ийнхүү учирчээ..
 
Айх эмээхийн хар санаа мэдэхгүй нялх унага, айлгах эмээлгэхийн хар санаагүй охин хоёр сүжрэн тэмээдийнхээ хамт гэрийн зүг явлаа. Эхийн халуун сүү мөрөөсч энэрэл горилсон хөөрхөн хулан тэмээдийн бараа сүрнээс ч айхгүй цүүцгэрхэн хөлөө туялзуулан, товор товор алхалсаар, олзтой яваадаа хөл газар хүрэхгүй байгаа Сүхбат унагаа ээждээ бушуухан үзүүлж сүү өгөхсөн хэмээн яарна.
 
Том хар нүдэнд нь тэнгэр цэлмэж, хилэн зөөлөн үсийг нь илбэхүй алганаас бүлээ төөнөж, цахиур дөрвөн туурайд нь газрын чулуу харгиж, орчлонд үүн шиг хөөрхөн амьтан байдаг болов уу гэмээр. Хулангийн унага Сүхбатыг гаравч оровч хархан нүдээ бүлтэгнүүлэн дагаж, гараас нь угж хөхнө. Асгалан цутгачан байж ус ууж сурлаа. Саяхан сургуулиас ирсэн охин ангийнхандаа ч захиа бичих завгүй, тэмээнийхээ бэлчээрээс ирээд л хулантайгаа хамт.
 
Унага минь удахгүй том болно. Унаанд сургана. Уяж сойно. Уралдуулна. Миний хулангийн өмнө гарах хүлэг гарахгүй... Ер залуу оюун ухаанд орж ирэхгүй юм гэж хаана байх вэ? Гэтэл үүний цаана хулангаас хүртэх хувь юу байсныг охин яахин тааж мэдэх билээ. 
 
-Надмид гуайнд хулангнйн унага бий гэх сургаар түүнийг үзэхээр зохиолчид ирж уран бүтээлийн их олзтой буцлаа. Ийнхүү хулангийн унага яруу найрагчийг даллан ирүүлж, эзэн болсон хүнээ найраглалын баатар болгожээ. Тэгээд л боллоо, ачийг нь хариуллаа гэсэн шиг заяаныхаа нутаг задгай гурван хээрээ мөрөөдөж, хүнийрхэх зан өвөрлөн хот захалсаар ханат гэрээ орхин хаг утаанаас дайжиж алсын алсад оджээ.
 
Тэмээгээ хотлуулчихаад үдшийн гэгээ унасан бууралхан хондлойг нь илж, сүү үнэртсэн зөөлөн хошууг нь чихэндээ нааж, гэнэн балчир хүн адгуус хоёр "ярьдаг" байж. Хэлгүй ч гэсэн эрдэнэт хүний энэрэлийг мэдрэх гэсэн мэт бяцхан биендээ томдсон толгойгоороо Сүхбатын халз урдаас мөргөн удаан гэгч зогсдог байж. Гэтэл учрахын баярын дараа салах гэдэг бас нэгэн гачлан ирж, ганцаар үлдэхийн гансралыг энэ л хулангаас анх мэдэж, бяцхан бор зүрх нь ямар нэг юм үгүйлээд байх шиг боллоо. 
 
...Нүдэнд дулаахан хархүү та 
Нүүдлийн шувуу байсан юм уу 
Уужим говийн бяцхан бүрд би 
Ус нь цалгиж үлдсэн юм уу
 Сэм сэмхэн санаа алдаад 
Сэтгэл нэг л сүжрээд байна... Арван тавтай илгээлтийн охины амьдралын хорин жил буцах шувуудын цуваа мэт хавартаа хөх манан татуулсаар, намартаа уянга дуу эгшиглүүлсээр нэг л мэдэхэд хорин тав, хучин нас ард үлдэж, нөгөө л сарын саруулд хоёулхнаа эрхэлж наадаж байсан хулан ч эзнээ орхиод хорь шахам жил болж.
 
Сэгс цагаан богдод сэтгэл байвал жаргал байна гэсэн яруу найргийн дагинын тэнгэрийн мөрөөдөл ч тэмээн зэлэн дээр биелсэнгүй, тээр тэндээ л байна, Амьдралыг яруу найраг шиг хүлэглүүлэн говийн зэргэлээ шиг цовхчиж байсан тэр их оргилуун хүсэч тэмүүлэл, охин шингэн царай хорин жилийн намрын хонгор салхинд элэгдэж онгожээ.Тэнгэр самран дүүлэгч аргамаг хүлгийг хазаарын аясаар тогтоодгийн адил ажил амьдралын ногт хазаар омголон зүрхийг өөрийн эрхгүй номхтгож,
 
Тэнгэрийн энэ л хаяандаа
Тэмээчин эгэл заяандаа
Тоост их говийн
Тортогт хөх асар
Сэгс цагаан богддоо
нэгдэлч түмнийхээ хэдэн зуун тэмээг хариулсаар жил бүхэн хорь гучаар бодвол хорин жилд нэгдэлдээ 600 ботго бойжуулаад өгчээ, Их говь араншингаа гаргаж өвөлд нь хүйтнээр хайрч, зунд нь нараар шарж, заг бударганаас өөр ногоорох ургамал ховордож, хавартаа ганц нэг ботгоны нүд аниулдгаас сумын аврагын болзолд ч хүрч чадсанүй. Тэмээчин болох гэж ирснээс биш, аварга горилж ирсэн биш дээ гэж ч бодох үе гарна.
 
Зах гурван Бамбуугийн загийн төгөл үл мэдэх сүүтийх төдий гэгээ ормогц Сүхбат босч хаяанд байгаа борви дүүрэн ингэний хоормогоо хүр хүр бүлэн аяга дүүрэн хийж залгилаад тэмээгээ бэлчээхээр гарна. Хаана шар мод, шаваг, баглуур арай элбэг байгааг сайн мэднэ. Үүнээс өөр тэмээний хоол байх биш.
 
Өдөржин тэмээнээс салахгүй. Ингэхгүй л бол салхидаж, өвс ногоогүй газраар цувж гэдсээ татна, Хүчээ барна, Бас ч говийн чоно гэж айхтар амьтан бий. Намрын тэмээ сарны саруулд шөнө бэлчих дуртай.Тэр шөнө нойр бүтэн хонох аргагүй. Хөнжил дэвсгэрээ аваад хээр унтахыг алиныг тэр гэхэв!
 
...Алт мөнгөн чимэгтэй хазаар эмээлтэй хулан өмнө нь ирээд Сүхбат аа! Би чамайг танихааргүй өөр болжээ. Угжны сүүгээ орхиод удсан ч үнэр нь чамд байна. Ачийг чинь хариулж мөрөөдлийн чинь зүг нисэхээр ирлээ. Бүсээ чангахан бүслээд морд гэж ган дөрөөгөө газарт шүргүүлэн өмнө нь хэвтэж халуун амьсгаа нь хацар нүүрийг нь илбэх мэт болоход тэмээчин бүсгүй таатайхан нойрноосоо салж ядан сэрвэл эрх шар тайлаг нь зөөлөн шөмбөгөр хошуугаараа эзнийхээ сэвлэг үсийг үнэртэн зогсч байв.
 
Өчнөөн олон жилийн дараа хулантайгаа зүүдэндээ учирсандаа хүүхэн баярлах ч шиг, орчин тойронд салхины хүүгэхээс өөр чимээ аниргүй. Тэмээд нилээд холдон бэлчээрлэнэ. Ингээд л миний амьдрал гэдэг тэмээ бударгана хоёроор л төгсөх юм уу гэсэн нэгэн гунигт бодол гэнэт төрөв. Тэмээнийхээ аяыг бодоод задгай гурван хээртээ гурван гэр барьжээ. Говьд эзгүй гэр орхиход санаа зовох юмгүй. Тэмээгээ тогшилж унаад л аль идэш тэжээл сайтай газар байгаа гэртээ очно. Ингэж л байж бүх насаа тэмээнийхээ дэргэд элээж байгаа ээжийн сэтгэлд таацна. 
 
-Амьд байгаа цагтаа л хэлэх сургах юмаа хэлнэ гэдэг яхирхан ээжийн үгийг дагаснаар юу алдах билээ. Ажлын эвийг ол. Тэмээг бөөн баймаар үед нь тараачихаад, таруун баймаар үед нь бөөгнөрүүлээд байвал яаж тааваар идээшлэх вэ. Тэмээ санаагаар уначихна гэж ээж ярина. Ийм хүнд таарах хүргэн олоход бас ч төвөгтэй.
 
-Эр охин хоёр хүн л байвал хань болох биш дээ. Үүний чинь цаана ажил амьдрал байна шүү дээ. Мал эргүүлсэн ч зөв талаар нь орж мэдэхгүй хүнээр юугаа хийх вэ? Эвийг нь олбол зуун төгрөг ч мянгын дайтай байдаг юм гэж ээж сургана.
 
Ийм сайхан ээжтэй, морийг нь эмээллээд өгөх хоёр сайхан хүүтэй, сэтгэлийн үгээ ярих үе тэнгийн бүсгүй дүүтэй хүн хаанаас ганцаардах вэ.
Намрын үдшийн гэгээ тасрах үед Баруун Бамбууд байгаа ганц цагаан гэрийн гадаа буувал Сүхбат тэмээдээ дөнгөж хотлуулж, тэмээдийн туялзсан бөх шөнийн тэнгэрт сэрийн сүртэй хийморьтой харагдана. Зэлэн дээр очвол тэмээдийн дундаас Сүхбат эрслэн ирж, харанхуйд цагаан шүдээ цахилуулан мэндлэв. Зураг авахаар ирснээ хэлбэл,
 
-Говийн над шиг хүүхнээр юугаа хийх вэ? Тэмээний л зураг авсан нь дээр биз гэж егөөтэйхөн хэлэв. Энэ зуур тэмээчин бүсгүйн захидал санаанд орж, намар энэхэн говьд нартай хамт ирсэн найраглалын тэр залуу л гомдоож дээ гэсэн нэгэн бодол зурсхийв. Баруун бамбууд " Сэгс цагаан богд " найраглалын баатар бүсгүйтэй өнжүүт хонуут хамт байсан намрын тэр өдөр, өглөөний наран, үдшийн саран миний санаанд зураг мэт тодхон байна.
 
Илгээлтээр ирсэн годгорхон охин цас бие тэнцсэн боргилхон бор хүүхэн болчихоод эмнэг тайлгийг гарын бяраар таваглаж ганцхан угз татаад хэвтэн тусмагц асч мордоод хэд шавхуурдан босгож эрхэндээ оруулж, бударганат талаар тэнгэрийн хаяа чиглэн тоос татуулж одохыг харж удаан гэгч зогсов.
 
Хэдэн сая живаа жилийн өмнө амьдарч энэ говьдоо мөнхөрсөн үлэг гүрвэлийн нутгийг Сүхбат маань тэмээнийхээ тавгаар тамгалж, эрт цагийн далайн ёроол байсан, одоо цагт амьтан ургамал байхын аргагүй халуун тогоо мэт сөнөмөл цавын орд харш мэт элсэн уулын бараанд л цагийн уртыг санаандаа багтааж, залуу насаа энд л үдэж байна.
 
Өнгөт торгон дээл өмсч, өрөм ааруул таваг дүүрч, зэл дүүрэн тэмээтэй, аргамжаанаас нь ботгоны уяхан хадаж байдаг ч эр хүний хайрын зөөлөн харц, эмнэг ногтлох гүжир гар хэрэгтэй л байдаг. Гэсэн ч цэвэрхэн байшин, цэнхэр дэлгэцээ орхиод олон хөлийн газраас хол эзгүй энэ говьд оо энгэсэг халдах нь үгүй онгож борлосон царайтай хүүхний дэргэд хүрээд ирэх хүн өдрийн од шиг юм шив дээ.
 
Тээр тэнд тэнгэрт байгаа одыг гараар шүүрч яахин болох билээ. Тэгсэн дорвол өндөр улааныхаа гунжийг хивсэн тогшоор тогшилж унаад Сэгс цагаан богддоо гарвап хязаалан насандаа цойлж одсон хулангийнхаа сүргийг олж харна. Хаднаас хаданд эрхлэн дүүлэх янгир ямаа, эврийн нь сайханд бишрэм аргаль угалз энд тэндгүй сүлжилдэнэ.
 
Говийн ховор амьтан мазаалай ч майга хөлөөрөө инээдтэй гэгч зугтаж байна. Намар өвлийн завсраар эндээс хавтгайн буур тэмээн сүрэгт нь тэшин ирнэ.Чухам л үлгэрийн оронд тэмээгээрээ тэшин очном биш үү? 
 
Дунд бамбууд намрын тэр нэгэн өдөр загийн шугуйд тэмээд налайж төгөлийн дундаас цэв цэнхэр дээлтэй Сүхбат, туг ширээ шар тайлагныхаа урд бөхийг цэцэгт ногоон алчуураар чимэн ороогоод зогдор хөдөлгөн гүйлгэсээр гарч ирэхийг хараад, энэ чинь юу билээ! Тэмээ нь яасан сайхан, хүүхэн нь яасан сайхан гоё юм бэ? Бэлчээр дээр хэний юуны төлөө ингэж гоёдог билээ гэж бодсон. Алсыг ширтвэл тэнгэр газрын заагт Сэгс цагаан богд үүлнээс яагарах төдий цэнхэртэн байв.
 
 -Аан! Энэ чинь яруу найргийн уул. Энэ хүүхэн чинь түүний эзэн шүү дээ гэсэн сонихон бодол дотор орж, залуу насны гоо үзэсгэлэн бүгд энэ л бэлчээр, заг бударганат талынхаа нар салхин дунд байдаг болохоор ингэж гоёлгүй яахав! Ямар аймаг хот орж торгон дээлээ өмсөлтэй нь биш гэж бодов.
 
Дух руугаа дугуйлан самнасан өтгөн хар үс, улаа бутарсан махлаг дугуй царайд нь зохисон сэргэлэн хар нүд, үг хэлэх бүрд нь туяа тусан байдаг тэгш цагаан шүд...энэ бүгдийг Пүрэвдорж найрагч харсансан бол дахиад нэг найраглал бичнэ дээ гэж үгээр урлах эрдэмд суралцаагүйдээ гутрах сэтгэл төрөв.
 
Уулын согоо шиг ийм сайхан бүсгүй олны нүднээс хол зайдуу энэ л хязгаартаа гоо үзэсгэлэнгээ цэн цэнгээр шингээж, Гурван бамбуугийнхаа дунд жилийн улирлыг ээлжлэн өнгөрөөж байна.
 
Балчир залуу насны мөрөөдөл, хосоор амьдрахуйн гэнэн цагаан бодлыг эрхлүүлэн өсгөсөн хулан нь сүргийнхээ тоостой хамт тэнгэрийн хаяа руу холдуулах мэт хорин жилийн тэртээх тэр нэгэн учрат цагийн аясаар бас л алслан алсалсаар байна. Гагцхүү Сэгс цагаан богд л Сүхбатын нүдний өмнө хувирах нь үгүй хөхрөн дуниартаж, цагийн урсгатд үл автах сэтгэлийн зураг болон үлджээ. 
 
 
Д.Амбасэлмаа
              МУСГЗ