Зочид буудлын цонхоор намрын сарны сүүн цагаан туяа өрөө тасалгаа, тэр ч байтугай ор дэрэнд хүртэл буугаад ирснийг хэлэх үү? Буудлын зорчигчид алжаал тайлахаар орондоо тухалцгааж, жижүүр бүсгүйн түлхүүр шажигнах чимээ ч намдаж сэтгэлийн үг ярихад хичнээн таатай. Мандалговь хотод хамт ирсэн найруулагч бүсгүй маань өнөөдөр л энд учирч байгаа мэт нойр хагаслан ярив. Ярих ч гэж дээ дууль хайлав.
 
...Арван хэдэн жилийн өмнө юм даа. Дулмаа гэдэг сайхан хүүхэнтэй эмнэлэгт танилцсан юм. "Хүргэн хүү" киноны гол баатар хүүхэнтэй зүс царай, бие бялдар нь яг адилхан юм шиг санагдаж байсан. Хөөрхий минь зүрх их муутай. Үе үе нүүр царай нь хөхөрнө. Зүрхээр нь хатгуулна.
 
Хорь дөнгөж гарч яваа бүсгүйг ийм хүнд өвчтэй байгаад эмч нар, тэр дундаа нэг орос залуу эмч их өрөвдөнө. Тэр байсхийгээд л жимс бариад ирнэ. Хэдийгээр хүнд өвчтэй ч хүнийг хайрлаж чаддаг бүсгүй байсан. Эхнэртэй нэг залууд хайртай болчихсоноо надад ярьж сэтгэлээ онгойлгоно.
 
-Нэг удаа би түүнийг авгайтайгаа явж байхыг хараад зүрхээр хатгуулж арай л суун тусалгүй тэссээр автобусны буудлын сандал дээр дөнгөж хүрээд л унах мэт болж нүүрээ даран уйлсан. Гэтэл нэг хүн ирээд толгойг минь илэхэд харвал тэр маань авгайгаа явуулчихад хүрээд ирсэн байв.
 
-Би байж л байна шүү дээ. Юунд ингэж уйлдаг юм бэ гэсэн.
 
Миний тэр хүн бол тийм гоё сайхан эр биш. Нарийхан хар сахал нь нүүрэнд нь зохисон, зөөлөн харцтай бор нүдтэй, нүдэнд дулаахан л залуу... Ингэж л ярьдаг. Нурууны өндөр нам, алхаа гишгээг нь хүртэл том алаг нүдээ бүлтэгнүүлэн байгаад л ярьдаг. Энэ үедээ өвчнөө ч анзаарахгүй, ёстой л сэтгэлийн жаргал эдэлдэг байсан.
 
Нэг өдөр надад, найз чинь мэс засал хийлгэх байх.Эмч нар зөвлөлтөд явуулах нь шиг байна. Ингэж зовж байснаас үхвэл ч үхээд, сэхвэл ч сэхээд нэг тийшээ болсон нь дээр гэв. Миний арга барагдаж, битгий муу юм бод доо. Мэс засал амжилттай болно гэж найдсандаа л явуулах гэж байгаа шүү дээ гэв.
 
Тэгээд л Дулмаа маань явчихсан. Москвад очоод мэс засалд орох гэж байхад нь нөгөө хайртай залуу нь Ёвропын нэг оронд ажлаар яваад буцах нь таарч, ашгүй нэг мэдээ авалцаж уулзжээ. Сахиж суусан ээж нь охиныхоо сэтгэлийг дагаж залууг орж ирсэнд баярлаж нулимсаа барьж ядан байжээ.
 
Бүсгүй үг хэлэх тэнхээгүй байсан ч хайрлаж байсан хүнээ бүдэг бадаг ч гэсэн таньж, хэдэн үг сүүлчийн удаа шивнэх аядсанаа амьсгаа хураажээ. Эх хүн сайхан охиноо хүний нутагт чандар болгон хайлах гол харалсан хэцүү мөчид ч тэр залуу хамт л байжээ.
 
Хайрт бүсгүйн эх охиноо бяцхан бумбанд үнс болгон барьж, галт тэргэнд гишгүүрээ олохгүй дайвалзан байхад мөн л төрсөн хүү шиг нь түшиж тулж явсан гэнэ лээ. Хүний сэтгэл гэж сонин шүү. Түүнээс хойш хэдэн жилийн дараа хүнсний 20-р дэлгүүрийн урдуур явж байтал нэг их танил нүүртэй залуу таарч, би өөрийн эрхгүй эхэлж мэндэллээ. Тэр хүн гайхсан мэт зогсчихов. Энэхэн зуур надад талийгаач бүсгүйн ярьж байсан залуу санаанд орж,
 
-Таны сайн танил бүсгүйтэй би эмнэлэгт хамт байсан. Түүний яриагаар л таныг танилаа гэв. Үнэхээр би зүсийг нь хараагүй атлаа таньсан юм. Өндөр нуруутай, эрсхэн алхаатай, цэмцгэрхэн хувцасласан ширвээ сахалтай бор залууг хараад яг л түүний ярьж байсан хүн нүдэнд туссан юм.
 
Хайртай хүнээ тэр хүүхэн яг л гэрэл зургаар буулгасан юм шиг хэлж чадсан. Сайхан сэтгэлтэй тэр залууг одоо ч гэсэн олж уулзаж бодно доо. Гагцхүү сэтгэлийн нь шархыг сэдрээхээс л айх юм... 
 
Хайрт хүнтэйгээ богинохон насандаа хамтран сууж ханийн жаргал эдлэх хувь тавилангүй ч залуу зүрх зогсч оньс мултрах үед толгойгоо түшүүлнээ гэдэг хайр сэтгэлийн бурхан тэнгэр ивээснийх дээ.
 
 
Сэвшээ салхи сэтгэлд нэгийг өгүүлэв
 
Намрын тэргэл саран "Намайг хараач дээ" гэх мэт өндөрт манхайн сүүн цагаан туяагаа илгээн байхад яахан сормуус хамхиж нойрсох билээ. Хүрэх газар руугаа ч яарах нь үгүй, ажил амьдралын алив бодол тархи толгойноос нисч ганцхан л саран бид энэ ертөнцийг эзэгнэх мэт аяны дөрөө мултлан говийн сөл ханхалсан талд түр байзнах болов. 
 
-Салхи өөдөө харж сууна шүү!
 
-Газар сунаад л хэвтье! гэцгээж олон жил далайгаар ч юм уу, агаараар ч юм уу аялж яваад л сая л нэг хуурай газрын бараа харах мэт. Дэргэд бүрх малгай хайш яйшхан хаяж, энгэр заамаа задгайлсан Даваа гэдэг говийн гүдэсхэн эр саран зүг харан суужээ. Олон таван үггүй, хааяа нэг цагаан шүд цухалзуулсхийн инээмсэглэнэ.
 
Ийм хүний дэргэд халуун говьдоо залуу насаа өнгөрөөж яваа хань бүсгүй нь яасан азтай хүн бэ гэж бодогдоно. Эгц урд маань саранд нүүрээ гэрэлтүүлэх ч яамай, сэвшээ салхи л амсъя гэсэн маягтай мэргэжил нэгт залуу дүү маань сууна.
 
Залуу наснаасаа хээрийн замд явж, малчин хүний үг яриа, сэтгэл санаа, тэр ч байтугай хотны банхарын нь дууг хүртэл үүргэвчиндээ буулгаж ирдэг Бямбажав маань Гурвансайханд биш, Алтайд л байх мэт. Аян замын арван ам бүл говийн шөнийн агаар салхи, өвс ургамлын үнэрт согтож, орчлонгийн жаргалын дээд ердөө л энд цогцлон байгаа мэтээр сэтгэл хөөрч, зүрхний цохилтоо ч мэдрэх нь үгүй, чангахан гишгэхээс ч эмээн нам гүмийг мөрөөднө.
 
Чихний хажуугаар өнгөрөх шөнийн ганцхан хэдгэнэ ч хуурын татлага болон зүрхэнд очно. Өнчин заяатай саран шөнийн сэвшээгээр санаа алдан, аль эрт орхиод явсан залуу насандаа дөрвөн чимээ чагнан гиюүрч байсан тэр л шөнийг санагдуулна.
 
Шөнийн намуун салхинаа найгах шивээн толгой, таанан тэргүүн шувууны хөл ширхэглэн хар үр унах хүртэл чихнээ сонсдох мэт сэтгэл алдарна. Идэж уух, өмсөх зүүхийн эрэлд хатахгүй, ердөө л тэнгэрийн энэ саран доор эгнэгт босоогоороо сэрвийн байдаг хэдэн хөх чулуу хүртэл хичнээн жаргалтай вэ?
 
Намрын саран доор дуулж ч, уйлж ч явлаа. Орь залуу насандаа хоёр тивээс захидлаар уулзаж, чиний минь нүүр саран дээр тусдаг ч болоосой. Тэгвэл би шөнөжин зүрхээ даран зогсч сэтгэлийн цангаагаа тайлах сан гэж бичиж байсан тэр хүн маань даанч хол байна даа. Гэгээн саран даанч олон жил огторгуйн их замыг туулж, тэр зүг хичнээн олон хүн ширтэж, баярлаж уйтгарлаж явсан бол оо!
 
Тэр дундаа Дундговь нутгийн дуу хууранд намрын саран, айраг хоёр мөн ч их хөг нэмж дээ. Амьдралын сайн сайхныг зүрхээрээ мэдрэх авъяас заяасан залуу сэтгүүлч До. Чулуунбаатар яагаад ч юм бэ, "Хөндийн жавар" уянгын дууг намрын замынхаа сүлд болгон, амраг чиний минь хайр, араас төөнөөд бүлээн дээ гэж эр хүний цээл тунгалаг хоолойгоор дуулах нь, учралаас илүү холдон явах нь л сайхан юм гэсэн нэг бодол төрүүлэв.
 
Сэтгэл ямар нэг юм үгүйлж, тэр зүг тэмүүлж, гансрал уйтгарыг амсч байж л хүн уясч эргэцүүлэн бодож, ухаан уртасч байдаг байх. Нэг эргээд харахад л хүсэл биелчихээд байвал амьдрал утгагүй биз. Чухам энэ бүхнийг тунгааж дэнсэлж, сэтгэлээ жаахан "зовоож" байх цаг маань намар л юм.
 
Өвөлд нь бяцхан бор гараа зөөлөн алганд нь дулаацуулж, зунд нь хөл нүцгэн хөтөлцөн гүйж байсан сайхан эгчийгээ намрын сарны гэрэлд дахин нэг харах сан гэсэн чин хүсэлд залуу сэтгүүлч маань автаж явсан. Хүн, тэр дундаа уран бүтээлч хүн байхгүй юмыг бий болгож ургуулан ургуулан бодох увьдастай байдаг хойно.
 
Саруулын амны саглагар цагаан хайлаас сарны туяанд мөнгөрөн эгчийн нь шингэн тансаг царай нь тодроод ирэх шиг болов. Эгчийн нь найз Чимидцэрэн түүний духан дээр үнсэн, хул дүүрэн айраг өмнө нь цэлэлзүүлж, сэтгэлийг нь савхийтэл тэгшлэв.Тэгээд эргэж эгч дүүгийн ёсоор уулзах сайхан сэтгэл өвөрлөн үлдлээ. 
 
-Хаалгаар ороод ирэх нь хүртэл эгчтэйгээ яасан адилхан байв аа гэж амандаа хэлээд саран доор машин хөдөлтөл хөшөө мэт зогсов. Энэхэн зуур хичнээн их юм энэ бүсгүйн дотор орж ирсэн бол!
 
 
Сэтгэлд үлдсэн хоёр зураг
 
Дэрэн сумын адуучин Шийрэв гуайнд дөрөө мултлан жагхийв. Говьцуул айраг л байвал цай гэж санаанд орох биш. Гадаа машин сүрхийж хоёр гурван хүн орж ирэв. Айрганд нилээд дөрөө чангалсан, дөч шүүрч яваа байрын нэгэн эр миний хажууд сууж, эхнийхээ хул айргийг тогтоогоод яриа өдөж эхлэв. Холын хүмүүсийн нэр усыг мэдсэний дараа,
 
-Өө! Амбасэлмаа гэдэг хүн чинь энэ үү? Радиогаар сонсч, сониноос уншаад арай ч ийм буурал, дээд доод шүд дутуу хүн гэж санасангүй. Толь тогос шиг л амьтан гэж бодож явлаа. Ядаж үсээ будуулж, хими хийлгэчихгүй яасан юм бэ гэдэг байна. Хамт явсан залуу нөхөд маань эгчий минь арай ч дэндүү хэлчихэв үү? гэж санаа зовсон бололтой дув дугүй сууцгаана.
 
Иймэрхүү үгийг ойрмогхон Завхан аймагт сонссон. Ер нь уулзсан хэд хэдэн хүн, таныг хөдөө их явдаг болохоор нэг л их бадируун гүжир бор хүүхэн гэж бодсон чинь...гэсхийгээд орхичихсон.Тэгэхлээр миний хувьд энэ үгэнд нэг их цочсонгүй. Хүн ярьж байхад дуугүй суугаад байлтай биш. 
 
-Тийм нэгэн хүн нартад байдаг гэж таны цээжинд багтаж, зүс царайг маань залуу сайхнаар дүрслэн бодож байсан л бол гүйцэх нь тэр. Хэлсэн ганц үг, бичсэн ганц мөр минь танд хүрч, эзний нь нэрийг цээжлүүлсэнд сэтгүүлч нэр зүүж яваа өчүүхэн миний бие баяртай байна. Эзнээсээ бичсэн нь гологдсоноос, бичсэнээсээ эзэн нь гологдсон нь арай дээр байлгүй гэчихэв. Тэгээд нэрийг нь асуувал Ч. Бадраа гэв.
 
-Хоёул нэг дохих уу гэхэд нь дохилоо. Аз болж гурав дохиход л хийгүй гурав унагаж айрагч эрд уулгав. Гүүтэй нутгийн гүзээтэй хүү юунд торох вэ?
 
Хүд хүд хийтэл залгилчихаад ашгүй даагаа нэхэлгүй гарч одов.
 
Ер нь л хүний өмнө ил харагдвал дуулгасан бичсэн цөөхөн хэдэн юмаа гутаах нь дээ гэсэн хүндхэн бодол тэрхэн зуур төрж байсан. Ухаад бодвол он цагийн орон намрын хонгор салхи нүүрэнд үрчлээ суулгаж, үсэнд хяруу хаядаг жамтай билээ. Харин ухаан санаа минь л тэгш, нүд чих минь л хурц сонор байж хүний гайхамшгийг зах зухаас нь ч гэсэн мэдэрч явах сан даа.
 
Тэгж л чадвал үс бууралтаж, шүд унасан ч сэтгэл гутрахгүй.
 
Салъя гэсэндээ биш салаа замын эрхээр салан одсон нэгэн хүү,
 
-Бид эхэлж явна шүү! Та нар тоосыг минь хараарай! гэв.
 
Юу хэлчихэв ээ хэмээн бодох зуур машин хөдлөн нөгөө зүг рүү эргэв. Тоосоо харуулъя гэсэн тэр залуу машиныхоо хаалгыг ханагар цээжээрээ агдлан, яралзтал инээсээр өнгөрөв. Эргэж хургалгүй даанч түргэн өнгөрснийг яана. Машин алслан алсалсаар. Говийн замын цагаан тоос зурайн зурайсаар. Залуу нас ингэж л холдон холдсоор энэ л цагаан тоос шиг замхран үгүй болно. Үүнийг л тэр дүү хүмүүст ойлгуулах гэж тоосоо харуулсан юм болов уу?
 
Эсвэл сэтгэлд дотно нөхдийнхөө тоосыг харж, аян замын амтат яриа, ая дуунаасаа холдож, намрын нэгэн хөг аялгуу тасарч сэтгэл сэмрэхээс халширсан юм болов уу?
 
 
Д.Амбасэлмаа
 
МУСГЗ