sonin.mn

  Шөнө дунд Германы нэгэн замын уулзвар дээр ямарч машингүй байхад хоёр эр ногоон гэрэл асахыг хүлээн зогсоно. Нэг нь ямарч машин алга гаръя гэтэл нөгөөх нь хүлээх хэрэгтэй эс бөгөөс өдөр шөнө хамаагүй ямарч гэрлээр гараад хэвшчихнэ гэж. Хотын соёлын "Цагаан толгойн" "А" үсэг нь замын хөдөлгөөний дүрмийг чанд сахих, "Б" үсэг нь хогоо ил задгай хаяхгүй байх  "В" нь..., "Г" нь... Манайхны ихэнх нь гэрээсээ гараад чигээрээ "Чинбаа" дүрэмтэй. Гарцаар, зөвшөөрсөн гэрлэн дохиогоор зам гараагүйн улмаас бие махбодь болон амь насаараа хохирсон мэдээг бид бараг л өдөр бүр дуулж байна. Үүний уршгаар гэмгүй явсан жолооч хохирно.
Олны хүч оломгүй далай, дайрвал дашираар нь гэж байгаа юм шиг нэг нь ганц алхам хийхэд нөгөөдүүл нь дагаад л намирчихна. Мах комбинатад малыг цахилгаанаар цохиулж нядалдаг гэсэн. Хөөрхий нарийн малнууд тэр газар луу дөхөхөөрөө байгалийн зөн совингоороо ч юмуу эсвэл үнэр танараас нь ч болдог юмуу жийрхээд орж өгдөггүй юм байх тэгэхээр нь дагуулж ордог нэг ямааг сургачихсан байдаг гэнэ лээ. Тэрийгээ дагаад тэнгэрийн оронд. Бүгд улаан гэрлээр гарч байхад би ганцаараа гон бие үлдэж хэнээрхээд яахав гэсэн нэрэлхүү зангаасаа болж дагасаар эцэст нь өөрөө дагуулдаг болоод хэвшчихнэ. Нэгхэн хором хүлээгүй тэр мөч таныг нэгмөсөн баллах аюултай гэдгийг үргэлж биш юмаа гэхэд уулзвар дээр ирээд санаж байгууштай. Өөрт ч өрөөлд ч хэрэгтэй.

Ч.Явуу