sonin.mn
Одоогоос олон жилийн тэртээ Сэврэй сумын 1-р багийн малчин Дунь  бүсгүйн хонин сүрэг рүү ирвэс дайрч ямааг ноцсон байна. Малчин бүсгүй ямааг нь дарчихаад архирч байсан ирвэсийг эр бяр гарган алж устгасан тухай аман яриа бий. 
 
Саяхан галзуу чоно хүн рүү дайрч хазсан сургаар тодруулвал Сэврэй сумын Бүйлсэн багийн нутаг Зөөлөнгийн зүүн үзүүрт орших Баруун хавчилын өвөлжөөнд хаваржиж байгаа “Ө”-рүү өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр галзуу чоно гэнэт дайрсан явдал гарчээ.
 
Тэрээр утасны сүлжээ барьдаг газраасаа утсаар ярьж байхад нь галзуу чоно дайрч гарыг нь хазсан байна. Сандарсан залуу чоныг толгойн оройгоос нь овоодон дарж аваад холгүй байх гэрээсээ эхнэрээ хутга аваад ир гэж хашхирчээ.
 
Гэргий нь хутга авчирч галзуу чоныг хэд хэд хутгалан алсан байна. Ийнхүү Сэврэй сумын нутагт галзуу араатантай тулж “алсан” хоёр дахь бүсгүй  болжээ. 
Ж.Нордог 
 
Эх сурвалж: "Монгол говь" сонин