sonin.mn

Хүний амьдралыг уран дүрийн үүднээс дүрслэн харвал аварга том өндөрлөг байна. Амьдрал хэмээх энэ агуу их өндөрлөг хорвоод мэндлээд ирсэн хүн бүрийн өмнө сүндэрлэн тосож байдаг. Тэгэхдээ энэ өндөрлөг шил толь шиг гялгар мөлгөр юм биш хадтай бартаатай, халгаатай, холгоотой бас олон шат дамжлагатай байдаг.

Амьдрал хэмээх энэ өндөрлөгийн аль шатан дээр нь хүрч амьдрах вэ? Сонголт нь хувь хүн Таны хэрэг. Адармаатай тэр олон шатыг дамжаад оргил дээр нь гараад амьдарч яваа баатарлаг хүмүүс олон байдаг. Би зөвхөн хоёр хүнийг онцолъё. Үүнд "Төрийн мэргэн өвөө" гэж алдаршсан Жамсрангийн Самбуу, "Намын биш ажлын төлөө төрсөц" амьдралын их сургуулийн оюутан хөдөлмөрийн баатар Үлэмжийн Аварзэд нарыг нэрлэе.

Энэ хоёр хүн амьдралын оргилд гүйгээд гараагүй, нисээд очоогүй зуны халуунд шаруулж, өвлийн хүйтэнд хайруулж, өлсөж цангаж, өвдөж зовж, муу сайн хэлүүлж хорвоогийн аль л хатууг шүд зуун тэсвэрлэж, ядарч туйлдан эр зоригийн эрчээр амьдрал хэмээх энэ өндөрлөгийн оргил дээр нь гарчээ.

Эдний нэг онцлог нь ядуу буурай бүтээлч ухаан, бодит ажлын ааг хөлсөөр авирч гарсан юм. Энэ аварга хүмүүс амьдралын оргил дээр гарч ирээд нөр их хөдөлмөрийн хөлсөө арчиж, уужуу тайвуу амьсгалж улмаар дэлхий ертөнцийг харах билгийн хараа тэлж, дэлхийн хэмжээний хүмүүс болоод төрөлх эх орноо хөгжүүлж мандуулах үйлсэд тодорхой хувь нэмэр оруулсан билээ.

Эх орончийн баатарлаг жишээ болсон ийм хүмүүсийг агуу их хүмүүс гэж товойлгон хэлмээр байна. Агуу их нь юундаа байна гэвэл хар бор ажил, удирдан зохион байгуулах авьяас, бэрхшээл зовлонгийн өмнө сөгдөж үзээгүй хат суусан жинхэнэ Монгол хүмүүс билээ. Энэ агуу их энгийн хүмүүсийн амьдрал тэмцлийн гайхамшигт дууриал нь манай мянга мянган залуу үеийнхнийг ирээдүйн амьдралын оргил өөд даллан дуудаж, уриалан дагуулж байна.

Гэвч нар сарны гэрэл гийсэн ийм сайхан замыг олж харахгүй бүдэг бүрэг замаар зарим хүмүүс орж хүрвэл зохих өндөрлөг өөд алхмагц хальтран унаж элдэв намаг шаварт шигдээд бэлэнчлэх сэтгэлд дийлдэж хүний гар хараад хэвтэж байна. Би ч гэсэн хүрэх амьдралын оргил өөд саравчлан хараад бэл хавиар нь эргэлдэж явна.

Би хэдийгээр хорь гарсан, сургууль соёл төгссөн хэдий ч өдий хүртэл аав ээжийнхээ гарыг харсаар яваа. Дипломныхоо хэрэг тусыг ч үзээгүй амьдралын оргилд хүрэх гарцаа ч олоогүй, сэлүүргүй завь шиг явж байна.

Гэтэл аз таарч амьдралын их сургуулийн оюутан, хөдөлмөрийн баатар Авирзэд гуайн туурвисан "Монголын нүүдлийн соёл иргэншлийн бэлчээрийн аж ахуй" гэсэн алдарт бүтээлийг олж уншсан минь миний мэлмийг нээж, зөв амьдралын жолоо цулбуур атгуулж, амьдралынхаа оргил өөд авирах чиг замыг минь зааж үг үсэг нэг бүр нь шинэ санаа шинэ энерги эрч хүч өглөө.

Миний нэг алдаа бол амьдрал хэмээх өндөрлөгийнхөө оргил дээр шат дамжлагагүй гарчих гэсэн гэнэн бөгөөд үл бүтэх эрмэлзэл байжээ. Ажлаар амьсгалсан он жилүүдийн тухай энэ номыг уншаад энэ ном надад юу өгөв гэдгийг хэд хоног тунгаан бодсоны эцэст залуу халуун нас байна, аав ээжийн буян байна, оносон цохсон ажилгүй төв сахиж хэвтэхээ болъё гэж бодоод мал маллах нэр төртэй амьдрал сонголоо.

Тэгээд би мөрөөдлөө улам сайн мэдье гэж бодоод Ж.Самбуу гуайн "Мал аж ахуй дээрээ яаж ажиллах тухай ардуудад өгөх сануулга, сургаал" гэдэг нэн чухал бүтээлийг олж уншлаа. Энэ сайхан бүтээл гараад бүтэн жаран өнгөрсөн ч мал маллах ажлын арга ухаан хоцроогүй харин ч бүр нарийвчлан тов тодорхой заасан байлаа.

Ийм болохоор би Ж.Самбуу, Ү.Авирзэд нарын дээрх хоёр бүтээлийг малчин айлын гэрийн ном, төрийн ажилтнуудын ширээний ном байгаасай гэж бодлоо. Тэгээд би малчин болж амьдралынхаа өндөрлөг өөд ханцуй шамлан авирах зориг шулуудсанаа "Заяа төөрөг минь ирлээ" гэж хөл хөнгөрч малын хот, халуун мөр үзэгдээд тун ч их баяртай байна.

Монгол түмнийхээ мянга мянган жилээр хуримтлуулж ирсэн нүүдлийн соёл иргэншлийн гал голомтыг залган сахиж байгаа малчдынхаа зан үйл, хэв ёс, уламжлалт арга ухааныг сайн ухаарч авсны авралаар өөрийнхөө биеэр үлгэр үзүүлж энэ цагийн залуу үеэр зогсохгүй хойчийн үедээ өвлүүлэх хэтийн зорилго өвөрлөн хот суурин газрын утаа тоосноос холдъё, сэрье, саная гэж хөдөө нутгийг зорилоо.

Тэнд байгаа насан өндөр болсон аав ээжийнхээ халааг авч амраая, зуу орчим малыг нь мянга хүртэл өсгөхийг  хэн байг гэх вэ? Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч Зундуйн Доржийн "Мал, хэл, хил гурав байхад хэн баян бэ. Монгол баян" гэдэг үгийг санаж "Баян Монголынхоо баянд би юу нэмэрлэж чадах вэ" гэж бодлоо.

Үнэхээр хөдөө нутаг юутай сайхан билээ. Бэлчээрийн өвс ургамал нь үнэгэн зоо шиг халиуран шаргалтаад, салхины аясаар далайн давалгаа мэт хөвөлзөөд л... Цэвэр агаар, салхи шуурга нь эм тан шиг бие бялдар сэргээгээд л ямар сайхан гэж санана.

"Урт насалж удаан жаргая гэвэл хөдөө гap, мал малла" гэдэг юутай үнэн үг вэ. Дээрээ хөх манхан тэнгэр, дороо униар татсан уудам тал нутагтай, нүүхдээ ганцхан цагийн дотор буулгаж, босгож болдог эсгий гэрээ бариад өрөм тараг болсон цас бороонд шавшуулсан шигээ морин дэл дээр хийсч атга шороо, алд газрынхаа төлөө санаа тавьж харь элэгтэй, хатуу гартнуудтай алхам тутам тэмцэж эх орон эрдэс баялгийнхаа эзэн болж Монгол хүнийхээ эрх үүргийг биелүүлье гэж болсон минь энэ билээ.

Би барагтай нэг юманд дэвтдэггүй хүн, харин дээрх хоёр бүтээлд нэвтэрхий дэвтэж малчин болох санаа шулуудсан юм, Энэ бол миний амьдралын оргил хүрэх мөрөөдлийн минь туйл билээ. Миний араас мянга мянган залуус явж амьдралынхаа оргил өөд авираасай гэж уриалах байна. Жинхэнэ оргил минь хөдөө л байна.

"Даахгүй чулуу бүү өргө" гэсэн ардын мэргэн үг бий. Тэгвэл мал маллах гэдэг тэр чулууг залуучууд бид даахаар барахгүй хаана ч хүртэл өргөөд явах бяр бий. Миний замд хатуу ширүүн уур амьсгал, ган зуд, түмэн бэрхшээл, мянган саад байгааг би мэдэж байна. Түүнийг даваад гарах арга ухааныг ч бас мэдэж байна.

Мал эрдэнийн тухай сайхан зөвлөмжийг өвгөд маань өгч байна. Тухайлбал "Мал эрдэнийн эзэн хүн чи мэдэж, чадаж, хожиж ажилла". Тэр цагт л жинхэнэ малчин болно. Мэдэж, чадна гэдэг нь малаа сайн маллаж ашиг шимийг нь дүүрэн авч амжилт ололтоо мөнгө болго, цаг хугацааг хожиж хөлс хүчээрээ хөлжиж, бэлжиж, баяжиж элбэг хангалуун амьдар.

Хэрвээ мэдэхгүй бол чадахгүй, чадахгүй бол хожихгүй, хожихгүй бол дампуурна шүү гэдгийг давхар давхар сануулсан байна. Дундаршгүй ийм их буян, амны хишиг, аз завшаан хөдөөгийн уул талаар бэлэн зэлэн байхад Л.Ванганы зохиол "Эмч нар" жүжгийн Өлзий шиг хөдөө гэж хэлэнгүүт шил нь татаж унах Монгол хүн даанч байхгүй биз.

Амьдрал гэдэг өндөрлөг хүн бүрт байдаг учраас би энэ өндөрлөгийн аль шатан дээр нь явна гэдгээ залуучууд төдийгүй хэн боловч тунгаагаад бодоод үзээрэй. Миний хувьд бол амьдрал гэдэг өндөрлөгийнхөө дөнгөж бэлд нь яваа учраас оройтоогүй дээрээ энэ өндөрлөгийнхөө оргилд хүрэх боломжийн ажилд эргэлтгүй орлоо.

Тэгэхдээ би амаар биш, цаасаар биш, оргүй хоосноос ч биш, бодитой биетэй зүйлийг хийж ажил, цаг хоёрыг атгандаа оруулах шийдвэр төгс байна. Ийм учраас би маргааш биш өнөөдөр хөдөө тийш хүлгийн жолоо заллаа. Би уул нь уул уурхайд сонирхолтой байсан юм одоо болилоо.

Учир нь хэзээ ч дуусч мэдэх уурхай сахиж байхаар хэзээ ч дундаршгүй малаа дагая гэж шийдлээ. Тиймээ миний амьдрах өндөрлөгийн үе шат нь гэрэлтэй, opил тэргүүн нь гялалзаж байна. Өнөөдөр өгсөж явна. Сүлд өдөр минь хөдөө тийш хөтөлж явна.

Ц.Ням-Осор СТА Ахмад зохиолч